Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00909

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03733 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаар магадлалтай

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” СӨХ-д холбогдох,

“Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 20 740 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 18 003 590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь “Т” СӨХ-тэй 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу Т хотхоны 36 А, 36 Б, 36 В байрны буюу нийт 512 айлын орон сууцны оршин суугчдын тав тух, аюулгүй орчныг бүрдүүлж гурван ээлжээр 24 цагийн турш 2014 оны 03 дугаар сарын 06 -ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд ажилласан. Бид 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г харилцан дүгнэж, тооцоо нийлсэн. Тус тооцооны дагуу нийт 8 сарын ажлын хөлс болох 20,740,000 төгрөгийг “Т” СӨХ нь “Б” ХХК-д төлөөгүй бөгөөд төлөхөө хүлээн зөвшөөрсөн. “Т” СӨХ нь тухайн үед үнийн дүнг бэлнээр төлөх боломжгүй байгааг илэрхийлж Т хотхоны 36А байрны 2 дугаар орцны 13 дугаар давхарын 45м.кв техникийн өрөөг 15 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүйгээр ашиглах санал тавьсан. Тухайн үед манай компани Т хотхонд харуул хамгаалалтын ажлыг олон жил хийх боломжтой гэж үзэж ажилчдыг байрлуулах зорилгоор хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тус техникийн өрөөг манай компанид суллаж өгөөгүй, мөн манай компани одоо Т хотхонд харуул хамгаалалтын ажил гүйцэтгэхгүй тул техникийн өрөөг ашиглах шаардлага байхгүй юм. Иймд гэрээт харуул хамгаалалтын ажлын үлдэгдэл хөлс болох 20 740 000 төгрөгийг тооцоо нийлсэн актын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” СӨХ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэх гэрээ, болон тооцоо нийлсэн гэх актыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед барилгыг барьж ашиглалтад оруулсан “Бэрэн констракшн энд автомэйшн” ХХК нь СӨХ-ийг хариуцан ажиллуулдаг байсан. Оршин суугчдын бүх гишүүдийн хурлыг хийж СӨХ-г байгуулаагүй, хууль зөрчиж оршин суугчдад мэдэгдээгүй ба хууль бусаар авсан тамга тэмдгийг ашиглан өөрийн компанийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна. 6 хамгаалагч ажиллуулах талаар гишүүдээс зөвшөөрөл аваагүй. Одоо 3 жижүүр ээлжлээд ажилладаг, цалин нь 480 000 төгрөг орчим гэсэн. 2014 онд 660 000 төгрөгөөр хамгаалагч ажиллуулахаар тохирсон гэдэг нь өндөр дүнтэй гэж үзэж байна. СӨХ-ны төсөв хүрэлцээ муутай. Тухайн үеийн удирдах зөвлөлийн дарга Мөнхцэцэг нь удирдах зөвлөлийн дарга Оюунгэрэлийн төрсөн охин, захирал байсан Б.Нямцэрэн нь Оюунгэрэлийн худ гээд хоорондоо холбоотой хүмүүс байсан. Тус СӨХ-нд 20 740 000 төгрөг төлөх төсөв байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т” СӨХ нь дээрх “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Т хотхоны 36А, 36Б, 36В байрыг барьж ашиглалтад оруулсан Бэрэн констракшн энд автомэшн компанийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нь “Т” СӨХ-ны захирлын ажлыг албан бусаар хавсран гүйцэтгэж байсан гэж 2014 оны 04 сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дурдсан байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна, 6 дугаар зүйлийн 6.1.6-д Сууц өмчлөгч бүрээс эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууц байшингийн дундын харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, 6.2-т Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 7 дугаар зүйлийн 7.2-т Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 7.2.7.-д Байшин болон харуул хамгаалалтын асуудал, 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50%-дээш оролцсон тохиолдолд хурал хүчин төгөлдөр болно, 12 дугаар зүйлийн 12.6-д Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүд болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн эд хөрөнгөөр барагдуулна гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.4, 56.1.8 дахь заалтуудыг зөрчин хууль бусаар Бүх гишүүдээр хэлэлцэж батлаагүй тарифыг оршин суугчдын өмнөөс тамга тэмдгийг ашиглан хийсэн халхавч гэрээ учир бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс энэхүү Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ гэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж оршин суугч бидний эрхийг хамгаалж өгнө үү.

Мөн “Т” СӨХ нь “Б” ХХК-тай байгуулсан гэх харуул хамгаалалтын гэрээ нь Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж энэхүү гэрээний нэрийн дор тус СӨХ-оос 2014 оны 03 сарын 21-ны өдөр авсан 3 960 000, 05 сарын 20-ны өдөр 3 703 590, 6 сарын 12-нд 5 000 000, 9 сарын 04-нд 3 600 000, 10 сарын 30-нд 1 740 000 нийт 18 003 590 төгрөгийг тус хотхоны СӨХ-ны дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний мөнгөнөөс хууль бусаар авсан байх тул гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 56.1.2, 56.1.4, 56.1.8-д заасан дүр үзүүлсэн, ямар нэгэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш юм. Энэ гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ учир хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Иргэний хуульд зааснаар талууд хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог. Төлбөр гүйцэтгэснээр үүргийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. Үүний дагуу “Т” СӨХ-ны 3 дахь захирал Хишигбат тайлбар гаргасан. Үүнд 20 740 000 төгрөгийг “Б” ХХК-д төлөх нь зүйтэй гэж бичсэн. Хишигбатаас өмнөх захирлууд ч энэхүү үлдэгдэл төлбөрийг өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Эдгээр захирлууд нь бүгд эрх бүхий захирлууд бөгөөд хууль бусаар томилогдсон зүйл тогтоогдоогүй. Нямсүрэн захирал хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хишигбат захирал нь хамгаалалтын хөлс төлөхөө зөвшөөрсөн. Манай компани харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн гэдэг нь үзлэгээр тогтоогдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03733 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т СӨХ-ноос 1,796,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэрэнсекьюрити ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,943,590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК болон Түмэн наст СӨХ нарын хооронд байгуулагдсан 2014 оны 3 сарын 4-ний өдрийн Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлээс 18,003,590 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 261,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 687,400 төгрөгөөс илүү төлсөн 43,882 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Түмэн наст СӨХ-нд буцаан олгож, үлдэх 643,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Түмэн наст СӨХ-ноос 43,692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бэрэнсекюрити ХХК-д олгож, нэхэмжлэгч Бэрэнсекюрити ХХК-иас 395,550 төгрөгийг гаргуулж хариуцагч Т СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03733 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” СӨХ-ноос 3 956 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бэрэнсекьюрити” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16 783 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч “Т” СӨХ-ноос 78 252 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч “Бэрэнсекьюрити” ХХК-д олгож” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 668 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 46 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Харин, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гурван ээлжээр 24 цагийн турш гэрээнд зааснаар 6 хамгаалагч ажилласан гэж тайлбарлах боловч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт зэргээр дээрх хугацаанд 6 хамгаалагч тасралтгүй ажилласан байдал тогтоогдохгүй байна. Үүнтэй холбоотойгоор шүүх 3 харуул 24 цагаар ээлжлэн ажиллах боломжтой байсан гэж дүгнэн, ажлын хөлсийг талуудын тохирсон 660 000 төгрөг буюу сарын 1 980 000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаанд хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг 23 760 000 төгрөг гэж тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ.

Үзлэг хийсэн тэмдэглэлд болон гэрээт харуул хамгаалалт хийсэн тухай рапортын дэвтэрт тухайн гэрээт харуулын цэг дээр нийт 4 постонд 12 цагийн 2 ээлжээр гэрээт хугацаанд тасралтгүй 24 цагаар 6 харуул болон ээлжийн ахлагч нартай нийлэн нийт 12 хамгаалагч ажиллаж байсан нь тодорхой баримтаар нотлогддог. Гэтэл шүүхээс 24 цагаар хамгаалагч ажиллах боломжтой байсан гэж өөрийн үзэмжээр дүгнэлт хийж нотлох баримтыг буруу дүгнэн шийдвэрлэсэн. Шүүх тухайн үед 3 хамгаалагчаар 24 цаг ажиллах боломжтой байсан гэж яаж далдыг харж мэдээд хараад байгааг ойлгохгүй байна.

“Түмэн наст” СӨХ-ийн хууль ёсны гүйцэтгэх захирал болох Нямцэрэн, Хишигбат нар нэхэмжилж буй 20 740 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн албан тоот, гэрээ дүгнэсэн акт хэрэгт авагдсан байгаа.

Мөн гэрээ дүгнэсэн актын хавсралт болох нэхэмжлэх хэсэгт заасан 2014 оны 11 сарын ажлын хөлс 3 хамгаалагч, 2014 оны 12 сарын ажлын хөлс 3 хамгаалагч, 2015 оны 2 сарын ажлын хөлс 3 хамгаалагч гэснийг 3 хамгаалагч нар ажиллаж байсан мэтээр мушгин буруу тайлбарлаж байна, энэ саруудад 6 хамгаалагч ажилласан бөгөөд харин 3 хамгаалагчийнхаа ажлын хөлсийг тухайн 3 сард бүрэн өгөөгүй байсан учир гэрээ дүгнэх үед үлдэгдэл 3 хамгаалагчийн ажлын хөлсийг дутуу байдлаар нэхэмжлэхэд бичсэн юм.

Гэтэл ерөөсөө 3 хамгаалагч л ажиллах ёстой байсан, 6 хамгаалагч ажиллах ёсгүй байсан гэж шүүх үзэж дүгнээд байгаад гомдолтой байна.

Иймд шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг ИХШХШТХуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянуулахыг хүсч байна.

Т хотхоны СӨХ-ны удирдах зөвлөлийн 2014-01-20-ны өдрийн хурлын тэмдэглэлд: Удирдах зөвлөлийн дарга Б.Сарангэрэл: ...”Т” СӨХ-ны захирлыг шинээр сонгон томилох тухай юм. Тус хугацаанд 2013 оны сараас 2013 оны 9 сар хүртэлх хугацаанд СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.Мөнхцэцэг ажиллаж байсан ба 2013 оны 9 сараас албан бусаар “Бэрэн констракшн энд автомэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр олон ч асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсээр ирсэн. ...Миний хувьд Ц.Батбаяр захирлыг СӨХ-ны шинэ захирлаар томилох саналтай байна.

...Шийдвэрлэсэн нь: “Т” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Цэдэнсодном овогтой Батбаярыг томилохоор гишүүд бүгд санал нэгтэйгээр дэмжиж шийдвэрлэв гэжээ.

Энэ үйл баримтаас Т хотхоны барилгыг барьсан “Бэрэн энд автомэйшн” ХХК-ны захирал нь Тус СӨХ-ны холбооны гүйцэтгэх захирап болсноор дээрхи барилгын компанид илт давуу байдал бий болж СӨХ-ны өдөр дутмын үйл ажиллагаанд оролцдоггүй тухайн үед 504 айл буюу өнөөгийн байдлаар 493 айл бүхий оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл ойшоож Бэрэн компанийн өөрийн нэгэн салбар болох Б /үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй/ компанитайгаа “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын” (Ажлын хөлс нь маш өндөр зардалтай) гэрээг байгуулсан нь тухайн үедээ оршин суугчдын хурлаар хэлэлцэгдээгүйн гайгаар төсөв хөрөнгө нь батлагдаагүйгээс төлөгдөх боломж нь алдагдаж 20 740 000 төгрөгийн өр үүсч, он дамжсаар байгаа ба энэхүү гэрээг өнгөцхөн харвал хоёр этгээдийн хууль ёсны тохироо мэт харагдах ч цаанаа хуулийн этгээдийн эрхгүй, өөрийн гэсэн тухайлсан өмч хөрөнгөгүй, ашгийн бус “Т” СӨХ-ны эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа нь СӨХЭЗБНЗОСБДӨЭХТ хуулийн 7-р зүйлийн 7.2.-т Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 7.2.7.-д Байшин болон орцны харуул хамгаалалтын асуудлыг заавал хэлэлцэн шийдвэрлэсэн байх тухай СӨХ-ны нарийвчилсан заалт бүхий хуулийг ноцтой зөрчигдсөнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд огт анзаарч ач холбогдол өгөөгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж гаргасан гомдлыг хянан үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“Б” ХХК нь “Т” СӨХ-д холбогдуулан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 20 740 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 18 003 590 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 796 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 18 943 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, 18 003 590 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3 956 410 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

“Б” ХХК нэхэмжлэлээ “...2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр...   “Т” СӨХ-той “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу нэг жилийн хугацаанд 6 хамгаалагч үүрэг гүйцэтгэсэн. Нэг хамгаалагчийн сарын хөлсийг 660 000 төгрөгөөр тохирсон, 2015 оны 5 дугаар сард тооцоо нийлж, үлдэгдэл  20 740 000 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарласан байна. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээ хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 18 003 590 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.7.-д хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заажээ.

Нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохоо нотлоогүй байх бөгөөд Нийслэлийн цагдаагийн газарт бүртгүүлсэн гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ бүртгүүлсэн нэг жилийн хугацаа өнгөрсний дараа хариуцагчтай “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8 дахь заалтад нийцсэн байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг тул хариуцагч 18 003 590 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлнө.

Нэхэмжлэгч маргаж буй хугацаанд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд харуул хамгаалалтын 6 ажилтан ажиллуулсан гэх тайлбараа нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлвэл, шүүх ажилласан хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээс төлөгдсөн төлбөрийг хасч, үлдсэн 1 796 410 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байх ба хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь буруу биш байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзаяагийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяраас төлсөн 241 868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” СӨХ-оос төлсөн 78 253 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ     

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД