Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/01098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, *******,******* /регистрийн дугаар 6128289/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, *******,*******/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан, 12-р баг, 6-р хороолол, 16 байр, *******,*******/ нарт холбогдох

62,628,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь тус компанийн орон нутгийн албаны Эрдэнэт хот дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр 2011 оны 05 дугаар сард анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд худалдааны төлөөлөгч, салбарын эрхлэгч албан тушаалд тус тус ажиллаж байсан юм. Худалдааны төлөөлөгч нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу харилцагч аж ахуйн нэгжид бараа, бүтээгдэхүүн борлуулах, төлбөрийг нь компанид шилжүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг тул түүнтэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эд хөрөнгийн хариуцлага хүлээх баталгаа болгож 2014 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн барьцааны гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ******* тоот гэр бүлийн хэрэгцээний 1100 м2 газар, 96м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан.

Эрдэнэт хот дахь салбарын үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтаар хариуцагч нь 2016 оноос 2017 оны 08 дугаар сарын 25 ны өдрийг хүртэлх хугацаанд 64 864 760 төгрөгийн санхүүгийн зөрчлийг гаргаж борлуулалтын орлогыг хувьдаа завших, дур мэдэн зарцуулах, компанийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд хэрэглэх зэрэг үйлдлүүдийг гаргаж байсныг тогтоосон юм. Компанийн борлуулалтын орлогоос бусдын автомашин мөргөж гэмтээсэн 8 100 000 төгрөг, өөрийн автомашин засварлахад 500 000 төгрөг, хувийн хэрэгцээнд 29 500 000 төгрөг, мөн 34 054 760 төгрөгийн бүтээгдэхүүнийг хувьдаа ашиглаж агуулахын тайлан, мэдээг хуурамчаар гарган өгдөг байсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанид учруулсан хохирлыг арилгах тухай хүсэлтийг гаргаж байсан.

Тухай хүсэлтээр учруулсан хохирлыг 1 сарын дотор барагдуулахыг илэрхийлсэн боловч биелүүлэлгүй 2018 оноос хойш 2 000 000 төгрөгийг төлж, 62 628 996 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Түүний аав С.Баттогтох нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *******ын компанид учруулсан хохирлыг арилгах баталгаа гаргасныг манай компани хүлээн авч төлбөр төлөх боломжийг хариуцагч нарт олгож байсан. С.Баттогтох нь охин *******ын үүргийг гүйцэтгэлийг хариуцах баталгааг бичгээр гаргасан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах болно.

Иймд хариуцагч ******* түүний батлан даагч С.Баттогтох нараас компанид учруулсан хохирол 62 628 996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь 2011 онд ХХК-ий Орхон аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчийн ажилд томилогдон орсон бөгөөд 2017 оны 10 сарыг хүртэл 7 орчим жил ажилласан байна. Дээрх хугацаанд олон удаагийн санхүүгийн гэнэтийн шалгалт ирж байсан тэр бүрт санхүүгийн сахилга бат маш сайн үнэлгээтэй байсан бөгөөд идэвхи санаачлага тогтмол төлөвлөгөөт борлуулалтандаа хүрч ажиллаж байсныг минь удирдлагуудын зүгээс үнэлэн 2015 онд компаний шилдэг ажилтан, 2016 онд хөдөлмөрийн алдар цол тэмдгээр удаа шагнагдаж байсан. Энэхүү хугацаанд компанийхаа төлөө бүх зүрх сэтгэл, цаг хугацаагаа зориулан ажиллаж ирсэн болно. 2013 онд Алтан жолоо трейдийн Сансар хүнсний сүлжээ дэлгүүрийн Орхон аймаг дахь салбар үйл ажиллагаагаа зогсооход 200-д нэр төрлийн 150 орчим сая төгрөгний барааг 1 өдрийн дотор хүлээн авч гэр хорооллын гражид эмх замбараагүйгээр зөөн байршуулсны дараа ялгаж, өрж хурааж, мөн түүний борлуулалтын тайланг ажлаа тараад олон шөнөөр сууж гар тайлан, Ехсel программ дээр хүснэгтлэн шивсний дараа хүлээлцэх болон зөөвөрлөх, тээвэрлэх явцад гарсан дутагдал (маш яаралтай замбараагүй зөөвөрлөсөн бөгөөд тэр хайрцагтай архи болон чихрийг дараа нь тоолоход хайрцагнаас дутуу гарж байсан) хагарлыг би еөрөө цалингаасаа төлж байсан. Энэхүү хугацаанд олон удаа нойр хоолгүй тухайн гражид шөнөжин сууж сарын 100,000 төгрөгний нэмэлт цалинг Алтан жолоо импексээс авч байсан ба агуулахад ус алдаж, үүднээс нь бараагаа хулгайд алдах гэх мэт асуудлууд мөн гарч байсан. Мөн ХХК-д ажиллаж байх сүүлийн жилүүдэд багадаа 3 шөнө буюу 6 өдөр хөдөө орон нутгаар буюу Булган аймгийн бүх сумдаар өвөл зунгүй явж ирээд л дахиад л 1-2 өдөр ажлын бус цагаар шөнөжин сууж тайлангаа гаргадаг байлаа. Хөдөө сумдаар борлуулалт хийж байхдаа төөрнө, машины радиатор эвдэрсэн паар халахгүй үед хөлдөж үхэнгээ алдана, замын уртад дор хаяж нэг явалтаараа 2 сум ордог тул нэг сумандаа хононо. Энэ бүхэнд гэр бүлийн хүн тийм ч дуртай байхгүй хэрүүл маргаан дэгдэнэ. Булганы сумууд уулархаг хад чулуу ихтэй сумдын хооронд дан шороон замтай учир бараа бүтээгдэхүүний хагарал сарын нормоос өндөр гарна. Мэргэжлийн хяналтаас шалгалт ирж агуулахын түвшин хангахгүй байна лацдана гэхэд поддон, чийг хэмжигч гэх мэт зүйлсийг авч тависан ч тамгатай падаан байхгүй мөн зөвшөөрөлгүй цохолтгүй гээд сүүлдээ би өөрөө л төлнө. Энэ мэтчилэн асуудал их байсан ч болгохыгоо болгоод л ажиллаж байтал 2016 оны 6 сараас эхлэн гэр бүлийн минь амьдралд асуудал гарч тогтворгүй болж 2016 оны 9 сараас нөхөр маань хамар хашаанд байрлах эгчийнхээр гэрт нүдэн дээр маань өөр хүүхэнтэй амьдрах болж охин Хулан эпилепси буюу татдаг өвчинтэй нь улам хүндэрч шөнө бүр татах болж, уурандаа гомдсондоо өөр хүнтэй машин дотор байхад нь машиныг нь мөргөж нүд зовхио сэтэртэл зодуулж тэр л үеэс эхлэн амьдралд итгэх тэмүүлэх зорилгогүй болж, сэтгэлээр унаж, сэтгэл санаа тогтворгүй болж анхаарлаа ч төвлөрүүлж тайлан тооцоогоо хийж чадахгүй болсон. Удалгүй сумдаар явж байгаад гэртээ иртэл охин бид хоёрын хувцас эд хогшилыг бараг л гудамжинд гаргаж хаяснаас өөрцгүй хашааны буланд овоолж тавиад байшингийн хаалга цоожийг нь солиод өөрсдөө амьдарсан байсан ба тухайн үед тайланд оруулж амжаагүй байсан зээлтэй падаанууд минь хүртэл алга болсон байх гэж бодож байна. Улмаар ядаж ажилдаа анхаарлаа төвлөрүүлэе гээд ухаан жолоогүй л захиалга авч бэлэн болон зээлээр их хэмжээгээр буулгаад л зараад л за тэгж байгаад нэг сайхан сууж байгаад тайлангаа хянаж учрыг нь олно доо гэж явсаар байтал учрыг нь ч олж чадахгүй болтлоо хол явчихсан будилчихсан байсан. Энэ хугацаанд акцыг нь шинэчлэх шаардлагаар гражид оруулж тавьсан байсан бараа бүтээгдэхүүнд хулгай орж тухайн үед цагдаа дуудсан боловч камергүй хэсгээр орсон камертай хэсгийн нь камер нь ажиллахгүй байгаа бараг олдохгүй дээ гэсэн хариу сонсов.

Цаг хугацааны хүнд үеийг давж гарч чадаагүй сэтгэлийн хатгүй, ажлын хариуцлага алдсан богинохон хугацаанд ийм их хэмжээний хохирол учруулж арчаагүй сул дорой байдалд орж аав, ээж хоёрынхоо ганц хөрөнгө болох амьдрах гэр оронг нь заруулж компанидаа учруулсан хохирлоосоо хасаж байгаадаа харамсаад гэмшээд ичээд ч баршгүй нь ээ. Одоогийн байдлаар би 2018 оны 2 сараас эхлэн өглөө 08-00 цаг хүртэл өдрийн 20000-25000 төгрөгний цалинтайгаар ямар ч ээлжгүй ажиллаж байж сарын 500000-700000 төгрөгний цалинтай худалдагчийн ажил хийж байна. Ажилд орсоноосоо хойш сар бүр компаний дансанд 500000 төгрөг хийхийг эрмэлзэн төлж байгаа билээ.

Миний компанийхаа төлөө хичээл зүтгэл, цаг хугацаагаа үнэн сэтгэлээр зориулж байсан мөн санаатайгаар шамшигдуулая гэсэн чин сэтгэл байгаагүйг минь харж үзэн унасан дээр минь улам түлхэлгүй өөрийн хариуцлага алдсанаас үүдсэн өр төлбөрөө шат дараалалтайгаар төлж барагдуулах боломж олгож өгнө үү.

Барьцаанд байх хашаа байшин нь миний салсан нөхөр болох Н.Ганхүүн нэр дээр байдаг бөгөөд ааваас нь өвлөгдөж ирсэн бөгөөд охиноо гээд 10,000,000 төгрөг өгөөд хашаа байшингаа барьцаанаас чинь гаргаж авмаар байна гэсэн бөгөөд энэ тухайгаа компаний гэрээт хуульчтай ярьсан гэх тул тэр хүнээс 12,000,000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгийг нь суллаж өгнө үү. Аав ээж хоёрын минь өөрсдийн амьдрах байр болох дэлгүүрээ зарж байгаа бөгөөд банкны зээл, ҮХХЗБТ, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, НДШ, ҮХХтатвар зэрэг татвар шимтгэл хураамжаа төлөөд 13-15 сая орчим төгрөг үлдэж байгааг төлбөрөөсөө хасна. (Цаг хугацаа байсан бол банкныхаа зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж дуусаад бага хэмжээний засвар үйлчилгээ хийсэн бол арай үнэ хүрж магадгүй гээд хүлээгээд байсан ч цаг хугацаанд баригдлаа)

Ёслол 0,75л 1ш 16000

А водка 0.75 4ш 10400

Өргөө 0,75 2ш 7500

G light 64ш 1600

Брат 26ш 4460

2,5л Соёолж 15ш 4660

2,5л Хүрхрээ 28ш 4860

Большой Медведь 4ш 4560 Нийт 515,180 төгрөгний хагарлыг дутагдалтай байгаа бараа бүтээгдэхүүнээс хасаж, мөн одоо Эрдэнэт агуулахад байх 15ш поддоныг тус бүрийг 8,500 төгрөгөөр үнэлэн хөрөнгийн бүртгэлд оруулж 127,500 төгрөгийг миний төлбөрөөс хасаж өгнө үү!

Өгөгдөх ёсгүй хувь хөнгөлөлт хэмээн холбогдсон Жани 92448

Ачит 78840

Дарханхангай 83904

Өнөр булган 161062

Маргад хутаг Өндөр 93728

Нийт 509980 төгрөгийг хасаж өгнө үү!

Эрэн сурвалжлах шатандаа Орхон аймгийн цагдаагийн хэлтэс дээр байх Сэлэнгэ 894700

Хүнсний бөөний төв 1015860

Сэлэнгэ эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамж 70200

Хүнсний бөөний төв эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамж 70200

Моност шшг-т шилжиж байгаа 1074000

Моност эвлэрүүлэн зуучлах улсын тэмдэгтийн хураамж 30000

Нийт 3154960 төгрөгийг миний төлбөрөөс ялгаж уг төлбөрийг олж барагдуулахад бичиг баримт болон итгэмжлэхээр хангана уу!

Миний энэ байдлыг болон өөрсдийн албан тушаалыг ашиглан мөнгө болон бараа материал авсан

Бүс хариуцсан менежер Мөнхбаатар 480000 төгрөг, Оператор Энхсайхан 900000 төгрөг, Жолооч Үнэнхүү 800000 төгрөг Эдгээр хүмүүсийн оршин суугаа хаяг дээр Арвайн үндэс компанийн өмнөөс нэхэмжлэх эрх өгж итгэмжлэх олгоно уу!

Мөн нэгэнт би дутагдалтай бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулж байгаа тул тодорхой хэмжээний хувь хөнгөлөлтийг /5-10%/ хасаж тооцож өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. 43799350+124020=43923370 төгрөг

Энэ хугацаанд нийт 3,295,000 төлбөр төлсөн бөгөөд үүний 2,500,000 төгрөгийг ажилд орсноосоо хойш хэсэгчлэн төлсөн болно. Үлдэх буюу дунджаар 25,000,000 орчим төгрөгийн 15,000,000 орчмыг 3 жилийн хугацаанд сар бүр 400,000-500,000 төгрөгөөр төлөх график гаргаж үлдэх 10 орчим сая төгрөгийг 3 дахь жилдээ багтаан бөөнд нь /Зээлийн эх үүсвэрээр/ барагдуулах эвлэрэлийн гэрээ хийж графикаар төлөх боломж олгоно уу! /Мэдээж энэ хугацаанд ямар нэгэн байдлаар санхүүгийн нэмэлт эх үүсвэр орох болгонд тухай бүрд нь төлж байна/ гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд хандаж хариуцагч *******, С.Баттогтох нараас нь дутагдуулсан барааны төлбөр 62,628,996 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 48,641,710 төгрөгийн 6 хувийн хөнгөлөлтийг хасуулж нийт 45,723,710 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь тус компанийн орон нутгийн албаны Эрдэнэт хот дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр 2011 оны 05 дугаар сард анх ажилд орж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд худалдааны төлөөлөгч, салбарын эрхлэгч зэрэг албан тушаалд тус тус ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 62 тоот *******ыг ажилд томилох тухай захирлын тушаал, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/46 тоот зарим ажилтнуудыг шилжүүлэн томилох тухай захирлын тушаал, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 тоот худалдааны төлөөлөгч *******ыг ажлаас халах тухай тушаал, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Худалдааны төлөөлөгч болох хариуцагч ******* нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу харилцагч аж ахуйн нэгжид бараа, бүтээгдэхүүн борлуулах, төлбөрийг нь компанид шилжүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг байх бөгөөд нэхэмжлэгч түүнтэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

Хариуцагч Эд хөрөнгийн хариуцлага хүлээх баталгаа болгож 2014 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн барьцааны гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ******* тоот гэр бүлийн хэрэгцээний 1100 м2 газар, 96м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Эрдэнэт хот дахь салбарын үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтаар хариуцагч нь 2016 оноос 2017 оны 08 дугаар сарын 25 ны өдрийг хүртэлх хугацаанд 64 864 760 төгрөгийн санхүүгийн зөрчлийг гаргаж борлуулалтын орлогыг хувьдаа завших, дур мэдэн зарцуулах, компанийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд хэрэглэх зэрэг үйлдлүүдийг гаргаж байсныг тогтоож, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Компанийн борлуулалтын орлогоос бусдын автомашин мөргөж гэмтээсэн 8 100 000 төгрөг, өөрийн автомашин засварлахад 500 000 төгрөг, хувийн хэрэгцээнд 29 500 000 төгрөг, мөн 34 054 760 төгрөгийн бүтээгдэхүүнийг хувьдаа ашиглаж агуулахын тайлан, мэдээг хуурамчаар гарган өгдөг байсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанид учруулсан хохирлыг арилгах тухай хүсэлтийг гаргаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нь тухайн үед учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч 1 сарын дотор барагдуулна гэсэн байх боловч 2018 оноос хойш 2 000 000 төгрөгийг төлж, 62 628 996 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******ын аав болох С.Баттогтох нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *******ын компанид учруулсан хохирлыг арилгах баталгаа гаргасныг хүлээн авч төлбөр төлөх боломжийг хариуцагч нарт олгож байсан, С.Баттогтох нь охин *******ын үүргийг гүйцэтгэлийг хариуцах баталгааг бичгээр гаргасан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн С.Баттогтохыг хамтран хариуцагчаар татсан байна. Гэвч С.Баттогтох нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус компанид ажиллаж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээгээгүй, хохирол учруулаагүй байх тул төлбөрийг хамтран хариуцах үндэслэлгүй түүнийг хамтран хариуцагчаар татсан нь буруу байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч *******тай 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ******* тоот гэр бүлийн хэрэгцээний 1100 м2 газар, 96м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан байх боловч хариуцагч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхгүй, уг эд хөрөнгийн өмчлөгч нь Нэргүй овогтой Ганхүү байх ба үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах итгэмжлэл байхгүй байх тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн тооцоогоор хариуцагчийн төлөх төлбөр нийт 48,641,710 төгрөг болсоноос гэрээнд заасны дагуу 6 хувийн хөнгөлөлтийг хасаж нийт 45,723,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1,135 дугаар зүйлийн 135.2.1,135.3-д заасныг баримтлан *******аас 45,723,207 төгрөг гаргуулан Эй Юу Трейд ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,905,789 төгрөг болон С.Баттогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1,174 дүгээр зүйлийн 174.1,175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 471,095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 386,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН