Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 124/ШШ/2022/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Нэхэмжлэгч: Ц.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.иргэн С.Т.

Хариуцагч:Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Д.Д, Т.Ц нар оролцсон,

“Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Мөнхцэцэг, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түмэнхишиг,хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т, гуравдагч этгээд Д.Д,Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Б анх итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түмэнхишигээр дамжуулан шүүхэд “ Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2015.02.05-ны өдрийн А/08 дугаартай газар эзэмших,бусдад шилжүүлэх тухай захирамжийг Цагаанхайрхан сумын Засаг дарга давхардуулан олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлсон байна.

2.Нэхэмжлэгч Ц.Б нь Цагаанхайрхан сумын Засаг дарга өвөлжөөний газрыг давхардуулан олгосон талаарх гомдлыг Увс аймгийн Засаг даргад гаргасан байх ба Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 1/929 дугаартай албан бичгээр “шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн, уг хариуг 2021 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авсан талаар нэхэмжлэгч 2022 оны 04 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан, шүүхэд 2021 оны 09 сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй,энэхүү хэргийг шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 478 дугаар магадлалаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Ц.Б 2022 оны 03 сарын 10-ны өдрийн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлж, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцсон байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Нэхэмжлэгч Баясгалан нь 1996 оноос хойш аав, ах дүү нартайгаа тухайн өвөлжөөг эзэмшиж байсан.Хоёр жил тухайн өвөлжөөнд өвөлжөөгүй байх үеэр Т.Ц гэдэг хүн ирж бууж эзэмшсэн. Энэ буйрын асуудлаар тохиролцоонд хүрэх гэж нааш цаашаа маш олон удаа явсан ба Хяргас сумын Засаг дарга, Аймгийн Засаг дарга нарт тус тус  хандсан. 2019 онд аймгийн Засаг дарга нарт хандахад шүүхэд ханд гэж хэлсэн. Миний хажууд Баясгалантай өвөлжөөг чөлөөлж өгөх талаар Цагаантай ярихад ар гэр нь өвчтэй зовлонтой хэцүү байна, өвчнөө эдгээж автал түр хүлээнэ үү, би очихоор нэг шийдэлд хүрье гэсэн болохоор өдий хүртэл явсан. Энэ хугацаанд уг өвөлжөөн дээр буух гэхээр аль аль нь олон малтай, бэлчээр нь хүрэлцэхгүй байдаг. Хүний өвөлжөөг гуйж буух зэргээр хүндрэл бэрхшээлүүд гарч байсан.Ц.Б-аас өмнө дүү Ц.Б-ны нэр дээр 2007 онд Хяргас сумын Засаг даргын захирамжаар өвөлжөөг эзэмшүүлсэн байдаг ба 2015 онд бэлэглэлийн гэрээгээр Ц.Б-д газар эзэмших эрх шилжсэн.Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ тул нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Дагвасүрэн гэдэг хүний нэр дээр гарсан гэрчилгээ дээрх Засаг даргын гарын үсэг нь зөрж байгаа.Тухайн үед Болдбаатар гэдэг хүн нь засаг дарга байхдаа уг  гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Би үүнийг гайхаж байна. Хүний гарын үсэг 20 хоногт өөрчлөгдөх боломжгүй байдаг...” гэв.

      5.Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”.. Энэ өвөлжөөг анх нэгдэл гэж байхад Цагаанхайрхан сумын хашаа худгийн бригадынхан очиж барьж байсан. Үүнээс хойш манай сумын малчид өв залгамжлаад эзэмшээд ирсэн. Ашиглалтын хугацаанд нуралт үүсэхэд 3м сунгаж барьсан. Ингэж барихад Хяргас сумын газар нутаг руу орсон гэсэн мэдээллийг манай сумын газрын даамал өгсөн.Тухайн өвөлжөөний нутаг дэвсгэрийн 90% нь манай сумын нутаг дэвсгэр дээр байгаа.2019 оноос эхлэн маргаан гарч шинэ гэрчилгээ гаргуулсан асуудал үүсэж байна. Манай сумын эзэмшлийн өвөлжөө байсан учраас манай малчид ингэж ойлгож яваад байсан. Сүүлд Хяргас сумын малчид энэ өвөлжөө нь манайх гэсэн байдлаар асуудал үүсгэсэн. Өмнө гэрчилгээ гарчихсан байхад яагаад дахиад гэрчилгээ гаргуулаад байгаа нь ойлгомжгүй байна.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

     6.Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Би энэ өвөлжөөг 2007 онд газар эзэмших гэрээнийхээ дагуу, тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээд төлөвлөгөөнд оруулан, засаг даргын захирамж гарч газрын даамал гэрчилгээ олгосны дагуу иргэнийхээ хувьд тухайн газрыг эзэмшиж байсан. Манайх өөрөө өвөлждөггүй байсан ч малаа маллуулдаг малчин айлаа өвөлжүүлдэг байсан. Газрын гэрчилгээнийхээ дагуу хоёр нэртэй газар болчихсон байна. Маргаан үүсээд байгаа газар нь хоёр өөр нэршилтэй байсан. Манай нутгийн хэллэгээр “Урьд хүйш” гэж нэрлэдэг. Гэтэл эдний нутгийнхны хэллэгээр “Хүүшийн эхэн” гэж нэрлэдэг. Газар эзэмших гэрчилгээ, газрын зураглалаас харахад хилийн заагаараа яг хил дотроо багтчихсан байдаг. Би хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа гэж бодож байна. Энэ газрын асуудал  нь 2019 оноос хойш манайх, танайх гэж маргаан үүсэж эхэлсэн. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

     7.Гуравдагч этгээд Т.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Би уг өвөлжөөнд 2012 оноос хойш өвөлжиж эхэлсэн.2019 оноос Ц.Б гэдэг хүн ирж буусан. Үүнээс хойш манайтай хамт  3 жил өвөлжсөн.Анх Д.Д гэдэг хүнээс өвөлжөөг хүлээн авсан.Ц.Б-ийн дүү Ц.Балжинням манай өвөлжөө худалдаж авах уу гэхээр 3 сая төгрөг шилжүүлсэн.Ц.Б-д гэрчилгээ байгаа аваарай гэсэн ба Ц.Б гэрчилгээг надад өгөөгүй. Д.Д-д бас гэрчилгээ байсан тул 5 сая төгрөгийн өрөндөө тооцож өвөлжөөг авсан.Шүүх маргааныг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

8.Шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:” Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчид, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Маргаан бүхий өвөлжөөг анх Хяргас сумын иргэн Ц.Б-ийн төрсөн дүү Ц.Б-ны нэр дээр 2007 онд сумын Засаг даргын захирамж гарч,газар эзэмших гэрчилгээний дагуу эзэмшиж байгаад 2015 онд Ц.Б-д эзэмших эрхийг шилжүүлсэн, тухайн өвөлжөө Хяргас сумын нутагт байрладаг байтал Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар Д.Д-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга “маргаан бүхий өвөлжөө нь хилийн бүс нутагт хамаарагддаг ба манай сумын нутагт 90 хувь нь хамаарагдаж байгаа, тухайн өвөлжөөг анх манай сумын нэгдлээс барьж байсан учраас Цагаанхайрхан сумын Засаг даргын шийдвэрээр Д.Д-д эзэмшүүлсэн нь үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

4. Гуравдагч этгээд Д.Д нь “маргаан бүхий өвөлжөөг манай сумын нэгдлээс барьсан ба тус өвөлжөөг Цагаанхайрхан сумын иргэд эзэмшиж ирсэн, би 2007 оноос хойш эзэмшиж татвараа төлж Т.Ц-ыг буулгаж өөрийн малаа хамт өвөлжүүлж байгаа” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн байна.

5. Гуравдагч этгээд Т.Ц нь “тус өвөлжөөн дээр 2012 оноос 2018 он хүртэл ганц гэрээр,2019-2021 онуудад Ц.Б-тай хамт өвөлжсөн. Анх Д.Д-тэй тохиролцсоны үндсэн дээр өвөлжиж эхэлсэн. Гэтэл Ц.Б-ийн дүү Балжинням надтай утсаар яриад манай өвөлжөө гэж хэлээд өвөлжөөний гэрчилгээ ах Баясгаланд байгаа та аваарай гэж хэлээд 3 сая төгрөгөөр өвөлжөөг худалдсан. Гэтэл 2018 онд Д.Д-д бас гэрчилгээ байсан тул Д.Д-д зээлсэн 5 сая төгрөгийн зээлийг өвөлжөөний өртөгт суутгасан болно. Шүүхээс хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

            6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч “Цагаанхайрхан сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй” талаар дүгнэлт гаргасан болно.

7.Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаартай захирамжаар өвөлжөө,хаваржааны доорх газар эзэмших эрхээ баталгаажуулахаар хүсэлт гаргасан 17 иргэнд нийт 1.19 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, хавсралтаар иргэдийн дэлгэрэнгүй бүртгэлийг баталжээ. Уг хавсралтын 10 дугаарт Д.Д-д Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн Халихын өвөрт “Урьд хүйш” нэртэй газарт 0.08 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

8. Д.Д нь анх 2006 оны 11 сарын 17-ны өдөр газар эзэмших өргөдлөө гаргаж байсан ба сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн 2007 оны 02 сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 2007 оны 02 сарын 15-ны өдөр Д.Д-д 0088770 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

9. Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2007 оны 08 сарын 28-ны өдрийн 58 дугаар захирамжийн хавсралтын 49-рт Ц.Б-д “Хүүшийн эхэн” гэх газарт өвөлжөө,хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,2007 оны 10 сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байсан байна.

2015 оны 01 сарын 15-ны өдөр Ц.Б, Ц.Б нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэж,Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2015 оны 02 сарын 05-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Ц.Б-ны эзэмшилд байсан “Хүүшийн эхэн”-д байршилтай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Ц.Б-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж,2018 оны 01 сарын 070-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан,2019 оны 12 сарын 11-ний өдөр Ц.Б-д “Хүүшийн эхэн”-д байршилтай өвөлжөөний газрыг эзэмших эрхийн 000141028 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

10. Д.Д, Ц.Б нарт эзэмшүүлсэн маргаан бүхий өвөлжөөний зориулалттай газар нь газар усны нэрийн хувьд “Урьд хүйш”, “Хүүшийн эхэн” гэж өөрөөр нэрлэгдсэн боловч тус өвөлжөөнд 2019-2021 онуудад нэхэмжлэгч Ц.Б, гуравдагч этгээд Т.Ц нар хамт өвөлжсөн, нэг өвөлжөөний газарт Цагаанхайрхан сум болон Хяргас сумын Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлсэн давхцалтай байгаа, хоёр сумын хилийн заагт байршдаг бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй байгаа болно.

11. Харин Т.Ц нь нэхэмжлэгч Ц.Б, гуравдагч этгээд Д.Д нар хоёулаа газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан тул Ц.Б-ийн дүү Ц.Б-тай өвөлжөөг худалдан авахаар тохирч 3 сая төгрөг шилжүүлсэн, Д.Д-тэй зээлсэн 5 сая төгрөгийнхөө өртөгт тооцож өвөлжөөг нь шилжүүлэн авахаар тохиролцож, 2012 оноос хойш өвөлжжээ.

12.Талуудын хооронд үүссэн гол маргаан уг өвөлжөөний газар нутгийн харьяалалтай холбоотой байна.

13. Өмнө нь 2009 оны 10 сарын 05-ны өдөр Цагаанхайрхан болон Хяргас сумын газар нутгийн хилийн цэс дагуу маргаантай байсан хоёр газарт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтэн, Цагаанхайрхан, Хяргас сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж Улаан займ гэх газар Цагаанхайрхан сумын нутагт, Урьд хүйш гэх газар Хяргас сумын нутагт хамаарч байгааг тодотгон акт үйлдэж байжээ.

14.Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал ...батална” гэж заасан боловч Улсын их хурлаас энэ талаар шийдвэр гараагүй, БНМАУ-ын  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар аймаг, сумын хилийн цэсийг тогтоосон баримт бичгийг үндэслэн сумдын хилийн цэсийг мөрдөж байна.

Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 сарын 15-ны өдрийн хуралдаанаар, Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг солбилцолжуулах,баталгаажуулах ажлын хүрээнд 2011 онд тогтоогдсон сумын хилийн цэсийг тоон хэмжээсээр хүлээн зөвшөөрч баталжээ.

15 .Шүүхээс маргаан бүхий өвөлжөөний газар аль сумын нутагт хамаарах талаар Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрыг шинжээч томилсон бөгөөд 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий өвөлжөөний газар Хяргас сумын хилээс дотогш 58.9 метр зайтай байрлалд Хяргас сумын нутагт бүхэлдээ хамаарагдаж байгаа нь тогтоогджээ.

16. 1977 онд хилийн цэсийг шинэчлэн тогтооход зурагдсан Цагаанхайрхан,Хяргас сумын нутгийн хилийн зургийн таних тэмдэг хэсэгт улаан өнгөөр зурагдсан хэсэг нь тодруулагдсан,шинэчлэгдсэн хил байхаар тусгаж зурсан байх ба уг зургаас үзэхэд Хяргас сумтай хиллэх Байшинт ба долоогийн голын билчир, Хуц уул, Улаантолгой гэх газруудад өөрчлөлт орж хуучин хилийн цэсээс Хяргас сумын хилийн цэсэнд оруулж зурсан байна.

17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн А/209 дугаар тушаалын хавсралтаар “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын баталж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, нийслэл дүүргүүдийн газрын алба,сумдын газрын даамал нарт даалгасан байна.

Тухайн зааварт хилийн цэсийн маргааныг бодит болон бодит бус маргаан гэж тодорхойлж бодит маргаан гэж хилийн цэсийн зарлиг тогтоол,газар усны нэрийн алдаанаас үүссэн буюу зарлиг,тогтоолд өөрчлөлт оруулахаас өөрөөр шийдвэрлэх боломжгүй нь нотлогдсон маргааныг, бодит бус маргаан гэж сум,дүүргийн удирдлага, иргэд олон нийт нь хилийн цэсийн талаарх нарийвчилсан мэдээлэл дутмаг байдгаас газар нутгаа баримжаалах, таамаглах,зурган мэдээлэл зөрөх зэрэг ойлголтын зөрүү үүссэн буюу хилийн цэсийн зарлиг,тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүйгээр олон нийтэд хилийн цэсийн үнэн бодит мэдээллийг тайлбарлан таниулж мөрдүүлснээр шийдвэрлэгдэх маргаан байна гэжээ.

Тухайн маргаан бүхий өвөлжөөнд малын хашаа саравчийг анх Цагаанхайрхан сумын нэгдлээс барьж байсан, өмнө нь Цагаанхайрхан сумын иргэд өвөлжиж байсан талаарх тайлбарыг хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс гаргасан боловч  хилийн цэсийг 1977 онд шинэчлэн тогтооход өвөлжөөний орчмын газар Хяргас сумын нутагт хамаарагдах болсон,шинжээчийн дүгнэлтээр өвөлжөөний газар Хяргас сумын нутагт харьяалагдаж байгааг тогтоосон тул хариуцагч, гуравдагч этгээд нарын дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байх ба хилийн цэсийн бодит бус маргаан үүссэн гэж үзэхээр байна.

18.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зохицуулснаас үзэхэд хилийн цэсийн дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн газар аль сумын нутагт хамаарагдаж байгаагаас шалтгаалан тухайн сумын Засаг дарга гаргахаар байна.

Өөрөөр хэлбэл хилийн цэсийн бүс нутаг гэх үндэслэлээр хоёр сумын Засаг даргаас зэрэгцүүлэн газар эзэмших асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд Хяргас сумын нутаг дэвсгэрт Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн хавсралтаар Д.Д-д “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь нутаг дэвсгэрийн хүрээнд эрх хэмжээгээ хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

19. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зохицуулсан бөгөөд Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн хавсралтаар Д.Д-д “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдэж,хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхийг 2015 онд өөрийн дүү Ц.Баас шилжүүлэн авсан, төрийн захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ  2019 оны 12 сарын 11-ний өдөр олгогдсон, 2019-2021 онуудад Т.Ц-ы хамтаар өвөлжиж байгаа Ц.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

20. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан “Цагаанхайрхан сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй” талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

21. Гуравдагч этгээд Т.Ц-ы хувьд 2012 оноос хойш тухайн өвөлжөөнд өвөлжиж байгаа, Д.Д болон Ц.Б нарт өвөлжөөний үнэ өртгийг өгсөн байгаа боловч газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан холбогдох журмын дагуу үүсээгүй байна.

22. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж, Газар зохион байгуулалт,геодези,зураг зүйн газрын даргын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн А/209 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын 5.2 .4-т “Хилийн цэсийн шугамаас хоёр тийш 3-аас 5 км доторх зайг “Хилийн цэсийн бүс нутаг” гэж үзэх бөгөөд уламжлалт аргаар мал маллаж буй иргэдийн зөвхөн мал бэлчээрлэх,худаг,уст цэг ашиглах эрх нь орон нутгийн хилийн цэсээр хязгаарлагдахгүй бөгөөд бүс нутагт талуудын санаачилгаар гурвалсан гэрээ байгуулж бэлчээр, худаг уст цэгийг тохиролцон ашиглаж болно” гэж заасан тул гуравдагч этгээд нар нь хуульд заасан журмын хүрээнд өвөлжөөг хамтран эзэмших, тухайн хилийн цэсийн бүс нутагт малаа бэлчээрлүүлэх зэргийг хориглоогүй болохыг тэмдэглэв.

23. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч байгууллагын ажлын алба болох Увс аймгийн Цагааанхайрхан сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн хавсралтаар Д.Д-д “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Г.СОНИНБОЛОР

                     ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ