Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 318

 

"Н Ф ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03878 дугаар шийдвэртэй,”Н Ф ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5 804 733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.А-т 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 2 050 000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Хьюндай Грэйс маркийн 00-00 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь зээлийн хүү, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй тул удаа дараа шаардаж байсан ч төлбөр хийхгүйгээр алга болсон.

Хаягтаа оршин суухаа больсон тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрээр хаягийг тогтоож, зээлийн гэрээний үүргийн төлбөрийг нэхэмжилж байгаа тул үндсэн зээл 2 050 000 төгрөг, хүү 3 088 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595 866 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 5 804 733 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2 050 000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Хьюндай Грэйс маркийн 00-00 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Миний бие үйлдвэрлэлийн осолд орж хүнд гэмтэл авснаар нүдний хагалгаанд орох эмчилгээний зардал болгож зээл авсан боловч хагалгааны дараа хөдөлмөрийн чадвар алдаж ажлаа хийж чадаагүй, ажил орлогогүйн улмаас зээлийг төлж чадаагүй нь үнэн. Энэ хугацаанд зээлдүүлэгч талаас гэрт ирж хаалга үүд нүдэх нь орлогогүй надад болон гэр бүлийнхэнд их хүнд байсан.

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хьюндай Грэйс 00-00 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүрийн хамт өөрийн танил н.Болд, н.Уранбат нараар хүргүүлсэн, би хүргэж өгсөн гэж бодож байсан гэтэл барьцааны тээврийн хэрэгсэл алга болсон ба бичиг баримт нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа. Миний бие энэ мөнгийг төлөх боломжгүй, барьцааны хөрөнгө хаана байгааг олж тогтоож, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А-аас 5 688 566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н Ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116 167 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.А-аас 70 217 төгрөг гаргуулан “Н Ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч компани хариуцагчаас 5 804 733 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч 2 050 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний барьцаанд Хьюндай Грэйс маркийн 00-00 УБП улсын дугаартай 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг барьцаалсан.

2017 оны 5 дугаар сард хариуцагч нь нэхэмжлэгч компанийн байранд биечлэн очиж үндсэн зээл 2 050 000 төгрөгийг төлнө гэхэд хүлээн аваагүй. Тус компанийн менежер ажилтай Э.Мөнх-Орших барьцааны зээлийн дагуу тээврийн хэрэгслийг гэрчилгээ болон түлхүүрийг хүлээлгэн өг гэсэн тул өөрийн танил болох Э.Болдбаатар, Г.Уранбат нарт тээврийн хэрэгслийг гэрчилгээ, түлхүүрийн хамт өгч тэдгээр нь Э.Мөнх-Оршихт хүлээлгэн өгсөн байдаг.

Хэргийн 9 дүгээр талд авагдсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх тухай” ЗГ2016/03/19 тоот гэрээг 2016 оны 3 дугаар  сарын 30-ны өдөр байгуулсан ба 3.1.3-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг зээлдэгч барьцаалж, хөрөнгийг шүүхийн бус журмаар хураана гэх заалтыг үндэслэж, тээврийн хэрэгслийг гэрчилгээ, түлхүүрийн хамт өгсөн.

Энэ тухай тодруулахаар Э.Болдбаатар, Г.Уранбат, Э.Мөнх-Орших нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хаяг, байршил тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Харин тээврийн хэрэгслийг талуудын хэн нь эзэмшигч болох талаарх лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүх хангасан. Уг лавлагаанд дээрх тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь тогтоогдсон.

Хариуцагч барьцаалагдсан Хьюндай Грэйс маркийн тээврийн хэрэгслээ дахин олж хараагүй. Үндсэн зээл, зээлийн хүүг төлөхөөс гадна барьцаа хөрөнгөөр хохирч байгааг тодруулахаар гэрч Э.Болдбаатар, Г.Уранбат нарын хаяг, байршил, утасны дугаарыг олж шүүх хуралдааны явцад өгөх гэсэн боловч хүлээж авахгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчим, агуулгыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой  хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч”Н Ф ББСБ” ХХК- нь хариуцагч Н.А-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 5 804 733 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангасан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож ЗГ2016/03/19 дугаартай зээлийн гэрээ, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” тус тус байгуулсан талаар болон зээлдэгч зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй зэрэгт маргаагүй.

 

Харин, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг автомашин барьцаалсан гэж,  хариуцагч нь фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл болон түлхүүрийг бичиг баримтын хамт нэхэмжлэгч талд хүргүүлсэн, үүрэг дуусгавар болсон талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Э.Болдбаатар, Г.Уранбат, Э.Мөнх-Орших нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байна.

 

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ гэрчүүдтэй холбоо барих албан ёсны хаяг болон мэдээлэл дутуу байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хариуцагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

 

Иймд шүүх маргааны үйл баримтад ач холбогдолтой байж болох фидуцийн гэрээний зүйлийн талаар хариуцагч талын гаргасан хүсэлт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эсэхийг анхаарах байжээ. Дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тохиолдолд шүүхээс тухайн маргаанд хамаарах эрх зүйн харилцаа, түүнийг зохицуулсан  хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх нөхцөл бүрдэх боломжтой болох юм.

 

            Түүнчлэн шүүх хэргийн 36 дугаар талд авагдсан баримтаар фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь уг гэрээг байгуулахаас өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч”Н Ф ББСБ” ХХК--ийн өмчлөлд шилжсэн байгааг анхаараагүй байна.

 

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу улсын тэмдэгтийн хураамжийг шүүх талуудад хуваарилан шийдвэрлэхдээ хариуцагчаас 70 217 төгрөг гаргуулахаар заасан нь түүний төлөх төлбөрийн хэмжээнд дүйцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА