Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 6

 

Б.С-, А.Ц-

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0382/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                     Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч               З.Энхтуяа

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолтой, Б-н С-, А-гийн Ц- нарт холбогдох, 2018000000428  дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, Ц- овогт Б-н С-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн Ц-.

Шүүгдэгч А.Ц-, Б.С- нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 3,7054 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  399 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ц- овогт Б-н С-, Б- овогт А-гийн Ц- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Ц-, Б.С- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн  2.5 .,  3.3.д  зааснаар шүүгдэгч А.Ц-, Б.С- нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч үүргийн биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-, Б.С- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч А.Ц-, Б.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АИОЮЗ гэсэн бичигтэй төмөр хайрцагтай дотроо хоёр ширхэг бор өнгийн цаасанд ороосон өвч мэт /3,7054гр/ ногоон өнгөтэй зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.д зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1., мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг иш татаж, улмаар шүүгдэгч нар нь өсвөр насны, их сургуульд суралцдаг, нас бие сэтгэхүйн онцлогийг харгалзан нийгэмд байр суурь эзлэх, боловсрол эзэмших, нийгэмших, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлах боломжийг олгож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн гэж дүгнэсэн боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдал нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцээгүй байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

Шүүгдэгч Б.С-, А.Ц- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзахгүйгээр тус бүр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарч байна.

Иймд Анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангасангүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг бөгөөд тэнсэх хуулийн боломжтой. Шүүгдэгч нар сонирхлын журмаар сошиал орчноос мэдэж анх удаа хэрэглэж үзсэн гэдгээ мэдүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.Ц-, Б.С- нарыг бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, 3,7054 грамм сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан  заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан   7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д  заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Ц-, Б.С-  нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж,    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн 2.5., 3.3.д  зааснаар шүүгдэгч А.Ц-, Б.С- нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч үүргийн биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-, Б.С- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт болох шүүгдэгч А.Ц-ын өгсөн ... 2020-0824-ны өдөр Б.С-, М- бид  гурав хот явж сургуулийнхаа дотуур байранд бүртгүүлэхээр  тохирсон байсан,  тэгээд С-тэй  хорооллын эцэст уулзаад өмнө нь харж байсан нөгөө ургамал жалганд байхыг хараад бид хоёр түүсэн,  орой нь вагонд суугаад  шөнө 02 цаг өнгөрч байхад Дарханд ирээд зогсохоор нь бууж ус ундаа авчаад  нөгөө өвснөөсөө татаж байтал цагдаа ирсэн, маш их гэмшиж байна дахиж гэмт хэрэг үйлдэхгүй... гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.С-гийн  өгсөн  ...Бид гурав сургуульдаа бүртгүүлэх гэж  хот явах тохирсон байсан хорооллын автобусны буудлын тэнд энэ ургамал ургасан байсан., тэгээд тэндээс түүсэн.., Орой суудалд суугаад Дарханд зогсохоор нь буугаад ус ундаа авчаад харанхуйд  нөгөөхөө үзье гээд харанхуйд очоод татаж байтал цагдаа ирсэн  маш их гэмшиж байна.., гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020-09-17-ны өдрийн 4875 дугаартай :  ... Шинжилгээнд ирүүлсэн  дээж  нь  шинжилгээ хийхэд тэнцэж байна.,”altoids”  гэсэн бичлэгтэй   төмөр хайрцагт хийсэн  бор өнгийн цаасан боодолтой,  ногоон өнгийн ургамал  мэт зүйлээс  “дельта-9 тетрагидроканнабинол” илэрсэн,  энэ бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай  конвенцын  жагсаалтад багтдаг,  жин нь 3.7054 грамм байна,

2020-09-16-ны өдрийн 4873, 4874 дугаартай: ... Шинжилгээнд ирүүлсэн шээс нь  шинжилгээ хийхэд тэнцэж байна.., А.Ц- ********** 2020-08-25 гэсэн хаягтай, мөн Б.С- ********** 2020-08-25 гэсэн хаягтай шээснээс тус тус  “тетрагидроканнабинол” илэрч байна... гэсэн дүгнэлт болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тухайн үед болсон үйл баримтаар  нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч нарын  үйлдсэн хэрэг тогтоогдсон талаар тэдний гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж тэдэнд хорих ял оногдуулах нь үндэслэлтэй боловч  шүүгдэгч нар нь  анх удаа гэмт хэрэгт холбогдсон,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа,  одоо 19, 20 настай, хоёулаа оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд  тэдэнд энэ удаа хорих ял оногдуулахгүйгээр хамт олны болон эцэг, эхийн дунд хүмүүжих, боловсрол эзэмших боломжийг нь харгалзан үзэж, итгэл хүлээлгэх  нь Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэсэн дүгнэлт хийж  шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу тэнсэж хянан харгалзан мөн хуульд заасан тодорхой үүрэг хүлээлгэсэн нь  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн,  хэргийн  мөрдөн шалгах  ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн,  хэрэгт  хамааралтай  нотлох баримтыг  цуглуулж, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хэрэгт хамаарах   дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байна.

Харин анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ ...шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар дээрх дүгнэлтийг хийж, энэрэнгүй ёсны зарчмыг дурдаж, хорих ял оногдуулаагүй  атлаа  ...шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэсэн нь ойлгомжгүй байгааг цаашид анхаарах  шаардлагатай. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                         ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                         Ц.ТУЯА