Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02283

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02283

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 29 байр 3 орцонд байрлах Т -ны нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо 29 байр 93 тоотод байрлах Э ХХК /РД:5015243/-д холбогдох,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо 29 байр 93 тоотод байрлах СХХК /РД:5527368/-д холбогдох

 

            СӨХ-ны төлбөрт нийт 5 041 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А , хариуцагч нарын төлөөлөгч А.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т -ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 15 хороо 29 байр нь манай СӨХ-нд хамаарагддаг бөгөөд тус байрны 93 тоотод байрлах Э ХХК болон С ХХК-ууд нь СӨХ-ны хуримтлалд төлөх төлбөрөө төлөхгүй манай үйл ажиллагаанд саад учруулсаар байна. СӨХ-ны нийт гишүүдийн хурлаас тогтоосон тарифийн дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс 1 м.кв-аас 2 000 төгрөгөөр тооцож СӨХ-ны төлбөр авахаар тогтоосон. Эдгээр 2 компани нь хамтдаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Э ХХК нь тус байрны 93 тоот нь нийт 146.84 м.кв талбайтай бөгөөд 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 3 сар хүртэлх 9 сарын хугацааны төлбөр 2 643 120 төгрөгийг төлөөгүй. Иймд уг төлбөрийг нотариатын хураамж 6 000 төгрөг бүгд 2 649 120 төгрөгийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул Э ХХК-иас гаргуулахаар шаардсан. Мөн С ХХК нь тус байрны 1 давхрын 50 м.кв талбай бүхий байранд үйл ажиллагаа 2017 оны 6 сараас 2018 оны 2 сар хүртэл явуулсан. Тус компани нь уг байрнаасаа нүүж 93 тоотод орсон боловч мөн 2018 оны 3 сараас 2018 оны 7 сарын төлбөрөө төлөөгүй. Иймд 1 давхрын 50 м.кв талбай бүхий байранд үйл ажиллагаа явуулсан 2017 оны 6 сараас 2018 оны 2 сар хүртэлх төлбөрт 900 000 төгрөг, 93 тоотын 146.84 м.кв байранд 2018 оны 3 сараас 2018 оны 7 сар хүртэлх 5 сарын төлбөр 1 468 400 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 2 392 400 төгрөгийг, нийт 5 041 520 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч Э ХХК болон СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: СХХК нь уг 29-р байрыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд одоо 100 орчим байрыг зарах борлуулалтын ажлаа хийж уг 93 тоотдоо үйл ажиллагаа явуулдаг. 93 тоот байр нь Э ХХК-ийн өмчлөлийн байр бөгөөд өмчлөгч нь уг байраа хэрхэн ашиглах нь СӨХ-ны төлбөртэй хамааралгүй гэж үзэж байна. Энэ маргаан үүсэхээс өмнө манай компаниуд СӨХ-ны төлбөрт сар бүр 40 000 төгрөг орчим төлбөр төлж байсан бөгөөд ийм үндэслэлгүй тогтоол гаргаж, төлбөр нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Бид нартай энэ талаар хийсэн ямар нэг тохиролцоо байхгүй бөгөөд мөнгө авах болохоороо бүх гишүүдийн хурлаар шийдсэн гээд үндэслэлгүй тогтоол гаргаж ирснийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т  нь хариуцагч Э ХХК, СХХК-нуудад холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 5 041 520 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...29-р байрны 93 тоот нь эдгээр компанийн өмч хэдий ч Э ХХК, СХХК-нууд нь тус байранд аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг тул Бүх гишүүдийн хурлаас тогтоосон хэмжээгээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тайлбарласныг хариуцагч тал уг байр нь бидний өмчлөлийн байр бөгөөд өмчлөгч нь уг байраа хэрхэн ашиглах нь СӨХ-ны төлбөртэй хамааралгүй гэж үзэж байна. гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ.

Т -ны дүрмийг баталж, тус холбоог 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бүртгэж 15/01 дугаар гэрчилгээ олгосон байх ба тус СӨХ-ны 2018 оны 6 сарын 16-ны өдрийн 01 тоот УЗ-ийн тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Д.Авралмааг томилжээ./хх-ийн 5-9/

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-т Удирдах зөвлөл нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-т Гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1-т сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол ...сууц өмчлөгдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болно гэж заажээ.

 

Т  нь нэхэмжлэлээ Бүх гишүүдийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №2 тоот тогтоолоор Оршин суугчдаас авах тарифыг дараах байдлаар тогтоосугай. Үүнд ...0 ба техникийн өрөө, худалдаа, үйлчилгээний талбайн м.кв тутамд 2 000 төгрөгөөр тооцож, ...авахыг зөвшөөрсүгэй./хх-ийн 5/ гэсэн тогтоолыг үндэслэж гаргасан хэдий ч Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 29-р байрны 146.84 м.кв бүхий 93 тоотыг дээрх үйлчилгээний талбай гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, дээрх орон сууц нь хариуцагч Э ХХК-ийн өмчлөлийн орон сууц гэдгийг талууд маргаагүй хэдий ч уг №2 тоот тогтоолын ...үйлчилгээний талбай гэх хэсэгт хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг хэрхэн хамааруулах талаараа нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд СӨХ-ны зардлыг хэрхэн төлөх талаар тохиролцсон тохиролцоо болон гэрээ байгаа эсэх талаарх баримтыг ирүүлээгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК, СХХК-нуудаас СӨХ-ны төлбөрт нийт 5 041 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т -ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т -ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 564 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                          

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ