Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01045

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 27 210/МА2022/01045

 

 

Т.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23ы өдрийн 181/ШШ2022/00595 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Мын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал, өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Мад холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 181/ШШ2017/01796 дугаар шийдвэр гаргасан. Тус шүүхийн шийдвэрээр 127,514,717 төгрөгийг Л.Ф ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Т.М миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11-р байр, 4-2 тоот хаягт байршилтай, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ хийлгэсэн бөгөөд миний өмчлөлийн байрыг 97,302,219 төгрөгөөр үнэлүүлсэн талаархи 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-151/20186 дугаартай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Баттүшиг танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Дамно ХХК-аар хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээ нь бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт багаар үнэлсэн, төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байна. Иймд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-151/20186 дугаартай мэдэгдлээр танилцуулсан зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур бодит бусаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1796 тоот шийдвэрээр Т.Маас 127,514,717 төгрөгийг гаргуулж Л.Ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Т.Мад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөхөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1-14 байр, 4-2 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Т.М нь 2014 онд Л.Ф ББСБ ХХК-аас зээл авсан байдаг. 2017 оноос хойш Т.М нь Л.Ф ББСБ ХХК-д нэг ч төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч өөрийн үндэслэл, тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Т.М дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч зах зээлийн үнэлгээнээс доогуур байгаа талаар нэг ч нотлох баримт ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч яагаад 300,000,000 төгрөгөөр үнэлж байгаа юм бэ? баримт байгаа юм уу? ижил талбайтай байр тийм үнэлгээгээр үнэлэгдсэн баримт байгаа юм уу? Энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийг ямар нэг үндэслэлгүйгээр шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах санаатай үйлдэл гэж харж байна. Т.М 2014 онд зээл аваад түүнээс хойш 8 жилийн хугацаанд мөнгөний ханш ихээхэн өөрчлөгдсөн. 8 жилийн өмнө өгсөн мөнгөө одоо буцаагаад авахад бид алдагдлаа нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө ашиглахгүй, бусдад түрээслүүлж алга болдог. Шинжээч олон улсын стандартад нийцсэн үнэлгээ гаргасан учраас үнэлгээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11 дүгээр байр, 4-2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032626 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ш21-16 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/13013 дугаар захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон заалт нь ямар нэгэн үндэслэлгүй буюу гомдол гаргах хугацааг заасан заалт байна. Тус заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Мөн үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршил, шинж чанар, онцлох нөхцөл байдлыг судалж үзээд үнэгүй.мн сайтаас хайж холбогдох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадаагүй бөгөөд энэ талаар тайлбарласан боловч нэхэмжлэгчгүйгээр хангалттай нотлох баримтгүйгээр хэрэг шийдвэрлэгдсэн. Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй, зах зээлийн үнэд нийцүүлээгүй, харьцуулсан эд хөрөнгийн эх сурвалж тодорхойгүй, ашиглах, эзэмших, өмчлөх эрх бүхий хөрөнгөтэй харьцуулсан эсэх нь тодорхойгүй, тайландаа тусгаагүй талаар шүүх хуралдаан дээр хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Тус иргэний хэрэг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүссэн бөгөөд шүүх хуралдаан болсон өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд нэхэмжлэгч шаардлагаа нотлох хангалттай боломж байсан. Гэвч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, тодорхой үндэслэлгүйгээр гомдол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатай удаашруулж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн. Хөрөнгө үнэлсэн шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон. Нэхэмжлэгч 2014 онд зээл авснаас хойш 8 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэн төлбөр төлөгч ямар ч төлбөр төлөөгүй байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01796 дугаар шийдвэрээр Т.Маас 126,653,300 төгрөг гаргуулж Л.Ф ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

4. Т.М шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Л.Ф ББСБ ХХК-ий хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/11 дүгээр байр, 4-2 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Л.Ф ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

5. Шинжээчээр ажилласан Дамно ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга аргачлалыг зах зээлийн харьцуулан жиших хандлагыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт багаар үнэлсэн гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль бус гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23ы өдрийн 181/ШШ2022/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН