Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 00257

 

“ВББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02679 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “ВББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Бт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 549 119 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                 С.Г

Хариуцагчийн өмгөөлөгч:                                    М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:          Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ВББСБ” ХХК-ийн ерөнхий захирал Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Б нь 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 160 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар буюу 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагчийн зүгээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй болно. Иймд гэрээнд заасны дагуу зээлийн хүү 324 266 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64 853 320 төгрөг, үндсэн зээл 160 000 000 төгрөг, нийт 549 119 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.Б нь “ВББСБ” ХХК-аас 160 000 000 төгрөгийн зээл аваагүй бөгөөд тус зээлийг Т.Б авсан. Зээлийн гэрээ Т.Бын нэр дээр хэлбэрийн хувьд байгуулагдсан. Барьцаанд тавьсан гэх орон сууц Т.Бы орон сууц юм. Мөн Т.Б надад 4 удаа зээлийн хүү гэх 6 400 000 төгрөг, нийт 25 400 000 төгрөгийг өгсөн бөгөөд миний бие “Тэди” төвийн тэнд байрлах төв дээр нь аваачиж өгсөн. Т.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4 133 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 17 500 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 27 500 000, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 4 750 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 59 883 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл хасаж тооцолгүйгээр хэт өндөр үнэ нэхэмжилж буйд гомдолтой байна. Мөн “ВББСБ” ХХК-ийн хүсэлтээр Т.Б нь зээлийн хүүнд Толгойт хогийн овоо гэх газраас тус компанийн хорин хоёрын товчоо буюу “Шинэ зах” авто худалдааны төвийн ард байрлах аж ахуйн хашаа руу 26 400 000 төгрөгийн хайрга ачуулсан ба одоо тус хашаа бүрэн цементлэгдсэн. Хариуцагч Т.Б нь зээл болон зээлийн хүүнд нийт 96 423 000 төгрөг төлсөн болно. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч шударга ёсны зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 100 977 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 100 977 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 448 142 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ВББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2 903 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 662 835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэр үнэнийг илт гуйвуулсан, хэт нэг талыг барьж, хариуцагч талд ашигтайгаар тайлбарласан шийдвэр болсон. Шүүх 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 160 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс өмнөх 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4 133 000 төгрөгийг хүртэл тооцоонд оруулан тооцсон болно. Шүүх өмнөх зээлийн төлөлтийг нягтлан шалгалгүйгээр нийт 6 удаагийн төлөлт хийсэн мэтээр тооцсон. Эдгээр 6 удаагийн төлөлт нь тус зээлийн гэрээнд хамааралгүй болохыг нотлох байгууллагын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14/032 тоот мэдэгдэлд 2014 оны 5, 6, 7, 8 дугаар сарын зээлийн хүү болох 27 895 900 төгрөгийг төлнө үү гэх албан бичиг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээгүй. Уг шаардах бичиг нь нэг ч төгрөг төлөөгүй болохыг нотлох гол баримт болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх  хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн. Шүүх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “В ББСБ” ХХК-ийн 22 товчооны орчимд байрлах аж ахуйн хашаа руу 26 400 000 төгрөгийн хайргыг зээлийн хүүнд тооцон аваачиж өгсөн гэх тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хасаж тооцсон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талд ашигтайгаар буюу хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нийт тооцоог бодож хасахдаа ойлгомжгүй, үндэслэлгүйгээр нэмж тооцон нэхэмжлэгч биднийг улам их хохироосон болно. Нийт 6 удаагийн төлөлт хийсэн гэх баримтад зээл авахаас өмнөх 4 133 000 төгрөгийг оруулан 59 883 000 төгрөг гэсэн ба хайрганы мөнгө 26 400 000 төгрөгийг нэмээд 96 423 000 төгрөгөөр тооцсон нь зөвхөн зөрүү 10 140 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4 133 000 төгрөгийг нэмээд 14 273 000 төгрөгөөр нэмж нэхэмжлэгч биднийг хохироож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Зохигчид зээлийн гэрээний үүргийн талаар маргаж, нэхэмжлэгч “ВББСБ” ХХК нь хариуцагч Т.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 549 119 920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “нэхэмжлэгч байгууллагыг  банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, шүүхэд ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт гэсэн бичгийн баримт хуулийн шаардлага хангаагүй, уг баримтыг хуулийн шаардлага хангуулан гаргуулах шаардлагатай” гэсэн тайлбар гаргаж маргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар дээрх баримтуудыг хуулийн шаардлага хангуулж авах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгч “В ББСБ” ХХК-ийг санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. /хх-ийн 12-14,81 тал/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлдээ “... шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн, зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 4 133 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хасч тооцсон” гэсэн үндэслэлүүдийг заажээ.

 

Хэрэгт Хаан банкны 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орлогын мэдүүлэг нотлох баримтаар авагдсан уг баримтаас үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Энхболдоос 4 133 000 төгрөг төлсөн байна. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас “...өмнө авсан зээлийн илүү төлөлтийг дараагийн зээл рүү оруулж тооцъё” гэх тайлбар гаргасан байхад шүүх уг асуудлыг тодруулж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг зөрчжээ.  

 

            Мөн хариуцагч Т.Боос 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад 26 400 000 төгрөгийн үнэ бүхий хайрга нийлүүлсэн, уг хайргыг нэхэмжлэгч байгууллага хүлээн авсан талаар маргаагүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зээлийн гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэнийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг зохих ёсоор хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дамжуулан хэргийг шийдвэрлэх боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх боломжтой талаар шүүх тусгайлан сануулсан, талуудад эвлэрэх боломж олгосон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02679 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ворлд голд ББСБ” ХХК-аас төлсөн 2 398 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

                                               ШҮҮГЧИД                        Д.ЦОГТСАЙХАН        

                                                 

                                                  Ц.ИЧИНХОРЛОО