Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02416

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02416

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС холбогдох,

Олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 629 176 төгрөг, түүний алданги 260 288 төгрөг, нийт 2 889 464 төгрөг гаргуулж, олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон Монгол Улсын их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өприйн А/414 тоот тушаалын хавсралтаар МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.О О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.Б нь 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуульд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багшаар ажиллаж байгаа бөгөөд 2010 оноос хойш ахлах багшаар ажиллаж байгаа юм.

Багшлах хугацаандаа Монгол Улсын Их Сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургалтын цагийн ачааллыг сайн гүйцэтгэж, судалгаа эрдэм шинжилгээний ажил идэвхтэй хийж, сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хичээн гүйцэтгэж, нэг зэрэг нийгмийн болон бусад ажилд идэвх санаачилгатай оролцож, 2011 онд БСШУЯ-ны жуух бичиг, 2016 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Ажил олгогчоос 2014 онд Г.Бтэй Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний гол нөхцлүүдийн талаар хэлэлцэн тохиролцож уг гэрээний 1.2 дах заалтанд гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, сургалтын ачаалал буюу А цаг нь 15 багц цаг, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 багц цаг, бусад В цаг нь 5 багц цаг байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм.

Мөн түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан Монгол Улсын Их Сургуульд Профессор, багш ажиллуулах журам-ын 10.4-д Багш нарын хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын хэмжээг тогтоосон ба уг мөрдөгдөж буй журамд заасан цагийн ачааллын дагуу надтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл 2018 оны ээлжийн амралт олгохдоо миний А цаг буюу сургалтын цагийн ачаалал 15 багц цаг заах байсныг 21 багц цаг байхаар тооцож, 7,92 багц цаг илүү цаг гарсан боловч үүнээс 1,92 багцийн хөлсийг олгож, 6 багц илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Сургуульд ахлах багш зэрэглэлд ажиллаж буй үндсэн багш 15 цагийн сургалтын цаг зааж, тухайн цагаас хэтэрсэн цагт илүү цагийн нэмэгдэл хөлс авдаг. Энэхүү 15 цагийг 21 цаг болгон өөрчлөн 6 багц цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй юм. Ингэхдээ эрдэм шинжилгээний гүйцэтгэлийг бүрэн хийхийг давхар шаарджээ.

Энэ нь Монгол Улсын Их Сургуулийн зүгээс багшийн эрдэм шинжилгээний ажил хийлгүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн багц цагийг байгаагүйгээр тооцон сургалтын А цагийг 15 байсныг 21 болгон нэмэгдэл хөлсийг олгохоос хууль бусаар зайлсхийж буй үйлдэл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг олгох, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй миний хөдөлмөрлөхтэй холбогдон үүсэж буй хууль ёсны эрх ашгийг маань илтэд хохироолоо. Монгол Улсын Их Сургуулийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 06 сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй Монгол Улсын Их Сургуулийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 багц цагаар тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2018 оны 6-р сарын 18-ны өдрийн дугаар Б/256 тушаалаар ээлжийн амралтыг тооцсон. Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал Монгол Улсын Их Сургуулийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар Монгол Улсын Их Сургуулийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасны дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй.

Иймд би өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Иймд миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орсон бөгөөд 2 629 176 төгрөгийн илүү цагийн цалин хөлсийг олгоогүй байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасны дагуу 2018 оны 6 сарын 18-ны өдрийн тушаалаас өнөөдрийг хүртэлх олгогдоогүй нэмэгдэл хөлсийн алданги 260 288 төгрөг болж байна.

Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 629 176 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдоогүй нэмэгдэл хөлсийн хоног тутмын 0,3 хувийн алданги 260 288 төгрөг, нийт 2 889 464 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагч Монгол Улсын Их Сургуульд даалгаж өгнө үү.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн хариуцагчаас татгалзаж зөвхөн Монгол Улсын их сургуульд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан. Иймд Монгол Улсын их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өприйн А/414 тоот тушаалын хавсралтаар МУИС-д Профессор багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

МУИС-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Профессор багш ажиллуулах журамд заасны дагуу ахлах багш нартаа докторын зэрэг хамгаалах шаардлага гаргаснаа тайлбарласан. Уг журмын 2.5-д Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай, докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн /докторын сургалтын багц цагийг бүрэн биелүүлсэн/ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 хүртэл жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэр багшийг холбогдох тэнхим салбар бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлах боломжгүй гэж үзнэ гэх заалтын агуулга нь багш нарын боловсролын зэрэг хамгаалах эрхтэй нь холбоотой заалт байх бөгөөд түүнийг батлан гаргаж буй Эрдмийн зөвлөлд багш нарт боловсрол, мэргэжлийн зэргийг хамгаалахыг шаардах эрх хуулиар олгоогүй байхад журамдаа тусгаж хууль зөрчсөн, ахлах багш нарын эрх ашиг сонирхолыг хөндсөн агуулга бүхий заалт оруулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9-т хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай шаардлага гаргах эрхтэй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагаас 2003 оны 05 сарын 01-ний өдрийн 139 дүгээр тушаалын 1-р хавсралт Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавигдах нийтлэг шаардлага гэх баримт бичигт багш нарт тавигдах шаардлагыг зааж, баталсан байдаг.

Гэвч энэ шаардлагыг зөрчиж 12 жилээс дээш хугацаанд ажилласан ахлах багш нарт тавих шаардлагаа өөрчилж, боловсролын зэргийг доктор байх мэтээр өөрчилсөн байна. Энэ өөрчлөлтөө хариуцагч МУИС Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-т Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачаалалыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тооцохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ гэж заасан учир батлах эрхтэй мэтээр тайлбарлаж байна.

Энэ заалтаар Их, дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь багш нарын судалгаа шинжилгээний ажлын ачааллыг тогтоох эрхтэй боловч багшийн Мэргэжлийн болон Боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх эрхэд нь халдахыг зөвшөөрсөн заалт биш юм. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил нь мэргэжлийн болон Боловсролын зэрэг хамгаалах асуудлаас ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.6-д судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх асуудлыг үүрэг болгох ёсгүй бөгөөд журмын 2.5 дахь заалт нь багш нарт үүрэгжүүлсэн, хариуцлага тооцох заалт учир хууль, тогтоомжид нийцээгүй гэх үндэслэлтэй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, 16.7-д сурч боловсрох эрхтэй гэх хүний үндсэн эрхийг зөрчсөн заалт байна. Хөдөлмөрийн турхай хуулийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, 130.1-т ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх зэрэг хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн заалт гэж үзэж байна гэв.

Хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МУИС-ийн Профессор, багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Журмаар Их сургуулийн багшийн тухайн албан тушаал, тус бүрээр гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосон.

Одоо мөрдөгдөж буй Профессор багш ажиллуулах журам МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн A/414 дүгээр тушаалаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн болно.

Журмын 2.5-д Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзолыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИС-д үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ гэж заасан.

МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн байдаг. МУИС-ийн захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ноогдлыг тооцохдоо Профессор багш ажиллуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлууд тус журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан.

Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ноогдлыг МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан.

МУИС-ийн хэмжээнд энэ үйлчлэлд хамрагдаж буй нийт 60 гаруй багш байгаа бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад эрх шилжүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд журмын дагуу цагийн ноогдлыг тооцож тооцоог хийсэн болно.

Г.Б нь тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул МУИС-ийн Профессор багш ажиллуулах журам-ын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамаарч байгаа юм.

Иймээс Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш Г.Бгийн цагийн ноогдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийсэн болно. Нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Б нь анх хариуцагч Монгол Улсын Их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд тус тус холбогдуулан, олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 629 176 төгрөг, түүний алданги 260 288 төгрөг, нийт 2 889 464 төгрөг гаргуулж, олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас татгалзаж зөвхөн хариуцагч Монгол Улсын Их сургуульд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 тоот тушаалын хавсралтаар МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгохоор нэмэгдүүлж, түүнийгээ шүүх хуралдаанд бүхэлд нь дэмжсэн.

Нэхэмжлэгч Г.Б нь Монгол Улсын Их сургууль /цаашид МУИС гэх/-д 2000 оноос хойш одоог хүртэл багшаар ажиллаж байгаа бөгөөд 2010 оноос ахлах багшаар ажиллаж, үндсэн мэргэжлийн хичээл заасан ба 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын А багц 21 цаг, Б багц 6 цаг, В багц 5 цагийг тус тус гүйцэтгэсэн байна./хх-ийн 1-2, 17 дугаар тал/

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажил үүргийг сургалтын А багцийг 15 цаг байхаар заасан, илүү ажил гүйцэтгэхийг захиргаа шаардах эрхгүй, журмын 2.5 дахь заалт хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгож, илүү гүйцэтгэсэн 6 цагийн нэмэгдэл хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 2.5-д зааснаар тушаал гарч багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн хугацаанд докторын зэрэг хамгаалаагүй тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтад ахлан багш Г.Б хамаарч байгаа тул гүйцэтгэвэл зохих нийт 26 багц цагийн тооцоог хийсэн, ажилтан нь захиргаанаас баталсан дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй гэж татгалзан маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 1.2-т профессор багш ажиллуулах журамд зааснаар сургалтын А цаг 15, эрдэм шинжилгээний Б цаг 6, бусад В цаг 5, нийт 26 ББ цаг байхаар заасан байна./хх-ийн 5-9 дүгээр тал/

Мөн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 10.4-т Тухайн хичээлийн жилд ахлах багш сургалтын А багц 15 цаг, эрдэм шинжилгээний Б багц 6 цаг, бусад ажлын В багц 5 цагийн хэмжээтэй байхаар..., мөн дүрмийн 14.6-д Хэрэв А, Б цагийн аль нэг дутвал илүү хэсгээс 1,5 цагийг дутуу хэсгийн 1 цагтай дүйцүүлэн шилжүүлэн тооцоохоор..., 14.8, 14.9-д ...А-д илүү цагийн хөлс олгохоор, 2.5-д Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай, хэрэв докторын зэрэг хамгаалаагүй бол ...зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгэнэ. Энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлуулах боломжгүй гэж үзнэ гэж тус тус зохицуулсан байна.

Тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар Профессор, багш нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний загвар шинэчлэн баталж, ...хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж байхыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгожээ./хх-ийн 168-171 дүгээр тал/

Дээрхээс үзэхэд, Сургуулийн захиргаанаас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг нэхэмжлэгчээс шаардсан байх боловч уг нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулан ажиллах боломжгүй гэж ахлах багш Г.Б нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байх ба бусад багш нар уг шаардлагыг зөвшөөрч гэрээг шинэчлэн байгуулан ажиллаж байгаа үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна./хх-ийн 114-116 дугаар тал/

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д багш хууль, Хөдөлмөрийн дотоод журам, профессор багш ажиллуулах журамд заасан үүргийг биелүүлэх, 3.1.4-т багш мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллахаар тус тус заасан тул захиргаа байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж буй журмыг баримтлан багш Г.Бгийн ажлын тоо хэмжээг тооцсоныг буруутгах боломжгүй. Нөгөөтэйгүүр, захиргааны зүгээс 2017 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах санал шаардлагыг тавьсан байх боловч уг нөхцөл, шаардлагын дагуу гэрээг байгуулж ажиллах боломжгүй хэмээн нэхэмжлэгч саналыг нь хүлээн аваагүй үйл баримтад талууд маргаагүй.

Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Их сургуульд мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заахаар, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдын 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 139 дүгээр тушаалаар батлагдсан Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлагад ахлах багш магистраас доошгүй зэрэгтэй байх ерөнхий шаардлага тавьсан хэдий ч захиргаа өөрийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах үүднээс өөрийн сургуульд 12 ба түүнээс дээш жил ажилласан багшийн хувьд докторын зэрэг хамгаалсан байх, уг шаардлагыг хангаагүй бол эрдэм шинжилгээний Б цагийг зөвхөн А багц цагт шилжүүлэн тооцохоор дотоод дүрэм журмаараа стандарт шаардлага тогтоосныг шүүх буруутгах боломжгүй юм.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан тохиолдолд Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 2.5-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үүрэгтэй байсан бөгөөд ажилтны эрхийг хүндэтгэн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэн ажиллуулсан байна.

Тэрээр, нэхэмжлэгч нь Монгол Улсын Их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 тоот тушаалын хавсралтаар МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь МУИС-ийн Профессор, багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачаалалыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тооцохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ гэж заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалаар батлан, мөрдөж хэрэгжүүлж эхэлсэн болох нь зохигч талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна /хх-ийн 142-163 дугаар талд/.

Уг журмаар Монгол Улсын Их сургуулийн багш нарын тухайн албан тушаал, тус бүрээр гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосныг шүүх буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдан тайлбарлаж буй гомдлын үндэслэл нь нэхэмжлэгчийн үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэсэн заалтын дагуу хариуцагч МУИС нь байгууллагын дүрэм болон дотоод журмыг хуульд зааснаар баталж, мөрдүүлэн ажиллаж байх ба ажилтны эрх ашиг, сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Г.Б нь Монгол Улсын Их сургуульд 18 жил ажилласан, мөн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журамтай танилцсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нуцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Иймээс, хариуцагч Монгол Улсын Их сургуулиас нэмэгдэл хөлс 2 69 176 төгрөг, түүний алданги 260 288 төгрөг, нийт 2 889 464 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгаын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон Монгол Улсын Их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 тоот тушаалын хавсралтаар МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4, 128 дугаар зүйлийн 128.1.9, 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан Монгол Улсын Их сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс, алданги нийт 2 889 464 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх болон Монгол Улсын Их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /61 185 + 70 200/ нийт 131 185 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэмжээ /61 181 + 70 200/ 131 381 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 4 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Тогтуун нь хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулиас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

Хариуцагч Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Тогтуун нь 1997 оноос эхлэн МУИС-д 14 дэх жилдээ багшилж байна (2000-2007 онуудад гадаадад суралцаж ажилласан). Тэрээр 2017-2018 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээний ажлын цагийн гүйцэтгэлээр давуулан биелүүлсэн илүү цагийн хөлсийг дутуу олгосон хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

МУИС-ийн хэмжээнд бүх үйл ажиллагаа Боловсролын тухай багц хуулиуд болон МУИС-ийн дүрэм, журмуудаар зохицуулагддаг. Тэдгээр журмуудын нэг нь 2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдаж, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй МУИС-д профессор багш ажиллуулах журам юм.

Уг журмын 10.4-т заасны дагуу ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй багш нэг хичээлийн жилд сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил буюу мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний 5 багц цаг биелүүлэх нормтой. Гэвч үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй бол түүнийг зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж, эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлж гүйцэтгүүлэхээр тус журмын 2.5-д заасан байдаг.

Э.Тогтуун нь одоогийн байдлаар МУИС-д 13 жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй тул дээрх журмын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд 21 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэх нормтой.

Э.Тогтуун нь 2017-2018 оны хичээлийн жилд 18 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн байна. Иймд хичээлийн жилд гүйцэтгэвэл зохих 21 багц цагаас дутуу биелүүлсэн 3 багц цагийн хөлсийг МУИС-д профессор багш ажиллуулах журам-ын 14.11-д заасны дагуу Э.Тогтууны ээлжийн амралтын олговроос суутгах ёстой байсан. Гэвч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар түүний ээлжийн амралтын олговрыг бүрэн олгожээ.

Э.Тогтуун өөрийн гаргасан нэхэмжлэлдээ 2014 онд МУИС-тай байгуулж байсан Хөдөлмөрийн гэрээг хавсаргаж, түүндээ сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил 5 багц цаг биелүүлэхээр тусгасан тухай дурьдаж, энэхүү нормоор цагийн гүйцэтгэлийн тооцоог хийх ёстой байсан хэмээн бичжээ.

Гэтэл түүнээс хойш буюу 2016 оны 12 дугаар сард МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэн батлагдаж, улмаар МУИС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан юм. МУИС-ийн багш, ажилтнууд 2017-2018 оны хичээлийн жилийн эхээр тэрхүү шинээр батлагдсан загварын дагуу Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан юм. Жишээ болгон түүнтэй нэг тэнхимд ажилладаг багшийн Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг хавсаргав.

Тухайн үед МУИС-ийн зүгээс бүх багш, ажилтанд Хөдөлмөрийн гэрээний загварыг тарааж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын байдлаар Э.Тогтуун нь 12-оос дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй байсан тул дээр дурьдсан журмын дагуу 21 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах шаардлагатай болсон. Гэвч Э.Тогтуун болон түүнтэй ижил нөхцөл бүхий цөөн хэдэн багш хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй болно. Иймд Э.Тогтууны зүгээс шүүхэд хавсаргаж өгсөн 2014 оны Хөдөлмөрийн гэрээ нь хуучин, хүчин төгөлдөр бус баримт бичиг байна.

Э.Тогтууны нэхэмжлэлд дурьдсанчлан 2018 оны 6 дугаар сард МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар нэр бүхий багш нарын гаргасан хүсэлтийн дагуу тэдний гүйцэтгэсэн сургалтын цагийн тооцооны асуудлыг нэг бус удаа хэлэлцэж тухай бүрд холбогдох журмыг баримтлан ажлын хөлсийг тооцож олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэж байсан болно.

Дээр дурьдсанчлан томоохон улсын их сургуулийн хувьд МУИС-ийн бүх үйл ажиллагаа тус их сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан дүрэм журмаар зохицуулагддаг бөгөөд түүнийг нийт багш, ажилтнууд дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл тус их сургуульд хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм журам бүх багш, ажилтанд ижил тэгш үйлчилдэг зарчимтай. Түүнчлэн багш, ажилтан бүр МУИС-ийн дүрэм журмыг мөрдөж, түүнд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг МУИС-ийн дүрэм-ийн 5.2, 5.3, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.3, 4.3.2, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д тус тус тодорхой заасан байдаг. Түүнчлэн Э.Тогтуунтай ижил төсөөтэй нөхцөл бүхий бусад багш нар өөрийн үүргээ ухамсарлан холбогдох журамд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээгээ байгуулж цагийн ноогдлоо биелүүлэн ажиллаж байгаа.

Гэтэл Э.Тогтуун болон бусад нэр бүхий цөөн хэдэн багш дүрэм журмын бус аргаар, түүнчлэн хүчин төгөлдөр бус Хөдөлмөрийн гэрээг ашиглан цагийн тооцоо хийлгүүлэх гэж шаардаж байгаа нь буруу, үндэслэлгүй юм.

Төгсгөлд нь тэмдэглэхэд Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Э.Тогтуунд илүү цагийн хөлсийг дутуу олгосон зүйл огт байхгүй бөгөөд өөрөөр бодож олгох эрх зүйн үндэслэл, журмын зохицуулалт байхгүй байна. Иймд энэхүү асуудлыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.