Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/шш2017/00305

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/00305

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.П нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.О холбогдох

 

хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, зээлийн төлбөрт 17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан боловч 3 000 000 төгрөг төлөөд, үлдсэн хэсгийг одоо болтол төлөөгүй.

Миний бие 2016 оны 07 дугаар сард БНСУ-д эмчилгээнд яваад 11 дүгээр сард ирсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын сард 1 200 000 төгрөг төлсөн байна.

Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, зээлийн төлбөрт 15 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулагдсантай маргахгүй. Гэхдээ гэрээний 20 000 000 төгрөгийг Г.П нь Б.От өгөөгүй, өгөөгүй учраас энэ нөхцөл байдлаа нотолж чадаагүй.

Нэхэмжлэгчийн нөхөрөөс Б.О мөнгө авч байсан асуудал байдаг боловч энэ асуудал дууссан, харин Г.П нь нөхрөөсөө салчихаад энэ мөнгийг дахиж нэхэж яваад байна. Нөхөртэй яриад нэхэмжлэл гарснаас хойш 1 200 000 төгрөгийг бол нэхэмжлэгчид өгсөн асуудал байгаа.

Хөөн хэлэлцэх хугацаа нь хүндэтгэн үзэх шалгаантай болох нь нотлогдохгүй, зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.П нь Б.От холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, зээлийн төлбөрт 17 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нь нэхэмжлэлийн шаардлага биш, харин шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт болохыг тодруулаад 1 200 000 төгрөг төлөгдсөн тул шаардлагаа багасгаж 15 800 000 төгрөг нэхэмжлэх болохыг тайлбарласан.

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлтэд тодорхойлсон шалтгаан нөхцөл, хугацаа, хэрэгт баримтаар гаргасан өгсөн гадаад паспортын хуулбар зэргийг харгалзан үзээд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар Г.Пгийн Б.От холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Г.П, Б.О нар нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт дээр талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Б.От дээрх гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг зээлүүлсэн буюу шилжүүлэн өгсөн, үүнээс хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар 15 800 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэдэгт үндэслэжээ.

Энэ төрлийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх болохыг хуульчилжээ.

Дээрх зохицуулалтын хүрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч мөнгө эсхүл анх шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн, ижил хэмжээний ба чанар бүхий эд хөрөнгийг хугацаанд нь буцааж өгөх зээлийн гэрээний гол шинжийг тодорхойлох үндсэн үүргүүдийг хүлээж байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч талаас гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг Б.От хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлож чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Иймд зээлийн гэрээнд заасны дагуу 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.Оээс Г.Пд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 200 000 төгрөгийн төлсөн үндэслэлийг хариуцагч нь зээлийн гэрээний харилцаанд хамруулаагүй, шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оээс 15 800 000 төгрөг гаргуулах тухай Г.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ