Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч З, Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01098 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З, Б нарт холбогдох,

Компанид учруулсан хохирол 62.628.996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч у, хариуцагч З, хариуцагчийн өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч З нь тус компанийн орон нутгийн албаны Эрдэнэт хот дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр 2011 оны 05 дугаар сард анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд худалдааны төлөөлөгч, салбарын эрхлэгч албан тушаалд тус тус ажиллаж байсан юм. Худалдааны төлөөлөгч нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу харилцагч аж ахуйн нэгжид бараа, бүтээгдэхүүн борлуулах, төлбөрийг нь компанид шилжүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг тул түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эд хөрөнгийн хариуцлага хүлээх баталгаа болгож 2014 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн барьцааны гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 58 дугаар гудамжны 2А тоот гэр бүлийн хэрэгцээний 1100 м2 газар, 96м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан. Эрдэнэт хот дахь салбарын үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтаар хариуцагч нь 2016 оноос 2017 оны 08 дугаар сарын 25 ны өдрийг хүртэлх хугацаанд 64.864.760 төгрөгийн санхүүгийн зөрчлийг гаргаж борлуулалтын орлогыг хувьдаа завших, дур мэдэн зарцуулах, компанийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд хэрэглэх зэрэг үйлдлүүдийг гаргаж байсныг тогтоосон юм. Компанийн борлуулалтын орлогоос бусдын автомашин мөргөж гэмтээсэн 8.100.000 төгрөг, өөрийн автомашин засварлахад 500.000 төгрөг, хувийн хэрэгцээнд 29.500.000 төгрөг, мөн 34.054.760 төгрөгийн бүтээгдэхүүнийг хувьдаа ашиглаж агуулахын тайлан, мэдээг хуурамчаар гарган өгдөг байсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанид учруулсан хохирлыг арилгах тухай хүсэлтийг гаргаж байсан. Тухайн хүсэлтээр учруулсан хохирлыг 1 сарын дотор барагдуулахыг илэрхийлсэн боловч биелүүлэлгүй 2018 оноос хойш 2.000.000 төгрөгийг төлж, 62.628.996 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Түүний аав Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Зын компанид учруулсан хохирлыг арилгах баталгаа гаргасныг манай компани хүлээн авч төлбөр төлөх боломжийг хариуцагч нарт олгож байсан. Б нь охин Зын үүргийг гүйцэтгэлийг хариуцах баталгааг бичгээр гаргасан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах болно. Иймд хариуцагч З түүний батлан даагч Б нараас компанид учруулсан хохирол 62.628.996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие З нь 2011 онд “А” ХХК-ий Орхон аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчийн ажилд томилогдон орсон бөгөөд 2017 оны 10 сарыг хүртэл 7 орчим жил ажилласан байна. 2013 онд “Т” трейдийн Сансар хүнсний сүлжээ дэлгүүрийн Орхон аймаг дахь салбар үйл ажиллагаагаа зогсоход 150 орчим сая төгрөгийн барааг 1 өдрийн дотор хүлээн авч гэр хорооллын гражид эмх замбараагүйгээр зөөн байршуулсны дараа ялгаж, өрж хурааж, мөн түүний борлуулалтын тайланг ажлаа тараад олон шөнөөр сууж гар тайлан, Ехсel программ дээр хүснэгтлэн шивсний дараа хүлээлцэх болон зөөвөрлөх, тээвэрлэх явцад гарсан дутагдал, хагарлыг би өөрөө цалингаасаа төлж байсан. Энэхүү хугацаанд олон удаа нойр хоолгүй тухайн гражид шөнөжин сууж сарын 100.000 төгрөгийн нэмэлт цалинг “Т” импексээс авч байсан ба агуулахад ус алдаж, үүднээс нь бараагаа хулгайд алдах гэх мэт асуудлууд мөн гарч байсан. Мөн А” ХХК-д ажиллаж байх сүүлийн жилүүдэд багадаа 3 шөнө буюу 6 өдөр хөдөө орон нутгаар буюу Булган аймгийн бүх сумдаар өвөл зунгүй явж ирээд л дахиад л 1-2 өдөр ажлын бус цагаар шөнөжин сууж тайлангаа гаргадаг байлаа. Энэ бүхэнд гэр бүлийн хүн тийм ч дуртай байхгүй хэрүүл маргаан дэгдэнэ. Мэргэжлийн хяналтаас шалгалт ирж агуулахын түвшин хангахгүй байна лацдана гэхэд падаан, чийг хэмжигч гэх мэт зүйлсийг авч тавьсан ч тамгатай падаан байхгүй мөн зөвшөөрөлгүй цохолтгүй гээд сүүлдээ би өөрөө л төлнө. Энэ мэтчилэн асуудал их байсан ч болгохыгоо болгоод л ажиллаж байтал 2016 оны 9 дүгээр сараас нөхөр маань хамар хашаанд байрлах эгчийн гэрт нүдэн дээр маань өөр хүүхэнтэй амьдрах болж охин Хулан эпилепси буюу татдаг өвчинтэй нь улам хүндэрч шөнө бүр татах болж, уурандаа гомдсондоо өөр хүнтэй машин дотор байхад нь машиныг нь мөргөж нүд зовхио сэтэртэл зодуулж тэр л үеэс эхлэн амьдралд итгэх тэмүүлэх зорилгогүй болж, сэтгэлээр унаж, сэтгэл санаа тогтворгүй болж анхаарлаа ч төвлөрүүлж тайлан тооцоогоо хийж чадахгүй болсон. Одоогийн байдлаар би 2018 оны 2 сараас эхлэн өглөө 08-00 цаг хүртэл өдрийн 20.000-25.000 төгрөгийн цалинтайгаар ямар ч ээлжгүй ажиллаж байж сарын 500.000-700.000 төгрөгийн цалинтай худалдагчийн ажил хийж байна. Ажилд орсноосоо хойш сар бүр компаний дансанд 500.000 төгрөг хийхийг эрмэлзэн төлж байгаа билээ. Миний компанийхаа төлөө хичээл зүтгэл, цаг хугацаагаа үнэн сэтгэлээр зориулж байсан мөн санаатайгаар шамшигдуулая гэсэн чин сэтгэл байгаагүйг минь харж үзэн унасан дээр минь улам түлхэлгүй өөрийн хариуцлага алдсанаас үүдсэн өр төлбөрөө шат дараалалтайгаар төлж барагдуулах боломж олгож өгнө үү.

Би дутагдалтай бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулж байгаа тул тодорхой хэмжээний хувь хөнгөлөлтийг /5-10%/ хасаж тооцож өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Энэ хугацаанд нийт 3.295.000 төлбөр төлсөн бөгөөд үүний 2.500.000 төгрөгийг ажилд орсноосоо хойш шүүхийн шатанд 12.500.000 төгрөг тус тус хэсэгчлэн төлсөн болно. Үлдэх буюу дунджаар 25.000.000 орчим төгрөгийн 15.000.000 орчмыг 3 жилийн хугацаанд сар бүр 400.000-500.000 төгрөгөөр төлөх график гаргаж үлдэх 10 орчим сая төгрөгийг 3 дахь жилдээ багтаан бөөнд нь /Зээлийн эх үүсвэрээр/ барагдуулах эвлэрлийн гэрээ хийж графикаар төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01098 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2.1, 135.3.-д заасныг баримтлан Заас 45.723.207 төгрөг гаргуулан “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.905.789 төгрөг болон Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 471.095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Заас 386.566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э“ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хүрэлсүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1.16.2. дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Зтай 2014 оны 06 дугаар сарын 27 ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 58 дугаар гудамжны 2А тоот гэр бүлийн хэрэгцээний 1100 м2 газар 96м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан байх боловч дээрх эд хөрөнгийг З нь барьцаалах эрхгүй уг эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Ганхүү байх ба үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах итгэмжлэл байхгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангах боломжгүй гэсэн байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3. дахь хэсэгт барьцааны зүйл бусдын өмчлөлийн зүйл байж болно. 156 дугаар зүйлийн 156.2. “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана". 156.3.-т 156.2. дахь шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан эдгээр шаардлагыг хангасан гэрийг хариуцагчтай байгуулсан. Байгуулсан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, бүртгэлийн байгууллага тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх гэрээ байгуулах итгэмжлэл, эрх олгогдсон байдлыг шалгасны үндсэн дээр Улсын бүртгэлд бүртгэж, бүртгэлийн тэмдэглэгээг гэрээнд хийдэг. Эдгээр шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хэргийн оролцогч нар маргаагүй байхад итгэмжлэл байхгүй гэсэн үндэслэлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно. Тухайн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүргийг гүйцэтгэлийг хангах эрх зүйн боломж нь бүрдсэн юм. Мөн хариуцагч Б нь хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, тус компанид ажиллаж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээгээгүй хохирол учруулаагүй байх тул хамтран хариуцах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлт хийсэн байна. Б нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хамтран хариуцан төлөх баталгааг гаргасан. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1н үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэсэн заалтад нийцэж байгаа тул хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хариуцлага хүлээх үүрэгтэй байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хамтран хариуцагч Боос төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч З, Б нарт холбогдуулан хохирол 62.628.996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар тус компанид төлөх төлбөрийг хэсэгчлэн төлөх, төлбөрөөс зохих хөнгөлөлт тооцож хасч тооцуулах тухай тайлбар гаргажээ.

Хариуцагч З нь тус компаний орон нутаг дахь салбарын эрхлэгч, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогыг хувьдаа хэрэглэх, дур мэдэн зарцуулах, тайлан буруу гаргах зэрэг санхүүгийн зөрчил гаргаж улмаар нийт 64.628.996 төгрөгийн дутагдал гаргаснаас хойш   болон  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрөөс хэсэгчлэн төлж нийт 48.641.710 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны жагсаалт, хохирлоо төлөхийг илэрхийлсэн тухай хүсэлт, зохигчдын гаргасан тайлбар, төлбөр төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж Зын төлөх төлбөр 48.641.710 төгрөгөөс 6 хувийн шимтгэл 2.918.503 төгрөг хасч үлдэгдэл 45.723.207 төгрөг гаргуулан Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.905.789 төгрөг болон Бод холбогдох хэргийг, нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч компаний нэр өөрчлөгдсөнөөр тус компаний дэд захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/46 дугаар тушаалаар А Трейд ХХК-ний ажилчдыг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн, хариуцагч Зтай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд эд хөрөнгийн барьцааны талаар огт дурьдаагүй, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хугацаа дуусгавар болсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Ганхүү мөн болох нь тогтоогдсон, түүнчлэн А ХХК-д хариуцагч Бын гаргасан  баталгаа гэх баримтанд “хариуцагч Зыг компанид төлөх төлбөрөө төлөхийг шаардах, туслалцаа үзүүлэх талаар зааж бичсэн,  хариуцагч Зын хүлээх үүргийн гүйцэтгэлийг  хэрхэн хангах талаар тодорхой заагаагүй” байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2.-т заасны дагуу баталгааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хүрэлсүхийн гаргасан “... хариуцагч Зтай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж зохих газарт бүртгүүлсэн, Б команид учирсан хохирлыг төлөх талаар баталгаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх  давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул  гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461.095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ