Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 320

 

 “Б С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03733 дугаар шийдвэртэй, “Б С” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т”СӨХ-д холбогдох, 20 740 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нийт 18 003 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Б С” ХХК- нь “Т”СӨХ-той 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” -ний дагуу “Түмэн наст” хотхоны 36 А, 36 Б, 36 В байрны буюу нийт 512 айлын орон сууцны оршин суугчдын тав тух, аюулгүй орчныг бүрдүүлж гурван ээлжээр 24 цагийн турш 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд ажилласан.

Талууд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дээрх гэрээг харилцан дүгнэж, тооцоо нийлж, нийт 8 сарын ажлын хөлс болох 20 740 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид төлөхөө хүлээн зөвшөөрсөн.Мөн тухайн үед бэлнээр төлөх боломжгүй байгааг илэрхийлж “Т” хотхоны 36А байрны 2 дугаар орцны 13 дугаар давхрын 45 м.кв техникийн өрөөг 15 жилийн хугацаатай, үнэ төлбөргүй ашиглах санал тавьсан. Нэхэмжлэгч компани тус хотхонд харуул хамгаалалтын ажлыг олон жил хийх боломжтой гэж үзэж ажилчдыг байрлуулах зорилгоор хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл уг өрөөг суллаж өгөөгүй бөгөөд одоо “Т” хотхонд харуул хамгаалалтын ажил гүйцэтгэхгүй тул техникийн өрөөг ашиглах шаардлагагүй болсон. Иймд гэрээт харуул хамгаалалтын ажлын үлдэгдэл хөлс болох 20 740 000 төгрөгийг тооцоо нийлсэн актын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэх гэрээ, уг гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн гэх актыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед барилгыг барьж ашиглалтад оруулсан “Бэрэн констракшн энд автомэйшн” ХХК нь Сууц өмчлөгчдийн холбоог хариуцан ажиллуулдаг байсан. Оршин суугчдын бүх гишүүдийн хурлыг хийж сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй, 6 хамгаалагч ажиллуулах талаар гишүүдээс зөвшөөрөл аваагүй, оршин суугчдад мэдэгдээгүй, хууль бусаар авсан тамга тэмдгийг ашиглан өөрийн компанийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хийгдсэн гэрээ гэж үзэж байна.

Одоо 3 жижүүр ээлжлэн, сарын 480 000 төгрөгийн цалингаар ажилладаг гэсэн. 2014 онд 660 000 төгрөгөөр хамгаалагч ажиллуулахаар тохирсон гэдэг нь өндөр дүнтэй гэж үзэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны төсөв хүрэлцээ муутай байдаг. Тухайн үеийн удирдах зөвлөлийн дарга н.Мөнхцэцэг нь удирдах зөвлөлийн дарга н.Оюунгэрэлийн төрсөн охин, захирал байсан Б.Нямцэрэн нь н.Оюунгэрэлийн худ гээд хоорондоо холбоотой хүмүүс байсан.

Одоо Сууц өмчлөгчдийн холбоонд 20 740 000 төгрөг төлөх төсөв байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Т”СӨХ нь дээрх аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь тус хотхоны 36А, 36Б, 36В байрыг барьж ашиглалтад оруулсан “Бэрэн констракшн энд автомэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нь “Т”СӨХ-ны захирлын ажлыг албан бусаар хавсран гүйцэтгэж байсан гэж 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дурдсан байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3  дахь хэсэгт зааснаар холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна, 6 дугаар зүйлийн 6.1.6-д ...сууц өмчлөгч бүрээс эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууц байшингийн дундын харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 7.2.7-д байшин болон харуул хамгаалалтын асуудал, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт бүх гишүүдийн 50 хувиас дээш оролцсон тохиолдолд хурал хүчин төгөлдөр болно, 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүд болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн эд хөрөнгөөр барагдуулна гэж заасан байна.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасныг тус тус зөрчин хууль бусаар бүх гишүүдээр хэлэлцэж батлаагүй тарифыг оршин суугчдын өмнөөс тамга тэмдгийг ашиглан хийсэн халхавч гэрээ учир хүчин төгөлдөр бусд тооцож оршин суугч бидний эрхийг хамгаалж өгнө үү.

Дээрх гэрээ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 7.2.7-д зааснаар байшин болон харуул хамгаалалтын асуудал дээрх 2 заалтыг ноцтой зөрчиж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх тул энэхүү гэрээний нэрийн дор сууц өмчлөгчдийн холбооноос 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан 3 960 000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдрийн 3 703 590 төгрөг, 6 дугаар сарын 12-ны өдрийн 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3 600 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдрийн 1 740 000 төгрөг, нийт 18 003 590 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “Б С” ХХК--ийн гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 жилийн хугацаатай авсан ба 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш сунгуулсан талаарх гэрчилгээ байхгүй байгааг татварын өртэй учир гэрчилгээг өгөөгүй гэж хамгаалалтын албаны дарга тайлбарласан.

Баянзүрх дүүргийн Засаг даргаас н.Нямцэрэн, н.Хишигбат, н.Батбаяр нарыг гүйцэтгэх захирал биш гэдэг шийдвэр гараагүй. Эдгээр хүмүүс хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд Сууц өмчлөгчдийн хурлаар хэлэлцээгүй гэж хариуцагч тал тайлбарладаг.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт ...гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна гэж заасны дагуу тухайн үеийн гүйцэтгэх захирлуудаас учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын дотоод зохион байгуулалтыг мэдэхгүй. Тухайн үед сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээнд бүртгэлтэй хууль ёсны гүйцэтгэх захирал байсан хүмүүстэй гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирлаар томилогдсон нь хууль бус гэдгийг тогтоосон үйл баримт  байхгүй.

Иргэний хуулийн 56.1.2, 56.1.4, 56.1.8-д зааснаар дүр үзүүлсэн, ямар нэгэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ учир хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Иргэний хуульд зааснаар талууд хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог. Төлбөр гүйцэтгэснээр үүргийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.

“Т”СӨХ-ны 3 дахь захирал н.Хишигбат 20 740 000 төгрөгийг “Бэрэн секьюрити” ХХК-д төлөх нь зүйтэй гэж бичсэн. н.Хишигбатаас өмнөх захирлууд мөн үлдэгдэл төлбөрийг өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр н.Хишигбат захирал төлөхөө зөвшөөрсөн.

Манай компани харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Т”СӨХ-оос 1 796 410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б С” ХХК--д олгож, нэхэмжлэлээс 18 943 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “Б С” ХХК- болон “Т”СӨХ-ны хооронд 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлээс 18 003 590 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 261 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 687 400 төгрөгөөс илүү төлсөн 43 882 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Түмэн наст СӨХ-д олгож, үлдэх 643 518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43 692 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бэрэнсекюрити” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 395 550 төгрөгийг гаргуулж хариуцагч Түмэннаст СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж 20 740 000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд байгуулагдсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” нь хөлсөөр ажиллах гэрээний төрөлд хамаарах тул заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй.

            Мөн шүүх тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ холбогдох хуулийн зүйл заалтыг шийдвэртээ тусгаагүй. Иймд “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул үндсэн нэхэмжлэлээс 18 943 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 18 943 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...дээр дурдсан нөхцөл байдлаас “Т”хотхоны 36А, 36Б, 36В орон сууцнуудын хашааны үүдэн дэх байранд 3 харуул 24 цагаар ээлжлэн ажиллах боломжтой байсан гэж дүгнэн, талуудын тохирсноор тус бүрийг 660 000 төгрөг буюу сард 1 980 000 төгрөгөөр тооцвол 12 сард 23 760 000 төгрөгийг төлөхөөр  тооцох нь зүйтэй.

“...”Т”СӨХ-ноос “Б С” ХХК--ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 406077178 тоот данс руу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3 960 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3 960 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3 703 590 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3 600 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 740 000 төгрөг нийт 21 693 590 төгрөг болох нь “Т”СӨХ-ны “Төрийн банк” ХХК-ийн 105700435878 тоот дансны хуулгаар тогтоогдож байна...” гэжээ.

2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Б С” ХХК--ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 406077178 тоот данс руу “Т”СӨХ-ны “Төрийн банк” ХХК-ийн 105700435878 тоот данснаас 1 980 000 төгрөг шилжсэн нь орхигдож дээрх тооцоонд ороогүй байгааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй байх тул шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Б С” ХХК-, хариуцагч “Т”СӨХ-оос 20 740 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 18 003 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргасан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 20 740 000 төгрөгийг шаардсан, хариуцагч дээрх гэрээ болон тооцоо нийлсэн акт зэргийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, гэрээний хугацаанд төлөгдсөн 18 003 590 төгрөгийг нэхэмжлэгч талаас буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г байгуулах үед нэхэмжлэгч компани нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйл мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.3 дахь хэсэгт тус тус зааснаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан нь баримтаар тогтоогдоогүй тул хуульд заасан шаардлага хангаагүй этгээд гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх5-6, 156/

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б С” ХХК--иас “Т”СӨХ-ны хариуцдаг 36А, 36Б, 36В байруудад харуул, хамгаалалтын ажил хийсэн тухай харуулын тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар нийт 7 дэвтрийн 442 хуудас материалд үзлэг хийсэн нь хэргийн 129-131 дүгээр талд авагдсан байна.

 

Шүүх дээрх үзлэгийн тэмдэглэлийг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэснээр нэхэмжлэгч тал хариуцагч “Т”СӨХ-д хамаарах орон сууцны байруудад харуулын үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул ажилласан хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байна.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн боловч дээрх нотлох баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч талаас хариуцагчид харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх хариуцагч “Т”СӨХ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гурван ээлжээр 24 цагийн турш гэрээнд зааснаар 6 хамгаалагч ажилласан гэж тайлбарлах боловч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт зэргээр дээрх хугацаанд 6 хамгаалагч  тасралтгүй ажилласан байдал тогтоогдохгүй байна. Үүнтэй холбоотойгоор шүүх 3 харуул 24 цагаар ээлжлэн ажиллах боломжтой байсан гэж дүгнэн, ажлын хөлсийг талуудын тохирсон 660 000 төгрөг буюу сарын 1 980 000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаанд хариуцагчийн төлвөл зохих төлбөрийг 23 760 000 төгрөг гэж тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ “талуудын байгуулсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ тул хэлбэрийн шаардлага тавихгүй, тооцоо нийлсэн акт хүчинтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаас 18 943 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

Хариуцагч талын хувьд “анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг тооцохдоо 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1 980 000 төгрөгийг орхигдуулсан” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг үндэслэн “Төрийн банк” ХХК-иас хариуцагч “Т”СӨХ-ны эзэмшдэг 105700435878 тоот депозит дансны 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан нь хэргийн 81-116 дугаар талд авагджээ.

 

Шүүх шийдвэртээ, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрүүдийг дээрх дансны хуулгаас түүвэрлэн тооцохдоо 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1 980 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1 980 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 800 000 төгрөгийн төлөлтүүдийг орхигдуулсан байна. Иймээс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 800 000 төгрөгийн төлөлт нэхэмжлэлийн шаардлагын буюу харуул хамгаалалт ажилласан хугацаанд хамаарах тул дээрх төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэж тооцно.

 

Харин, нэхэмжлэгчийн дурдаж буй хугацаанд үл хамаарах 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3 960 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1 980 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1 980 000 төгрөгийн төлөлтүүдийг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэсэн 23 760 000 төгрөгийн мөнгөн дүнгээс нэхэмжлэлд хамаарах 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 960 000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдрийн 3 703 590 төгрөг, 6 дугаар сарын 12-ны өдрийн 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3 600 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдрийн 1 740 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 800 000 төгрөг, нийт 19 803 590 төгрөгийг хасч тооцохоор байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас нийт 3 956 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03733 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Т”СӨХ-ноос 3 956 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б С” ХХК--д олгож, нэхэмжлэлээс 16 783 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч “Т”СӨХ-ноос 78 252 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б С” ХХК--д олгож” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 668 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 46 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                    ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА