Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01295

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01295

 

 

 

Б.Э -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э -ийн хариуцагч Г.А , Э.У , Б.С нарт холбогдуулан гаргасан 158 629 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн Э.У ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн Б.Э -, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Б.С , хариуцагч Э.У , түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, хариуцагч Г.А , түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөрГ.А , Э.У , Б.С нарт зодуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж, байнгын эмчийн хяналтад байдаг болсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 300, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дугаартай дүгнэлтэд дурдсанаар баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болрын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Энэхүү гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас 6 жил гаруйн хугацаанд шалгаж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар дуусталх буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлсөд 53 618 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч нарт зодуулснаас үүдэн баруун нүдний хараа бүрэн алдагдсанаас хойш эзэмшсэн мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч удаан хугацаагаар компьютерийн өмнө суух, юм унших, бичихэд нөгөө нүдэндээ хэт ачаалал өгч, тархиар хатгуулж өвдөх болсноос шалтгаалж ажлаасаа гарсан. Гэмт хэргийн улмаас баруун нүд хараагүй болсон бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл жил бүр харьяа дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад байж, тогтмол үзүүлж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болохыг тогтоосон учир тэтгэвэр авч байна.

Би өнгөрсөн 6 жил гаруйн хугацаанд энэ гэмт хэргээс болж мөнгөөр үнэлшгүй бие махбодь, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирсон. Эрүүгийн хэрэг шалгагдах явцад хариуцагч нарын зүгээс надаас уучлалт гуйгаагүйгээр барахгүй хэргийг шалгах явцад намайг зарим шүүгдэгч болон тэдний гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчид нь нэг бус удаа элдвээр хэлж, дайрч давшилж, доромжилж, дарамталж байсан болно. Энэ бүхэн нь миний сэтгэл санаанд хэзээ ч мартагдахааргүй, арилшгүй хар толбо үлдээсэн тул сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал 5 000 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 11 400 төгрөг нийт 158 629 600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХариуцагчГ.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн дурдсан тухайн өдрийн зодооны дундаас Б.Э - гэмтсэн гэдэг. Миний бие уг хэрэгт таамаг, гүтгэлгийн замаар гэм буруутан болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлын үедГ.А би гэрт байсан болох нь тогтоогддог бөгөөд уг гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Галакси их хайрхан нэртэй амралтын газар Бепежаны төрсөн өдрийг тэмдэглэхээр орой 22 цагийн үед очсон. Тухайн амралтын гэрт ороод сууж байтал гадаа энд тэндгүй хоорондоо барьцалдсан хүмүүс байсан учир хаана хэн байгааг нь таниагүй. Байцаалт явагдаж байх хугацаанд хохирогч Б.Э -ийн ээж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд мөнгө цуглуулж өгөхийг хүссэн тул хамт явсан болон хохирогчийн талын хамт явсан хүмүүс нийлж эмчилгээнд нь зориулж 1 хүнээс 300 000 төгрөг цуглуулахаар болсон боловч хохирогчийн талаас мөнгө өгөөгүй. Бид адилхан залуу хүмүүс, хүний эрүүл мэндтэй холбоотой учраас өгсөн. Зодож, цохиж гэмтээсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдэг утгаар өгөөгүй. Хохирогч гэх Б.Э -ийг тухайн үед хаана байсныг мэдэхгүй, зодож гэмтээсэн хүнийг хэн ч хараагүй тухайн өдрийн маргаанаар би сүүлд ирсэн болохоор архи, дарс хэрэглээгүй байсан. Энэхүү хэргийг шүүхээс шийдвэрлэсэн учир Б.Э -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хохирогч Б.Э - нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд мөнгө цуглуулж өгөхийг хүссэн. Цуг явсан хүмүүс болон хохирогч Б.Э -ийн найзууд бүгд цуглуулж өгнө гэсэн боловч хохирогч Б.Э -ийн найзууд цуглуулж өгөөгүй. Миний бие 300 000 төгрөг өгч байсан. Адилхан залуу хүний эрүүл мэнд хохирсон гэдэг үүднээс өгсөн. Зодож цохиж гэмтээсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдгээс болж өгөөгүй. Тухайн үед хохирогч Б.Э -ийг хэнд цохиулсныг хараагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагчГ.А оос 29 401 620 төгрөгийг, хариуцагч Э.У ээс 9 800 540 төгрөгийг, хариуцагч Б.С аас 9 800 540 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Э -т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 109 626 900 төгрөгийн шаардлагыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Э - нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчГ.А оос 304 958 төгрөг, хариуцагч Э.У ээс 171 758 төгрөг, хариуцагч Б.С аас 171 758 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.У ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэм буруугийн бүрэлдэхүүн байхгүй тул гэм хорын арилгах үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт цалин,хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэснийг шинжээчийн дүгнэлтээр Монголын статистик судалгааг үндэслэн гаргасан дүгнэлтийг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр гаргахаар Иргэний хуулинд зохицуулсан. Гэтэл шүүх Хөдөлмөр нийгмийн үйлчилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Эрдэнэхуягийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу бол шинжээч нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Хороо оролцох шаардлагатай байсан болно. Ингэхийн тулд шинжээч Б.Эрдэнэхуягийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх шинжээчийн дүгнэлтийн нотолгооны хэмжээ буюу нотлох баримтын хэмжүүрийг субъектив үнэлгээгээр үнэлж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт нь субъектив хувьд ч агуулгын болон эх сурвалжийн хувьд ч эргэлзээтэй байгаа юм. Шүүх эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Э - нь хариуцагчГ.А , Э.У , Б.С нарт холбогдуулан гэм хорын хохиролд 158 629 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулаагүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч маргажээ.

Г.Алтан-Од нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси их хайрхан нэртэй амралтын газар согтуугаар бусадтай маргалдах явцдаа Б.Э -ийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан, Э.У , Б.С нар нь мөн амралтын газарт согтуугаар бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон дахин нотлох шаардлагагүй үйл баримт байна. /хх25-44/ Иймээс хариуцагчГ.А нь нэхэмжлэгч Б.Э -ийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар үүсчээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Харин шүүх хариуцагч Э.У , Б.С нараас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч этгээдэд санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээрээ гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ. Хариуцагч Э.У , Б.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоноос өөрөөр тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулахад шууд шалтгаант холбоотой гэдгийг тогтоосон баримт хэрэг авагдаагүй байна. /хх-25-44/ Мөн нэхэмжлэгч тал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.У , Б.С нарын буруугаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримтыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтын шалтгаант холбооны нөхцлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэн хариуцагч Э.У , Б.С нарт холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд харшлахгүй юм. Иймд хариуцагч Э.У ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Э -ийн биед баруун нүдний алимны хүнд зэргийг доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтгэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт, тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн, тэрээр гэмтлийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон болох нь нотлогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчГ.А оос хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргуулахаар шаардах эрхтэй. /хх-9-20/ Шүүх энэ талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн орлогын хэмжээг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэй хүний улсын дундаж цалин, хөлсний судалгаа, тэтгэврийн зөрүүгээр тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж, нэхэмжлэгчийн цалин, хөлстэй адилтгах орлогын зөрүүг 47 991 300 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. /хх-6-7, 108-115/ Уг судалгаа нь эмэгтэй хүний улсын дундаж цалингийн талаарх статистик мэдээлэл тул нэхэмжлэгчийн олох байсан орлогыг эргэлзээгүйгээр тогтоосон баримт гэж үзэх боломжгүй. Гэхдээ хариуцагч Л.Алтан-Од нь энэ асуудлаар гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Э -ийн, өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11 400 төгрөг, нийт 5 011 400 төгрөг гаргуулах шаардлагаас 1 011 400 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /хх 50, 164-165/ Мөн сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх-196-201/ Анхан шатны шүүх хариуцагчГ.А оос гэм хорын хохирлын 60 хувийг, Э.У , Б.С нараас тус тус 20 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагчГ.А оос 29 401 620 төгрөг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Э.У , Б.С нараас 171 758 төгрөг тус тус гаргуулах хэсгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.У , Б.С нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, үүнтэй холбогдуулан тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг тус тус оруулж, хариуцагч Э.У ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 29 401 620 төгрөгийг гэсний дараа нэхэмжлэгч Б.Э -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129 227 980 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Э.У , Б.С нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 304 958 төгрөгийг гэсний дараа гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, уг заалтын хариуцагч Э.У ээс 171 758 төгрөгийг, хариуцагч Б.С аас 171 758 төгрөгийг тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Э.У ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД