Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 362

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалтай, О.Б-д холбогдох 1723001070004 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй М овогт О-ийн Б.

О.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 22-ны хооронд иргэн Б.С-ийн 25 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч О.Б-д 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч М овогт О-ийн Б-д холбогдох хэргээс хохирогч Д.С-ийн малнаас хар зүсмийн зусаг ямаа, улаан, бор 2 ишиг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн прокурорын газраас О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, О.Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Шүүгдэгчийн цагдан хоригдсон 58 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай” гэж, 4 дэх заалтыг “Шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд дээд шатны прокурор Н.Ганбаатар гаргасан эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. О.Б нь Д.С-ийн 25 ямааг хулгайлж 1.480.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн, шүүгдэгч О.Б-д хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ. Гэтэл шүүгдэгч О.Б нь хохирогч Д.С-ийн 25 тооны ямааг хулгайлаагүй 22 тооны ямааг хулгайлсан гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч О.Б-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь түүний мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байхад уг мэдүүлгийг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд заагаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасан “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэснийг ноцтой зөрчиж, хэргийн нөхцөл байдлыг хийсвэрлэн дүгнэж өөрчилсөн. Түүнчлэн шүүгдэгч О.Б-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан болон уг шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн мэдүүлэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хамаарах нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашиглан хэргийн зүйлчлэлийг өөрчилж тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад О.Б манай малтай ойролцоо байсан 10 гаран ямаа байхаар нь малтайгаа нийлүүлсэн. Хэд хоногийн дараа хэд хэдэн ямаа байхаар нь бас нийлүүлсэн гэж хохирогчоос нийт 25 ямаа авсан болохоо тодорхой мэдүүлсэн. Хохирогч ямаагаа хайж байгаад О.Б-н малд нэг хар зусаг, хоёр ишиг байхаар нь олж авсан гэдэг. О.Б эхлээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Харин дараа нь хохирогч малаа авсан болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх 22 мал гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хууль буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн хэлсэн саналдаа “Нийт хэдэн ямаа байсныг тодорхой тогтоогоогүй, эргэлзээтэй байсан. Давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч О.Б-г 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 22-ны хооронд Б.Сувдбилэгийн 25 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх О.Б-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй, хулгайд алдсан гэх малын тоо толгойн талаар хэрэгт өөр өөр баримт авагдсан, хулгайлагдсан гэх ямааны тоог зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Шүүх нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоохдоо, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр О.Б нь Д.С-ийн 22 тооны ямааг хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Завхан аймгийн ерөнхий прокурор Н.Ганбаатарын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэхдээ түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцолгүй шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч О.Б-гийн цагдан хоригдсон 58 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 236 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр зөвтгөж тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалд “Шүүгдэгч О.Б-гийн цагдан хоригдсон 58 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, 236 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Завхан аймгийн ерөнхий прокурор Н.Ганбаатарын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН