Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2019/00797

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2019/00797

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТД ХХК  холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 167 780 657 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч Л.Дн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Ц.Са нь 2004 оноос 2012 оны хооронд Хан- Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2012 оноос 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын дээд шүүхэд Хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчний учир таалал төгссөн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ТД ХХК -тай Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгал-ын ШЕЗ/201700006 тоот гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр шүүгчийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл гэмтэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тодорхойлон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс даатгалын хураамжийг төлсөн байна.

Хууль ёсны өв залгамжлагч нөхөр Ч.Энь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ТД ХХК -д даатгалын нөхөн төлбөр олгож өгөх өргөдөл гаргасан боловч тус компаниас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/0779 дүгээр албан бичгээр ...Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалт, Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй буюу татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9/242 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн байна.

Төрөөс шүүгчийн албан тушаалыг онцгойлон үзэж, даатгагчийг тендерээр шалгаруулж даатгалын хураамжийг төр өөрөө хариуцан төлж байна. Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэрээний хавсралтын /Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг/ Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт гэсэн бүлэгт заасан даатгалын эрсдэлийн Амь насны даатгал хэсгийн 2-т заасан Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон гэдэгт хамаарч байгаа.

Талийгч охин Ц.Сгийн нөхөр хүргэн Ч.Эминь 2018 оны 6 дугаар сарын 17- ны өдөр авто ослоор мөн нас барж үр хүүхэд болон бидэнд маш их хүнд гарз тохиосон. Өнөөдөр тэдний ганц охин Э.А эмээ Б.Д миний бие хуулийн дагуу асран хамгаалагчаар нь тогтоогдсон бөгөөд ийнхүү төлөөлөн шүүхэд хандаж байна. Миний охин шүүхийн байгууллагад тасралтгүй 14 жил ажиллахдаа ажил хөдөлмөрөө үнэнч шударгаар гүйцэтгэж байсан. Тэрээр шулуун гэдэсний өмөн 3 дугаар үе хавсарсан, эмчилгээний дараах үе, хавдрын дахилт гэсэн оноштой өвчнөөр өвдсөн ч амьсгал хураах хүртлээ Монгол улсын шүүгчээр ажиллаж байгаад хорвоогийн мөнх бусыг үзлээ.

Иймд гэрээний дагуу шүүгч Ц.Сгийн нас барсан онош нь даатгалын эрсдэлд орж байгаа тул Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 167 780 657 төгрөгийн нөхөн төлбөрийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасны дагуу ТД ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, С.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхийн зөвлөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд шүүгчийн амь нас, эрүүл мэндийг даатгах тендерт шалгаруулалт явуүлж, тухайн тендерт шалгаруулалтын үр дүнг үндэслэн ТД ХХК болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд Монгол Улсын иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4 болон Даатгалын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тус тус үндэслэн харилцан, тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн 19917080009 дугаартай даатгалын гэрээ байгуулан ажилласан билээ. Иргэн Б.Дгийн зүгээс ТД ХХК -д /цаашид Даатгагч гэх/ холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр болох 167 780 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Даатгуулагч Ц.Сгийн өв залгамжлагч Ч.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад 2017.11.01 өдөр Хавдар СҮТөв эмнэлэгт нас барсан тухай тайлбар, Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн их эмчийн 2015 оны 5 сард шулуун гэдэсний өмөн1 оношлогдсон, 2015.05.27-нд шулуун гэдэсний мэс засалд орсон. 2017.07.29-нд ХСҮТ-д түгжрэл оноштой хэвлий нээх мэс засалд орсон, 2015 онд 10 курс хими эмчилгээ хийгдсэн, нас барсан шалтгаан: Шулуун гэдэсиий өмөн 3 үе хавсарсан эмчилгээиий дараах үе. Хавдрын дахилт, хавдар нь эд эрхтэнд үсэрхийлсэн. Бүдүүн болон нарийн гэдэсний хавдрын хордлого, Олон эрхтэний хавсарсан дутагдал... гэсэн тодорхойлолт, мөн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/1280 дугаартай 2015 онд тус төвд шулуун гэдэсний өмөн оношлогдон хими эмчилгээ 10 курс, 2017 оны 07 дугаар сард бүдүүн гэдэсний түгжрэл оноштой хөнгөвчлөх мэс засалд орж, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд нас барсан гэх тодорхойлолт, даатгуулагч Ц.Сгийн амбулаториор эмчлүүлэгчийн картан дахь 2016 оноос 2017 оныг хүртэлх хавдрын эмчилгээ, үйлчилгээний тэмдэглэл, Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламж үйчилгээний хуудас зэрэг баримтуудаас харвал даатгуулагч Ц.С нь 2015 онд анх хорт хавдар өвчтэй болох нь оношлогдож, 2015-2017 онуудад хими эмчилгээ болон 2 удаа тухайн өвчлөлтэй холбоотой мэс засалд орж байсан бөгөөд хавдрын өвчний явц, хүндрэлийн улмаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Дээрх талийгаач Ц.Сгийн өвчний нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шулуун гэдэсний хорт хавдар, түүнээс үүдэлтэйгээр өвчин нь архагжиж, хүндрэн нас барсан гэсэн бодитой дүгнэлт хийж болохоор байна.

Харин шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын 19917080009 дугаартай даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан гэнэтийн өвчлөл гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, хуульд заасанд нийцүүлэн тайлбарлаж үзвэл даатгуулагчид үүссэн өвчин түүнээс үүдэлтэй хүндрэл нь тодорхой бус буюу эрүүл мэндэд учирч буй хохирол нь гэнэтийн шинж чанартай байхыг ойлгохоор байна. Гэтэл, талийгаач Ц.Сгийн өвчний хувьд нас барахаасаа 2 жилийн өмнө оношлогдсон, эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байсан, өвчнөөс үүдэлтэй хүндрэлүүд үүсэж мэс засал хийлгэсэн, тухайн өвчний хувьд 3 дугаар үе шатанд хүрч хүндэрсэн нөхцөл байдлаас харахад даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д заасан хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинж чанартай гэсэн агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талийгаач Ц.Сгийн хувьд нас барах үедээ гэнэтийн шинжтэй өмнө огт оношлогдож, мэдэгдэж байгаагүй өвчний улмаас амь насаа алдаагүй, өөрийн биед 2 жилийн өмнө үүссэн байсан өвчнөөс үүдэлтэйгээр нас барсан болох нь дээр дурдсан баримтаар нотлогдож байна.

Нөгөө талаар, Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д нэрлэн заасан гэнэтийн өвчлөлийн даатгалын эрсдэлд шулуун гэдэсний хорт хавдар болон шулуун гэдэсний хорт хавдрын үр нөлөөг даатгалын эрсдэлд хамааруулан даатгаагүй байна. Мөн 19917080009 дугаартай даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зөвхөн хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинж чанартай өвчнийг нэрлэн тодорхойлж даатгасан тул дээрх тохиолдол нь энэхүү гэрээний эрсдэлд хамаарахгүй юм. Иймээс даатгуулагч Ц.С нас барсан тохиолдол нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж, даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д даатгалын тохиолдол гэдэгт даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж тус тус заасанд хамаарах даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэхээр байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Даатгагчийн зүгээс Монгол Услын даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан,, гэж, 19917080009 дугаартай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-д Даатгалын гэрээнд зааснаар бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлдээ ...Төрөөс шүүгчийн албан тушаалыг онцгойлон үзэж, даатгагчийг тендерээр шалгаруулж даатгалын хураамжийг төр өөрөө хариуцан төлж байна. Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийи 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэрээний хавсралтын /Шүүгчийи амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг/ Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт гэсэн бүлэгт заасан эрсдэлийн Амь насны даатгал хэсгийн 2-т заасан Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон гэдэгт хамаарч байгаа гэжээ. Энэхүү тайлбарт дурдсан тендерийн баримт бичиг нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19917080009 дугаартай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал-ын гэрээний хавсралт биш, даатгалын гэрээний хавсралт байдлаар тендерийн ямар нэг баримт бичиг авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг/ гэж, хуульчилсан бөгөөд энэхүү хуулийн нэр томьёоны тодорхойлолтоос үзэхэд тендерийн баримт бичиг нь даатгалын гэрээний хавсралт болох талаар огт дурдаагүй байна. Мөн 19917080009 дугаартай даатгалын гэрээний үндсэн нөхцөл хэсэгт заахдаа гэрээний хавсралтад Шүүгчийн овог нэр, даатгалын дугаар, албан тушаалын мэдээлэл заавал хавсаргасан байна гэж, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Хавсралт хуудас, гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байна гэж зааснаас харахад 19917080009 дугаартай даатгалын гэрээний хавсралтад ямар нэг тендерийн баримт бичиг авагдаагүй болох нь тогтоогдож байна. Харин гэрээний хавсралт нь даатгалын гэрээнд зааснаар даатгуулсан шүүгчдийн нэрс байхаар талууд тохиролцож даатгалын гэрээг байгуулсан байна.

Иймд, даатгалын гэрээнд хамааралгүй баримт бичгийг гэрээний хавсралт гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ТД ХХК -ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны 17/0779 дугаартай нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийг хуульд заасны дагуу шалгаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9/242 албан тоотоор ..Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтод шулуун гэдэсний өмөн 3 дугаар үе хавсарсан, эмчилгээний дараах үе, хавдрын дахилт гэх онош тавьсан байгаа нь ШЕЗ/201700006 тоот даатгалын гэрээний 4.1-д заасан эрсдэлд хамаарахгүй байх тул даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэстэй байна" гэсэн хариу даатгуулагчийн өв залгамжлагчид өгсөн байдаг. Энэхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагааг даатгалын салбарын мэргэжлийн байгууллагын зүгээс явуулахдаа даатгалын үндсэн зарчим, даатгалын хууль тогтоомж, даатгалын гэрээний нөхцөлийг нарийвчлан авч үзэж хянан шалгасан гэж үзэхээр байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын салбарын бодлогыг тодорхойлох, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуулиар эрх олгогдсон мэргэшсэн байгууллага юм. Иймд, шүүхийн зүгээс салбарын үйл ажиллагааны онцлог, суурь зарчим зэргийг харгалзан үзэж мэргэжлийн байгууллагын урьдчилсан шийдвэрийг нухацтай авч үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон ТД ХХК -ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 19917080009 тоот дугаартай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцно гэж, мөн гэрээний 2.1.11 дэх заалтад албан үүргээ гүйцэтгэх гэдгийг ажлын болон ажлын бус цагаар шүүн таслах ажиллагаа эрхэлсэн, шүүхээс зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцсон эсхүл эдгээртэй адилтгах бүхий л албан ажлуудыг ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

Талийгаач Ц.С нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай захиргааны чөлөө авч, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэг нэхэмжлэлийг тус шүүхийн бусад шүүгч нарт хуваарилсан байдаг. Улмаар шүүгч агсан Ц.Сгаас биеийн байдлыг харгалзан чөлөөний хугацааг үргэлжлүүлэн дахин 6 сарын чөлөө авах хүсэлт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд, шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 870 дугаар тогтоолоор чөлөө олгохоор дэмжсэн бөгөөд Шүүгчид чөлөө олгох журмын дагуу хүсэлт болон уг тогтоолыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаар тогтоолоор 6 сарын хугацаатай цалинтай чөлөө олгосон. Уг чөлөөтэй байх хугацаандаа нас барсан байдаг.

Иймд, талийгаач нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлээгүй байсан тул албан үүргээ гүйцэтгэж байх явцад гэрээнд заасан даатгалын эрсдэлийн улмаас хохирол үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9/242 дугаартай албан тоотод Дээрх хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зуйлийн 82.1-д заасны дагуу ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж, мэдэгдснийг зөрчиж даатгуулагчийн өв залгамжлагчийн зүгээс шүүхэд давж заалдах хуульд заасан ажлын 10 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Иймд, нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг хуульд заасан шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дүуссан байхад иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд, дээрх нөхцөлүүдээс дүгнэж үзвэл ТД ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах гэсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Даатгалын гэрээний 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийн 7.1.3-д Даатгалын гэрээнд зааснаар бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, тус тус заасныг үндэслэн даатгапын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул иргэн Б.Дгийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан ...даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 167,780,657 төгрөгийн нөхөн төлбөрийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасны дагуу ТД ХХК -иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ТД ХХК -д холбогдуулан Даатгалын гэрээний үүрэгт 167 780 657 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ТД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талийгаач Ц.Сгийн нас барсан байдал нь гэнэтийн өвчлөл-д хамааралгүй, шүүгч албан үүргээ гүйцэтгэж байгаагүй тул даатгалын тохиолдол үүсээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн, уг шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь талийгаач Ц.Сгийн өв залгамжлагч, түүний охин Э.А асран хамгаалагч болох нь Ч.Э, Ц.С нарын гэрлэлтийн гэрчилгээ, ЭЭ.Агийн төрсний гэрчилгээ, Ч.Э, Ц.С нарын нас барсны гэрчилгээ,Баянгол дүүргийн Засаг даргын 2018.09.06-ны өдрийн А/432 дугаар Асран хамгаалагч тогтоох тухай захирамж зэргээр тогтоогдож байна. /хх-13-17х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу Б.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Ц.С нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт Шулуун гэдэсний өмөн 3 үе хавсарсан эмчилгээний дараах үе, Хавдрын дахилт, хэвлийн эрхтэнд үсэрхийлсэн. Бүдүүн болон нарийн гэдэсний түгжрэл, хавдрын хордлого, Олон эрхтэний хавсарсан дутагдал оношоор нас барсан байна.

 

Шүүгч, түүний гэр бүлийн гишүүдийн нийгмийн хамгаалалтыг тодорхойлсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д зааснаар шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх ёстой байна. Хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж, даатгалын байгууллагаас төлөхөөр мөн зүйлийн 24.3.-т заажээ.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл болон хариуцагч ТД ХХК -ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15ы өдөр хүртэл 1 жилийн хугацаанд үйлчлэх Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал-ын гэрээ байгуулагджээ. /хх-49-54х/

Энэхүү гэрээний зүйл нь гэрээний хавсралтад заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн амь нас, эрүүл мэнд байна. Гэрээний хавсралтад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэдэн-Ишийн Сансармаагийн нэр тусгагдсан талаар зохигч маргаагүй бөгөөд ТД ХХК -иас Ц.Сд даатгалын гэрээг олгосон байна. /хх-23-31х/

Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нийт үнэлгээ 85 064 793 099 төгрөг байх ба даатгалын жилийн нийт хураамжид 448 000 000 төгрөг төлөгджээ.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ТД ХХК -иас Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг санхүүгийн зохицуулах хороонд тавьж урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зохицуулсан бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрт гомдол гаргаагүй байх нь тухайн маргааны талаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх гэж заасан.

Шүүгч асан Ц.Сд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс цалинтай чөлөө олгосон ба уг чөлөөний хугацаанд нас барсан байна. /хх-91-103/

Даатгалын гэрээний 2.1.11-д даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх гэдгийг ажлын болон ажлын бус цагаар шүүн таслах ажиллагаа эрхэлсэн, шүүхээс зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцсон эсхүл эдгээртэй адилтгах бүхий л албан ажлуудыг гэж тодорхойлсноос үзвэл зөвхөн шүүн таслах ажиллагаа эрхэлснийг ойлгохоор заагаагүй байна.

Талийгаач Ц.С нь өвдсөний улмаас эмчилгээ хийлгэх шаардлагаар буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүн таслах ажиллагааг эрхлээгүй бөгөөд түүнд цалин хөлсийг нь олгож байсан тул албан үүргээ гүйцэтгэсэнтэй адилтгаж үзэх үндэслэлтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасны дагуу талийгаач Ц.С нь эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж авах үндсэн эрхээ хэрэгжүүлсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас эмчлүүлж байсан тул түүний хууль болон гэрээнд заасан бусад эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй юм.

Талийгаач Ц.Сгийн нас барсан шалтгааныг эмнэлгийн байгууллагаас шулуун гэдэсний өмөн 3 үе хавсарсан эмчилгээний дараах үе. хавдрын дахилт, хэвлийн эрхтэнд үсэрхийлсэн. Бүдүүн болон нарийн гэдэсний түгжрэл, хавдрын хордлого, Олон эрхтэний хавсарсан дутагдал гэж оношилсон тул үүнийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д заасан бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал-ын гэрээний 6.2.3.-т даатгуулагч гэрээнд заасан эрсдлийн улмаас болон албан үүргээ гүйцэтгэх явцад нас барсан тохиолдолд тухайн шүүгчийн сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр буюу даатгалын үнэлгээний 100 хувиар түүний өв залгамжлагчид нөхөн төлбөрийг олгохоор заажээ. Мөн Гэрээний 5.1-д нэг шүүгчийн сүүлийн 15 жилийн цалингийн хэмжээг 167 780 657 төгрөг байхаар заасан байна.

Гэрээний 4.1.-д даатгалын эрсдэлд байгалийн, ахуйн, мал амьтны нөлөөгөөр үүсэх, техниктэй харьцах үеийн, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-24.2.3.-т заасан, гуравдагч этгээдээс учруулах, бусдад хорлогдох, гэнэтийн өвчлөл зэрэг 8 нөхцлийг хамааруулсан байна.

Даатгалын гэрээний дээрх зохицуулалтаас үзвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д заасан шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан гэх нөхцөл гэнэтийн өвчлөл гэх нөхцлөөс даатгалын тусдаа эрсдэлд тусгагдсан боловч гэнэтийн өвчлөл гэх нөхцлийн эрх зүйн үндэслэлийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д заасан зохицуулалтад хамааруулахгүй байх боломжгүй байна. Шүүгчийн амь насны даатгалтай холбоотой өөр зохицуулалт тухайн хуульд байхгүй болно.

Гэрээний 4.1.8.-д гэнэтийн өвчлөл гэдгийг мухар олгойн хурц түгжрэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт, гэдэсний хурц түгжрэл, хоол боловсруулах эрхтний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого гэх мэт гэж заажээ.

Дээрх тодорхойлолт нь өвчний нийтлэг шинжийг агуулсан байгаагаас гадна ойлгомж муутай, тодорхой бус тусгагдсан байна. Тухайлбал, ухаан алдалт-ыг гэнэтийн ухаан алталт-аас, хордолт-ыг бүх төрлийн хордлого-оос хэрхэн зааглах нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, тухайн гэнэтийн өвчлөл-ийг урьд өмнө огт өвдөж байгаагүй, архаг өвчингүй хүн гэнэт өвчлөх ойлголт гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал, гэнэтийн өвчлөлд-д мухар олгойн архаг өрөвслийн сэдрэлт, цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах зэргийг хамруулсанаас үзвэл нас барагч нь урьд өмнө мухар олгойн архаг үрэвсэл, цус багадалт гэх өвчнөөр өвчилж, эмчлүүлж байсан байх магадлалтай байна. Ухаан алдах, татаж унах зэрэг нь хурц болон архаг олон өвчний шинж байх боломжтой, цус харвалт нь цусны даралт ихсэх өвчний, эсхүл гэмтлийн улмаас үүсэх үндэслэлтэй учир урьд өмнө тархины цусан хангамжийн дутагдал, цусны даралт ихсэх өвчнөөр өвчилж байсан хүнд хамаарахгүй гэж үзэх нөхцөл гэрээнд байхгүй байна.

Дээрх байдлаас үзвэл гэрээнд заасан гэнэтийн өвчлөл-ийг өвчний онош биш харин даатгуулагчид өвчний улмаас гэнэтээр илрэх шинж тэмдэг гэж дүгнэхээр байна.

Энэ утгаар, талийгаач Ц.С нь шулуун гэдэсний өмөн оношоор 2015 онд эмчлүүлж байсан байдал нь 2017.07.29-нд уг өвчний дахилт, хэвлийн эрхтэнд үсэрхийлсэн, бүдүүн болон нарийн гэдэсний түгжрэл, хавдрын хордлого, олон эрхтэний хавсарсан дутагдалд хүргэсэн гэнэтийн өвчлөл-ийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Гэрээний 4.1.8.-д заасан гэнэтийн өвчлөл-ийн жагсаалтыг хангалттай бүрэн буюу өөр өвчлөлийг нэмж ойлгохгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь гэрээнд заасан өвчлөлийн жагсаалтыг бусад гэнэтийн өвчлөлүүд гэж дуусгасан байх тул гэрээнд зааснаас өөр төрлийн өвчлөл байх боломжтой гэж үзнэ.

Гэрээний 7.1.-д даатгагчийн зүгээс даатгалын нөхөх төлбөр олгохгүй байх 13 тохиолдлыг заасан байх ба хариуцагчийн зүгээс гэрээний 7.1.3.-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх нөхцөл үүссэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Талийгаач Ц.Сгийн нас барахад хүргэсэн өвчний шинж тэмдэг гэрээний 4.1.8.-д заасан гэнэтийн өвчлөл гэх даатгалын эрсдэлд хамаарахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хариуцагчийн зүгээс гаргасан татгалзал, гомдол үндэслэлгүй байна.   

Даатгалын хураамж бүрэн төлөгдсөн, даатгуулагч талаас үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй ба гэрээний нөхцөл ойлгомжгүй, тодорхой бус тусгагдсан байдлыг даатгуулагчид ашиггүй байдлаар тайлбарлах үндэслэлгүй болно. Шүүх гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарч, гэрээний нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т заасан шаардлагад нийцнэ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1.-д зааснаар бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд эдлэнэ. Мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.1.-д зааснаар гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заасан

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ТД ХХК -иас 167 780 657 төгрөгийг гаргуулж Б.Дд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТД ХХК -иас 167 780 657 /нэг зуун жаран долоон сая долоон зуун наян мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж Б.Дд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2018.11.30-ны өдрийн 13409 дүгээр захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 796 853 төгрөгийг Б.Дгаас гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ТД ХХК -иас 996 853 /есөн зуун ерэн зургаан мянга найман зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА