Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00777

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00777

 

 

 Г.Пунсанцогвоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/00305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Пунсанцогвоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Оюунчимэгт холбогдох

 

Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэг нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан боловч 3 000 000 төгрөг төлөөд, үлдсэн хэсгийг одоо болтол төлөөгүй. Миний бие 2016 оны 07 дугаар сард БНСУ-д эмчилгээнд яваад 11 дүгээр сард ирсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын сард 1 200 000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, зээлийн төлбөрт 15 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулагдсантай маргахгүй. Гэхдээ гэрээний 20 000 000 төгрөгийг Г.Пунсанцогвоо нь Б.Оюунчимэгт өгөөгүй, өгөөгүй учраас энэ нөхцөл байдлаа нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн нөхөрөөс Б.Оюунчимэг мөнгө авч байсан асуудал байдаг боловч энэ асуудал дууссан, харин Г.Пунсанцогвоо нь нөхрөөсөө салчихаад энэ мөнгийг дахиж нэхэж яваад байна. Нөхөртэй яриад нэхэмжлэл гарснаас хойш 1 200 000 төгрөгийг бол нэхэмжлэгчид өгсөн асуудал байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь хүндэтгэн үзэх шалгаантай болох нь нотлогдохгүй, зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оюунчимэгээс 15 800 000 төгрөг гаргуулах тухай Г.Пунсанцогвоогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээг 2013 оны 6 сарын 20-ны өдөр Монголын нотариатчдын танхимын гишүүн, Баянгол дүүргийн тойргийн 227 дугаартай нотариатч байгуулж, гэрчилсэн. Хариуцагч Б.Оюунчимэг 20 000 000 төгрөг бэлнээр хүлээж авсаныг дэргэд нь харж байсан Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгатын 19 дүгээр байр 18 тоотод оршин суугч, иргэн Мижиддоржийн Нансалмаа "...Б.Оюунчимэг зээлийн гэрээнд гарын үсэг зурж, ...10 000 төгрөгөөр, 20 боодолыг ... хүлээж авсан..." гэж СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичгээр нотолсоныг ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны өмнө өгсөн. Шүүх иргэн М.Нансалмаагийн бичмэл нотлох баримт хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ямар нэг шийдвэр гаргаагүй тул холбогдох шаардлага, журмыг хангасан гэж үзэж байна.

"Хариуцагчийн итгэмжлэл" хууль ёсны гэхэд эргэлзээтэй байна. Тодруулбал: нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд 2013 онд хийгдсэн зээлийн гэрээнд "Оюунчимэг" гэж гарын үсэг зурсан, гэтэл шүүхэд өгсөн "хариуцагчийн итгэмжлэл"-д гараар "Б.Оюулгии" гэж бичиж, түүний ар талд гарын үсэг зурсан нь зээлийн гэрээнд зурсан гарын үсгээс илт зөрүүтэй байна. Мөн шүүхэд 2016.12.06-нд "Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, баримт № 5"-д зурсан хариуцагчийн гарын үсэг, хариуцагчийн итгэмжлэлд болон зээлийн гэрээнд зурсан гарын үсэгтэй тус тус тохирохгүй байна. Тухайлбал хариуцагч Б.Оюунчимэгийн гарын үсэгтэй гэх, хэрэгт авагдсан 3 баримт бүр дээрх гарын үсэг хоорондоо зөрүүтэй байна. Хүн санаатай биш бол өөрийн нэр, гарын үсгээ өөрчилж бичиж, зурахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан "...итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх..." гэсэн шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч Г.Пунсанцогвоод хариуцагч нийт 4 200 000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэл, болон хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбараар батлагдаж байгаа. Харин "...зээлийн гэрээ хийхэд Баярт гадаадад явсан ...Баяртаас гэрлэлтээ цуцлуулсанаас, зээлийн гэрээгээр үндэслэж Баярт, Б.Оюунчимэг нарын хоорондох банкны мөнгө төгрөгийн асуудал болон ..."Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргийн биелэлтийг шаардаж мөнгө шаардсан," өөрөөр хэлбэл Баяртын гуйлтаар мөнгө шилжүүлсэн гэж ярьсан нь хэргийн материалаар нотлогдоогүй тул үндэслэлгүй юм. Ямар ч баримт, нотолгоогүйгээр бусдын хувийн амьдрал руу орж, түүний нэр төр, эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолд халдсан, ор үндэслэлгүй тайлбар, мэдүүлэг өгсөн нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйл 25.2.1 дах заалтыг зөрчиж байна.

Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ИХШХШТХ-ийн зарим зүйл заалтыг зөрчсөн. Үүнд: Шүүгч 181/Ш32016/07817 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, захирамжийн 2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох, ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, үүргийг танилцуулсугай гэж заасан боловч шүүгч, зохигчийн эрх, үүргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид тайлбарлаж, танилцуулаагүй ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн 67.1.1 дэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчээс ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзах тухай 181/Ш32017/01230 дугаар захирамж гаргажээ. Гэвч энэ хянан шийдвэрлэх ажиллагааг хийх өдөр, цаг хугацааг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй ИХШХШТХ- ийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсгийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр 2017 оны 02 сарын 13-ны өдөр гардаж авахад шүүх хуралдааны тэмдэглэл гаргаагүй байсан нь ИХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3 дах заалт зөрчигдсөн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Пунсанцогвоо нь хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Пунсанцогвоо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх итгэмжлэлийг Ж.Мягмарцэрэнд олгосон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарцэрэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан танилцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25ы өдрийн 181/ШШ2017/00305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 233 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ