Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00595

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00595

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Л ББСБ ХХК /РД:5833418/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Н газар холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Л ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 181/ШШ2017/01796 дугаар шийдвэр гаргасан.

Тус шүүхийн шийдвэрээр 127,514,717 төгрөгийг Л ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Л ББСБ ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа билээ.

Миний бие тухайн төлбөрийг ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төлж амжихгүй хүнд нөхцөлд орсон байгаа бөгөөд миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11-р байр, 4-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явагдсан байдаг.

Үүгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Т.М миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11-р байр, 4-2 тоот хаягт байршилтай, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд миний өмчлөлийн байрыг 97,302,219 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4-151/20186 дугаартай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Б танилцуулсан.

Тус 60 м.кв 2 өрөө орон сууцыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж, энэхүү үнийн дүнгийн 70 хувийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгч надад илт хохиролтой байгаа тул гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, тухайн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан болох нь Ш21-16 дугаар үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Д ХХК-иар хийлгүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээ нь бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт багаар үнэлсэн, төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байна.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-151/20186 дугаартай мэдэгдлээр танилцуулсан бодит бусаар, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1796 тоот шийдвэрээр Т.Маас 127,514,717 төгрөгийг гаргуулж Л ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Т.М шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гаргахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, вива сити хороолол, 1-14 байр, 4-2 тоот 60 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.М нь 2014 онд Л ББСБ ХХК-иас зээл авсан байдаг. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1796 тоот шийдвэрээр Т.М-аас 127,514,717 төгрөгийг Л ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. 2017 оноос хойш Т.М нь Л ББСБ ХХК-д нэг ч төлбөр төлөөгүй. Т.М нь 2017 оноос хойш Герман улсад Эрүүгийн шүүхээс хорих ял эдэлж байгаад Монгол Улсад 2021 оны 07 дугаар сард ирсэн. Энэ хугацаанд Т.М-ын эхнэр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцуулж шилжүүлье гэсэн санал гаргасан боловч тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх эрх байгаагүй. Т.М-ыг Монгол Улсад ирснээс хойш 2020 оны 8 дугаар сараас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн, мөн Т.Маас үнийн санал ирүүлсэн. Үнийн саналаар 300,000,000 төгрөгөөр үнэлсэн буюу зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан учраас талууд үнэлгээ дээр тохиролцож чадаагүй. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилоод ажиллагаа хийлгэсэн. Хөндлөнгийн шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээл, газар зүйл байршилтай нь уялдуулж үнэлгээ хийсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шинжээч оролцож байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийг томилох ёстой. Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан дүгнэлт гаргах ёстой байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад хөндлөнгийн хараат бус үнэлгээчин Д ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар зах зээлийн харьцуулан шинжих хандлага, орлогын арга зэргийг хэрэглээд хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг гаргасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ миний үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн үндэслэл тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Т.М уг үндэслэлийг гаргаж нэхэмжлэл гаргасан байдаг боловч зах зээлийн үнэлгээнээс доогуур байгаа талаар нэг ч нотлох баримт ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч яагаад 300,000,000 төгрөгөөр үнэлж байгаа юм бэ? баримт байгаа юм уу? ижил талбайтай байр тийм үнэлгээгээр үнэлэгдсэн баримт байгаа юм уу? энэ талаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Гуравдагч этгээдийн зүгээс ямар нэг үндэслэлгүйгээр шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах санаатай үйлдэл гэж харж байна. Т.М 2014 онд зээл аваад түүнээс хойш 8 жилийн хугацаанд мөнгөний ханш ихээхэн өөрчлөгдсөн. 8 жилийн өмнө өгсөн мөнгөө одоо буцаагаад авахад бид алдагдлаа нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө ашиглахгүй, бусдад түрээслүүлж алга болдог. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатай удаашруулж байна гэж үзэж байна. Шинжээч олон улсын стандартад нийцсэн үнэлгээ гаргасан учраас үнэлгээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Н.М-д олгосон итгэмжлэл, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 994 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01796 дугаар шийдвэр, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/261 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-151/20186 дугаар Мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-151/21602 дугаар Мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1-151/412 дугаар албан бичгээр Б.С, Т.Б нарт олгосон итгэмжлэл, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 994 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01796 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2017/11533 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Л ББСБ ХХК-ийн итгэмжлэл, эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17280976/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, төлбөр төлөгч Т.М-ын Үнийн санал хүргүүлэх тухай хүсэлт, төлбөр авагч Л ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/261 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д ХХК-ийн итгэмжлэл, Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Н газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-151/20186 дугаар Мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-151/21602 дугаар Мэдэгдэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/А192 дугаар албан бичгээр Ш.Ц, М.М нарт олгосон итгэмжлэл, Л ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М-ын Н газар холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.М миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11-р байр, 4-2 тоот хаягт байршилтай, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт багаар үнэлсэн, төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01796 дугаар шийдвэрээр Т.М-аас 126,653,300 төгрөгийг гаргуулан Л ББСБ ХХК-д олгох, хариуцагч Т.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.М-ын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11-р байр, 4-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх3-4/

 

Н газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Т.М-ын өмчлөлийн, эрхийн бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11-р байр, 4-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17280976/10 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-57-68/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17280976/11 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-аар төлбөр төлөгч, өмчлөгч Т.М-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоох үнийн саналаа 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-91/

 

Төлбөр төлөгч Т.М нь үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөг гэж үнийн санал гаргасныг төлбөр авагч Л ББСБ ХХК зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/261 дугаар тогтоолоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-69-71/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/261 дугаар тогтоолоор Д ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх-72-74/

 

Шинжээч Д ХХК нь тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох Т.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11 дүгээр байрны 4-2 тоот, 60 м.кв талбайтай орон сууцыг 97,302,219 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4-151/20186 тоот албан бичгээр төлбөр төлөгч Т.М болон төлбөр авагч Л ББСБ ХХК нарт эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-83-85/

Төлбөр төлөгч Т.М үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Д ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хулийн этгээд байх бөгөөд Д ХХК-ийн захирал Э.З нь өөрийн компанийн үнэлгээчин Ц.Т-д итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ. /хх-76, 81-82/

 

Д ХХК нь төлбөр төлөгч Т.М-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 97,302,219 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-12-25/

 

6. Нэхэмжлэгч Т.М нь шинжээчийн тогтоосон үнэлгээг бодит бус, зах зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Т.М-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н газар холбогдох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11 дүгээр байр, 4-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Д ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №Ш21-16 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/13013 дугаар захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ