| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2022/0024/З |
| Дугаар | 118/ШШ2022/0029 |
| Огноо | 2022-10-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 118/ШШ2022/0029
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Батмөнхийн Туваан
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хуушааны Лхагвасүрэн
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга нарын хоорондын өвөлжөөний газрыг давхардуулан эзэмшүүлсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Туваан
Хариуцагч: Яруу сумын Засаг дарга Д.Эрдэнэнэмэх
Гуравдагч этгээд: Х.Лхагвасүрэн
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Лхагвасүрэн
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 64 дүгээр захирамжийн Хуушаан овогтой Лхагвасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Х.Лхагвасүрэнд олгосон 8113000333 дугаар бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах
2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Б.Туваанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
3. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дугаар захирамжийг үндэслэж гуравдагч этгээд Х.Лхагвасүрэнд “Нурамт” нэртэй өвөлжөөний 5000 м.кв буюу 0,5 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0128472 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. /хавтаст хэргийн 7, 83-р хуудас/
Дээрх 64 дүгээр захирамжийг үндэслэж “Нурамт” нэртэй өвөлжөөний газар эзэмшүүлэх гэрээг 2008 онд Д.Нацагдоржтой байгуулсан, газар эзэмшигчийг төлөөлж Х.Лхагвасүрэн гарын үсэг зурсан. /хавтаст хэргийн 84-85-р хуудас/.
Завхан аймгийн архивын тасгийн лавлагаа болон Яруу сумын Засаг даргын Тамгын газарт хийсэн үзлэгээр Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр захирамж гэж байхгүй, харин 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” 64 дүгээр захирамж /хавсралтгүй/ байгаа болох нь тогтоогдсон байна.
Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/25 дугаар захирамжаар “Нурамт” нэртэй өвөлжөөний газрыг Б.Туваанд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. /хэргийн 78-р хуудас/
4. Нэхэмжлэгч нь Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дугаар захирамжийн талаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/692 дугаар албан бичгээр хариу авсан байх ба 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэлийн үндэслэл: Энэ өвөлжөөг Ш.Бямбанацаг, Ц.Эрдэнэдалай, Лхагвасүрэнгийн хадам аав Д.Нацагдорж нар хувьчлалаар аваад хамтран эзэмшиж байсан. 2007 онд Бямбанацаг, Эрдэнэдалай хоёрын оногдох хэсгийг 200,000 төгрөгөөр худалдаж авсан. Х.Лхагвасүрэн нь тус өвөлжөөг бусдад 6 сая төгрөгөөр зарсан. Өөрөө Хар хад нэртэй газар өвөлжөөтэй. 2006 оны 64 дүгээр захирамжаар эзэмшсэн гэх боловч 64 дүгээр захирамж нь байхгүй байх тул хүчингүй гэж маргасан.
6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2000 онд зуд болоод манай хүргэн ах Бямбанацаг хот явахдаа миний хүү Содоо гэдэг хүнд нэг үнээ өгчхөөрэй, тэгээд энэ өвөлжөөг аваарай гээд надад үлдээсэн. Би тэр үед үнээг нь өгөх гэтэл зуд болоод өгөх үхэр байхгүй байсан тул Содоогийнд нь нэг гүү аваачаад өгөх гэтэл авахгүй гэсэн. Тэгэхээр нь би Бямбанацаг ахтай утсаар яриад таны өгөөрэй гэсэн зүйлийг өгч чадахаа байлаа гэж хэлсэн. Тэгээд 2007 онд Улаанбаатар хот руу эгчийгээ эмчилгээнд авч яваад ахынд очиход ах бид нарт мөнгөний хэрэг гарлаа 200.000 төгрөг өгөөд өвөлжөөг ав гэж хэлсэн. Ингэж би 200.000 төгрөг өгөөд Бямбанацаг, Эрдэнэдалай хоёрын оногдох хэсгийг худалдаж авсан. Тэгээд тэрнээс хойш бид ах дүү улс учраас өөрийнхөө нэр дээр өвөлжөөгөө болгуулъя гэж санаагүй, ах дүү улс хэнийх нь ч нэр дээр байсан яах вэ гээд яваад байсан. Тэгтэл 2019 оны хавар Лхагвасүрэн эхнэртэйгээ манайд ирээд бага ахаа та өвөлжөөгөө зарах уу, эсвэл манайд оногдох хэсгийг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би бид ах дүү улс зохицож болох байлгүй гэж хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн манайх олон ам бүлтэй учраас 50 хувь нь манайд оногдох ёстой гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, 33, 33-аараа авна. Яах вэ гуравны нэг гэвэл оногдохыг чинь өгч болно гэж хэлсэн. Гэтэл Лхагвасүрэн үгүй гэсэн. Маргаан эндээс үүсээд зохицохоо байсан. Одоо надад оногдох юм нэг ч ширхэг байхгүй. Хэдэн дүнз байсан түлчихсэн. Бид 100 хувь эзэмшинэ гээд байгаа юм. Тэгээд би түүнд нь гомдолтой учраас нэхэмжлэл гаргасан. Би 2008-2021 он хүртэл уг өвөлжөөн дээр өвөлжиж байгаа. Лхагвасүрэнгийнх өвөлжөөг 6,0 саяар зарсан байсан. Тэгээд гуравны нэг гэхээр би 2,0 сая төгрөг эднийд өгөхөөр болоод тохиролцоод хурлаар батлуулаад гарцгаасан. Тэгээд намайг 2,0 сая төгрөгөө өгөх гэтэл эднийх 6,0 сая төгрөгийн хүү надаас нэхсэн. Тэгэхээр нь би Лхагвасүрэн, Жүгдэр хоёрыг дуудаад 2,0 сая төгрөгөө хүүтэй нь өгөөд зохицъё гэтэл чадахгүй гэсэн. Тэгээд би та нар өвөлжөөний хэдэн дүнзийг зарна уу гэхээс бууцыг нь зарах эрх байхгүй гэж хэлсэн. Энэ өвөлжөө үндсэн нь Нацагдоржийнх биш Бямбанацагийнх. Нацагдорж нь Бямбанацагийн хамтран эзэмшигч гэдгээр л явж байсан. 1983 оноос Бямбанацаг өвөлжиж байгаад хувьчлалаар авсан. Багийн дарга Анхбаярт газар эзэмших хүсэлтээ өгч байсан. 64 тоот захирамж гэж байхгүй байгаа учраас хүчингүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны захирамжаар гэрчилгээ олгогдсон байдаг боловч захирамжийн хавсралт нь олддоггүй. Архиваас шүүж үзэхэд байгаагүй. Энэ асуудалтай холбоотой байгаа материалаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2020 оны 10 сард Жаргалант багийн хурал хийгээд хурал дээр энэ хоёр хүн хоорондоо тохиролцоод өвөлжөөг өгч авахаар болсон байдаг. Үүнийг мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Туваанд 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжаар өвөлжөөг эзэмшүүлсэн байдаг. Энэ нь 2020 онд цахим бүртгэлд бүртгэгдээд e дугаар авагдаагүй байсан. Тэгээд Туваан 2021 онд надад хандаж өргөдөл гаргахдаа е дугаар яагаад авагдахгүй байгаа юм бэ, энэ асуудлыг шийдэж өгөөч гэж өргөдөл өгч байсан. Би өөрөө энэ ажлыг 2020 оны 11 сарын 08-нд авч байсан. Намайг ажлаа аваад удаагүй байхад өргөдөл өгч байсан учраас би сайн санаж байна Захирамжуудыг харж байхад 64 дугаартай захирамж олдохгүй байгаа. Харин 2017 оны захирамж байгаа. Гэтэл тухайн үеийн газрын даамал 2006 оны 64 дугаартай захирамжтай гэрчилгээ байж байхад яагаад 2017 онд дахиад өөр хүнд өгчхөж байгаа юм. Үүнийг би сайн ойлгохгүй байгаа. Миний санаагаар бол 2 захирамжийг хоёуланг нь хүчингүй болгоод энэ газрыг бүр чөлөөлчихмөөр байгаа юм. Тэгээд дараагийн хүнд шийдээд явах нь зөв байх гэж бодож байгаа гэв.
8. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн Нурамтын өвөлжөөний газар нь анх хувьчлалаар Нацагдорж, Бямбанацаг, Эрдэнэдалай нарт хувьчлагдаж байсан бөгөөд 2000 оны зуднаар Бямбанацаг, Эрдэнэдалай нар малгүй боллоо, хот нүүлээ гээд хаяад нүүгээд явсан. Үүнээс хойш манай хадам аав Нацагдорж болон манай хоёр өвөлжиж байсан. Тэгээд 2006 онд гэрчилгээ шинэчилж олгоход аав Нацагдорж миний нэр дээр гэрчилгээ бичүүлж одоо чи энэ өвөлжөөг эзэмшиж ав, би хөгшин хүн яах вэ гээд өвөлжөөний гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгсөн. Түүнээс хойш би өдийг хүртэл өвөлжөө бууцныхаа татварыг төлж ирсэн. Би хавтаст хэрэгтэй 2022 оны 09 сарын 12-ны өдөр танилцахад Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжаар миний эзэмшлийн Нурамтын өвөлжөөг Туваанд 2032 он хүртэл эзэмшүүлэхээр захирамж гаргасныг мэдсэн. Нэгэнт энэ өвөлжөөний асуудлыг шийдвэрлэх гэж байгаа тул миний эзэмшлийн газрыг давхар өөр хүнд эзэмшүүлсэн захирамжийг хууль бус гэж үзэж Туваанд олгогдсон хэсгийг хүчингүй болгуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Тувааны хувьд 2009-2011 онд аавыгаа асрахаар манайхыг аймгийн төв рүү орсон энэ хугацаанд манай өвөлжөөнд өвөлжиж байсан. Тэгээд манайхыг 2012 онд өвөлжөөндөө буух гэтэл мал олдоно гээд буулгаагүй тул би арга буюу Шижирбаатарын эзэмшлийн Хар хад нэртэй өвөлжөөнд 2-3 жил өвөлжсөн. Тэгээд уг өвөлжөөг 2017 онд худалдаж авсан. Иймд Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн Б.Туваанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Туваан өвөлжөөнд байх хугацаандаа пүнз, адууны хашаа зэргийг түлш болгож түлсэн гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Тувааны яриад байгаа асуудал огт нотлогдохгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлээ гаргахдаа 2007 онд Бямбанацагаас уг өвөлжөөг худалдаж авсан гэх асуудал ярьдаг. Гэтэл Бямбанацагийн мэдүүлэг дээр 2001 онд Туваанд би 200.000 төгрөгөөр зараад явсан гэж мэдүүлдэг. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Туваан нь 2007 онд эгчийгээ Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явахдаа Бямбанацагийн гэрт нь Улаанбаатар хотод 200.000 төгрөг өгсөн гэдэг. Гэтэл гэрч Анхбаярын мэдүүлэгт 2001 онд Туваан ахын гэрт ороход Бямбанацаг ахынд очиж өвөлжөөний мөнгийг нь өгөх гэсэн юм гээд явсан гэдэг.
Эндээс харахад нэхэмжлэгчийн тайлбар гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна. Мөн Эрдэнэдалайгаас өвөлжөөний өөрт ногдох хувийг нь авсан гэдэг боловч гэрч Эрдэнэдалай мэдүүлэгтээ Туваанд зараагүй гэдэг. Мөн нэхэмжлэгч нь Агь толгойд өвөлжөөтэй, өвөлжөөний бичиг баримтаа байцаагчид өгсөн гэнэ. Гэхдээ энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Агь толгойн өвөлжөөний гэрчилгээг хүчингүй болгож уг өвөлжөөг хаваржаа, намаржаа болгосон шийдвэр байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл үндэслэлгүй байна. 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дугаартай захирамж байхгүй, олдохгүй байгаа асуудал яригдаж байна. Гэсэн хэдий тухайн үед гарсан захирамж, захирамжийн огноог газрын албаны даамлаар ажиллаж байсан байгаль орчны байцаагч мэдүүлэхдээ би бичиг баримтыг үндэслэж хийсэн. Тухайн үед гарсан захирамж байх ёстой. Бичиг хэрэг нь үрэгдүүлсэн үү, хэн нь үрэгдүүлснийг мэдэхгүй байна гэсэн байдаг. Мөн ганцхан Лхагвасүрэнд он, сар, өдөр, дугаараар гэрээ гэрчилгээ бичигдэж олгогдсон юм уу гэхээр үгүй. Яруу сумын 3 өвөлжөөний маргааны асуудал дээр ийм зүйл яригдсан. Яг энэ дугаар огноогоор зарим айлуудын гэрчилгээ гарсан байдаг юм байна лээ. Гэхдээ одоо шинэчлэгдсэн гэдэг тайлбарыг хариуцагч өгч байна. Тэгэхээр энэ бол ор үндэслэлгүй гэрээ гэрчилгээ биш юм.
Өвөлжөөний төлбөрийг 2017 онд Туваан, бусад онуудыг Лхагвасүрэн төлсөн. Хавтаст хэргийн 153 дугаар хуудаст Тувааны өөрийнх нь хүсэлт байна. Тэр хүсэлтэд 2019, 2020 оны багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэчхээд байхад Нурамтын өвөлжөөг надад эзэмшүүлээд өгөөч гээд 2021 онд өргөдөл гаргасан байна. Тэгтэл 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжаар Туваанд Нурамтын өвөлжөөг давхар олгосон асуудал байна. Үүнийг Туваан мэдээгүй 2021 онд өргөдөл гаргаад явж байсан байна. Энэ нь ямар ч авцалдаагүй байна. Манайхаас 2006 оны 64 дугаартай захирамжаар олгогдсон Х.Лхагвасүрэнгийн гэрээ гэрчилгээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. 2017 оны 06 сарын 02-ны өдрийн захирамж нь өөрөө 2006 оны 64 дугаартай захирамжаар Х.Лхагвасүрэнд олгосон гэрчилгээг хүчингүй болгоогүй давхардуулж Туваанд олгосон байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Туваанд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дугаар захирамжийн Х.Лхагвасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр байна.
2. Гуравдагч этгээдэд Яруу сумын Жаргалант багийн нутаг дахь Нурамт нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэсэн байх боловч Яруу сумын Засаг даргын Тамгын газрын архивд хийсэн үзлэгийн тэмдэглэлд сумын Засаг даргын 2006 оны захирамжийг аймгийн архивын тасагт шилжүүлсэн талаар тэмдэглэсэн, аймгийн архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/1529 дугаар архивын лавлагаанд “...2006.11.27-ны өдөр гарсан захирамж байхгүй, тухайн оны захирамжид давхар дугаар олгосон захирамж үгүй байна” гэж тодорхойлсноор, гэрч П.Баранзаадаргиагийн “...64 дүгээр захирамжийг хайгаад олж хараагүй. Энэ захирамжийн талаар мэддэг хүн сумын Тамгын газарт лав байхгүй” гэж, гэрч Д.Сүхбаатарын “...2006 оны 64 дүгээр шийдвэр огт олддоггүй юм. Шүүх дээр өмнө нь хэд хэдэн өвөлжөөний маргаан гарч байсан. Тэр үеэс л энэ 64 дүгээр захирамжийг хайгаад олдохгүй байгаа юм” гэж мэдүүлснээр, мөн хариуцагчийн тайлбараар Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамж байхгүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 45-р тал, 91-р хуудас/
3. Харин Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” 64 дүгээр захирамжаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн нэрсийг 1-р хавсралтаар баталж, иргэдэд зөвшөөрсөн газрыг гэрээний дагуу олгож гэрээг дүгнэж ажиллахыг БОХ-ын улсын байцаагч, газрын даамал Д.Сүхбаатарт даалгасан байх боловч уг захирамжийн хавсралт байхгүй болохыг аймгийн архивын тасаг тодорхойлсон байна. Иймд Яруу сумын Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Х.Лхагвасүрэнд газар эзэмшүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм. /хавтаст хэргийн 92-р хуудас/
4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар зохицуулсан байх боловч Яруу сумын Тамгын газар болон газрын даамал дээр хадгалагдаж буй бүртгэлд үзлэг хийхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 143-144-р хуудас/
5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д сумын Засаг дарга нь “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.
Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар албан бичигт “Тус сумын 2006 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны материалыг аймгийн Архивын тасагт шилжүүлсэн тул тус сумын архиваас нотлох баримтыг шүүх боломжгүй” талаар, /хэргийн 68-р тал/ Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/1573 дугаар албан бичигт “Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны баримтад газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоол болон холбогдох баримт байхгүй” гэснээр /хэргийн 115-р хуудас/ маргаан бүхий газар нь 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгагдсан эсэх нь тодорхойгүй байна. Харин Яруу сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Жаргалант багт 0,5 га газрыг 2 иргэнд өвөлжөөний зориулалтаар олгохоор тусгаж байсан байна. /хавтаст хэргийн 73-р тал/
6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зохицуулсан. Гэрч М.Мөнхтөр, Ч.Лувсанжав, Б.Болд нарын мэдүүлгээр сүүлийн 4, 5 жил нэхэмжлэгчийнх тухайн өвөлжөөнд өвөлжиж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд “Хар хад” нэртэй өвөлжөөнд 2017 оноос эхэлж эзэмшиж өвөлжиж байгаа, Нурамт нэртэй өвөлжөөг эзэмших сонирхолгүй, өөр хүнд зарсан тул тухайн хүнд газар эзэмших эрхийг шилжүүлэх сонирхолтой байгаа талаараа гуравдагч этгээд өөрөө тайлбарлаж байгаагаас үзэхэд Х.Лхагвасүрэн нь “Нурамт” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 121, 129, 132-р хуудас/
7. Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамж гэж байхгүй байхад гуравдагч этгээд Х.Лхагвасүрэнд уг 64 дүгээр захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн 0128472 дугаартай гэрчилгээ /хэргийн 7-р хуудас/ олгосон нь хууль бус, мөн тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул гуравдагч этгээдэд олгосон нэгж талбарын 81130000333 дугаар бүхий 0128472 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
8. Харин Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамж гэж байхгүй байх тул түүний холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн ойлголт байж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Мөн түүнчлэн Яруу сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан болох Д.Сүхбаатар нь 2008 онд Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэж “Нурамт” нэртэй өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх гэрээг Д.Нацагдоржтой байгуулж, газар эзэмшигчийг төлөөлж Х.Лхагвасүрэн гарын үсэг зурсан байгаагаас харахад газар эзэмшүүлэх гэрээг хэнтэй байгуулсан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй. /хавтаст хэргийн 84-85-р хуудас/
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Өвөлжөөг худалдан авсан талаар гэрчийн мэдүүлэг болон тайлбар нь зөрүүтэй байх тул Тувааны ярьж буй асуудал нотлогдохгүй байна” гэж маргажээ. Гэрч Ц.Эрдэнэдалай “...1992 онд цэргээс халагдаж ирээд Нурамтад өвөлжсөн. Нацагдоржийн хүргэн Лхагвасүрэн, Ш.Бямбанацаг, тэгээд манайх тус өвөлжөөнд амьдарч байсан. Туваан гэж хүнд сүүлд зарсан байх. Ш.Бямбанацаг, Туваан гэсэн хүмүүсийн хоорондын асуудал байгаа байх. Надад бол хамаагүй” гэж, гэрч Ш.Бямбанацагийн “1984 оноос эхэлж Нурамт өвөлжөөнд өвөлжсөн. Хуучин Шаалав гэдэг хүний өвөлжөө байсан. Нэгдлийн үе байсан тул бригадаас надад өгч байсан. 2001 оны хавар зуд болж тэрний дараа жил өвөлжөөгөө Туваанд өөрийнхөө болон Эрдэнэдалай буюу манай эхнэрийн дүүд оногдох хэсгээ өгсөн. Тухайн үед 200,000 төгрөгөөр зарсан” гэж, гэрч Б.Анхбаяр “...2000 онд Бямбанацаг хот руу шилжсэн. Тэр үед Туваан 20 гаруй бог зараад 200 мянга гаруй төгрөгөөр өвөлжөөг Бямбанацагаас худалдаж авч байсан. Яагаад сайн мэдэж байна гэхээр нэг өдөр Тувааныд очиход манай хонийг харж байгаач Бямбанацаг ахынд очиж мөнгийг нь өгөх гэсэн юм гэж надад хэлээд явж байсан юм. Тэр үед манайх саахалт байсан болохоор энэ талаар сайн санаж байна” гэж мэдүүлснээс үзэхэд маргаан бүхий өвөлжөөг худалдан авсан хугацааг зөрүүтэй мэдүүлсэн ч нэхэмжлэгчийн тухайн өвөлжөөг Ш.Бямбанацагаас худалдан авсан гэх тайлбарыг үгүйсгэхгүй байна гэж үзлээ. /хавтаст хэргийн 117-р хуудас, 180, 182-р тал/.
11. Маргаан бүхий өвөлжөөний газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн хашаа, саравч байгаа талаар тэмдэглэсэн байх боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь хэн нэгний эзэмшлийн хашаа саравч гэж тусдаа ялгасан зүйл байхгүй, анх байсан малын хашаа, саравчийг ашигладаг талаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийг өөрийн худалдан авсан хашаа, амбаарыг түлсэн тул түүнд оногдох хэсэг байхгүй гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 138-142-р хуудас/
12. Яруу сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад Б.Туваан, Х.Лхагвасүрэн нарын өвөлжөөний маргааныг хэлэлцэж, Х.Лхагвасүрэн 4 сая төгрөгийг хүүтэй нь, Б.Туваан 2 сая төгрөгийг хүүгүй Бямбад өгч хохиролгүй болгохоор, Б.Туваанд Нурамтын өвөлжөөг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 80-81-р хуудас/
13. Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэнд өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай” А/25 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Туваанд Нурамт нэртэй газрыг, гуравдагч этгээд Х.Лхагвасүрэнд Хар хад нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
14. Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Туваанд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн газар эзэмших эрх сэргэхгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь Хар хад нэртэй өвөлжөөний газрыг эзэмшдэг, А/25 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдэд Нурамт нэртэй өвөлжөөний газрыг эзэмших эрх шууд үүсэхгүй, түүний зөрчигдсөн гэх эрх тогтоогдохгүй байна.
15. Иймд гуравдагч этгээдийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Туваанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газар эзэмшигч нь “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй байна. Газрын төлбөр хураасан баримтаар гуравдагч этгээд 2015, 2018, 2019 онуудад, нэхэмжлэгч 2017 онд Нурамт нэртэй газрын төлбөрийг төлж байсан нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 103-106-р хуудас/ Газрын төлбөр төлж байснаар гуравдагч этгээдийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж шууд үзэх боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х.Лхагвасүрэнд олгогдсон нэгж талбарын 8113000333 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0128472 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.Лхагвасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгосугай.
2. Гуравдагч этгээд Х.Лхагвасүрэнгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Туваанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг /нийт 140400 төгрөг/-ийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Яруу сумын Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Туваанд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА