Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2018/01210

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2018/01210

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Өндөр овогт Дагвын Баяраагийн /регистрийн дугаар: ОЕ72091112/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Б.Чинбат, Д.Мөнхбаатар, гэрч Х.Оюунболд, Д.Амарсанаа, Б.Бүдрагчаа, Ц.Баярцэнгэл, С.Гантогоо, М.Чинболд, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоож, 2017 оны 11 дүгээр 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах. Д.Баяраа миний бие 1992 оноос эхлэн /1 жилийн хугацаанд цэргийн алба хаасан/ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Автотээврийн байгууллагад засварчин, мастер, засварын хэсгийн даргаар 2017 оны 11 дүгээр 06- ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 жил 10 сар тасралтгүй ажилласан болно. Миний бие дээрх хугацаанд тус үйлвдэрт ажиллахдаа шударга ёсыг эрхэмлэн, хамт олноо хүндэтгэн энэ үйлдвэрт хоёргүй сэтгэлээр, өөрийн хүч хөдөлмөрөө зориулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэж, үйлдвэрлэлийн болон технологийн ямар нэг алдаа гаргаагүй, өмч хөрөнгө үрэгдүүлээгүй, үнэнч шударгаар ажилласан. Гэтэл тус үйлвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг түр эзгүйд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэд захирал Д.Шинэбаатар түүнийг төлөөлж гарын үсэг зурж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 тоот тушаалаар намайг Технологийн тээврийн Автомашины засварын хэсгийн даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр хапсан бөгөөд надад 2017 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралтай /ажил олгогч/ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус үйлдвэрт Технологийн тээврийн Автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байсан. Гэтэл ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээг тус үйлдвэрийн тэргүүн дэд Захирал хөндлөнгөөс оролцон тушаал гаргаж гарын үсэг зурж намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дэд захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа намайг ажлаас халж байгаа нь нэгдүгээрт Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчиж байна. Хоёрдугаарт: Тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс миний биед үзлэг хийж шалгасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх чөлөөнд халдаж улмаар миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж ёс зүйгүй аашилсан явдал нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Би үйлдвэрийн бүс, ажпын байр, компанийн объектод согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирээгүй, хэрэглээгүй, архидалт зохион байгуулаагүй. Харин би урд орой нь /2017 оны 11 дүгээр сарын 2/ ажлын бус цагаар найзынхаа гэрт тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж архи уусан байсан. Мөн өглөө нь зүрх өвдөхөд долоогоны ханд эм уусан байсан. Би 11 дүгээр сарын 03-ны өглөө эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс манай ажилтан утасдаад хурдан ирэх шаардлагатай байна гэхээр нь би ажил дээрээ хурдан очих шаардлагын дагуу эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж зөвхөн надад үзлэг хийгээд ажлаас хална гэсний дагуу намайг ажлаас халж, ажил олгогч Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралтай байгуулсан гэрээг хөндлөнгийн хүний шийдвэрээр цуцалсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус үйлдвэрийн тэргүүн дэд захиралд, ажил олгогчийн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг түүнд хуулиар олгоогүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд миний дээрх үндэслэлээр шүүхэд гаргаж байгаа гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ханган шийдвэрлэж өгнө үү. Миний шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хуураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно гэж ойлгож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч*******гийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч******* нь Авто тээврийн байгууллагын Технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Баяраад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам-ын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот актаар баталгаажуулсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны даглу компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирддаг бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан болно. Дээр дурьдсан нөхцөл байдлуудын улмаас харгалзан үзэж*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрт нь олгосон итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай адил гэж үзэж шүүх хуралдаан дээр гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болно.

Нэхэмжлэгч******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.11 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны ажилтан, ажилчинд согтолын зэрэг тогтоож сорилт хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн № 53 тоот акт, Авто тээврийн байгууллагын даргын 2017 ны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/809 тоот албан бичиг, 2017 оны 11-р сарын 03-ны өдрийн АТБ-ын Технологийн тээврийн авто машины засварын хэсэгт хийсэн үзлэгийн протокол зэргийг үндэслэн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн цуцалсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө зүрх өвдөхөд долоогоны ханд уусан. Эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс утасдахад нь эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж зөвхөн надад үзлэг хийгээд ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгч******* 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн, согтолтын хэмжээ 1.38 хувьтай гарсан нь согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн акт, драйгер үлээлгэсэн баримт, гэрч Б.Бүдрагчаа, Х.Оюунболд, Д.Амарсанаа, Ц.Баярцэнгэл, М.Чинболд нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба энэ нь түүнийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Гэхдээ ажилтныг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл боллоо.

Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирдах ба тэдгээрийн эзгүйд Ерөнхий захирлын тушаалаар эрх олгогдсон Дэд захирал удирдана, 2.5-д Ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн компанийн ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана. Тэргүүн дэд захирал, дэд захиралууд өөрийн эрх хэмжээний хүрээнд дээр дурдсанаас бусад асуудлаар шийдвэр гаргана, 3.1-д Компанид иргэдийг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлүүдийг үндэслэн компанийн Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ контракт байгуулж, тушаалаар баталгаажуулна гэж тус тус заасан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 дугаар тогтоолоор тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатарыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилсон байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 03-р сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралтай № 20/248 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Авто тээврийн байгууллагын Авто засварын газар 1-р хэсгийн даргын ажил үүргийг гүйцэтгэхээр болжээ. Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаартай тушаалаар тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар цуцалжээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д зааснаар Хөдөлмөрийн тухай хууль болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар Ерөнхий захирал тушаал гаргах эрхтэй байх бөгөөд, мөн журмын 3.1-д зааснаар Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ контракт байгуулах эрхтэй харин ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх тэргүүн дэд захирал буюу Ерөнхий захиралын эрх олгосон хэн нэгэн албан тушаалтанд шилжээгүй, Ерөнхий захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхээ шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд ажилтныг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч*******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан*******г Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА