Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0040

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  А.Бадмаараг

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгчийн  өмгөөлөгч: С.Пүрэвдорж

хохирогч : Д.Г

шүүгдэгч: Э.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Э Г холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706019320406  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Э Г,  1991  оны 7 дугаар сарын 27-ны өдөр  Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, арьс ширэн бүтээгдэхүүний технологич  мэргэжилтэй, олон улсын хүмүүнлэгийн компанид эрүүл мэндийн зөвлөх ажилтай, ам бүл 4,  эх, эхнэр, нэг хүүхдийн  хамт Баянгол  дүүргийн  дугаар  хороо  дугаар байрны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УЛ91072713,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Г нь 2017 оны 9 дүгэ.эр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  Д.Г маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч   Э.Г   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүгийн алдагдсан гар утсыг оллоо гээд найз нь хэлсэн. Манай дүү ч гэсэн фэйсбүүк чатаар холбогдсон. Д.Г нь дугаараа нууцалж залгаад эргээд холбоо барих боломжгүй болгосон. Утсаа авъя надад байгаа нь 50.000 төгрөг байна гэсэн. Тэгэхэд бэлэн 300.000 төгрөг өг энэ утсыг сэлбэгт өгөхөд хангалттай 300.000 төгрөг болно. Та нар утсаа авах үгүйгээ өөрөө шийд гэсэн. Маргааш өдөр нь дахин холбогдсон. Би тэгээд за ямар ч байсан ах нь очоод уулзаадахъя гэсэн. Чи ямарч байсан дуудчих, мөнгө байгаа гээд хэлчих, надад мөнгө алга гэхдээ арга нь олдох байх гэж хэлүүлсэн. Сансрын колонкоос жаахан доошоо Хаан банкны АТМ - ны урд очоод уулзсан. Энэ утас цагдаад бүртгэлтэй утас, цагдаа дээр очоод гомдлыг нь хаалгаад салчихъя гэсэн. Тэгсэн за тэгье такси бариад явчихъя гээд гээд зам руу явж байснаа гэнэт замын гол руу урсгал сөрж зугтаж гүйсэн. Би араас нь хөөсөөр байгаад Е март явдаг замд сансрын түнелийн хавьд барьж авсан. Гүйцэгдээд ирэхийн алдад өөрөө хөлөндөө тээглээд бүдэрч унасан. Тэгж унахад нь араас нь ирж барьж аваад ахиад босоход нь тэвэрч аваад боржуур давж унасан. Тэр хооронд Сүхбаатар дүүргийн гар утасны хэрэгт өргөдөл гаргасан Т рүү залгасан. Т утсаа аваад би амарч байна. Манайхаас хүн явах боломжгүй байна. Чи хөдөлгөөнт эргүүл дуудаад болсон хэргийн талаар яриад Сүхбаатарын цагдаагийн хэлтэс дээр аваад оч. Би үүдэнд хүлээн авах  хүндээ хэлээд өгье гэсэн. Тэгээд нөгөө хүн нь хүлээгээд байдаг. Тэр хооронд зугтах гээд ноцолдоод, футволкоо ч урж хаяаад, шалдан ч болоод явуулах арга байхгүй, барьц байхгүй зугтах гээд байсан. Тэр үед хөдөлгөөнт эргүүл дуудаад учраа хэлээд хурдан хүрээд ирээч гэсэн байсан. Хөдөлгөөнт ирэхгүй 10 гаруй минут болсон. Д.Г утсаа гаргаж ирээд ханиа сансрын доор түнелийн энд хүрээд ирээч гээд дуудсан. Бор өнгийн приус маркын авто машин хүрч ирэхэд машиндаа гүйж суусан. Байж бай цагдаа дуудчихсан хүлээж байгаад учраа олъё гэхэд тэр чигтээ яваад өгсөн. Би хөдөлгөөнтийг хүлээгээд ирэхгүй байхаар нь аргаа бараад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар очсон. Тэр хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст очоод өргөдөл гаргасан байсан. Намайг хэлсдүүлээд баримт нотолгоогүй надад зодуулсан гэдгээ баримт нотлох зүйлээр тогтоогоогүй байж ингэж байгааг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.      

   Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед харуй бүрий болж байсан. Таксины арын суудал дээр доошоо харсан байдалтай гар утсыг олсон. Тэр утсыг аваад харахад утсан дээр шагналтай гэсэн дугаар нь мэссэжээр ирсэн мэссэж нь байж байсан. Би тухайн үед яриагүй. Дугаарыг нь тэмдэглэж аваад авсан. Тэгээд утас нь унтарсан. Гэрлүүгээ очоод эхнэртэй хэлсэн. 2-3 хоногийн дараа тэр утас руу нь залгахад утас нь холбогдоогүй. Дахиад маргааш нөгөөдөр нь өдөр болгон ажлаа тарж залгасан. Тэр утас нь ерөөсөө холбогдоогүй. Би 09 сарын эхээр орой ажлаа тарж ирээд гэнэт санаад тэр охин руу ярьсан. Маргааш яръя гээд утсаа салгасан. Маргааш нь нөгөө охин руу яриад ийм утас байна энэ ямар учиртай яасан утас вэ? гэж асуухдаа хулгайн утас уу гэж асуусан. Тэр охин хулгайн утас хаяж гээгдүүлсэн утас гэж хэлсэн. Би тэгвэл байршилыг нь асууя гэхэд Их дэлгүүрийн орчим гэсэн. Чиний утсыг шагналтай гэсэн мэссэжийг нь тэмдэглээд авсан учраас холбогдож байна гэж хэлээд маргааш нь дахиад холбогдъё гээд утсаа салгасан. Маргааш нь ярихад ахынхаа утсыг өгөөд ахтай яриад тохирчих гэсэн. Би ахтай нь яриад бас дахин дүүгээс нь асуусан асуултаа асуухад дүүтэйгээ ижил хариулт хэлж байсан. Би хүний юм олж өгсөн юм чинь шагнал гэсэн. Тэгэхэд ах нь надад 50.000 төгрөг байна гэж хэлсэн. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна. Би болохоор 50.000 төгрөг арай бишээ 300.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Эргээд холбогдъё гээд нөгөө найз охинтой нь холбогдоод яг энэ утасны эзний дугаарыг өгөөч гэж асуухад ахаа таны нэхсэн шагналын 300.000 төгрөгийг манай ах зөвшөөрсөн. Та зүгээр эргээд холбогдоод өгчих   гэсэн. Ах руу нь залгахад би ажилтай байна би дүүд мөнгө өгчихсөн байгаа та дүүтэй холбогдоод өгч авалцчих гэсэн. Хагас сайн өдөр найз хүүхэн рүү залгасан байршлыг нь сансрын шунхлай колонкийг зааж өгсөн. Тэнд уулзахад Хаан банкны экспресс оръё гээд тийшээ ойртъё гээд хүлээгээд байсан. Тухайн үед ахыгаа хүлээгээд байсан юм байна лээ. 1 хүн машинаас бууж ирэхэд нөгөө охин за та 2 учраа олчих би явлаа шүү гээд яваад өгсөн. Ах нь энэ утас Сүхбаатар дүүрэг дээр бүртгэлтэй хулгайн утас гэсэн. Би хулгайн утас гэхээр нь байдал эвгүйтлээ гэж бодоод цаана нь хэдэн ч залуучууд байгааг мэдэхгүй болохоор биеэ хамгаалах зорилготой зугтсан. Зугтаж явахдаа бүдэрч унасан нь үнэн. Бүдэрч унахад энэ хүн намайг тархи толгой руу цохиж зодож гэмтээсэн. Зам дагуу явж байсан машины жолооч нар чи хүн аллаа болиоч гэхэд утасны хулгайч юмаа гэж хэлсэн. Тэгж хэлэхэд хүмүүс машинаасаа бууж ирдэггүй юм байна лээ. Намайг футволкоор бооход нь боолтноос нь гарахын тулд футволкоо дээшээ шувтлаад гарнаас нь татаж өөрийгөө мулталсан. Надад баримттай хүзүү боосон зураг байгаа. Тэр алдагдсан гэсэн утсыг нь нөгөө найз охинд нь бариулаад кодыг нь хийлгээд шалгуулаад утсаа бүрэн бүтэн байгаагаа харсан. Тэгээд би зодуулсаныхаа эхнэр лүүгээ яриад  би зодуулчихлаа түнелээр уруудаад ир гэсэн. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газар очихдоо нөгөө хүн рүү утасдаад Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хүрээд ир гэсэн. Тэгэхэд Сүхбаатар дүүрэг рүү явна гэсэн. Манай эхнэр байршил нь Баянзүрх дүүрэг учраас энэ дүүрэг рүүгээ явна гэсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газар очиход байршилыг асуугаад 2 дугаар хэлтэс рүү явуулсан. Тус хэлтэс дээр очоод юу болсон талаарх мэдүүлгээ бүгдийг үнэн зөвөөр нь өгсөн. Цагдаагийн бичиж өгсөн бичгийн дагуу шүүх эмнэлэг дээр очиж биеэ үзүүлсэн. Гомдол санал гэх зүйлгүй. Зодуулж байхад миний өөрийн гар утасны дэлгэц хагарсан. Байцаалт авч байсан цагдаа анхны мэдүүлэг дээрээ наад асуудлаа яриагүй болохоор хүлээж авахгүй гэсэн. Би тухайн үед шокын байдалтай байсан болохоор утсаа харуулж чадаагүй гэв. 

   Шүүгдэгч  Э.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2017 оны 7 дугаар сарын сүүлээр манай дүү У нь таксинд Ай Поне Эс 6 маркийн гар утсаа мартаж буусан байсан ба тухайн үед манай дүү цуг явсан найз Ө утсаар өөрийнхөө утас руу 2-3 удаа залгахад өөдөөс нь салгаад сүүлдээ утсыг нь унтраасан байсан. Тэгээд манай дүү найзынхаа утаснаас мессэж бичиж үлдээсэн гэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай дүү У мессэжээр миний утсыг олсон байна өдөр тань руу ярина гэсэн дугаарыг чинь өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр 15.00 цагийн орчимд миний утас руу нууцлагдсан дугаараас утсыг чинь олсон байгаа шүү шан хөлсийг нь өгнө биз дээ гэж хэлэхээр нь би надад одоо яг бэлэн мөнгө 50.000 төгрөг л байна нэмээд 50.000 төгрөг өгөөд утсаа авчихий гэсэн чинь тийм юм байдаггүй юм энэ утсыг чинь зарчих юм бол 300.000 төгрөг болно би чам руу эргээд залгий гэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 11.00 цагт над руу дахиад нууцалсан дугаараас залгаад 300.000 төгрөг өгөөд утсаа авах уу яах юм гээд байхаар нь би ажилтай байна завгүй байна гэсэн. Тэгээд би манай дүүгийн утас руу залгаад тохироод өгчих гэсэн чинь удалгүй Ө над руу залгаад нөгөө хүн чинь Сансарын клонк дээр уулзий гэж байна гэсэн. Тэгээд болвол нөгөө цагдаагтайгаа ярчих гэхээр нь би ажил дээрээсээ шууд Сансарын клонк дээр очтол Ө нөгөө хүнтэй ХААН банкны ЭТМ-ийн урд зогсож байсан. Би очоод сайн байна уу би нөгөө утсаа гээсэн охины ах байна бидэнд мөнгө алга бид цагдаад утсаа гээсэн талаар бүртгүүлсэн цагдаа дээр очоод учраа олий гэхэд нөгөө залуу за гэсэн. Тэгснээ нөгөө залуу огцом эргээд замын голоор ороод гүйчихсэн. Би араас нь хөөж байгаад барьж авсан ба бид хоёр хоорондоо ноцолдсон. Би тэр үед утсаараа цагдаа дуудсан. Намайг утсаар ярьж байх хооронд машин явж байсан зам руу түлхээд нөгөө залуугийн фудволк урагдсан. Тэгтэл нөгөө залуу утсаа гаргаж ирээд эхнэртэйгээ яриад хүрээд ир гээд байсан. Тэгээд байж байтал нөгөө залуугийн эхнэр 20 Приустэй иртэл машиндаа суугаад яваад өгсөн. Би уг нь цагдаа хүлээх байх гэж бодож байсан юм. Гэтэл шууд яваад өгсөн. Би тухайн үед эрүүл байсан. Би хохирогч залууг цохиж зодоогүй надаас зугтаад гүйхээр нь араас нь очиж барьж аваад бид хоёр ноцолдсон. Цагдаа дуудаж байхад машин зам руу орох гээд байхаар нь түлхтэл фудволк нь урагдсан өөр зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 31/

         Хохирогч Д.Г  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын сүүлээр Их дэлгүүрийн урдаас такси барьсан  тэгсэн таксины арын сандал дээр Ай Пон Эс 6 маркын гар утас байж байсан. Тэгэхээр нь би жолоочид нь хэлэлгүй авчихсан. Таксинаас буугаад явж байтал уг утсанд 99 дугаараас мессэж ирсэн. Тэнд энэ утсыг олсон хүнд шагналтай холбоо барина уу гэсэн байсан. Тэгээд удаагүй байж байтал нөгөө утасны цэнэг дуусаад унтарчихсан. Би хоёр хоногийн дараа 99 дугаар луу залгасан авахгүй байсан тэгээд би 14 хоногийн турш залгасан. 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр дээрх дугаарлуу залгасан чинь холбогдож нэг эмэгтэй утас авсан Би уг эмэгтэйгээс утсаа хаясан юм уу хулгайд алдсан юм уу гэж асуусан. Тэгтэл Их дэлгүүрийн орчим таксинд явж байгаад хаясан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаад утсыг нь буааж өгч би шагнал авахаар тохирсон. Нөгөө охин та 99 дугаар луу яриад шагналаа авчихаарай гэсэн. Би нөгөө утас руу нь залгатал нэг залуу аваад утсаа авий 50.000 төгрөг өгий гэхээр нь би 50.000 төгрөг ш биш дээ гэж хэлээд утсаа салгасан. Би дараа нь удалгүй нөгөө  өмнөх ярьсан хүн рүү залгаад утасны эзэнтэй нь ярий эзэн нь урд сурдаг гэсэн ш дээ гэж хэлсэн. Би шагналдаа 300.000 төгрөг нэхсэн. Гэтэл нөгөө охин зөвшөөрсөн. Тэгээд маргааш ах руу яриад авчихаарай гэсэн. Өнөөдөр би ах руу нь ярьтал нөгөө найз охинд нь мөнгө өгчихсөн байгаа яриад авчих гэсэн. Би нөгөө охин руу залгахад Сансарын Шунхлай клонк дээр байна гэсэн. Тэгээд 16.00 цагийн орчимд уулзах болсон. Тэгээд нөгөө охинтой уулзаад мөнгө шилжүүлэх гээд зогсож байтал ах нь гээд хүн ирсэн. Тэрээр гар утас хулгайлсан гээд цагдаа дуудах юм болсон. Тэгэхээр нь би хулгай хийгээгүй  олсон зүйлээ  өгөөд шагналаа авах гэж байна гэж л хэлсэн. Тэгээд нөгөө ах нь хулгайлсан гээд дайраад байхаар нь би зугтчихсан юм. Би зугтаж явж байгаад И март дэлгүүрийн орчимд баригдсан. Нөгөө залуу намайг боож унагаагаад толгой нүүр лүү зөндөө цохисон. Мөн намайг үсдэж цементэн дээр хана мөргүүлсэн. Би тэр хооронд эхнэрээ дуудсан гэжээ.  /хх-н 18-25/

        Гэрч  Б.Ө  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сард би найз У гэрт очсон. Тэгээд бид хоёр гадуур тоглолт үзэхээр гарсан. Бид хоёр такси бариад явж байгаад 50 дугаар дэлгүүрийн орчимд буусан. Тэгээд нэг найз руугаа ярих гээд утсаа гаргах гэтэл Ундарьяа таксинд утсаа хаясан байна гэсэн. Би утас руу нь залгатал салгаастай байсан тэгэхээр нь би мессэж бичээд үлдээсэн. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 10.50 цагийн орчим нууцалсан дугаараас залгахаар нь авсан чинь нэг эрэгтэй хүн байсан ба тэрээр би утас олсон тухайн үед би согтуу байсан болохоор холбогдож чадаагүй. Шагналаа өгөөд утсаа ав гэсэн. Тэгэхээр нь би У руу хэлтэл тэрээр манай ахын утсыг  өгчих гэсэн. Тэгээд би тэр хоёрыг уулзуулсан. Тэр хоёр уулзаад үлдсэн би хэсэг явж байгаад эргээд хартал нөгөө утас олсон залуу зам дагаад гүйж байсан араас нь Г ах гүйж байсан. Би тэгээд л гэрлүүгээ явчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн залгаад та нарын утсаар дутах юм уу ахыгаа дагуулж ирж хүн зодууллаа гэсэн. Миний харж байхад тэр хоёр нэг их зодолдоогүй бие биенийгээ хөөгөөд л явж харагдсан гэжээ. /хх-н 26-27/

          Гэрч Д.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө би нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гараад нөхөр маань нэг утас олсон түүнийгээ нөгөө хүндээ утсыг нь өгнө гэж ярьсан. Би хүүхдээ сургалтанд нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд удаагүй 20-30 орчим минутын дараа утсаар залгахгүй болохоор нь эргээд залгатал би сансарын тунелийн доор байна намайг энэ залуу зодоод алах гээд байна гэж хэлээд утас нь тасарсан. Тэгэхээр нь би тунелийн доор иртэл манай нөхөр цээж нүцгэн фудволк нь урагдсан, манарсан байдалтай байж байсан. Тэгээд би нөхрийнхөө хажууд зогсоод шууд аваад цагдаа руу явсан. Тухайн үед манай нөхөр явж чадахгүй, хагас манарсан байдалтай, гар хөл нь шалбарчихсан толгойн хэсэг нь энд тэндээ цус болчихсон хүзүү хэсгээр нь улайчихсан байдалтай байсан гэжээ.   /хх-н 28-29/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 07/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11786 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.Д.Г тархи доргилт, хуйханд цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 08/

        Толгойн котпьютер томографийн шинжилгээнд: тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэжээ. /хх-н 09-10/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 14/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12331 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.Г биед баруун доод зовхи, 2 хөмсөгний гол хэсэгт жижиг зулгарал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-ийн15/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 11-12.16-07/

          Шинжээч Ц.Г мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ:Тухайн үед Д.Г биед баруун өвдөгт 20х20 см улаан зулгаралттай, зүүн зулайд 6.0 см голчтой цус хурсан байсан. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны толгойн КТ-д тархи хавантай зүүн зулайд цус хуралттай байсан. Д.Г тархи доргилт, хуйханд цус хуралт баруун өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх Д.Г учирсан тархи доргилт нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Харин хуйханд цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан гэжээ.  / хх-н 39-40/

          Э.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61/

   Э.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, /хх-н 54-59/

    Э.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32,45 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 34/, Баянгол дүүргийн 3 дугаар хороо 18 дугаар байрны 202 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 46/ зэрэг болно.          

         Э.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  Д.Г өөрийн дүүгийн хаясан утсыг олж өгсөн хүнд шагнал өгнө гэж хэлж  авчраад үүнийгээ өгөлгүйгээр хоорондоо маргалдаж улмаар зугатах үед нь араас нь хөөж барьж аван  зодож, толгойгоор нь хана мөргүүлсэнээс  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

Д.Г тархи доргилт, хуйханд цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11786 тоот шинжилгээний  дүгнэлт /  /хх-ийн 08/

       Хохирогч Д.Г   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … нөгөө охин руу залгахад Сансарын Шунхлай клонк дээр байна гэсэн. Тэгээд 16.00 цагийн орчимд уулзах болсон. Тэгээд нөгөө охинтой уулзаад мөнгө шилжүүлэх гээд зогсож байтал ах нь гээд хүн ирсэн. Тэрээр гар утас хулгайлсан гээд цагдаа дуудах юм болсон. Тэгэхээр нь би хулгай хийгээгүй  олсон зүйлээ  өгөөд шагналаа авах гэж байна гэж л хэлсэн. Тэгээд нөгөө ах нь хулгайлсан гээд дайраад байхаар нь би зугтчихсан юм. Би зугтаж явж байгаад И март дэлгүүрийн орчимд баригдсан. Нөгөө залуу намайг боож унагаагаад толгой нүүр лүү зөндөө цохисон. Мөн намайг үсдэж цементэн дээр хана мөргүүлсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 18-25/

        Гэрч  Б.Ө   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Тэр хоёр уулзаад үлдсэн би хэсэг явж байгаад эргээд хартал нөгөө утас олсон залуу зам дагаад гүйж байсан араас нь Г ах гүйж байсан. Би тэгээд л гэрлүүгээ явчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн залгаад та нарын утсаар дутах юм уу ахыгаа дагуулж ирж хүн зодууллаа гэсэн. Миний харж байхад тэр хоёр нэг их зодолдоогүй бие биенийгээ хөөгөөд л явж харагдсан гэсэн мэдүүлэг  /хх-н 26-27/

          Гэрч Д.С  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …би тунелийн доор иртэл манай нөхөр цээж нүцгэн фудволк нь урагдсан, манарсан байдалтай байж байсан. Тэгээд би нөхрийнхөө хажууд зогсоод шууд аваад цагдаа руу явсан. Тухайн үед манай нөхөр явж чадахгүй, хагас манарсан байдалтай, гар хөл нь шалбарчихсан толгойн хэсэг нь энд тэндээ цус болчихсон хүзүү хэсгээр нь улайчихсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг.   /хх-н 28-29/

  Шүүгдэгч  Э.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн би ажил дээрээсээ шууд Сансарын клонк дээр очтол Өлзийжаргал нөгөө хүнтэй ХААН банкны ЭТМ-ийн урд зогсож байсан. Би очоод сайн байна уу би нөгөө утсаа гээсэн охины ах байна бидэнд мөнгө алга бид цагдаад утсаа гээсэн талаар бүртгүүлсэн цагдаа дээр очоод учраа олий гэхэд нөгөө залуу за гэсэн. Тэгснээ нөгөө залуу огцом эргээд замын голоор ороод гүйчихсэн. Би араас нь хөөж байгаад барьж авсан ба бид хоёр хоорондоо ноцолдсон. Би тэр үед утсаараа цагдаа дуудсан. Намайг утсаар ярьж байх хооронд машин явж байсан зам руу түлхээд нөгөө залуугийн фудволк урагдсан. Тэгтэл нөгөө залуу утсаа гаргаж ирээд эхнэртэйгээ яриад хүрээд ир гээд байсан. Тэгээд байж байтал нөгөө залуугийн эхнэр 20 Приустэй иртэл машиндаа суугаад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Э.Г холбогдох хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд Э.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.        

       Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч өөрийгээ  Д.Г зодоогүй зугатаахаар нь араас нь хөөж барьж аваад ноцолдсон гэж мэдүүлж байгаа боловч энэ хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тухайлбал хохирогчид шагналын мөнгийг өгөөд дүүгийнхээ гар утсыг авахаар ирээд хохирогчид чи хулгайлсан цагдаа дуудна гэж хэлэхэд хохирогч зугатааж байгаад баригдахад шүүгдэгч түүнийг хана мөргүүлсэнээс тархи доргилт, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон учраас шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэж дүгнэсэн болно.                       

        Хохирогч компьютер томографид харуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний 8.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн учраас шүүгдэгчээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

        Э.Г  нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 3 6.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Э Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г   450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г   нь торгох ялыг  1 /нэг / сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан                      Э.Г   нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Э.Г   нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   Э.Г хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Г 128.000 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 51-1-42 тоотод оршин суух МЬ75082518 регистрийн дугаартай Д  Г  олгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Г   авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН