Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1151

 

 

Ж.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01004 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д  холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О , түүний өмгөөлөгч Н.Энхбаатар,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт ноолуур аваад байж байтал Д.Д залгаад 1 дүгээр өнгийн ноолуур хэрэгтэй байна. Эмээлт дээр байгаа найз А.Б-д  өгчих гэсэн. Утсаар нь яриад үнээ яриад 5 сарын 11-ний өдөр ачуулж, улаанбаатар хотод Эмээлт зах дээр А.Б-гийн түүхий эд авдаг цэг дээр нь буулгуулсан. 1.501.400 кг ноолуурыг 96.588.200 төгрөгөөр худалдан авахаар утсаар тохиролцож, мөнгийг цувуулж өгсөөр хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 76.588.200 төгрөгийг өгч, үлдэгдэл 20.000.000 төгрөг өгнө гээд өнөөдрийг хүрч байна. Иймд А.Б-с  20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б-гийн төлөөлөгч Д.Бум-Аюуш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Б нь нэхэмжлэлд дурдсан Д.Д гэгчид мөнгө өгч хөдөө орон нутагт ноолуур бэлтгүүлдэг байсан бөгөөд Д.Д нь бэлтгэсэн ноолуураа Ж.О  гэгчээс хүлээн аваарай гэсний дагуу хүлээн авсан байдаг. Ж.О  нь энэ 20 сая төгрөгийн асуудлаараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгуулж байсан бөгөөд тус цагдаагийн газраас А.Б, Д.Д нарыг шалгахад Д.Д нь цагдаагийн байгууллага болон Ж.О  нарт А.Б-г энэ хэрэгт хамааралгүй гэдгийг өөрөө хэлж мэдүүлж хамааралгүй гэдэг нь тогтоогдсон. А.Б ноолуур авсан байна. Гэхдээ тайлбар дээр гурвуулаа уулзаад өрийн талаар ярилцсан байдаг. Иргэний хуулийн 124.1-д зааснаар өр нь шилжүүлж болохоор заасан байдаг. 2016 оны 10 сараас хойш энэ 3 хүний хэлцэлийн дагуу өр шилжих хэлцэл үүссэн байна. Иймд А.Б төлөх үндэслэлгүй. Д.Д нь өөрөө төлнө гэдгээ хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Б-с  20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д өр шилжих талаар зохицуулсан боловч энэ нь үүргийг өөртөө авч байгаа этгээд болон үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан зөвшөөрсөн байхыг шаарддаг. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд Д.Д гэгч нь үүргийг буюу 20 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Уг тэмдэглэлээр "Ж.О-г залилаагүй, наймааны асуудал маргаантай байгаа" гэснээр маргаан гэж үзсэн байх тул уг төлбөрийг төлөхийг зөвшөөрөөгүй байна. Иймд өр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсанд нэхэмжлэгч Ж.О-ийн тайлбарыг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэн авахдаа Ж.О-д 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг үйлдэж, Ж.О-ийн мэдүүлэгт хавтаст хэргийн 6 дугаар талд "Тэгээд нэг хэсэг Д.Д утсаа авахгүй алга болсон. Би хөөцөлдөж явж байж 2016 оны 10 сард Д.Д, А.Б нарыг олж бид гурав уулзахад Д.Д надад үлдсэн 20 сая төгрөг өгөхөөр болсон Д.Д би А.Б-с  20 сая төгрөг авснаа зөвшөөрч байна гэж хэлсэн Д.Д надад 20 сая төгрөгөө өгөөгүй, утсаа ч авахгүй болчихоод байна. " гэх мэдүүлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэгдэн авагдсан. Энэхүү мэдүүлгээр талууд худалдах, худалдан авах гэрээг дүгнэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 20 сая төгрөгийн өрийн талаар харилцан тохиролцсон гэж миний бие үзэж байна. Иймээс дээрх худалдах худалдан авах гэрээг дүгнэн өрийг шилжүүлж буй үйл баримт нь дээрх хуульд заасан аргаар бэхжүүлэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.О  нь хариуцагч А.Б-д  холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч А.Б нь 1 501.4 кг ноолуурыг нийт 96 588 200 төгрөгөөр нэхэмжлэгч Ж.О-с  2016 оны 02 сарын 10-ны өдөр худалдан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний зүйлийн хэмжээ, үнийн талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Ж.О-с  гэрээний зүйл болох 1 501.4 кг ноолуурыг хүлээн авсан, “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн  тохирсон үнийг төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, цагдаагийн байгууллагад өгсөн Ж.О , А.Б нарын тайлбар зэрэг бичмэл нотлох баримт, гэрч Д.Болормаагийн мэдүүлэг, гэрээний  үнийг Ж.О-д төлж байсан талаарх ХААН банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдсон байна.

   Иймд анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

  Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар худалдах, худалдан авах гэрээний үүрэг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар бусдад /Д.Д-д/ шилжсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.