Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШЗ2018/01004

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 22 өдөр            Дугаар 101/ШЗ2018/01004          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.О гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б -д холбогдох

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.О нь шүүхэд гаргасан нэхэмлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.От над руу Өмнөговь аймагт ноолуурын ченж хийдэг Д 2016.05.05-ны өдөр 1-р өнгийн ноолуур хэрэгтэй байна авья гэхээр нь 1,501 кг 400гр ноолуур Улаанбаатар хот руу 2016 оны 02 сарын 10-нд оруулаад Д-тэй ярихад би Увс аймагт явна чи 99186868 дугаар руу яриад Б гэдэг хүнд өгчих гэхээр залгахад Дгийн ярьсан хүн мөн үү, би ноолуурыг чинь авах хүн байна гээд 96.588.200 төгрөгөөр авч өгөхөөр утсаар тохиролцон ноолуураа Боогий жолоочоор УБ хотод Эмээлт зах дээр Б-ийн түүхий эд авдаг цэг дээр нь буулгуулсан. Үүний дараа 2 хоноод би хотод Б-тай уулзахад ченж хийдэг хүний зовлонг ойлго хэд хоногоос мөнгийг чинь өгнө гээд хэд хоног хүлээх болсон. Ингээд мөнгийг цувуулж өгсөөр хамгийн сүүлд 2016 оны 7 сарын 10-нд 76.588.200 төгрөгийг өгөөд Б мөнгө өгөхгүй болохоор нь утсаар мөнгөө нэхэж хот 3-4 удаа орж ирж уулзаж чадахгүй байгаад Б төлбөр 20.000.000 төгрөг өгнө гээд өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд А.Бс 20.000.000 /хорин сая/ төгрөг тэмдэгтийн хураамж төлсөн 257.950 төгрөг бүгд 20.257.950 төгрөгийг гаргуулж өгнө үү.

20 сая төгрөг шаардаж байгаа болно. 2016 оны 5 сарын эхээр Өмнөговиос ноолуур аваад байж байтал Д залгаад ноолуур хэрэгтэй байна. Би хөдөө байна эмээлт дээр байгаа найз Бд өгчих гэсэн. Утсаар нь яриад үнээ яриад 5 сарын 11-нд хот уруу ачуулсан. Үнээ тохирсон. 2-3 хоноод мөнгө ирэхгүй болохоор нь араас иртэл ноолуурын үнэ унасан гэхдээ санаа зоволтгүй гэсэн. Тэгээд би 14 тонн ноолуур авсан чиний 1 тонн гайгүй гэсэн. Тэгээд би ойлгоод мөнгө авахаа хойшлуулсан. Цувуулаад мөнгөө өгөөд байсан. Хэзээ хэзээ мөнгө өгсөнийг санахгүй байна. Банкны хуулга өгсөн байгаа. Ноолуураа үйлдвэр уруу оруулсан удахгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 7 сард 10 сая төгрөг өгөөд түүнээс хойш мөнгө өгөөгүй. 2016 оны 8 сард би өөрөө хотод ирж уулзахад чиний 20 саяыг Д өгнө шүү гэсэн. Миний 20 саяыг Дд өгнө гэж зөвшөөрөл аваагүй, Д ч надад өгнө гээгүй. 10 сард нь дахин ирээд гэрт нь очиход нуугдаад байсан. Тэгээд Дтэй нь цуг уулзсан. Д нь өгөхөөр болсон. Тэгээд өгөх юм байна гэж бодтол Д нь утсаа авахаа больсон. Аргаа бараад СХД цагдаад өргөдөл өгсөн. 2017 оны 2 сарын 8-нд өгсөн. Улмаар Бг дуудаж байцаасан байна лээ. Гэтэл над уруу утасдаад дарамталсан. Би хүлээж байсан чинь цагдаа хэргийг хаасан байсан. Прокурор дээр очиход надад мэдэгдсэн гэсэн боловч надад мэдэгдээгүй байсан. Прокурор нь эрүүгийн биш иргэний хэрэг гэсэн болохоор шүүхэд хандсан. Бд л ноолуураа өгсөн, Б мөнгө өгч байсан болохоор Бгаас нэхэж байгаа. Бгийн ноолуураас миний ноолуур эхэлж зарагдсан. Минийх сайн ноолуур байсан тул эхэлж зарадсан, бас үнээ буулгасан гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Д холбож өгсөн байгаа. Б үнэ болон хэмжээгээ ярьж тохирсон байдаг. Б хүлээн авсанаа хэлсэн. Иймд Б төлөх ёстой. 4 удаа зарим мөнгийг өгсөн. Гэтэл гэнэт л Д-гээс мөнгө аваарай гэсэн. Амаар л яриахаар нь итгээд л Д-ээс авах юм бна гэж ойлгоод л за гэсэн. Гэтэл Д өгөөгүй утсаа авахаа больсон. Улмаар өмгөөлөгч эрүүгийн хэрэг гэсэн тул өргөдөл дээр тэр 2-г л бичнэ. Ингэснээр хэлцэл биш. Өр шилжсэн гэж байгаа бол Д-ээс төлнө гэсэн бичгийг нь аваад ирэх боломжтой байсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д. Б миний бие нь Ж.-иын эхэмжлэлтэй А.Б-д холбогдох иргэний хэрэгт А.Б-йн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон болно. Миний бие нь Ж.О гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

А. Б-нь нэхэмжлэлд дурдсан Д гэгчид мөнгө өгч хөдөө орон нутагт ноолуур бэлтгүүлдэг байсан бөгөөд Д нь бэлтгэсэн ноолуураа Ж.О гэгчээс хүлээн аваарай гэсний дагуу хүлээн авсан байдаг. Ж.Отгонсүрэн нь энэ 20 сая төгрөгний асуудлаараа СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулж байсан бөгөөд тус цагдаагийн газраас А.Б, Д нарыг шалгахад Д нь цагдаагийн байгууллага болон Ж.О нарт А.Б-г энэ хэрэгт хамааралгүй гэдгийг өөрөө хэлж мэдүүлж хамааралгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл А.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. үндэслэл нь: Хэрэгт байгаа баримтаар өргөдөл шалгасан байдаг. Нэхэмжлэгч нь анхнаасаа гаргахдаа Д Б нарт ноолуур өгсөн гэдэг. Нэхэмжлэл дээр ч гэсэн байдаг. Нэхэмжлэгчип хууль сануулж авсан тайлбарт Д Б нарт ноолуур өгсөн гэдэг. Эндээ болон сая хүртэл Д мөнгө өгөх болсон гэж хэллээ. Үүнээс харахад нэхэмжлээд байгаа мөнгө нь ганц Б төлөх юмуу эсвэл Д төлөх юм уу гэдэг нь тодорхойгүй. Б ноолуур авсан байна. Гэхдээ тайлбар дээр гурвуулаа уулзаад өрийн талаар ярилцсан байдаг. Иргэний хуулийн 124.1-д зааснаар өр нь шилжүүлж болохоор заасан байдаг. 2016 оны 10 сараас хойш энэ 3 хүний хэлцэлийн дагуу өр шилжих хэлцэл үүссэн байна. Иймд Б төлөх үндэслэлгүй. Д нь өөрөө төлнө гэлгээ хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэлцэл хийгдсэн. Иргэний хуулийн 42-т зааснаар амаар хэлцэл хийсэн. Өр шилжих хэлцэл нь амаар хийгдсэн. Хуульд зааснаар хүсэл зоригын илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Цагдаагийн газрын тэмдэглэлээр Д өрийг хүлээж авсан болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Онь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу ноолуур хүлээн авсан, үлдэгдэл төлбөр нь 20,000,000 төгрөг болох талаар маргаагүй боловч өр шилжсэн тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсч хариуцагч нь 1,501.4 кг ноолуур худалдан авсан, улмаар төлбөрийн зарим хэсгийг төлж, 20,000,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй болох нь хариуцагч А.Б-н 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн тайлбараар тогтоогдож байна. Зохигч хэн аль нь энэ үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч нь Д төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь мөрдөн байцаагчийн тэмдэглэлээр нотлогдоно. Иймд өр шилжсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д өр шилжих талаар зохицуулсан боловч энэ нь үүргийг өөртөө авч байгаа этгээд болон үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан зөвшөөрсөн байхыг шаарддаг. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд Д гэгч нь үүргийг буюу 20,000,000 төгрөгний төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Уг тэмдэглэлээр “О-г залилаагүй, наймааны асуудал дээрх маргаантай байгаа” гэснээр маргаан гэж үзсэн байх тул уг төлбөрийг төлөхийг зөвшөөрөөгүй байна. Иймд өр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Б-с 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД