Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2017/00114

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2017/00114

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах М-ийн төлөөлөн нэхэмжлэлтэй,

Төрөөс Эд хөрөнгө, сэтгэл санаа, гэм хорын хохиролд нийт 238.227.592 /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга, таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 155/2016/01369/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, прокурор Ц.М, иргэдийн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Төлөөлөн нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газраас М2013 оны 9 дүгээр сарын 13 ны өдөр С.Отгонцагаантай нийлэн албан тушаалын байдлаа ашиглаж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Дашдаваагийн Халтарын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2004 оны 11 дүгээр сарын 1 ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 1 нийг өдөр хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэрийн мөнгө давхардуулан авч нийгмийн даатгалын санд 68322520/ зургаан сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 201322000415 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнийг 2013 оны 9 дүгээр сарын 13 ны өдөр сэжигтнээр тооцож,байнга буюу түр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллагдагч Мэрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 09 ний өдөр яллагдагчаар татаж,2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 143 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05ны өдрийн 306 дугаар захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230,1,2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Мд холбогдох эрүүгийн 201322000415 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гэтэл Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн нь дээрхи захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байх ба Хөвсгөл аймгийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн 5 дугаар магадлалаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Үүний дараа Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллагдагч МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 61 дугаартай яллах дүгнэлт дахин үйлдэж,харьяаллын дагуу Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр түүнд байнга буюу түр оршин суугаа газраасаа шүүхийн буюу шүүгчийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй байх ба дуудсан цагт ирж байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 226 дугаар захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230,1,2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Мд холбогдох Эрүүгийн 201322000415 дугаартай хэрэгт дахин нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Мд холбогдох хэргийг хоёр удаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаан шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24,1,1, 208 дугаар зүйлийн 208,1,1 дэх хэсэгт зааснаар Харуул овогт Д Мхолбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Мөн иргэн М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан ба эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх явцад ажлаас чөлөө авсан цагийг олон өдрөөр ажил тасалсанд тооцож тус хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/07 тоот тушаалаар түүнийг 1 жилийн хугацаагаар ажлаас түр чөлөөлжээ.Өөрөөр хэлбэл түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан нэг өдөрт сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг давхар гаргаж түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш буюу шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа тэрээр ажилдаа эргэж орох хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Дд уламжлахад Хэрэгт холбогдолгүй болсон материалаа авчирч өг Тэгээд ч ажлын байр чинь байхгүй болсон дараа больё... гэж хэлсэн байх бөгөөд түүнийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баг хариуцсан мэргэжилтнээр ажилд авсан боловч М нь өмнөх ажлын байранд нь эгүүлэн аваагүй, ажиллуулаагүй гэх үндэслэлээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна.

Иргэн М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн боловч гэмт хэрэгт хилсээр шалгагдсанаас болж уг нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 32 сар тасалдсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байна.

Иргэн М нь эрүүгийн хэрэгт шалгагдахаас өмнө Хөвсгөл аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байхдаа 2010 оны 10 дугаар сарын 22 ний өдөр Хөвсгөл аймгийн ХААН банкны Хөвсгөл салбараас 6,000,000 / зургаан сая/ төгрөгийн зээл авч, улмаар 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл 3,118,058 төгрөг байхад нэмэлтээр 1,500,000 төгрөгийг зээл,2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 3,767,525 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй,36 сарын хугацаатай, зээлийн хүүг сар бүр 333,000 төгрөг төлж барагдуулахаар гэрээ байгуулж авсан болох нь ХААН банкны 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 401 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа цалингийн зээлийн эргэн төлөлтийг 2014 оны 3 дугаар сараас хойш төлж чадалгүй байсаар цалингийн үндсэн зээлийн үлдэгдэл дээр зээл болон торгуулийн хүү, нийт 8,101,903 төгрөгийг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 611 тоот шийдвэрээр төлж барагдуулахаар болсон байна.

Мөн Скайтел ХХК-аас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Alcatel D668 дугаарын гар утсыг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр 350,000 төгрөг,нотариатын зардал 4,000 төгрөг нийт 354,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан байна. Харин М ажлаас чөлөөлөгдсөний улмаас гар утасны зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй боловч төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 944 дүгээр захирамжаас харагдаж байна.

Ийнхүү иргэн М нь 826 хоног буюу 2 жил 3 сар 6 хоног эрүүгийн хэрэгт хилсээр шалгагдсаны улмаас сэтгэл санааны хүнд дарамтанд орж, улмаар биеийн эрүүл мэндийн байдал эрс муудаж, сэтгэл санааны дарамтнаас үүдэлтэй нүүрний баруун талд саажилт үүсч, нүдний хараа, чихний сонсгол муудсан, нүдний зовхи унтсан, ой тогтоолт муудсан гэх оношоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тэрээр 2014 оны 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Ачтан эмнэлэгт, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Орбита эмнэлэгт, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ийг хүртэлх хугацаанд Нууц увидас рашаан эмнэлэгт, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Клиникийн Нэгдүгээр эмнэлэгт, 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Мөнхийн үйлс эмнэлэгт, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалан эмнэлэгт, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, оношлогоо, шинжилгээ хийлгүүлж, мөн хэвтэн эмчлүүлсэн зэргээс түүний эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь өвчтөний амбулторийн карт, эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт болон бусад холбогдох баримтуудаар нотлогдож байна.

Иргэн МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан удаан хугацаагаар хилсээр шалгасны эцэст Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул түүний Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан халдахгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчиж, түүнд эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны ноцтой хохирол учруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т ...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй..., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар тус тус заасан байна.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн... нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах... эрхтэй.

-Мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсны... улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

- Мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсэгт Дараахь тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ., мөн зүйлийн 389.2.3 дахь хэсэгт Тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.

- Мөн хуулийн 390 дугаар зүйлийн 390.1.1 дэх хэсэгт хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогын хохирлыг нөхөн төлнө.

- Мөн хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэх хэсэг Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг иргэн өөрөө буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн өмгөөлөгч гаргаж болно.

-Мөн зүйлийн 498.4 дэх хэсэг Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус заасан байдаг.

- Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын 15-д хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1,-д эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө гэснийг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т заасан зохицуулалттай нийцүүлж ойлговол зохино.

- Тогтоолын 16-д хуулийн 391.2.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлнэ.

Иймээс ЭБШХ-д заасны дагуу дараах хохирлуудыг нэхэмжилж байна.

1. Хөдөлмөр, цалингийн хохиролд 24.972.039 төгрөг

-Иргэн М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн байх боловч гэмт хэрэгт холбогдуулан хилсээр шалгагдснаас болж уг шимтгэл төлөлт 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 сарыг хүртэл нийт 32 сар тасалдсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах;

- Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 352 дугаар албан бичгээс үзэхэд мэргэжилтэн Д.Мөнх- Эрдэнэ нь нэг сарын 911,099 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба нэг өдрийн цалин дундажаар 41,413 төгрөг байна. Иймд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны буюу 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажлын нийт 603 хоног*41.413=24.972.039 төгрөг,

2. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 202.219.400 төгрөг

-Иргэн М нь ердийн, архаг хууч болон мэргэжлээс шалтгаалан өвчин эмгэггүй байсан болох нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 826 хоног буюу 2 жил 3 сар 6 хоногийн хугацаанд эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт хилсээр шалгагдсны улмаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэр, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0135200 дугаар актаар иргэн Манхдагч артерийн даралт ихдэх өвчний II үе гэсэн үндсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 6 сараар тогтоосон байх тул түүнд учирсан сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 200,000,000 төгрөг;

- Эрүүгийн хэрэгт хилсээр шалгагдах явцдаа биеийн эрүүл мэндийн байдал нь эрс муудаж, сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй нүүрний баруун талд саажилт үүсч нүдний хараа, чихний сонсгол муудсан, нүдний зовхи унжсан, ой тогтоолт муудсан гэх оноштойгоор Улаанбаатар хотын Улсын Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг, Нууц увидас рашаан эмнэлэг, Эрдэнэт хотын Мөнхийн үйлс эмнэлэг, Хөвсгөл аймгийн Жаргалан эмнэлэгүүдэд тус тус үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, оношилгоо, шинжилгээ хийлгүүлж, хэвтэн эмчлүүлсэн байх тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний бодит зардал 2,219,400 төгрөг. Үүнд:

Ачтан эмнэлэгт 2014 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд үзлэг, шинжилгээ хийлгэсэн төлбөр 57,000 төгрөг;

Улаанбаатар хотод байрлах Нууц увидас рашаан эмнэлгийн их эмч Н.Мөнхзулын тодорхойлолтоор М нь 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд уушгины халуун, нурууны саа өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн, үзлэг, шинжилгээ, эмчилгээний төлбөр 1,139,000 төгрөг;

Улаанбаатар хотоос Орхон аймгийн Мөнхийн үйлс эмнэлэг рүү 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр очих тээврийн зардал 27,400 төгрөг;

Мөнхийн үйлс эмнэлэгт 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 560,000 төгрөг;

Орхон аймгийн Мөнхийн үйлс эмнэлгээс Улаанбаатар руу 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр буцах тээврийн зардал 15,200 төгрөг;

Эмчилгээний дараа Хөвсгөл аймаг руу 2015 оны 4 дүгээр сарын 13-нд буцах тээврийн зардал 32,000 төгрөг;

Хөвсгөл барнууд ХХК 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр эмчилгээний зардал 250,000 төгрөг;

3. Эд хөрөнгийн хохирол 11.036.153 төгрөг:

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Мөмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч В.Энхболд ажилласан байх ба өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,300,000 төгрөг;

>   Хаан банкны цалингийн зээл 8,101.903 төгрөг;

>   Ажиллаж байх хугацаандаа Скайтел ХХК-аас лизингээр худалдаж авсан Аlсаtеl D668 гар утасны үнэ 354.000 төгрөг;

>   Утасны төлбөрт 154.950 төгрөг;

>   Тээврийн зардал 97,800 төгрөг;

>   Нотариатын хөлс 27.500 төгрөг;

Эдгээрийг үндэслэн хуулийн байгууллагын ажилтнуудын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэн Мд учирсан бүгд 238,227,592 төгрөг /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун ерөн хоёр/-ийн хохирлыг төрөөс нөхөн төлүүлэхээр иргэн Мтөлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, яс үндэс халх, эмэгтэй, Хүний Эрхийн Үндэсний комиссийн Хөвсгөл аймаг дахь салбарт ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17-59 тоотод оршин суух, Шар малгайт овогт МөнхД Тунгалагмөрөн /ИГ82033005/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар иргэн Д М2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хүний Эрхийн Үндэсний комисст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан эрүүгийн гэмт хэрэгт 826 хоног буюу 2 жил, 3 сар, 06 хоног хилсээр шалгагдсаны улмаас нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирсан, уг хохирлыг төрөөс гаргуулахаар Хүний Эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. Хүний Эрхийн Үндэсний комисс иргэн Мтөлөөлөн гэм хорын хохирол 238.227.592 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хүнийг 2013 оны 8 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгах үндэслэл байсан хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай эсэхийг шүүх тогтоочихсон, уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас 2 жил гаруй хугацаанд шалгагдахдаа учирсан эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад хохирлыг төрөөс нэхэмжилж байгаа. М хийгээгүй хэргийнхээ төлөө сэтгэл санааны цочролд орох, сэтгэл санаагаар унах, эрүүл мэнд, эд материалын болон нэр төр, алдар хүндээрээ хохирсон нь харагддаг.

Сэтгэл санааны хохирлын хэмжээг иргэн М өөрөө үнэлж, мөнгөн дүнг 200.000.000 төгрөг гэж тодорхойлсон. Сэтгэл санаагаар хохирсныг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг баримталж мөнгөн дүнгээр нэхэмжилсэн. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 45 дугаар тогтоолын 15, 16 дугаар хэсэгт тайлбарласнаар Иргэний хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-т эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө. Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан байдаг.

Бусад нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Хөдөлмөр цалингийн хохиролд ажлын нийт 603 хоногийг өдрийн цалин буюу 41.413 төгрөгөөр тооцож бүгд 24.972.039 төгрөг, Эрүүл мэндийн хохиролд үзлэг шинжилгээ, эмчилгээ, хэвтэн эмчлүүлсэн төлбөр, тээврийн зардал зэргийн бүгд 2.219.400 төгрөг, эд хөрөнгийн хохиролд өмгөөлөгчийн хөлс 2.300.000 төгрөг, цалингийн зээл 8.101.903 төгрөг, гар утасны үнэ 354.000 төгрөг, утасны төлбөр 154.950 төгрөг, тээврийн зардал 97.800 төгрөг, нотариатын хөлс 27.500 төгрөг, бүгд 11.036.153 төгрөг, нийт гэм хорын хохиролд 238.227.592 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тус хэрэгт шалгагдсанаас болж байгууллагын дарга нь ажлаа өг гэж сахилгын арга хэмжээ авч, дарамталснаас болж өөрийн хүсэлтээр гэх үгээр 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас халагдсан.

Энэ хүн гэмт хэрэгт холбогдоогүй 2 жил ажил үүргээ гүйцэтгэж байсан бол, ажлаасаа халагдаагүй бол цалингийн зээлээ төлөх бүрэн боломжтой байсан. Банк Мшүүхэд өгч, зээлийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Мөн өөрийнхөө хэрэгцээнд тааруулж гар утас авсан байдаг ч гэмт хэрэгт удаан хугацаагаар шалгагдаж ажилгүй, орлогогүй болно гэж тооцоогүй бөгөөд гэмт хэрэгт холбогдоогүй бол гар утасны үнэ, гар утасны төлбөрийг аль алиныг нь төлөх боломжтой байсан. Энэ хэргээс болж ажилгүй болсон учраас цалингийн зээл, утасны зээл, төлбөрийг төлөх боломжгүй болсон.

Түүнчлэн хэрэг хийгээгүй гэдгээ мэдэж байсан боловч удаан хугацаагаар

шалгагдсанаас энэ хүн сэтгэл санааны шаналал үүсч, цочролд орж, улмаар эмнэлэгийн хяналтанд орж байнгын эмчилгээтэй, сэтгэцийн өөрчлөлттэй болсон учраас аймаг, улсын эмнэлэгт эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай, 2014 оноос сэтгэц наркологийн тасгийн хяналтанд орчихсон байгаа болох нь өрхийн эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтоор хууч өвчингүй гэсэн бичиг, Амбулаторийн картанд бичсэн дүгнэлт, Байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн Шар хадны СЭМҮТ-ийн картанд бичсэн бичилт, аймгийн СЭМТ-ийн их эмч Д.Мөнхзулын дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош болон үйлчилгээ нь эргэлзээтэй байсан учраас Улаанбаатар хот, Орхон аймаг руу явж эмчлүүлсэн байдаг. Бусад шаардлагатай баримтууд нь эмнэлгийн байгууллагадаа үлддэг юм билээ. Хавтаст хэрэгт эмнэлэгт эмчлүүлж байсан талаарх баримтуудаа гаргаж өгсөн.

Мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн учраас өөрийгөө уг хэрэгт холбогдолгүй болохыг тодруулахын тулд заавал өмгөөлөгч авах шаардлагатай болсон учраас өмгөөлөгчийн хөлсөнд өгсөн 2.300.000 төгрөгийг гэм хорын хохиролд оруулан нэхэмжилж байгаа.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол эд хөрөнгийн хохирол гарахгүй байсан гэж үзэж байна. Иймд эд хөрөнгө, сэтгэл санаа, гэм хорын хохиролд нийт 238.227.592 /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга, таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Прокурор Ц.л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мхувьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Үүнд маргах зүйлгүй. Тухайн үед Муг хэрэгт холбогдуулан шалгах хангалттай үндэслэл байсан. Энэ хэргийн улмаас иргэн Мд гэм хорын хохирол 238.227.592 төгрөгийн хохирол учирсан гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь: Мбиеийн байдал хэрэгт авагдсан материалаас үзэхэд анхнаасаа тийм байдалтай байсан нь тогтоогддог ба хэрэгт цугларсан баримтуудаас харахад М уушигны халуун, түрүү булчирхай, нүүрний саа өвчин гэсэн өвчнүүдээр өмнө нь өвчилж байсан нь харагддаг. Энэ өвчин нь сэтгэл санаагаар унаснаас болж үүсдэг өвчин юм уу гэдгийг эмнэлгийн байгууллага дүгнэлтээр нотолсон зүйл байхгүй учраас эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбоогүй гэж үзэж байна. Түүнээс энэ хүн хэрэгт шалгагдсантай холбоотойгоор эрүүл мэнд муудсан гэсэн хангалттай нотлох баримт байхгүй, хууль бусаар хорьж, хууль бусаар Цагдаагийн газарт дуудсанаас болж энэ хүн өвчтэй болсон гэсэн шинжээчийн дүгнэлт ч байхгүй тул эрүүгийн хэрэгт шалгагдсанаас болоод сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 202.219.500 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй, хүн өөрөө эрүүл мэндээ хамгаалах ёстой.

Мөн М нь хэрэгт шалгагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн асуудал биш бөгөөд өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж 2014 оны 1 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Өөрөө хүсэлтээрээ ажлаасаа халагдсан учраас энэ хүний цалингийн зээлийг төрөөс төлөх ямар ч үндэслэл байхгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 24.972.039 төгрөг, мөн гар утасны үнэ, гар утасны хэрэглээний төлбөр зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн эд хөрөнгийн хохирлын тухайд Мхувьд Эрүүгийн хуульд зааснаар заавал өмгөөлөгч авахаар заасан хүнд гэмт хэрэгт холбогдоогүй, бичиг үсэг мэддэггүй зэрэг нөхцөл байдлууд байгаагүй учраас заавал өмгөөлөгч авах шаардлага байгаагүй. Эрүүгийн хэрэгт шалгагдахдаа өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй учраас өмгөөлөгч авсан байх. Сайн дураараа өмгөөлөгч сонгон авсан нь хамааралгүй. Бүх зүйлийг өөрийн орлогогүй болсноос болсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт шалгагдсанаас болж орлогогүй болсон зүйл байхгүй. Иймд гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 238.227.592 төгрөгийг төрөөс төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нь хөдөлмөр, цалингийн хохиролд 24,972,039 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 202.219.400 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 11,036,153 төгрөг бүгд 238,227,592 /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг төрөөс гаргуулж хохирогч Мд олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д ....хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахшүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах бүрэн эрхтэй. гэж заасан байх тул Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж төлөөлөн нэхэмжлэл гаргах, Хөвсгөл аймаг дахь Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн Т нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхтэй байна.

МЭрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, түүнд гадагш явахгүй байхаар баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан болох нь 2013 оны 9 дугаар сарын 13-ны өдөр түүнийг сэжигтнээр тооцсон тогтоол, байцаасан тэмдэглэл, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татах тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 143 дугаартай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Сэндэнсүрэнгийн үйлдсэн яллах дүгнэлт, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О...Яллагдагч М, Онар нь бүлэглэн Бүрэнтогтох сумын иргэн Дашдаваагийн Халтарын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2004 оны 11 сарын 1-ээс... гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2 дахь хэсэгт зааснаар яллагдана... Яллагдагч Мд 2013,09,13-ны өдрөөс эхлэн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хоригдоогүй болно... гэх яллах дүгнэлт, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаартай Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн захирамж, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Мд авсан гадагш явахгүй байхаар баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн Дэлгэр овогтой Мбайнга буюу оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан баримт, 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сум дундын 27 дугаар шүүх Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан баримт зэргээр тогтоогдож байна.

Уг хэргийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 306 дугаартай Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах тухай захирамж, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Сум дундын 27 дугаар шүүхийн 226 дугаартай Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаах тухай ...Шүүгдэгч М, М.Отгонцагаан нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй... гэх захирамжаар хэргийг хоёр удаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байх бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24,1,1, 208 дугаар зүйлийн 208,1,1-д зааснаар Харуул овогт Д Мхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д .мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т ....мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана. гэж тус тус заасан ба Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол гарсан байх тул дээрхи ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Нийт 238,227,592 төгрөгийг төрөөс гаргуулж хохирогч Мд олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

Иргэн М нь эрүүгийн хэрэгт хилсээр, гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдсанаас өөрт учирсан сэтгэл санаа, бие махбодид учирсан хохирлоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 391 дүгээр зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т тус тус заасан шаардах эрхийнхээ хүрээнд уг хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилсэн ба өөрөөр хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сэжигтнээр тооцогдсоноос хойш Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Харуул овогт Д Мхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хугацаанд буюу нийт 2 жил 2 сар гаруй хоног хүндэвтэр гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Энэ хугацаандаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Иймд хэрэгт шалгагдаж байх үедээ шаналсан, сэтгэл санааны байдлыг тооцож үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмаар тодорхойлох-оор заасан боловч Иргэний хуульд хууль бусаар цагдан хоригдсон, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн сэтгэл санааны хохирлыг гаргуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-т заасныг төсөөтэй хэрэглэж сэтгэл санаа болон эрүүл мэндийн хохиролд 2013 оны 9 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000х26сар=4992000 төгрөгийг зовиур шаналал, сэтгэл санааны байдлаас болж түүнд хор уршиг учирсан гэж үзэж төрөөс гаргуулах нь зүйтэй байна.

Мөн М нь өмгөөлөгч В............. хууль зүйн туслалцаа авч 2,3 сая төгрөг төлсөн нь Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт /ХХ-65,66/-аар тогтоогдож байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д ...хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлнө... гэсэн байх тул Д.Мөнх-Эрдэний эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч В............... төлсөн хөлс болох 2,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас М нь ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний улмаас 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл нийт 31 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан. Мөн 603 хоногийн цалин 24.972.039 төгрөгөөр хохирсон тул гаргуулж авна гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/07 дугаар ... Д Мнь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан нэг жилийн хугацаатай ажлаас чөлөөлсүгэй... гэх тушаалаар няцаагдаж байх ба мөн энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй, эрүүгийн хэрэгт шалгагдсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн болохоо нотлож чадахгүй байна.

Мөн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдахаасаа өмнө цалин барьцаалан ХААН банкнаас авсан 8,101,903 төгрөг, мөн сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа Скайтел компаниас авсан гар утасны төлбөр 354000 төгрөг, утасны төлбөр болох 154,950 төгрөг зэрэг нь гэмт хэрэгт шалгагдсантай шалтгаант холбоогүй бөгөөд хэрэгт шалгагдах явцдаа эрүүл мэндийн байдал эрс муудаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 2,219,400 төгрөг, тээврийн зардал болох 97800 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд М нь эвэрхий болон уушигний халуун өвчний, хараа, сонсгол муудсан, нойр хүрэхгүй зовиурын учир оношлогоо шинжилгээ хийлгүүлж эмчлүүлж байсан нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсанаас үүдэлтэй гэх эмнэлгийн баримт, дүгнэлт байхгүй, энэ талаар сэтгэл зүйчид хандсан зүйлгүй, Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэх эмнэлгийн дүгнэлт болоод эмч нарын зөвлөгөөнөөс гарсан шийдвэргүй, сэтгэцийн эмчид хандаж үзүүлсэн /ХХ-77/ гэх баримт байгаа боловч ...2006 оноос вегечатив өөрчлөлтөөр эхэлсэн гэсний 2006 оныг 2014 болгон засварласан учир нотлох баримтанд үнэлээгүй болно. Иймд дээрхи эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны 2,219,400 төгрөг, тээврийн зардал болох 97.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд нотариатын хөлс 27.500 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2 дахь хэсэгт Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх... гэж заасан учир иргэн М нь нэхэмжлэлд холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөхдөө баримтаа нотариатчаар гэрчлүүлсэний хөлсөө нэхэмжилсэн учир тус шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд төлөөлөн нэхэмжлэгчийн Төрөөс хөдөлмөр, цалингийн хохиролд 24.972.039 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 202.219,400 төгрөг, Эд хөрөнгийн хохиролд 11,036,153 төгрөг нийт 238,227,592 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд заримыг буюу 4,992,000 төгрөг, Эд хөрөнгийн хохиролд 2,300,000 төгрөг гаргуулж, хөдөлмөр цалингийн хохиролд нэхэмжилсэн 24,972,039 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролоос үлдэх 197,227,400 төгрөг, эд хөрөнгийн хохирлоос үлдэх 8,736,153 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэн Мд нийт 7,292,000 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 230,935,592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 41.1.11-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 390 дүгээр зүйлийн 390.2, 391 дүгээр зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 7,292,000 /долоон сая хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Харуул овогт Д Молгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 230,935,592 / хоёр зуун гучин сая есөн зуун гучин таван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 41.1.11, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.9-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААХҮҮ