Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00953

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТД” ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 167 780 657 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэчулуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Сугардалай,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, Х.Мөнгөнсүх нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Ц.Сансармаа нь 2004 оноос 2012 оны хооронд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2012 оноос 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын дээд шүүхэд хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчний учир таалал төгссөн юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “ТД” ХХК-тай шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын ШЕЗ/201700006 тоот гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр шүүгчийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл гэмтэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тодорхойлон, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс даатгалын хураамжийг төлсөн байна. Хууль ёсны өв залгамжлагч нөхөр Ч.Энхбат нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ТД" ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгож өгөх өргөдөл гаргасан боловч тус компаниас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/0779 дүгээр албан бичгээр, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалт, шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй буюу татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 9/242 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн байна. Төрөөс шүүгчийн албан тушаалыг онцгойлон үзэж, даатгагчийг тендерээр шалгаруулж даатгалын хураамжийг төр өөрөө хариуцан төлж байна. Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэрээний хавсралтын /Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг/ үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт гэсэн бүлэгт заасан даатгалын эрсдэлийн, амь насны даатгал хэсгийн 2-т заасан амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон гэдэгт хамаарч байгаа. Талийгч охин Ц.Сансармаагийн нөхөр, хүргэн Ч.Энхбат минь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр авто ослоор мөн нас барж үр хүүхэд болон бидэнд маш их хүнд гарз тохиосон. Өнөөдөр тэдний ганц охин Энхбатын Ариунзаяагийн эмээ Б.Д миний бие хуулийн дагуу асран хамгаалагчаар нь тогтоогдсон бөгөөд ийнхүү төлөөлөн шүүхэд хандаж байна. Миний охин шүүхийн байгууллагад тасралтгүй 14 жил ажиллахдаа ажил хөдөлмөрөө үнэнч шударгаар гүйцэтгэж байсан. Тэрээр шулуун гэдэсний өмөн 3 дугаар үе хавсарсан, эмчилгээний дараах үе, хавдрын дахилт гэсэн оноштой өвчнөөр өвдсөн ч амьсгал хураах хүртлээ Монгол Улсын шүүгчээр ажиллаж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Иймд гэрээний дагуу шүүгч Ц.Сансармаагийн нас барсан онош нь даатгалын эрсдэлд орж байгаа тул шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 167 780 657 төгрөгийн нөхөн төлбөрийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасны дагуу “ТД” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд шүүгчийн амь нас, эрүүл мэндийг даатгах тендерт шалгаруулалт явуулж, тухайн тендерт шалгаруулалтын үр дүнг үндэслэн “ТД” ХХК болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4 болон Даатгалын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тус тус үндэслэн харилцан, тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн 19917080009 дугаартай даатгалын гэрээ байгуулан ажилласан билээ. Иргэн Б.Д-ийн зүгээс “ТД” ХХК-д /цаашид даатгагч гэх/ холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр болох 167 780 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Даатгуулагч Ц.Сансармаагийн өв залгамжлагч Ч.Энхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад 2017 оны 11 дүгээр сарын 01 өдөр Хавдар СҮТөв эмнэлэгт нас барсан тухай тайлбар, Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн их эмчийн 2015 оны 5 сард шулуун гэдэсний өмөн1 оношлогдсон, 2015 оны 5 сарын 27-нд шулуун гэдэсний мэс засалд орсон. 2017 оны 7 дугаар сарын 29-нд ХСҮТ-д түгжрэл оноштой хэвлий нээх мэс засалд орсон, 2015 онд 10 курс хими эмчилгээ хийгдсэн, нас барсан шалтгаан нь шулуун гэдэсний өмөн 3 үе хавсарсан эмчилгээний дараах үе. Хавдрын дахилт, хавдар нь эд эрхтэнд үсэрхийлсэн. Бүдүүн болон нарийн гэдэсний хавдрын хордлого, олон эрхтний хавсарсан дутагдал ... гэсэн тодорхойлолт, мөн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/1280 дугаартай 2015 онд тус төвд шулуун гэдэсний өмөн оношлогдон хими эмчилгээ 10 курс, 2017 оны 07 дугаар сард бүдүүн гэдэсний түгжрэл оноштой хөнгөвчлөх мэс засалд орж, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд нас барсан гэх тодорхойлолт, даатгуулагч Ц.Сансармаагийн амбулаториор эмчлүүлэгчийн картан дахь 2016 оноос 2017 оныг хүртэлх хавдрын эмчилгээ, үйлчилгээний тэмдэглэл, Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас зэрэг баримтуудаас харвал даатгуулагч Ц.Сансармаа нь 2015 онд анх хорт хавдар өвчтэй болох нь оношлогдож, 2015-2017 онуудад хими эмчилгээ болон 2 удаа тухайн өвчлөлтэй холбоотой мэс засалд орж байсан бөгөөд хавдрын өвчний явц, хүндрэлийн улмаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна. Дээрх талийгаач Ц.Сансармаагийн өвчний нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шулуун гэдэсний хорт хавдар, түүнээс үүдэлтэйгээр өвчин нь архагшиж, хүндрэн нас барсан гэсэн бодитой дүгнэлт хийж болохоор байна. Харин шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын 19917080009 дугаартай даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан гэнэтийн өвчлөл гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, хуульд заасанд нийцүүлэн тайлбарлаж үзвэл даатгуулагчид үүссэн өвчин түүнээс үүдэлтэй хүндрэл нь тодорхой бус буюу эрүүл мэндэд учирч буй хохирол нь гэнэтийн шинж чанартай байхыг ойлгохоор байна. Гэтэл талийгаач Ц.Сансармаагийн өвчний хувьд нас барахаасаа 2 жилийн өмнө оношлогдсон, эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байсан, өвчнөөс үүдэлтэй хүндрэлүүд үүсэж мэс засал хийлгэсэн, тухайн өвчний хувьд 3 дугаар үе шатанд хүрч хүндэрсэн нөхцөл байдлаас харахад даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д заасан хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинж чанартай гэсэн агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талийгаач Ц.Сансармаагийн хувьд нас барах үедээ гэнэтийн шинжтэй өмнө огт оношлогдож, мэдэгдэж байгаагүй өвчний улмаас амь насаа алдаагүй, өөрийн биед 2 жилийн өмнө үүссэн байсан өвчнөөс үүдэлтэйгээр нас барсан болох нь дээр дурдсан баримтаар нотлогдож байна. Нөгөө талаар, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д нэрлэн заасан гэнэтийн өвчлөлийн даатгалын эрсдэлд шулуун гэдэсний хорт хавдар болон шулуун гэдэсний хорт хавдрын үр нөлөөг даатгалын эрсдэлд хамааруулан даатгаагүй байна. Мөн 19917080009 дугаартай даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зөвхөн хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинж чанартай өвчнийг нэрлэн тодорхойлж даатгасан тул дээрх тохиолдол нь энэхүү гэрээний эрсдэлд хамаарахгүй юм. Иймээс даатгуулагч Ц.Сансармаа нас барсан тохиолдол нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж, даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д даатгалын тохиолдол гэдэгт даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж тус тус заасанд хамаарах даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэхээр байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл мөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Даатгагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 19917080009 дугаартай шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-д даатгалын гэрээнд зааснаар бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ТД” ХХК-иас 167 780 657 төгрөгийг гаргуулж Б.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 796 853 төгрөгийг Б.Д-гаас гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч “ТД” ХХК-иас 996 853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Талууд гэрээг анх байгуулахдаа Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 101.6 дах заалтыг зөрчсөн байна. Даатгуулагч байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл гэрээг байгуулах үед даатгуулагч Ц.Сансармаа нь хавдраар өвчилж урт хугацаагаар эмнэлэгт хэвтэн мэс засалд орж үргэлжлүүлэн гэрээр эмчилгээ хийлгэж байсныг мэдэж байсан атлаа энэ талаарх баримт материалыг даатгагч "ТД" ХХК-д үнэн зөв гаргаж өгөөгүй нь хуулиар хүлээсэн "даатгуулагч нь баримт материалыг үнэн зөв гаргаж өгөх үүрэг"-тэй гэсэн заалтыг зөрчсөн байна. Шүүхийн ерөнхий зөвлөл болон "ТД" ХХК-ийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-нд уг гэрээ байгуулагдсан бөгөөд шүүгч агсан Ц.Сансармаа нь 2015 онд /гэрээ байгуулахаас 2 жилийн өмнө/ хавдраар өвчилснөө мэдэж эмчилгээ хийлгэж байсан. "ТД" ХХК болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд байгуулагдсан 19917080009 дугаартай "Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал"-ын гэрээний гол агуулга нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл байна ..." гэсний дагуу зөвхөн сум, дүүргийн анхан болон давж заалдах шатны шүүгчдийн амь нас, эрүүл мэндийг даатгасан байна. Энэ гэрээний агуулгаас харахад гэрээ нь зөвхөн шүүгчдэд хамааралтай бөгөөд шүүхийн Тамгын газрын ажилтнуудад хамааралгүй байна. Даатгуулагч Ц.Сансармаа нь шүүхийн байгууллагад хэдэн жил ажилласнаас хэдэн жилд нь шүүгчээр ажилласныг хэрэг авагдсан нотлох баримтуудад үндэслэн бичвэл: 2004-2012 оны хооронд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2012-2014 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл Улсын дээд шүүхэд хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2014 оны 12 сарын 05-2015 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр, 2015 оны 6 сарын 30-2016 оны 5 сарын 31 өдөр хүртэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2016 оны 5 сарын 31-ний өдрөөс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчний учир таалал төгссөн байна. Ц.Сансармаа нь шүүхийн байгууллагад 2004 оноос хойш нийт 13 жил 11 сар ажилласан бөгөөд үүнээс шүүгчээр 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд буюу нийт 2 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар ажилласан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл болон "ТД" ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 5 дугаар зүйлд даатгалын үнэлгээ, хураамжийг тодорхойлохдоо 5.1-д Нэг шүүгчийн сүүлийн 15 жилийн цалингийн хэмжээ 167 780 657, 5.2-т Нэг шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн хэмжээ 102 600 000, 5.3-т Нэг шүүгчийн сүүлийн нэг жилийн цалингийн хэмжээ 34 200 000 гэжээ. Шүүх, даатгалын гэрээгээр тохиролцсон ямар тохиолдолд даатгалын эрсдэлд тооцох, нөхөн төлбөр олгох нөхцөлийг анхааралтай судалж шийдвэр гаргаагүй байна. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл болон "ТД" ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон 9 эрсдэлд Ц.Сансармаагийн нас барсан тохиолдол нь хамаарахгүй байгаа бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дах заалт, даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн нөхөн төлбөр олгохгүй байх гэсэн 7.1.3 дах заалт буюу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэдэгт тооцогдож байна. Ц.Сансармаа нь 2015 онд хавдар өвчнөөр өвчилсөн нь оношлогдож эмчилгээ хийлгэж эхэлсэн болох нь Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/1280 тоот тодорхойлолтод Цэдэн-Иш овогтой Сансармаа, 36 настай, эмэгтэй. 2015 онд тус төвд шулуун гэдэсний өмөн оношлогдон хими эмчилгээ 10 курс, 2017 оны 7 дугаар сард бүдүүн гэдэсний түгжрэл оноштой мэс засалд орж, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд нас барсан байна гэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхийн тодорхойлолтоор тогтоогддог. Нас барсан шалтгаан нь "ТД" ХХК болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйл буюу даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл, тохиролцсон болзол бүрдээгүй, даатгалын эрсдэлд тооцох даатгалын тохиолдол үүсээгүй. Тодруулбал, шүүгч агсан Ц.Сансармаа нь гэрээнд заагдсан хүлээгдэж байгаагүй, гэнэтийн өвчлөлөөр бус харин бие даасан ердийн өвчнөөр удаан хугацаанд өвчилж түүнийгээ эмчлүүлж байсан байна. Гэтэл, анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нь шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлд заасан даатгалын нөхөн төлбөр олгох даатгалын үнэлгээний хэмжээг шүүгчээр 2 жил 8 сар ажилласан шүүгчийг, шүүгчээр 15 жил ажилласан шүүгчтэй адилтган үзэж шүүгчийн сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь Даатгалын тухай хууль болон гэрээг зөрчсөн хууль бус шийдвэр юм. Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.11-д "Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх гэдгийг ажлын болон ажлын бус цагаар шүүн таслах ажиллагаа эрхэлсэн, шүүхээс зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцсон эсхүл эдгээртэй адилтгах бүхий л албан ажлуудыг" ойлгоно гэж заасан байна. Шүүгч агсан Ц.Сансармаа нь нас барах үедээ шүүгчийн албан үүргээ гүйцэтгэж байгаагүй бөгөөд урт хугацаанд хавдрын улмаас хими эмчилгээ 10 удаа хийлгэж эмнэлгээс гарсны дараа гэрээр асруулж байгаад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас шүүхийн удирдлагадаа захиргааны чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж уг хүсэлтийг үндэслэн чөлөө олгосон, чөлөөтэй байх хугацаандаа нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байдаг. Шүүгч хүндээр өвчилж эмнэлэг болон гэрээр урт хугацааны хими болон бусад эмчилгээ хийлгэж байсан үед түүний цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснийг үндэслэл болгож шүүгч хэвийн, албан үүргээ гүйцэтгэж байсан мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон. Шүүгчийн өвчилсөн, захиргааны чөлөөтэй үед цалин хөлсийг нь ямар журмаар олгох эсэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээний асуудал бөгөөд дотооддоо баримталдаг дүрэм, журмаар зохицуулагддаг асуудал. Энэ нь зөвхөн тухайн байгууллагын дотоод шийдвэр бөгөөд шүүгч албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Харин шүүгч Ц.Сансармаа нь 2015 оноос хавдраар өвчилж урт хугацаагаар эмчлүүлж, бусдын асрамжид байсан нотлох баримтуудаар түүнийг шүүгчийн ажлаа хэвийн явуулж байсан гэдэг нь үгүйсгэгддэг. Мөн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ЗТ2017/00794 тоот тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын Б/143 тоот тушаал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ЗТ2017/00792 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ЗТ2017/00870 тоот тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 68 тоот тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгч агсан Ц.Сансармаа нь нас барах үедээ албан үүргээ гүйцэтгэж байгаагүй нь бүрэн нотлогдсоор байтал нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дах заалтад Тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх эрхтэй гэжээ. Дээрх хуулийн дагуу Ц.Сансармаагийн нөхөр болох Ч.Энхбат нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу урьдчилан шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9/242 албан тоотоор доорхи хариуг өгсөн. “ТД” ХХК-иас ирүүлсэн тайлбар болон өргөдөлд хавсаргасан баримтаас үзэхэд даатгуулагчийн нас барсан шалтгааны талаар Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтод шулуун гэдэсний өмөн 3 дугаар үе хавсарсан, эмчилгээний дараах үе, хавдрын дахилт гэх онош тавьсан байгаа нь ШЕЗ/201700006 тоот даатгалын гэрээний 4.1-д заасан эрсдэлд хамаарахгүй байх тул даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэлтэй байна гэжээ. Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэхээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж хариуг нь өгсөн атал шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт гол ач холбогдол бүхий дээрхи баримт, шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж дүгнээгүй. Түүнчлэн, шүүгч нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж, өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргах байтал өөрийн шийдвэрлээгүй өөр бусад шүүхийн шийдвэрлэсэн ижил төстэй, тодруулбал шүүгч агсан С.О-ийн өв залгамжлагчдын гаргасан нэхэмжлэлтэй хариуцагч "Миг даатгал" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны 001/ХТ2018/00596 дугаартай тогтоолын хяналтын хэсгийг бүхлээр нь ямар ч үг үсгийн өөрчлөлтгүйгээр хуулбарлаж манай компанид холбогдох Б.Д-ийн нэхэмжлэлтэй уг хэргийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь шүүхээс шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилгоор байршуулсан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар ашигласан явдал нь тухайн шүүгчийн ёс зүйгүй байдал, эрх зүйн мэдлэг, мэргэшлийн ур чадвар дутмаг, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэртэй адилтган үзэж, дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь олон нийт, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулж, хариуцагч талд шударга шийдвэр гаргасан байна гэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.              

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “ТД” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 167 780 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Д нь өөрийн төрсөн охин, нас барагч Ц.Сансармаагийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 167 780 657 төгрөгийг шаардсан бөгөөд Ц.Сансармаа нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байх явцдаа “шулуун гэдэсний өмөн 3 үе хавсарсан эмчилгээний дараах үе, хавдрын дахилт, хавдар нь эд эрхтэнд үсэрхийлсэн, бүдүүн болон нарийн гэдэсний хавдрын хордлого, олон эрхтний хавсарсан дутагдал” гэх оноштойгоор 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. /хх-ийн 17, 56 дугаар тал/

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-д зааснаар шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх талаар зохицуулжээ.

Хариуцагч “ТД” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй 2017 оны 8 сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулж, гэрээний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид 448 000 000 төгрөгийг хариуцагч “ТД” ХХК-д төлсөн байх бөгөөд даатгалын эрсдэл бий болсон тохиолдолд гэрээний 5.1 дэх хэсгээр нэг шүүгчийн сүүлийн 15 жилийн цалингийн хэмжээг 167 780 657 төгрөгөөр тогтоосон болох нь ШЕЗ/201700006 тоот гэрээ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-31, 49-54-р тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд ашигтайгаар байгуулсан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд даатгалын эрсдэлийг заасан бөгөөд энэ нь шүүгчийн гэнэтийн өвчлөл байхаар зааж 4.1.8-д уг хамаарах өвчлөлийг нэрлэсэн байна. Хариуцагч татгалзалдаа шүүгч нас барсан шалтгаан нь гэнэтийн өвчлөл биш, 2 жилийн өмнө оношлогдон эмчилгээ хийлгэж байсан тул даатгалын тохиолдолд хамаарахгүй гэжээ.

Гэвч гэрээний 4.1.8-д заасан “бусад гэнэтийн өвчлөл” гэсэн жагсаалтад зааснаас үзэхэд тухайлан нэрлэн заагаагүй боловч даатгуулагчийн нас барсан өвчлөл нь нөхөн төлбөр олгох үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тиймээс даатгалын гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТД” ХХК-иас нэг шүүгчийн сүүлийн 15 жилийн цалингийн хэмжээ буюу 167 780 657 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасантай нийцсэн болно.

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 441 дүгээр зүйлийн 441.4 дэх хэсэгт зааснаар “ТД” ХХК нь нас барагч Ц.Сансармаагийн гэр бүлд нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо талийгаач Ц.Сансармаа нь нас барах үедээ шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй, чөлөөтэй байсан тул даатгалын нөхөн олговор олгох үндэслэлгүй, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах хугацааг хэтрүүлсэн, нас барагчийг 15 жил ажиллаагүй гэж заасан нь үндэслэлгүй болно. Тодруулбал, хэрэгт авагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар талийгаач Ц.Сансармаад цалинтай чөлөө олгосон байх бөгөөд шүүгчийн бүрэн эрх хэвээр хадгалагдаж байсан гэх үндэслэлтэй тул түүнийг нас барах үедээ ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ. /хх-ийн 91-96, 103 дугаар тал/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шүүгчийн бүрэн эрх дуусгавар болно.

Түүнчлэн, даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь даатгалын үйл ажиллагаатай холбоотой гомдол шийдвэрлэх агуулгатай байх тул Б.Д-ийн нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулан дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Мөн нас барагч Ц.Сансармаа нь хэдийгээр 15 жил шүүгчээр ажиллаагүй боловч талуудын байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт даатгалын үнэлгээг нэг шүүгчийн сүүлийн 15 жилийн цалингийн хэмжээ буюу 167 780 657 төгрөгөөр талууд тохиролцсон байх тул хэдэн жил шүүгчээр ажилласан эсэх нь ач холбогдолгүй юм. Даатгалын гэрээнд даатгалын зүйл нь шүүгчийн амь нас, эрүүл мэнд байх бөгөөд тухайлан хэдэн жил ажилласан “шүүгч” байх талаар заагаагүй.  Харин нөхөн төлбөрийн хэмжээг шүүгчээр ажилласан сүүлийн 15 жилийн цалинтай дүйцүүлэн, жишиг болгон талууд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тодорхой заан тогтоосон байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол мөн үндэслэл муутай болжээ. /хх-ийн 25 дугаар тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 996 853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                         Г.ДАВААДОРЖ