Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2018/02482

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2018/02482

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б холбогдох,

1 549 904 110 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээг цуцлуулах, 1 867 216 091 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, М.Б, нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

И ХХК нь иргэн Б.Б2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Иргэн Б.Б гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-д шилжүүлсэн бөгөөд И ХХК нь Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний 2.2, 2.4-т заасан ажлуудыг барилга угсралтын ажлын гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан ба Бишрэлт Инженеринг Энд Констракшн ХХК-д ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гэрээний 3.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Гэрээний 3.1-д гүйцэтгэх ажлын нийт дүн 3.6 тэрбум төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхээр заасан боловч захиалагчаас барилгын зураг төслийг өөрсдийн санаачлагаар өөрчилж, үүнээс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарч энэ тухай захиалагчид мэдэгдэж, нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжилсэн өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна.

Мөн захиалагч төлбөрийг бартераар буюу тодорхой хөрөнгө, эд зүйлээр төлөхөөр санал ирүүлдэг боловч тэдгээрийн үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тус компанид санал болгох зэргээр гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Энэ талаар гүйцэтгэгч тухай бүр албан бичгээр болон албан уулзалтаар нөхцөл байдлыг тайлбарлаж, зөвшилцөлд хүрэхээр чармайлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэнгүй.

Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүйгээс тус компанийн ажилчид болон мэргэжлийн ажилчид сул зогсолт хийж их хэмжээний алдагдалд ороод байна.

Захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978 302 183 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний нийт алданги 1 076 655 604 төгрөг болж тус компанид их хэмжээний хохирол учирсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байдалд хүргээд байна.

Иймд иргэн Б.Б гэрээний дагуу үндсэн ажлын төлбөр 978 302 183 төгрөг, Иргэний хуулийг үндэслэн гэрээний 10.2-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 489 151 092 төгрөг, нийт 1 467 453 275 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1 дэх хэсэгт ...Магадлашгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай объектод 2%, үйлдвэрийн зориулалттай объектод 3%-иар тус тус тооцно. гэж заасны дагуу талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадлашгүй ажлын зардлыг 2% байхаар төсөвлөн тохиролцсон.

Барилга угсралтын ажлын явцад дараах магадлашгүй ажлын зардал гарсан.

Үүнд: - Хариуцагч Б.Бгийн барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47 699 445 төгрөг,

- Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11 984 115 төгрөг,

- Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38 542 275 төгрөг,

- Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2 000 000 төгрөг, нийт 100 225 836 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн магадлашгүй ажлын зардал болгон гаргасан төлбөрөө хариуцагчаас нэмж нийтдээ 1 567 679 111 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хамгийн сүүлчийн тооцоогоор 1 549 904 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ХХК болон Б.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нийт 1 549 904 110 төгрөгийг нэхэмжилсэн байх ба дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хийгдэх нийт ажлын үнийн дүн 3.6 тэрбум төгрөг байна. Төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн бөгөөд энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс бүхий л зардал багтсан байдаг. Гэрээний 9.1.1-т 2.2-т заасан графикийн дагуу дараагийн санхүүжилт олгохоос өмнө барилга угсралт, өрлөгийн гүйцэтгэлийн болон холбогдох бусад ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн тухай акт үйлдэж талууд баталгаажуулахаар заасан.

Гэрээний 2.1-д гүйцэтгэгч И ХХК нь энэхүү гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэх үндсэн нөхцөлтэйгээр барилга барих ажлыг эхлүүлсэн боловч гэрээний 1.5, 2.4-т заасан дуусах хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байхаар талууд тохиролцсоныг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Гэтэл И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний 2.2, 2.4-т ажлуудыг барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 07 сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэсэн байна.

Гэрээний 2.3-т ...0-10 давхарын өрлөгийн ажил, 11.1-д Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг хийх ... гүйцэтгэгч өөрийн зардлаар хийнэ гэсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй атлаа гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 12.1-д Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэсэн үүрэг хүлээсэн байтлаа захиалагч талаас шалтгаалан өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй.

Гэрээний 6, 7-д Барилгын материалын шинжилгээ, шалгалт гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг аюултай зөрчлийг бүрэн арилгаагүй.

Иймд гэрээний 8.2-т гүйцэтгэгч ажлыг чанартай гүйцэтгээгүй тохиолдолд ажлын хөлс төлөхийг хойшлуулж, тухайн дутагдлыг засаж сайжруулсаны дараа зохих төлбөрийг төлнө гэснийг И ХХК-д удаа дараа мэдэгдэж гомдлын шаардлага хүргүүлж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна.

Нэхэмжлэгч нь захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978 302 183 төгрөгийг аваагүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндсэн төлбөр гэж чухам юуг хэлж байгаа, энэ мөнгөн дүн нь ямар тооцоо болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нотлох баримтууд нь энэхүү тооцоог батлаагүй байна. Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлдээ:

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2.5-д тусгагдсан 520 000 000 төгрөгийн төсөв бүхий гэрээний 2.3-д заасан ...0-10 давхрын өрлөгийн ажил 2015 оны 8 сарын 31-ний дотор хийж дуусгах-ыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй үүргийн алданги болох 260 000 000 төгрөгийн, мөн гэрээний 2.2.4-д заасан ажлыг гэрээний 3.2.4-д заасан нөхцөлөөр 700 000 000 төгрөгийн гүйцэтгээгүй ажлын үүргийн алданги нь 350 000 000 төгрөг, нийт 610 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 232.4-т зааснаар ажил гүйцэтгэгчээс захиалагчид гаргуулах, мөн И ХХК, иргэн Б.Б нарын хооронд 2015 оны 4 сарын 03 өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах,

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр Контор үйлчилгээний зориулалттай барилга угсралт-ын ажлыг гүйцэтгэх төсөв-ийг 3 307 819 085 төгрөг, 3 934 110 473 төгрөг гэсэн өөр өөр дүнтэйгээр зохиож, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон 3 934 110 473 төгрөгийн төсвийн гүйцэтгэлээр төлбөр нэхэмжилж байх тул дээрх төсвүүдийн зөрүү 626 291 388 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал буюу И ХХК-иас захиалагч тал буюу иргэн Б.Бд гаргуулах,

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр И ХХК, иргэн Б.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан И ХХК-иас захиалагч Б.Бд 833 336 595 төгрөгийн алдангийг гаргуулан олгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах гэж шаардсан шаардлагаас татгалзаж байна. Үүнд:

Гэрээний 12.1-д заасан Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлийг авах. Үүнд: Гүйцэтгэгч тал өөрийн зардлаар барилгын ажлын цэвэр, бохир усны холболт, цахилгааны холболт, холбооны шугам сүлжээний холболт хийх зорилгоор газар доогуур шугам татах зөвшөөрлүүдийг Нийслэлийн авто замын газраас гаргуулан авах мөн барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор Мастер Принт компанийн талбайруу орж ажиллах зөвшөөрлийг тухайн байгууллагаас гаргуулан авах,

Гэрээний 11.1 болон ...тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар ... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг үүргйиг шинээр төсөв зохиож өөрийн зардлаар гүйцэтгэх,

Гэрээний 6 зүйл Хяналт, 7 зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах, гэрээний 6.3-т Гүйцэтгэгч барьж буй барилгыг зураг төсөлд зааснаас өөрөөр гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг стандарт журмын дагуу явуулахыг шаардах эрхтэй бөгөөд гүйцэтгэгч энэхүү шаардлагыг ямар нэгэн саадгүйгээр хүлээн авах ёстой гэсэн гэрээний шаардлагыг хангаж, ажлын үр дүнгийн биет байдлын доголдлыг арилгуулах буюу 1-6 давхарын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэх,

Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхарын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир зохиогчийн албан ёсны зөвшөөрлийг авч баталгаажуулах зэргээс татгалзсан.

Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхарын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэх зэргээс татгалзан доорх байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд:

1. Гэрээний 11.1 болон ...тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар ... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах. Үүнд:

а/ Гадна дулааны ажлын зардалд 152 615 194 төгрөг

б/ Цахилгааны ажлын зардалд 134 911 700 төгрөг

в/ Гадна бохирын ажилд 47 469 750 төгрөг

г/ Гадна цэвэр усны ажилд 47 469 750 төгрөг буюу нийт 382 466 444 төгрөг

2. Гэрээний 6 дугаар зүйл Хяналт, 7 дугаар зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 184 320 000 төгрөг,

3. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 давхарын хучилтийг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192 000 000 төгрөг,

4. Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхарын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468 000 000 төгрөг,

5. И ХХК-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд ногдох алданги буюу 610 000 000 төгрөг гаргуулах,

6. Капитал банктай байгуулсан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 30 429 647 төгрөг гаргуулах, буюу нийтдээ 1 867 216 091 төгрөгийг И ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч И ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

И ХХК-иас БНД-ийн 3-р хороо, Нарны гүүрний зүүн талд байрлах иргэн Б.Бгийн офисс үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 3 934 110 473 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал болгосон. Талууд энэхүү төсвийн дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцсоны дагуу бид төсөвт өртгийг дахин хянаж үзээд шууд зардлыг хасах боломжгүй харин ашгийн зардлыг бууруулж түүнээс тооцогдох байсан шууд бус зардлууд /ХАБЭА, цахилгаан, хоол г.м/-ыг тооцон угсралтын ажлын төсөвт өртгийг 3 602 664 075 төгрөгөөр санал болгосныг захилаагч тал хүлээн зөвшөөрснөөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр ажлыг 3 602 664 075 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон юм.

Иргэн Б.Бгийн төлөөлөгч Г.Ганзоригийн сөрөг нэхэмжлэлд 3 307 819 085 төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар боловсруулсан төсөв гаргаж өгсөн гэдэг нь зориудын төөрөгдүүлсэн мушгин гуйвуулсан худал мэдүүлэг бөгөөд Иргэний хэргийн шүүхийг хүндэтгэхгүй байгаа нь илт байна. Манай компани нь ажил гүйцэтгэх явцдаа гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтийг үе шат бүрт гүйцэтгэлийн төсөв гаргаж өгч байсан. Үүнд 4 удаагийн гүйцэтгэл хийж захиалагч талд хүргүүлсэн.

1. 2015.05.11-ний өдөр Газар шорооны ажил, суурь ба зоорийн давхар, гражын суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд 941 387 765 төгрөгийн 1-р гүйцэтгэл,

2. 2015.06.04-ний өдөр 1, 2, 3-р давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 794 658 680 төгрөгийн 2-р гүйцэтгэл,

3. 2015.06.19-ний өдөр 4, 5, 6-р давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 744 949 317 төгрөгийн 3-р гүйцэтгэл,

4. 2015.07.31-ний өдөр 7, 8, 9, 10-р давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 826 823 323 төгрөгийн 4-р гүйцэтгэл тус тус гарсан.

Дээрх 4 гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 3 307 819 085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үнэнд үл нийцэх, хууль бус шаардлага гэж үзэж байна.

Иргэн Б, И ХХК нарын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч 90 хувь гүйцэтгээд хүлээлэн өгчихсөн байсан одоо гэрээг цуцлах шаардлага гарагж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Хуульд зааснаар ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэгтэй. Тйим учраас нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг авахаар нэхэж байхад хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байж, алданги гэж нэхэж байгаа нь үндэсгүй байна.

Капитал банк болон Б.Б нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 555 дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтад Зээлийн зориулалт: орон сууцны зээлд зориулагдана гэж, мөн гэрээний 4.2.3 дахь заалтад Зээлийг зээлийн гэрээний 3.5 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдэхгүй байх гэж зээлдүүлэгчийн үүргийг тусгасан байна.

Б.Б И ХХК-д орж ирсэн санхүүжилтийн тооцооноос үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж байсан санхүүжилттэй огт холбогдолгүй байна.

Б.Бгийн Капитал банкнаас авсан гэх 119 000 ам.долларын зээл нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг И ХХК-иар гүйцэтгүүлэх барилгын ажилд зориулагдсан санхүүжилтийн зээл бус харин орон сууцны зээл байх тул Б.Бгийн Капитал банкны зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь И ХХК-д хамааралгүй болох нь харагдаж байна.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчид гэм хор учруулсан гэх асуудал маш ойлгомжгүй байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа ямар ч үндэслэлгүйгээр татгалзах, мөн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг хамааралтай мэтээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 3 удаа гаргаж байгаа зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах санаа зорилготой байгаа нь тодорхой байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч тал гэрээний үүргийг биелүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Харин хариуцагч барилгын 7-10 давхар хүртэлхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: хариуцагч нь ажлыг өөрөө тухай бүрт нь хянаж явах үүрэгтэй байсан. Гэвч гэрээнд заасан ажлыг хийж дууссаны дараа маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн буюу хийсэн ажлын үр дүнд нь тохирсон хөлсийг нь олгож шийдвэрлэвэл зохистой гэж үзэж байна гэв.

Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 549 904 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч анх тус шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 978 302 183 төгрөг, алданги 489 151 092 төгрөг, нийт 1 467 453 275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад магадлашгүй ажлын зардал 100 225 091 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд, дутуу ажлын зөрүү 956 672 190 төгрөг үүнээс төсвийн дагуу хийсэн өрлөгийн үнэ 300 327 544 төгрөгийг хасаж, үлдэх 656 344 646 төгрөг, мөн 10 давхарын цутгалтын ажил сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэгдсэн зардал 96 000 000 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 7 сараас 2016 оны 7 сар хүртэл зардал 20 350 000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13 757 537 төгрөг, ба эдгээрийн нийт дүн 786 452 183 төгрөг буюу түүний алдангид 393 226 091 төгрөг, барьцааны 180 000 000 төгрөг буюу түүний алданги 90 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, нийтдээ 1 549 904 110 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.Б нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, газарт оффис, үйлчилгээний зориулалттай 10 давхар барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч И ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээний 1.5-д ажил эхлэх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 09, дуусах хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр,

2.1-д ...төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар, нийт 8736.64 м.кв талбай бүхий барилгыг барьж гүйцэтгэх,

2.2-т ...Суурийн газар шорооны ажил, суурийн бетон цутгалтын ажил, зоорийн давхарын цутгалтын ажил, ус тусгаарлагч, тэгшилгээ, газар шорооны ажлыг 2015 оны 05 сарын 13-ны дотор, 1, 2, 3-р давхарын цутгалтыг 2015 оны 06 сарын 17-ны дотор, 4, 5, 6-р давхарын цутгалтыг 2015 оны 07 сарын 17-ны дотор, 7, 8, 9, 10-р давхарын цутгалтыг 2015 оны 08 сарын 31-ний өдрийн дотор 100 хувь дуусгасан байх, Барилгын 0-3 давхарын өрлөгийн ажлыг 2015 оны 07 сарын 01-ний дотор, 4-6 давхарын өрлөгийн ажлыг 047 сарын 15-ны дотор, 6-10 давхарын өрлөгийн ажлыг 08 сарын 31-ний дотор хийж дуусгах, Барилгын техникийн давхарыг 2015 оны 09 сарын 10-нд дуусгана. Ийнхүү барилга угсралтын нийт ажлуудыг 2015 оны 09 сарын 10-ны өдрийн дотор дээрх үе шатаар хийж гүйцэтгэн дуусгасан байхаар,

3.1-т Гэрээгээр хийгдэх нийт ажлын дүн 3.6 тэрбум төгрөг, төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн, энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс зэрэг бүхий л зардал багтсан,

3.2-т Захиалагч төлбөрийг 2.2-д заасан графикийн дагуу талууд хүлээлцсэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор ....шилжүүлэх ба 2.2.1-д заасан ажлыг гүйцэтгэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор 800,0 сая төгрөгийг, ....700,0 сая төгрөгийг, ...700,0 төгрөгийг, ...700,0 сая төгрөгийг, ...520,0 сая төгрөгийг захиалагч гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр гэж тус тус тохиролцжээ. /хх-ийн 4-10/

Талууд энэхүү гэрээ болон гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй.

Маргааны үйл баримтын талаар дараах нотлох баримтыг талууд гаргаж өгсөн байна. Үүнд: Хариуцагч болон нэхэмжлэгч талууд нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцдаа үйл ажиллагааны талаар харилцаж байсан албан бичгүүд /1-р хавтасны 12-30/, Барилгын 10-р давхарын цутгалтын ажлын төсөвт, өртөг 210 408 172 төгрөг, барилга угсралтын ажлын төсөт өртөг 3 934 440 473 төгрөг, барилгын дотор гэрэлтүүлгийн ажлын төсөвт өртөг 13 757 537 төгрөг /хх-31-51/, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан актууд /хх-ийн 56-121/, нэхэмжлэхүүд /хх-123-133/, И ХХК-ийн дансны монгол хуулгууд /хх-161-164/, Би И Эс Ай Жи Эн ХХК-ийн тодорхойлолт, албан бичиг, Эскиз, ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, хавсралтын хамт /хх-173-188/, Магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Архитектор төлөвлөлтийн даалгавар, Б.Бгийн барилгын гүйцэтгэлийн нэгдсэн төсөвт өртөг 3 307 819 085 төгрөгийн /хх-196-201/, Барилгын ажил гүйцэтгэсэн актууд /2-р хавтаст хэргийн 2-14/, Б.Бгийн барилгын гүйцэтгэл №1, №2, №3, №4 гэсэн дугааруудтай төсөвт өртгүүд /хх-23-52/, Н.Адъяахүүгийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хавсаргасан барилгын фото зураг /хх-54-55/, Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, баримтын хамт /хх-124-138/, Барилгын төсөвчдийн холбооны нэхэмжлэх /хх-139-142/, гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-161-162/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргасан баримт /хх-200-213/, гэрч Н.Адъяахүү, Б.Бүд нарын мэдүүлэг /хх-218-222/, Холбооны кабель шугам шилжүүлэх төсөв /хх-243-250/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /3-р хавтасны 12-98/, Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүд /хх-117-123/, Шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан баримтууд /хх-153-193/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хавсаргасан баримтууд /хх-224-227/, Капитал банкны тодорхойлолт, зээлийн гэрээ /4-р хавтасны 63-73/, Б.Бгийн үйлчилгээний барилгын гадна дулаан, узелийн ажлын төсөв /хх-161-180/, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан тухай албан бичиг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн албан бичиг, Улаанбаатар менежмент ХХК-ийн албан бичиг, хавсралтын хамт, Үүр тээл ХХК-ийн албан бичиг, хавсралтын хамт /хх-199, 208-226/ зэрэг бичгийн нотлох баримтууд тус тус авагджээ.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

И ХХК, Б.Б нар 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, тухайн гэрээний үнийн дүн 3.6 тэрбум төгрөг байхаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Б гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч И ХХК нь гэрээний 2.2-т заасан ажлуудыг 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хийж гүйцэтгэсэн болох нь 1-р хавтаст хэргийн 56-121 дүгээр талд авагдсан Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан актууд, мөн 1-р хавтаст хэргийн 123-133 дугаар талд авагдсан нэхэмжлэхүүд, 3-р хавтаст хэргийн 12-126 дугаар талд авагдсан Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /улаан дэвтэр гэх/ зэрэг бичгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И ХХК нь гэрээний 2.3-т заасан 0-3 давхарын өрлөгийн ажлаас 1-2 хүртэлх давхарын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба бусад өрлөгийн ажил хийгдээгүй, зогссон талаар зохигч талууд харилцан зөвшөөрдөг.

Хариуцагч тал буюу захиалагч Б.Бгийн төлөөлөгч нар гүйцэтгэгчээс хийгдсэн ажлуудыг тухай бүрд нь хүлээн авч актуудад гарын үсэг зурж харилцан баталгаажуулж байсан бөгөөд эдгээр гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилтэд нийтдээ 2 463 327 810 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар зохигчид маргаагүй.

Гэрээнд барилга угсралтад ашиглах арматурын шинж байдлыг нарийвчлан тодруулж заагаагүй боловч стандартад заасан шаардлагыг хангасан байхаар заасан. Барилгын ажлыг гүйцэтгэхэд хөтлөгдсөн улаан дэвтэрт арматурын гэрчилгээний дугаарууд бичигдсэн байдаг боловч хэрэгт тухайн гэрчилгээнүүд нотлох баримтаар нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байна. Энэ талаар шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт /3-р хх-153-154/-д тодорхойлсон. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолгүй гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь арматурыг чанарын шаардлага хангасан гэдгийг нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь дээрх үндэслэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээгээр тохирсон 3 600 000 000 төгрөгөөс гэрээний 12.5-д Захиалагч Барилгын тухай хуулийн дагуу нийт үнийн дүнгийн 5 хувь /180.0 сая төгрөг/-ийг 1 жилээс 6 сар хүртэл хугацаанд барьцаа болгон авч үлдэх бөгөөд баталгаат хугацаа дуусахад гүйцэтгэгчид саадгүй шилжүүлж өгнө гэж заасан 180 000 000 төгрөг, олгогдсон санхүүжилт 2 463 327 810 төгрөгийг тус тус хасаж тооцоход үлдэгдэл 956 672 190 төгрөг ба үүнээс төсвийн дагуу дутуу хийсэн өрлөгийн ажлын зардал 300 327 544 төгрөгийг хасаад 656 344 646 төгрөг, мөн 10 давхарын цутгалтын ажил сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэгдсэн зардал 96 000 000 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 7 сараас 2016 оны 7 сар хүртэл зардал 20 350 000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13 757 537 төгрөг, ба эдгээрийн нийт дүн 786 452 183 төгрөг буюу түүний алдангид 393 226 091 төгрөг, барьцааны 180 000 000 төгрөг буюу түүний алдангид 90 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, нийтдээ 1 549 904 110 төгрөгийг гэрээний дүнгээс төлөөгүй гэж нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн гаргасан дүгнэлтээр И ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нь 3 328 024 224 төгрөг, үүнээс бодит гүйцэтгэл нь /захиалагчийн зардал, магадлашгүй ажлын зардлыг хасаад/ 3 102 739 119 төгрөг гэж тодорхойлсон байх тул энэхүү дүнгээс захиалагчийн санхүүжилтэд төлсөн 2 463 000 000 төгрөгийг хасахад 639 739 119 төгрөг ба үүн дээр нэмэгдүүлсэн шаардлага магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг нэмэхэд нийт 739 964 955 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэнэ, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 доголдолын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах-аар заажээ.

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр тодорхойлсон /2-р хх-ийн 137/ арматурын нийт орц, зардал 776 537 711 төгрөгөөс шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд /3-р хх-154/ ...арматуртаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй байна гэсэн ба хэрэгт арматурын сертификатууд бүрэн авагдаагүй байгаа болон хариуцагч арматурын талаар маргаж, шинжээчийн дүгнэлтээр гаргасан зардлаас доголдолыг 40 хувиар тооцож сөрж шаардсан зэргийг үндэслэн барилга угсралтад ашигласан арматурын зарим хэсэг нь чанарын шаардлага хангаагүй гэж шүүх дүгнээд доголдолыг 40 хувиар нь тооцоход 310 615 084 төгрөг, үүнээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 184 320 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэн хасаад, үлдэх 126 295 084 төгрөгийг нэхэмжлэгчийн гэрээний үнийн төлөгдөөгүй төлбөр 739 964 955 төгрөгөөс хасаж тооцон 613 669 871 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Тодруулбал, хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон арматурын нийт орц, зардал 776 537 711 төгрөгөөс арматур чанарын шаардлага хангаагүй доголдолыг 40 хувиар үнийг нь бууруулан тооцож нэхэмжлэгчээс сөрж 184 320 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хүлээн авч дээрх дүгнэлтийг хийж, харилцан тооцсон болно.

Гэрээний талууд барилга угсралтад ашигласан арматурын талаар харилцан маргадаг ба үүнийг шинжээч лаборатиорын шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй болохыг тогтоосон ба шинжээчээс ...гэрээний дагуу И ХХК-ийн гүйцэтгэсэн зоорийн давхараас 10 давхар хүртэл гүйцэтгэсэн төмөр бетон карказ нь ашиглалтад хүлээн авах, цаашид аюулгүй ашиглах боломжтой эсэхийг тодруулахад ...уг объект нь дуусаагүй барилга учраас ашиглалтанд авах болон ашиглах талаар дүгнэлт гаргах боломжгүй байна. Барилгын тухай хуулийн 48.1 заалтын дагуу барилга байгууламжийг эрх бүхий байгууллагуудаас томилогдсон мэргэжлийн комисс зураг төсөл, норм дүрмийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан ашиглаж болох эсэхийг тогтоож ашиглалтад хүлээн авдаг тул шинжээч би бие даан уг объектийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах эрхгүй гэсэн учир хуульд заасан журмын дагуу захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах үндэстэй.

Гэрээнд заасан ажлыг И ХХК нь гүйцэтгэх явцад захиалагч талын төлөөлөгчийн хүсэлтээр барилгын 10 давхарын хучилтийг өөрчилж, зураг төсөлд өөрчлөлт оруулсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч Н.Адъяахүүгийн мэдүүлэг, тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул нэмэлт ажлын төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 613 669 871 төгрөгийг хангаж, үлдэх 936 234 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлэн буюу өөрчлөн гаргасан ба 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд 1. Зохигчдын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах,

2. Гэрээний 11.1 болон шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан цахилгаан, шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метр доторхи ажлын зардлаар хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардал 382 466 444 төгрөг,

3. Гэрээний 6, 7 дугаар зүйлд заасан ажлыг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэн хийлгэхэд гарах зардал 184 320 000 төгрөг,

4. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 дугаар давхарын хучилтыг барилгын зураг зөрчиж хийсэн учир дахин гүйцэтгүүлэхэд гарах зардал 192 000 000 төгрөг,

5. Шинжээчийн дүгнэлт ба гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т зааснаар 1-10 давхарын өрлөгийн ажлыг бусдаар дахин гүйцэтгүүлэхэд гарах зардал 468 000 000 төгрөг,

6. гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд ногдох алданги 610 000 000 төгрөг,

7. Капитал банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 30 429 647 төгрөг, нийт 1 867 216 091 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Доорх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

2.1. Зохигч талуудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба гэрээний 13.1.1-д Талууд гэрээнийхээ заалтыг зөрчсөний улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд гэрээг бүхэлд нь болон хэсэгчлэн цуцалж болохоор заасан байх тул хариуцагч Б.Бгийн гаргасан, И ХХК, Б.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрээний талууд хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно.

2.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1-д Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардал гэрээний үнийн дүнд орсон тул гүйцэтгэгч өөрийн зардлаар, 100 метрээс хэтэрсэн зардлыг захиалагч хариуцаж хийнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан дээрх ажлыг гүйцэтгэх талаар 2015.07.21-ний өдрийн 281/15 дугаар албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн ба 2015.08.10-ны өдрийн 304/15, 2015.08.18-ны өдрийн 313/15 дугаар албан бичгүүдээр хариуцагч талд хандан ...энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай газар доогуур буудах, бусдын эзэмшлийн талбайд дулааны шугам ухах, угсрах зэрэг ажлуудын зөвшөөрлүүдийг зохих албан байгууллагуудаас авч өгнө үү гэж шаардаж байсан боловч хариуцагч тал холбогдох зөвшөөрлийг нь авч өгөөгүйн улмаас уг ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

Иймээс, гэрээнд заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүйн улмаас, дээрх ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэх боломжгүй болсон байх тул Гэрээний 11.1 болон шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан цахилгаан, шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метр доторхи ажлын зардлаар хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардал гэх 382 466 444 төгрөгийг гаргуулах үндэсгүй гэж дүгнэв.

2.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т Барилгад ашиглах материалууд нь ашиглахаас өмнө бараа материалын хяналт шалгалтын шинжилгээнд заавал орсон байх шаардлагатай бөгөөд энэхүү шинжилгээнд тэнцээгүй бараа материал нь дахиад хяналтаар орох ёстой. Энэ тохиолдолд гүйцэтгэгч энэхүү шалтгааны улмаас гэрээнийхээ хугацааг сунгахыг шаардах эрхгүй, 7.4-т Гүйцэтгэгч нь шинжилгээнд тэнцээгүй материалыг өөр шаардлага хангасан материалаар солиогүй тохиолдолд захиалагч тал даруй арга хэмжээ авах эрхтэй бөгөөд үүнээс үүдэн гарах зардлыг гүйцэтгэгч хариуцна гэж заажээ.

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд /3-р хх-154/ ...арматуртаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй байна гэсэн ба хэрэгт арматурын чанарын сертификатууд бүрэн авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч чанарын шаардлага хангасан арматур ашигласан гэдгээ нотлоогүй болохыг шүүх дүгнэсэн тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас доголдолтой холбогдуулан үнийг бууруулан тооцсон учир хариуцагчийн шаардсан Гэрээний 6, 7 дугаар зүйлд заасан ажлыг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэн хийлгэхэд гарах зардал 184 320 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

2.4 Гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч И ХХК-иас гүйцэтгэх явцад хариуцагч буюу захиалагч талын төлөөлөгчийн хүсэлтээр барилгын зураг төслийн буюу 10 дугаар давхарын хучилтийг өөрчилсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч Н.Адъяахүүгийн ...Б.Бгийн контор үйлчилгээний зориулалттай барилгын гадна фасадны зургийн ажлыг хийхдээ Батцэнгэл гэдэг мэргэжилтэн Ариунболд захирлынхаа даалгавраар рендер зургийг хийлгэх ажлыг надад даалгасан. Энэ барилга нь манай хийсэн зураг төслөөр баригдсан. Үндсэн зураг дээр ажиллаж байхдаа Бүд, Ариунболд нартай харьцаж байсан, Цэнгэл ирээд гадна фасадны шийдлээ өөрчилөе гэж хэлсэн. Уг барилгын үндсэн эзэн нь Ариунболд гэдэг хүн Бгийн газар дээр хөрөнгө оруулалт хийгээд барилга бариулж байна гэж би ойлгосон. Гэрээнд Бүд гэдэг хүний гарын үсэг байгаа тэгэхээр Бүдийг төлөөлөх эрхтэй хүн гэж ойлгосон. Бүд Ариунболд захиралтайгаа намайг уулзуулсан... гэсэн мэдүүлэг, тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2-т 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир зохиогчийн албан ёсны зөвшөөрлийг авч баталгаажуулах гэсэн зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан, Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 дугаар давхарын хучилтийг барилгын зураг зөрчиж хийсэн учир дахин гүйцэтгүүлэхэд гарах зардал гэх 192 000 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.5 Гэрээний 2.3-т Барилгын 0-3 давхарын өрлөгийн ажлыг 2015 оны 07 сарын 01-ний дотор, 4-6 давхарын өрлөгийн ажлыг 07 сарын 15-ны дотор, 6-10-р давхарын өрлөгийн ажлыг 08 сарын 31-ний дотор хийж дуусгана гэж, 3.2.5-д 2.3-т заасан ажлыг гүйцэтгэн акт, нэхэмжлэхийг ирүүлсэнээс хойш 5 хоногийн дотор 520,0 сая төгрөгийг захиалагч гүйцэтгэгчийн дансанд тус тус шилжүүлнэ гэж заасан ба 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3.1-т ...I ба II давхарын өрлөгийг дуусгасан, түүнээс дээш өрөг хийгдээгүй..., 3.4-т И ХХК, иргэн Б.Б нарын хооронд байгуулсан гэрээний 2.2-2.3-д заасан үе шатны ажлуудын төсөв нь мөн гэрээний 3.2-т заасан барилга байгууламжийн төсвийн дүнтэй тохирохгүй учир нь гэрээнд үе шатны ажлыг төсвийн үнээр тооцоогүй тохиролцооны үнэ тавьсан байна гэжээ.

Талууд гэрээгээр, үе шатны ажлуудын хугацааг тохирч тухайн ажлын гүйцэтгэлд нь тодорхой хэмжээний санхүүжилтийг олгохоор тохиролцсон болохоос биш тухайн үе шатны ажилд нь тохирсон үнийн дүнг тооцоолон тодорхойлж заагаагүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 1-10 давхарын өрлөгийн ажлаас 1-2 дугаар давхарын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба хариуцагч тал 10 дугаар давхарын хучилтын зураг төслийг өөрчилсөн болон холбогдох санхүүжилтийг олгоогүйгээс маргаан үүсэж тухайн ажил зогссонд гэрээний талууд хэн аль нь буруутай.

Иймээс, хариуцагчийн Шинжээчийн дүгнэлт ба гэрээний 2.3, 3.2.5-т зааснаар 1-10 давхарын өрлөгийн ажлыг бусдаар дахин гүйцэтгүүлэхэд гарах зардал гэх 468 000 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангах боломжгүй байна.

2.6 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж заасан ба анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.

Хариуцагч нь энэхүү сөрөг шаардлагаа гэрээний 3.2.5-д тусгагдсан 520 000 000 төгрөгийг төсөвт өртөг бүхий гэрээний 2.3-д ...0-10 давхарын өрлөгийн ажил 2005 оны 8 дугаар сарын 31-ний дотор хийж дуусгах-ыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алдангийг 260 000 000 төгрөг гэж, мөн гэрээний 2.2.4-т заасан ажлыг гэрээний 3.2.4-т заасан нөхцөлөөр 700 000 000 төгрөгийн гүйцэтгээгүй ажлын үүргийн алданги гэж 350 000 000 төгрөг, нийт 610 000 000 төгрөгийг гаргуулахаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байсан ба Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч буюу захиалагч тал гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Зохигч талууд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ хэн аль нь бүрэн биелүүлээгүй буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон талаар шүүх дүгнэлт өгсөн учир хариуцагч тал нэхэмжлэгчээс алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд ногдох алданги гэх 610 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

2.7 Хариуцагч Б.Б нь Капитал банктай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 555 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, Орон сууцны зориулалтаар 119 000 ам долларын зээлийг 2015 оны 05 сарын 13-ны өдрөөс 2030 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай авсан байна.

Уг зээлийг нэхэмжлэгч И ХХК-тай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу бариулж буй барилгыг санхүүжүүлэхэд зориулж авсан гэж хариуцагч нь зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нь тухайн гэрээний маргаантай харилцан хамааралгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэсэн заалтад хариуцагчийн нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан Капитал банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 30 429 647 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Б 613 669 871 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 936 234 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагчийн сөрөг шаардлагаас талуудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, И ХХК-иас 184 320 000 төгрөгийг гаргуулан Б.Бд олгож, сөрөг шаардлагын үлдэх 1 682 896 091 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шинжээчийн зардал болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасны улмаас шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авч хангасан ба, 2017 оны 03 дугаар сарын 22-ны, мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус тус 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Эхний гаргасан шинжээчийн ажлын хөлс болох 2 350 000 төгрөгийг хариуцагч Б.Б төлөөгүйн улмаас Барилгын төсөвчдийн холбоо нь 2017 оны 03 дугаар сарын 13, мөн оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд нэхэмжлэхүүд /2-р хх-140, 142 дугаар талд/-ийг тус шүүхэд ирүүлсэн, дараагийн шинжээчийн ажлыг хөлсийг Барилгын төсөвчдийн холбоо хүсэлт, нэхэмжлэх ирүүлсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2017/14272 дугаар захирамжаар ...хүсэлт гаргасан тал болох хариуцагчийн төлбөл зохих шинжээчийн ажлын хөлс 3 080 000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийн Тамгын газраас гаргуулан Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгохоор заасан ба уг зардлыг нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 дугаартай төлбөрийн хүсэлтээр шүүхийн Тамгын газраас тус холбоонд 3 080 000 төгрөгийг төлсөн /3-р хх-142-145 дугаар талд/ талаар баримтууд хэрэгт авагдсан.

Шүүх, гэрээний талууд болох нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.Б нар хэн аль нь буруутай болохыг нь дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар шинжээчийн 2 удаагийн ажлын хөлсийг нэхэмжлэгч, хариуцагч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 1 549 904 110 төгрөг гаргуулах нэхэмжлэл шаардлага гаргасан ба улсын тэмдэгтийн хураамжид 8 154 316 төгрөгийг төлсөн байна. 1 549 904 110 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцоход 7 907 471 төгрөг төлөх ёстой байх тул илүү төлсөн 246 845 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох,

Хариуцагч нь 2015 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулах сөрөг шаардлагадаа тухайн гэрээний үнийн дүн 3.6 тэрбум төгрөгт оногдох хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж 18 157 950 төгрөгийг төлөх ёстой байтал төлөөгүй, мөн сөрөг шаардлагаар нэхэмжлэгч талаас нийтдээ 1 867 216 091 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 9 494 030 төгрөг, нийтдээ 27 651 980 төгрөг төлөх ёстой байтал зөвхөн 6 807 500 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 20 844 480 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б 613 669 871 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 936 234 239 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, И ХХК-иас 184 320 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Бд олгож, сөрөг шаардлагын үлдэх 1 682 896 091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /7.495.216+659.100/ нийт 8.154.316 төгрөгөөс 7.907.471 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 246.845 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох,

Хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /4.423.250+2.074.150+310.100/ нийт 6.807.500 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, дутуу төлсөн 20 844 480 төгрөгийг Б.Б гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжийн /хангасан хэмжээ 613 669 871 төгрөгт ногдох/ 3.226.299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д, нэхэмжлэгч И ХХК-аас /хангасан хэмжээ Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад оногдох 18.157.950 төгрөг, мөн 184.320.000 төгрөгт оногдох 1.079.550 төгрөг/ нийт 19.237.500 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс /2.350.000+3.080.000/ нийт 5.430.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч И ХХК-аас 2.715.000 төгрөгийг, хариуцагч Б.Б 2.715.000 төгрөгийг тус тус гаргуулж, 2.350.000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны /регистрийн дугаар 2581078/ БЭСГЭ ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2611037182 тоот дансанд, 3.080.000 төгрөгийг БЗД, СБД, ЧД ИХАШШТГ н.с /дансны нэр/, 100900005409 /дансны дугаар/, 5318521 /регистерийн дугаар/-д тус тус олгуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ИЧИНХОРЛОО

 

Б.УУГАНБАЯР