Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0302

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, гуравдагч этгээд А.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төрболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Соёмбын  нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан Ц.Соёмбын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Лайв энержи групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “... Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй талаар.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх /хуучин нэрээр/-ийн шүүгч Д.Зоригтбаатар иргэн Ц.Соёмбын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4978 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Ийнхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь нэхэмжлэгч Ц.Соёмбын шүүхэд гаргасан хүсэлтэд тулгуурласан болно. Нэхэмжлэгч Ц.Соёмбо “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэл гаргасныг шүүх хүлээн авсан.

Энэхүү хэргийг ерөнхий харьяаллын шүүх эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл арилаагүй гэж үзнэ. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 76, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 440 дүгээр албан бичгээр удаа дараа тус шүүхэд мэдэгдэж байжээ.

Гэтэл шүүгч Д.Чанцалням түдгэлзүүлсэн нөхцөл арилаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5248 дугаар шүүгчийн захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ 7 хоногийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан нь хууль бус болжээ.

Нөгөөтэйгүүр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2018 дугаар шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх /хуучин нэрээр/-ийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 735 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад шүүгч тухайн хүчингүй болгосон шийдвэр, шийдвэрийг хүчингүй болгосон магадлалд дурдсан асуудлаар хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан гэж үзсэн нь мэргэжлийн ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Эцсийн дүндээ ерөнхий харьяаллын шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй нөхцөлд захиргааны хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэх эрх зүйн боломжгүй. Иймд хууль бус үндэслэлээр захиргааны хэргийг сэргээсэн байна.

Хоёр. Шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5248 дугаар захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх, шүүх хуралдааныг товлох гэсэн 2 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Зүй нь шүүх хэргийг сэргээсэн бол хэргийн талуудад мэдэгдэл хүргүүлэх, нэмэлт тайлбар авах, шинээр гаргах нотлох баримт, шүүхэд гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангах ажиллагаа явуулах учиртай. Гэтэл энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй байна.

Эдгээр ажиллагаа зайлшгүй болох нь а/ Ц.Соёмбын нэхэмжлэлд 2010 онд захиргааны хэрэг үүсгэж, 2014 онд түдгэлзүүлсэн, б/ 2016 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж байгаа учир цаг хугацааны уртад хэргийн нөхцөл өөрчлөгдөх магадлалтай, в/ талуудад санал хүсэлт, нотлох баримт гаргах, эвлэрэн хэлэлцэх зэргээр шинээр үүсэх болзошгүй үйл баримтууд гарах магадлалыг шүүх харгалзан үзээгүй байна.

Шүүх хэргийг сэргээсэн захирамж гаргаснаас хойш 4 хоногийн дараа үйлдсэн шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад “Нэхэмжлэгч Ц.Соёмбо өөрөө утастаж мэдсэн”, “Хариуцагчийг итгэмжлэл шинэчлэн ирүүлэх шаардлагатай”, “Гуравдагч этгээд А.Эрдэнэбатын утас нь холбогдох боломжгүй” гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Соёмбо хэрэг сэргээх ажиллагааг өөрөө санаачилсан учир мэдэж байсан, харин эрх ашиг нь зөрчигдөж байгаа гуравдагч этгээд А.Эрдэнэбатад хурлын зарыг хүргүүлэх ажиллагаа хийгээгүй нь нотлогдож байна.

Иймд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж үзнэ.

Мөн шүүгч Д.Чанцалням хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 59, 66, 70, 71, 90, 91, 95, 98 дугаар зүйлд заасны дагуу талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх эрхээр хангах ажиллагааг огт явуулаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Энэхүү үйл ажиллагааны явцыг үзэхэд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулснаас үүдэн гаргасан шүүхийн шийдвэрийн шударга байдалд эргэлзээ төрөхөөр байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийг талуудад гардуулан өгөөгүй талаар.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн, гуравдагч этгээд А.Эрдэнэбат ирээгүй гэж танилцуулахдаа талуудад хурлын товыг хэрхэн мэдэгдсэн, хүрэлцэн ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаар огт тайлбарлаагүй, шүүгч ч сонирхоогүй, шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах, хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэлгүй орхиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар хуралдааныг үргэлжлүүлжээ. Хэргийг хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх хууль зүйн үндэслэл нь гуравдагч этгээд А.Эрдэнэбат “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирэхгүй байх” нөхцөл юм. Шүүх хуралдааны ирц бүртгэх үед ирцийн талаар ямар ч тодруулга асуулт гаргахгүйгээр хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгч 1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, 2/ шүүгч асуудалд хувийн сонирхлоор хандсан гэж үзэхээр байна.

Маргааны гол зүйл бол нэхэмжлэгчээс А.Эрдэнэбатад шилжүүлсэн 10 хувийн хувьцааны асуудал бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир түүнийг оролцуулах нь зайлшгүй харгалзан үзэх нөхцөл юм. Энэ байдлыг шүүгч анхаараагүйг буруу гэж үзэж байна.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдэд гардуулан өгөөгүй талаар.

Гуравдагч этгээд А.Эрдэнэбатад албан бичгээр хүргүүлсэн шуудангийн баталгаа, бүртгэл, уг бичгийг хүлээн авсан албан тушаалтанд хүлээлгэн өгсөн талаар баримт алга байна. Иймд зөвхөн хэрэгт авагдсан албан бичгийн хүрээнд шүүхийн шийдвэрийг А.Эрдэнэбатад гардуулан өгсөн гэж үзэх боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн цахим сайт болон бүртгэлийн байгууллагаас шүүх хуралдаан болсныг гуравдагч этгээд А.Эрдэнэбат мэдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шийдвэрийн эх хувийг авах хүсэлт шүүхэд гаргасан боловч шүүгч өгөөгүй. Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд гэж шүүх тодорхойлсон этгээд нь А.Эрдэнэбат мөн бол шүүхийн шийдвэрээ гардан авах эрхтэй.

Гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүй тул шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэж байна.

Тав. Шүүх шүүх хуралдааныг товлон зарлахдаа урьдчилан хэлэлцүүлэг хийгээгүй талаар.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Иймд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилан хэлэлцүүлэг хийнэ” гэж заасныг зөрчиж, урьдчилан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4978 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн[1] байсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5248 дугаар захирамжаар сэргээж, шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон[2] байх бөгөөд тус өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэргийн оролцогчдод мэдэгдэхэд гуравдагч этгээд А.Эрдэнэбатын утас холбогдох боломжгүй[3] байжээ.

Улмаар тус өдрийн шүүх хуралдааныг “нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлон зарлаж[4], шүүхээс тус өдрийн шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд А.Эрдэнэбатад мэдэгдэхээр шүүхийн мэдэгдэх хуудас явуулахад “заасан хаягт хүн байгаагүй” тул мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлсэн[5], мөн өдөр товлогдсон шүүх хуралдааныг “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг шинэчлэн ирүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутад товлон зарласан боловч шүүхээс энэ өдрийн шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд мэдэгдэх ямар нэг арга хэмжээ авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх гуравдагч этгээд А.Эрдэнэбатад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих мэтгэлцэх зарчмыг хангаагүй байна.

Хэдийгээр хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж байгаа талаар болон шүүх хуралдаан товлогдсон болохыг гуравдагч этгээдэд огт мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх тул анхан шатны шүүхийн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй.

Мөн шүүхээс гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д заасан ажиллагааг огт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан гэж үзэж сэргээхдээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Монгм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Лайв энержи групп” ХХК-ийн хувь нийлүүлэгч А.Эрдэнэбатад холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар лавлагаа, нотлох баримтыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2018 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь тухайн захиргааны хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болсон нэхэмжлэлийн шаардлагуудыг татан авсныг баталсан, уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 735 дугаар магадлалд талууд энэ асуудлаар маргаагүй гэж дүгнэсэн байх боловч шүүх иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан нь уг шаардлагыг дахин гаргах эрхийг хязгаарладаггүй болохыг анхаараагүй байна. Иймээс шүүх дээрх иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар зайлшгүй тодруулах шаардлагатай.

Дээрх байдалд үндэслэн гуравдагч этгээдийн “шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан эсэхийг тодруулаагүй тухай” гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал