Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/01069

 

 

 

 

 

 

2020 оны 04сар ы 22дөр

181/ШШ2020/01069

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Хишигбат. С.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Б.Э /РД/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.А /РД:/,

 

Хариуцагч:Э.У /РД:/,

 

Хариуцагч: Б.С /РД: нарт холбогдох,

 

158,629,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчБ.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагч Г.А, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагчЭ.У, түүний өмгөөлөгч И.*******, хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч М.*******, иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Э миний бие 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Г.А,Э.У, Б.С нарт зодуулж, биедээ гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдаж, байнгын эмчийн хяналтад байдаг болсон. Хариуцагч нарт ямар ч шалтгаангүйгээр зодуулснаас болж би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дугаартай дүгнэлтэд дурдсан ...*******ийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013 оны 04 сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...Б.Эийн эмнэлгийн бичиг баримтад архаг өвчин бичигдээгүй байна... гэх болон бусад гэмтлийг биедээ авч, эрүүл мэндийн хувьд хэзээ ч засаршгүй, нөхөн сэргээгдэх, эмчлэгдэх боломжгүй хүндээр хохироод байна. Энэхүү гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас 6 жил гаруйн хугацаанд шалгаж, хянаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 17 удаагийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний эцэст шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор "... Ганхуягийн Алтан-Одыг Эрүүгийн хуулийн ... тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн ..., Батболдын Сумъяадулам, ... Эрдэнэболдын ******* нарыг Эрүүгийн хуулийн ... тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж... шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан тул Эрүүгийн хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдсөн. Мөн тэдний хэн нь ч энэ хэргийн улмаас нэг өдөр ч цагдан хоригдоогүй. Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч зарим шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж байсан ба тэдний гомдлыг үндэслэн хэргийг хянаад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ДШМ/329 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 326 дугаар тогтоолоор холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Нэгэнт өмнө өгүүлсэнчлэн миний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаагаар ихээхэн хохирч, хэзээ ч засаршгүй, эдгэшгүй гэмтэл авсан учир Иргэний хуулийн ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй... гэх зохицуулалтын хүрээнд хариуцагч нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотой дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахад хүрч байна. 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлс 53,618,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийг 2009 онд амжилттай суралцан төгсөөд мөн ондоо Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүх, нийгмийн ухааны сургуульд элсэж, тус сургуулийг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй төгсөж, Түүхийн багш мэргэжил эзэмшсэн. Гэвч дөнгөж оюутны ширээнээс амьдралд хөл тавьж, өөрийн хүсэж, мөрөөдөж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхлэх боломж бүрдэх үед бусдын буруутай үйлдлээс шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл, боломжгүй болсон. Хариуцагч нарт зодуулснаас үүдэн баруун нүдний хараа бүрэн алдагдсанаас хойш эзэмшсэн мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч удаан хугацаагаар компьютерын өмнө суух, юм унших, бичихэд нөгөө нүдэндээ хэт ачаалал өгч, тархиар хатгуулж өвдөх болсноос шалтгаалж ажлаасаа гарсан. Гэмт хэргийн улмаас баруун нүд хараагүй болсон бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл жил бүр харьяа дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад байнга байж, тогтмол үзүүлж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болохыг тогтоосон учир тэтгэвэр авч байна. Миний бие тэдэнд зодуулж, эрүүл мэндээрээ хохирохоос өмнө ямар нэгэн өвчин, эмгэггүй, бие эрхтний хувьд эрүүл байсан. Энэ нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гарсан шинжээч, эмч нарын дүгнэлтэд: ...*******ийн эмнэлгийн бичиг баримтад архаг өвчин бичигдээгүй байна... гэснээс тодорхой харагдана. Ийнхүү миний хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдлийг минь үгүй хийж, хэвийн ажил, хөдөлмөр эрхлээд гэр бүлээ тэжээн тэтгэх, ахуй амьдралаа авч явах боломж, нөхцөлийг хязгаарласан хариуцагч нар миний өнгөрсөн хугацаанд олох байсан орлогыг нөхөн төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн үзэж байна. Сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Би өнгөрсөн 6 жил гаруйн хугацаанд энэ гэмт хэргээс болж мөнгөөр үнэлшгүй бие мах бодь, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирсон. Эрүүгийн хэрэг шалгагдах явцад шүүгдэгч нар болон тэдгээрийн найзууд болох зарим гэрчүүд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг илтэд зөрүүтэй, худал мэдүүлсэн. Гэвч шударга шүүх хэргийг олон удаа хянан хэлэлцсэний эцэст хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэнд талархдаг. Мөн өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нарын зүгээс надаас хүн ёсны үүднээс огт уучлалт гуйгаагүйгээр барахгүй хэргийг шалгах явцад намайг зарим шүүгдэгч болон тэдний гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчид нь нэг бус удаа элдвээр хэлж, дайрч давшилж, доромжилж, дарамталж байсан болно. Энэ бүхэн нь миний сэтгэл санаанд хэзээ ч мартагдахааргүй, арилшгүй хар толбо үлдээсэн тул өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо хуулийн хүрээнд хариуцагч нарын хувийн байдлыг харгалзан үзэж, мөнгөөр үнэлэхэд хүрлээ. Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэн би Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсэгт зааснаар: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй ... ч уул эрхээ эдлэх, хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл байлаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхойгүй шалтгаанаар олон жил сунжирсан, эрүүгийн 4 хавтас бүхий 900 орчим хуудас хэргийн материалыг судлах, танилцах, цагдаагийн байгууллагын алба хаагч, прокурор, шүүхтэй хуулийн хүрээнд харилцахад хуулийн мэдлэг хэрэгтэй болсон, хэргийн нөхцөл байдал ч ээдрээ төвөгтэй болж эхэлсэн учир өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчид хандах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөллийн үйлчилгээ хүсэх зайлшгүй шаардлага бий болсон. Улмаар өмгөөлөгч Ч.*******той 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Г/16/01 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өөрийн хохирогчоор тогтоогдон оролцсон шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Г/16/019 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г дахин шинээр байгуулж энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг өмгөөлөгчөөр оролцуулахаар болоод байна. Эдгээр гэрээний дагуу би өөрийн өмгөөлөгчид үйлчилгээний хөлс, зардалд 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болно. Надаас гарч буй дээрх зардлыг ч хариуцагч нар хариуцах нь зүйн хэрэг хэмээн үзэж байна. Нотариатын үйлчилгээний хөлс, зардал 11,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргахтай холбоотойгоор өөрийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох зорилгоор нэхэмжлэлд хавсарган өгсөн зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангуулах үүднээс нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал болно. Иймд 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлс, сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал, нотариатын үйлчилгээний хөлс, зардалд нийт 158,629,600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулан надад олгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А биБ.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь хулээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн дурдсан тухайн өдрийн зодооны дундаасБ.Э гэх эмэгтэй гэмтсэн гэдэг. Г.А миний бие нь уг хэрэгт таамаг, гүтгэлгийн замаар гэм буруутан болсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлын үед Г.А би гэрт байсан болох нь тогтоогддог бөгөөд уг гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байдаг. Намайг өндөр гэдэг утгаараа л хамаатуулжБ.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруутан гэж үзэх болсон. Маш харамсалтай. Шүүхийн байгууллага ч гэсэн шүүгдэгчийн гэм буруутай нь хангалттай баримтаар тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх ёстой атал, зүгээр л хэн нэгэнд хамаатуулаад дуусгахыг зорьсонд гомдолтой байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

ХариуцагчЭ.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах ******* Их Хайрхан нэртэй амралтын газар Бепежаны төрсөн өдрийг тэмдэглэхээр Баатарсүрэн, Алтан-Од, Чулуунбаатар, Жавхлан, Үүрийнтуяа, *******, Уянга, Сумъяадулам нар очсон. ******* миний бие тухай өдөр хичээлээсээ чөлөө авсан байсан тул орой 22 цагийн үед тус амралтын газарт очсон. Тухайн амралтын гэрт ороод сууж байтал гадаа эрэгтэй хүмүүсийн маргалдаж, орилолдсон чимээнээр гэрт байсан хүмүүс гарахад нь дагаад гарсан. Гадаа гарахад харанхуй, шороо боссон энд тэндгүй хоорондоо барьцалдсан хүмүүс байсан учир хаана хэн байгааг нь таниагүй. Хамгийн ойр харагдсан хүн нь Баатарсүрэн байсан учир очиж салгах гэтэл хажуу талаас танихгүй эмэгтэй хүн ирж миний үснээс зулгаагаад, доошоо дарахад би биеэ хамгаалж хариу үйлдэл үзүүлэн зөрүүлээд үсдэж бид 2 газар унасан. Тухайн танихгүй эмэгтэйг тавь гэтэл буцаагаад чи өөрөө тавь гэхээр нь зэрэг гараа авъя гээд хэвтэж байтал ******* хажуугаас Юу болоод байгаа юм бэ босооч гээд босоод гэр лүү орсон. Байцаалт явагдаж байх хугацаанд хохирогчБ.Эийн ээж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд мөнгө цуглуулж өгөхийг хүссэн тул хамт явсан болон хохирогчийн талын хамт явсан хүмүүс нийлж эмчилгээнд нь зориулж 1 хүнээс 300,000 төгрөг цуглуулахаар болсон боловч хохирогчийн талаас мөнгө өгөөгүй. Бид адилхан залуу хүмүүс, хүний эрүүл мэндтэй холбоотой учраас өгсөн. Зодож, цохиж гэмтээсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдэг утгаар өгөөгүй. Хохирогч гэхБ.Эийг тухайн үед хаана байсныг мэдэхгүй, зодож гэмтээсэн хүнийг хэн ч хараагүй тухайн өдрийн маргаанаар би сүүлд ирсэн болохоор архи, дарс хэрэглээгүй байсан. Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагаас 6 жил гаруй хугацаанд шалгаж, хянаж анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 17 удаагийн шүүх хуралдаан болоход 8 удаа буцаагдаж, цагаатгах тогтоол гарч байсан. Шүүхээс ийм шийдвэр гарсан байхад хохирогч Эрдэнэчимэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах ******* Их Хайрхан нэртэй амралтын газар Бөпежаны төрсөн өдрийг тэмдэглэхээр Баатарсүрэн, Аптан-Од, Чулуунбаатар, Жавхлан,Үүрийнтуяа, *******, *******, Уянга нарын хамт очсон. Орой 21 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад, маргалдах чимээ сонсоод гэрээс гартал гэрийн баруун талд ******* нэг охинтой газар хэвтсэн байдалтай бие биенийгээ үсдээд байж байсан. Миний бие нүдний хагалгаанд 3 удаа орж байсан тул ойртохоос айж ойр орчмоо ажиглахад ойрхон ******* байсан тул очиж ******* тэнд нэг охинтой үсдэлцээд байна гэж хэлж дуудаад ******* тэр хоёрыг салгаад бид гурав гэр лүүгээ орсон. ХохирогчБ.Э нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд мөнгө цуглуулж өгөхийг хүссэн. Цуг явсан хүмүүс болон хохирогчБ.Эийн найзууд бүгд цуглуулж өгнө гэсэн боловч хохирогчБ.Эийн найзууд цуглуулж өгөөгүй. Миний бие гурван зуун мянган төгрөг өгч байсан. Адилхан залуу хүний эрүүл мэнд хохирсон гэдэг үүднээс өгсөн. Зодож цохиж гэмтээсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдгээс болж өгөөгүй. Тухайн үед хохирогчБ.Эийг хэнд цохиулсныг хараагүй. Миний бие хохирогчБ.Эийг зодож цохиж биед нь гэмтэл учруулаагүй, нүдийг гэмтээсэн хүн би биш. Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагаас 6 жил гаруй хугацаанд шалгаж, хянаж анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 17 удаагийн шүүх хуралдаан болоход найман удаа буцаагдаж, цагаатгах тогтоол гарч байсан. Шүүхээс ийм шийдвэр гарсан байхад хохирогчБ.Эийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчБ.Э нь хариуцагч Г.А,Э.У, Б.С нарт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлс 53,618,200 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал 5,000,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 11,400 төгрөг, нийт 158,629,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Г.А нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэнБ.Эийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан, Б.С нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаарЭ.Утэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэнБ.Эт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,Э.У нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* Их хайрхан нэртэй амралтын газарт согтуугаар Б.Стай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэнБ.Эт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, Г.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.С,Э.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овогт Ганхуягийн Алтан-Од, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуудай овогт Батболдын Сумъяадулам, Хатгин овогт Эрдэнэболдын ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 2019/ДШМ/329 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 326 дугаартай тогтоол зэргээр /хх-25-44 тал/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч Г.А нь шүүхийн байгууллага шүүгдэгчийн гэм буруутай нь хангалттай баримтаар тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх ёстой атал, зүгээр л хэн нэгэнд хамаатуулаад дуусгахыг зорьсон гэж, хариуцагч Б.******* ньБ.Эийг тухайн үед зодоогүй, хаана байсныг нь мэдэхгүй, зодож гэмтээсэн хүнийг хэн ч хараагүй гэж, хариуцагч Б.С ньБ.Эийг хэнд цохиулсныг хараагүй,Б.Эийг зодож цохиж биед нь гэмтэл учруулаагүй, нүдийг гэмтээсэн хүн нь би биш гэж маргасан тайлбарыг тус тус гаргасан байх боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч нарын гэм буруу тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул хариуцагч Г.Аын гаргасан шүүхийн байгууллага шүүгдэгчийн гэм буруутай нь хангалттай баримтаар тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ байвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх ёстой атал, зүгээр л хэн нэгэнд хамаатуулаад дуусгахыг зорьсон гэх, хариуцагч Б.*******ын гаргасанБ.Эийг тухайн үед зодоогүй, хаана байсныг нь мэдэхгүй, зодож гэмтээсэн хүнийг хэн ч хараагүй гэх, Б.Сын гаргасанБ.Эийг хэнд цохиулсныг хараагүй,Б.Эийг зодож цохиж биед нь гэмтэл учруулаагүй гэх тайлбаруудыг тус тус үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №4740 дүгнэлтэдБ.Эийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №300 дүгнэлтэд 2013.04.16-ны өдрийн 4740 дугаартай дүгнэлт, 2013.07.02-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй гарсан байна.Б.Эийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013.04.12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Б.Эийн эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна. гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №1099 дүгнэлтэд 2013.04.16-ны 4740 дугаартай дүгнэлт, 2013.07.02-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй байна.Б.Эийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013.04.12-нд үүсгэдсэн байх боломжтой гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Б.Эийн эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна. гэж тус тус дүгнэгдэж байсан болох хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2013 оны 10 сарын 03-ны өдрийн шийдвэр /хх-10 тал/-ээрБ.Эийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2013 оны 10 сарын 03-ны өдрөөс 2014 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд, 2014 оны 10 сарын 09-ний өдрийн шийдвэр /хх-14 тал/-ээрБ.Эийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2014 оны 10 сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн шийдвэр /хх-16 тал/-ээрБ.Эийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2017 оны 02 сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн шийдвэр /хх-18 тал/-ээрБ.Эийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2018 оны 02 сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд, 2019 оны 02 сарын 22-ны өдрийн шийдвэр /хх-20 тал/-ээрБ.Эийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2019 оны 02 сарын 23-ны өдрөөс 2020 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус тогтоон сунгаж байсан байна.

******* нь 2013 оны 10 сарын 03-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тогтоолгосон байх ба 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 8,367,600 төгрөгийн тэтгэвэр авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-9 тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт /хх-108-112 тал/-ээр тус тус тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлс 53,618,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 505.2 дахь заалтад зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

******* нь 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр тогтоогдож байх тул хариуцагч нараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

******* нь хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын дундаж цалин болон өөрийн авч байсан тэтгэврийн зөрүүгээр тооцон нөхөн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээрБ.Эийн 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд авсан нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ болох 8,367,600 төгрөг, уг хугацаанд хамаарах эмэгтэй хүний улсын дундаж цалингийн хэмжээ болох 56,358,900 төгрөгийн зөрүү нь 47,991,300 төгрөг болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчБ.Эийн хариуцагч нараас 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлс 53,618,200 төгрөгийг гаргуулах шаардлагаас 47,991,300 төгрөгийн шаардлагыг хангаж, уг шаардлагын үлдэх хэсэг буюу 5.626.900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь заалтад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан байхад Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын дундаж цалин гэх дүнг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, мөнБ.Э нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Түүхийн багш мэргэжлээр төгссөн гэдэг нь түүнийг багш мэргэжлээр ажиллах байсан гэж үзэх үндэслэл болохгүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч гэсэн хөдөлмөр эрхэлж орлого олох боломжтой,Б.Э нь сагс тоглож спортын зэрэг авсан, автомашин барьдаг гэх зэрэг тайлбаруудыг гаргаж байх боловч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр гэдгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ихгүй хэмжээний нөхөн төлбөр гэж ойлгохгүй, баримтаар нотлогдож байгаа тохиолдолд хөдөлмөрий нхөлсний доод хэмжээнээс дээш нөхөн төлбөр нэхэмжилэхийг хуулиар зөвшөөрсөн гэж үзэх баБ.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохиролд учирч хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүйд түүнийг буруутгах үндэслэл байхгүй, сагс тоглож спортын зэрэг авсан, автомашин барьсан гэх зэрэг тайлбарууд нь мэргэжлийн байгууллагаас тогтоосонБ.Эийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэй хүний улсын дундаж цалингийн хэмжээ болонБ.Эийн тэтгэврийн хэмжээний зөрүүгээс нөхөн төлбөрийг тооцон гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагаа Иргэний хуулийн Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтын дагуу гаргасан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дахь заалтад зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь заалтад гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ төрлийн гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан, эдийн бус гэм хорыг арилгах талаар Иргэний хуульд тусгайлан заасан зохицуулалт болох 511 дүгээр зүйлийн зохицуулалт нь зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ тараасан этгээдэд хамааралтай байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нараас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал 5,000,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 11,400 төгрөг, нийт 5,011,400 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргээр өмгөөлөгч Ч.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандБ.Эийн өмгөөлөгчөөр оролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд өмгөөлөгч Ч.*******ийн Хаан банкны дансны хуулга /хх-164,165 тал/-аарБ.Эээс өмгөөлөгч Ч.*******ид 2019 оны 09 сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 03 сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг, нийт 1,000,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан 11,400 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Монголын нотариатчдын танхимын 2019 оны 09 сарын 17-ны өдрийн огноо бүхий мөнгөний тасалбар /хх-50 тал/-аар тогтоогдсон, уг зардал нэхэмжлэгчээс гарахад хариуцагч нарын гэм буруутай үйлдэл шууд бусаар нөлөөлсөн тул хариуцагч нараас хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс зардалд төлсөн 11,400 төгрөг, нийт 1,011,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ болон нотариатын үйлчилгээний хөлс, зардалд 5,011,400 төгрөг гаргуулах тухай шаардлагын үлдэх хэсэг буюу 4,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нийт 158,629,600 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлстэй холбоотой 47,991,300 төгрөгийн шаардлага, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардалтай холбоотой 1,000,000 төгрөгийн шаардлага, нотариатын үйлчилгээний хөлс, зардалтай холбоотой 11,400 төгрөгийн шаардлага, нийт 49,002,700 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 109,626,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба 49,002,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахдаа нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулахад оролцсон хариуцагч нарын оролцоог харгалзан үзэж,Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан этгээд болох хариуцагч Г.Аоос хангагдсан шаардлагын 60 хувь буюу 29,401,620 төгрөгийг,Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахад шууд буруугүй боловчЭ.Утэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэнБ.Эт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан этгээд болох Б.Саас хангагдсан шаардлагын 20 хувь буюу 9,800,540 төгрөгийг, Б.Стай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэнБ.Эт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан этгээд болохЭ.Уээс хангагдсан шаардлагын 20 хувь буюу 9,800,540 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчБ.Эт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Г.Аоос 29,401,620 төгрөгийг, хариуцагчЭ.Уээс 9,800,540 төгрөгийг, хариуцагч Б.Саас 9,800,540 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчБ.Эт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 109,626,900 төгрөгийн шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчБ.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан улсын тэмдэгтий нхураамжид хариуцагч Г.Аоос 304,958 төгрөгийг, хариуцагчЭ.Уээс 171,758 төгрөгийг, хариуцагч Б.Саас 171,758 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР