Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00149

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02416 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС-д холбогдох,

Илүү цагийн хөлс, алданги нийт 2 889 464 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, А/414 тоот тушаалын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Батсүх, Д.Очирдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багшаар ажиллаж байгаа бөгөөд 2010 оноос хойш ахлах багшаар ажиллаж байгаа юм. Багшлах хугацаандаа Монгол Улсын их сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургалтын цагийн ачааллыг сайн гүйцэтгэж, судалгаа эрдэм шинжилгээний ажил идэвхтэй хийж, сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хичээн гүйцэтгэж, нэг зэрэг нийгмийн болон бусад ажилд идэвх санаачилгатай оролцож, 2011 онд БСШУЯ-ны жуух бичиг, 2016 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Ажил олгогчоос 2014 онд Г.Б-тэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний гол нөхцөлүүдийн талаар хэлэлцэн тохиролцож уг гэрээний 1.2 дах заалтад гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, сургалтын ачаалал буюу А цаг нь 15 багц цаг, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 багц цаг, бусад В цаг нь 5 багц цаг байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм. Мөн түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан МУИС-д профессор, багш ажиллуулах журам-ын 10.4-д багш нарын хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын хэмжээг тогтоосон ба уг мөрдөгдөж буй журамд заасан цагийн ачааллын дагуу надтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл 2018 оны ээлжийн амралт олгохдоо миний А цаг буюу сургалтын цагийн ачаалал 15 багц цаг заах байсныг 21 багц цаг байхаар тооцож, 7,92 багц цаг илүү цаг гарсан боловч үүнээс 1,92 багцийн хөлсийг олгож, 6 багц илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон. Өөрөөр хэлбэл, МУИС-д ахлах багш зэрэглэлд ажиллаж буй үндсэн багш 15 цагийн сургалтын цаг зааж, тухайн цагаас хэтэрсэн цагт илүү цагийн нэмэгдэл хөлс авдаг. Энэхүү 15 цагийг 21 цаг болгон өөрчлөн 6 багц цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй юм. Ингэхдээ эрдэм шинжилгээний гүйцэтгэлийг бүрэн хийхийг давхар шаарджээ. Энэ нь МУИС-ийн зүгээс багшийн эрдэм шинжилгээний ажил хийлгүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн багц цагийг байгаагүйгээр тооцон сургалтын А цагийг 15 байсныг 21 болгон нэмэгдэл хөлсийг олгохоос хууль бусаар зайлсхийж буй үйлдэл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг олгох, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй миний хөдөлмөрлөхтэй холбогдон үүсэж буй хууль ёсны эрх ашгийг маань илтэд хохироолоо. МУИС-ийн захиргааны зөвлөлөөс 2018 оны 6 сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 багц цагаар тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6 сарын 18-ны өдрийн дугаар Б/256 тушаалаар ээлжийн амралтыг тооцсон. МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал МУИС-ийн захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасны дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй. Иймд би өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Иймд миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орсон бөгөөд 2 629 176 төгрөгийн илүү цагийн цалин хөлсийг олгоогүй байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу 2018 оны 6 сарын 18-ны өдрийн тушаалаас өнөөдрийг хүртэлх олгогдоогүй нэмэгдэл хөлсийг алданги 260 288 төгрөг болж байна. Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 629 176 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдоогүй нэмэгдэл хөлсийг хоног тутмын 0,3 хувийн алданги 260 288 төгрөг, нийт 2 889 464 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагч МУИС-д даалгаж өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн хариуцагчаас татгалзаж зөвхөн МУИС-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан. Иймд МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 тоот тушаалын хавсралтаар МУИС-д профессор багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. МУИС-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад профессор багш ажиллуулах журамд заасны дагуу ахлах багш нартаа докторын зэрэг хамгаалах шаардлага гаргаснаа тайлбарласан. Уг журмын 2.5-д “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай, докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн /докторын сургалтын багц цагийг бүрэн биелүүлсэн/ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 хүртэл жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэр багшийг холбогдох тэнхим салбар бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлах боломжгүй гэж үзнэ” гэх заалтын агуулга нь багш нарын боловсролын зэрэг хамгаалах эрхтэй нь холбоотой заалт байх бөгөөд түүнийг батлан гаргаж буй эрдмийн зөвлөлд багш нарт боловсрол, мэргэжлийн зэргийг хамгаалахыг шаардах эрх хуулиар олгоогүй байхад журамдаа тусгаж хууль зөрчсөн, ахлах багш нарын эрх ашиг сонирхлыг хөндсөн агуулга бүхий заалт оруулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9-т хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай шаардлага гаргах эрхтэй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагаас 2003 оны 5 сарын 01-ний өдрийн 139 дүгээр тушаалын 1-р хавсралт Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавигдах нийтлэг шаардлага гэх баримт бичигт багш нарт тавигдах шаардлагыг зааж, баталсан байдаг. Гэвч энэ шаардлагыг зөрчиж 12 жилээс дээш хугацаанд ажилласан ахлах багш нарт тавих шаардлагаа өөрчилж, боловсролын зэргийг доктор байх мэтээр өөрчилсөн байна. Энэ өөрчлөлтөө хариуцагч МУИС Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-т “багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тооцохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ” гэж заасан учир батлах эрхтэй мэтээр тайлбарлаж байна. Энэ заалтаар Их, дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь багш нарын судалгаа шинжилгээний ажлын ачааллыг тогтоох эрхтэй боловч багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх эрхэд нь халдахыг зөвшөөрсөн заалт биш юм. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил нь мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах асуудлаас ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.6-д судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх асуудлыг үүрэг болгох ёсгүй бөгөөд журмын 2.5 дахь заалт нь багш нарт үүрэгжүүлсэн, хариуцлага тооцох заалт учир хууль, тогтоомжид нийцээгүй гэх үндэслэлтэй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, 16.7-д сурч боловсрох эрхтэй гэх хүний үндсэн эрхийг зөрчсөн заалт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, 130.1-т ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх зэрэг хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн заалт гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУИС-ийн профессор, багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасны дагуу МУИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Журмаар их сургуулийн багшийн тухайн албан тушаал, тус бүрээр гүйцэтгэх ажлын ачааллын ногдлыг тогтоосон. Одоо мөрдөгдөж буй профессор багш ажиллуулах журам МУИС-ийн эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн A/414 дүгээр тушаалаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн болно. Журмын 2.5-д “үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИС-д үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ гэж заасан. МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн байдаг. МУИС-ийн захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ногдлыг тооцохдоо профессор багш ажиллуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлууд тус журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан. Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ногдлыг МУИС-ийн профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан. МУИС-ийн хэмжээнд энэ үйлчлэлд хамрагдаж буй нийт 60 гаруй багш байгаа бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад эрх шилжүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд журмын дагуу цагийн ногдлыг тооцож тооцоог хийсэн болно. Г.Б нь тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул МУИС-ийн профессор багш ажиллуулах журам-ын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамаарч байгаа юм. Иймээс Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш Г.Б-гийн цагийн ногдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийсэн болно. Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4, 128 дугаар зүйлийн 128.1.9, 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан МУИС-д холбогдуулан илүү цагийн хөлс, алданги нийт 2 889 464 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх болон МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /61 185 + 70 200/ нийт 131 185 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэмжээ /61 181 + 70 200/ 131 381 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 4 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б-гийн нэхэмжлэлтэй, МУИС-д холбогдох иргэний хэргийг хянасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 21-ны өдрийн 02416 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил, үүргийг гүйцэтгэхтэй холбоотой шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн үйл баримт, нотлох баримтыг дутуу үнэлж, тогтоосон. МУИС-иас Г.Б багштай байгуулсан 2014 оны 9 сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 21 дүгээр үйлийн 21.1, 21.1.2, 21.2.1-т заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу гүйцэтгэх ёстой ажил, үүргийг гэрээний 1.2 дахь хэсэгт 15 кредит цаг /сургалтын А цаг/ байхаар заасан. Шүүхээс дүгнэсэнчлэн МУИС-иас баталсан дотоод дүрэм журмын дагуу зөвхөн А цаг буюу 15 кредит цагаас илүү гарсан хэсэгт илүү цагийн хөлс тооцож олгох боломжтой. Гэтэл шүүхээс гэрээний гол нөхцөл 1.2 дахь заалтаас илүүтэйгээр бусад нөхцөл буюу 3.1.1, 3.1.4 дэх хэсгийг баримтлан байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдөх үүрэгтэй гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй бөгөөд дотоод дүрэм журмаар гэрээний гол нөхцөл 15 кредит цагийн ажлын гүйцэтгэлийг гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр 21 кредит цаг болгон тооцож байгааг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд тогтоомжид нийцээгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийг харгалзаж үзээгүй, хуулийг зохих ёсоор хэрэглээгүй. Ажил олгогчоос 2017 оны 9 сард хөдөлмөрийн гол нөхцөлийг дордуулсан, ахлах багш нарын эрхийг зөрчсөн гэрээний нөхцөл санал болгосныг ахлах багш нар эсэргүүцэж шинэ гэрээ байгуулахаас татгалзсан үйл баримт хэргийн материал, зохигчдын тайлбараас хангалттай харагдаж байна. Гэвч шүүхээс хэт нэг талын тайлбарыг үндэслэн, хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн хэргийн үйл баримт, нотлох баримтыг дутуу үнэлж, дүгнэжээ. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасны дагуу хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан нөхцөлөөр гэрээг шинэчлэн байгуулахаар тулгасан, ажил олгогчийн хууль бус шаардлагыг дэмжсэн дүгнэлтийг шүүхээс гаргасан. Хариуцагч "профессор багш ажиллуулах журам"-ын 2.5-д зааснаар багц цагийг шилжүүлэн тооцож байгаа тухай тайлбарладаг боловч тухайн журмын 14.7-д заасны дагуу Эрдэм шинжилгээний цаг (Б)-аа сургалтын цаг (А)-аар тооцуулах бол заавал хөдөлмөрийн гэрээнд тусгасны дараа шилжүүлэн тооцохоор байна. Гэрээнд энэ тухай нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тохиолдолд 2.5-д заалт хамаарахгүй болно. Ахлах багш нар дээрх хууль бус шаардлагыг эсэргүүцэн 2017 оны 9 сараас эхлэн хөдөлмөрийн маргаан таслах комисс, сургуулийн захиргаа зэрэгт гомдол гаргасан байх ба сургуулийн захирлын тушаалаар захиргаа, ажилтны төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг 2018 оны 4 сарыг хүртэл ажилласан гэдэг бөгөөд ажлын хэсэг нь ажилчдын төлөөллийг оролцуулахгүйгээр дүгнэлт гаргаж сургуулийн захиргаанд уламжилсан тухай талууд тайлбарладаг. Гэвч сургуулийн захиргаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 6 сард 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын А цагийг 21 кредитээр тооцох болсноо мэдэгдсэн. 2017-2018 оны хичээлийн жилд ажил олгогчоос гэрээг шинэчлэн байгуулах санал ирсэн хэдий ч гэрээний гол нөхцөлтэй холбоотой маргаан үүсч явсаар 2018 оны хичээлийн жил дууссан. Шүүхээс хэргийн үйл баримтыг дутуу үнэлж, дүгнэж маргаан бүхий хугацааны турш нэгэнт гүйцэтгэсэн ажлын үр дүнд илүү цагийн цалин хөлс олгох ёсгүй мэтээр дүгнэж ажилтны эрх ашгийг хохироосон. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт "Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-т заасны дагуу тухайн журмыг баталсан байна" гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалахыг тулгаж, үүрэгжүүлсэн дээрх журмын 2.5-д зааснаар ажилтны ажил үүргийг өөрчилж байгаа ажил олгогчийн хууль бус шаардлагыг тодорхой үндэслэлгүйгээр зөвтгөн дүгнэж, шийдвэрээ гаргасан нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулжээ. Шүүхээс МУИС-ийг хууль, тогтоомжоор баталсан шаардлага, эрх хэмжээгээ хэтрүүлснийг нь зөвтгөж, хэт нэг галын эрх ашигт нийцсэн агуулгаар шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомжийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. МУИС-ийн захиргаанаас 12 жилээс дээш жил ажилласан "ахлах багш" нарыг ялгаварласан үйлдэлд шүүхээс дүгнэлт өгөөгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар МУИС-ийн захиргаа "ахлах багш" нарыг "профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалтыг үндэслэн ялгаварлаж байгаа тухай нэхэмжлэгч тайлбарлаж, нотолсон. Профессор, багш ажиллуулах журмын 2.5 дахь заалтын шаардлага нь 2017 оноос хойш шинээр томилогдсон багш нарт хамаарах агуулга бүхий заалт оруулсан. Ижилхэн статус бүхий ахлах багш нарт өөр өөр нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг санал болгож байгаа нь хууль дахь ялгаварласан шинжтэй үйлдэл болсон ба энэ тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарласан байтал шүүх дүгнээгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.            

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                    

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч МУИС-д холбогдуулан илүү цагийн хөлс, алданги нийт 2 889 464 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, А/414 тоот тушаалын 2.5 дахь заалт хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь 2000 оноос хойш МУИС-д багшаар, 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж байгаа бөгөөд докторын зэрэг хамгаалаагүй, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-5-10 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017-2018 оны хичээлийн жилд А цагийг 15 цаг байхыг 21 цаг болгон өөрчилж илүү ажилласан 7,92 цагаас Б багцын дутуу гүйцэтгэсэн 1 цагийг А багцын 1.5 цагаар дүйцүүлэн тооцож, 6 цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосон ...” гэж тайлбарлажээ. /хх-ийн 17-18 дугаар тал/

Талуудын байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.2 дах заалтаар гүйцэтгэх ажлын ачааллын хэмжээг сургалтын А цаг 15, эрдэм шинжилгээний Б цагийг 6, бусад В цагийг 5, нийт 26 багц цаг байхаар тохиролцсон,

Мөн гэрээний 1.2 дах заалтаар нэхэмжлэгч Г.Б- нь МУИС-д профессор багш ажиллуулах журамд заасан ажил үүрэг, ачааллыг гүйцэтгэнэ гэж заасан нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 5-10 дугаар тал/

Хариуцагч татгалзалдаа МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 2.5-д “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах, докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэр багшийг холбогдох тэнхим салбар бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлах боломжгүй гэж үзнэ, мөн журмын 14.8, 14.9 дэх заалтаар илүү цагийн хөлс, урамшуулал олгох нөхцөл, тооцох аргачлалыг тус тус тогтоосон. /хх-ийн 143-163 дугаар тал/

Дээрх журмын 2.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Г.Б нь докторын зэрэг хамгаалаагүй учир хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон эрдэм шинжилгээний 6 багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн А сургалтын багц цагийг 21 цагаар тооцон, Г.Б-гийн А сургалтын 22,92 багц цагийн гүйцэтгэлээс 1,92 цагийг илүү цагт тооцон, ногдох нэмэгдэл хөлсийг олгосон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Учир нь талууд хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийн хэмжээг тогтоосон байх боловч ажилтны илүү цаг ажилласан нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцож олгох талаар хөдөлмөрийн гэрээний 1.2, профессор, багш ажиллуулах журмын 2.5, 14.8, 14.9 дэх хэсгүүдэд тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасантай нийцжээ.

Иймд илүү цагийн хөлс, алданги нийт 2 889 464 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 2.5 дах заалт нь хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан байх боловч тус заалт нь Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дах заалтыг зөрчөөгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                    

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                                      Г.ДАВААДОРЖ