Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0008

 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний

комиссын төлөөлөн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тунгалагмөрөн, прокурор Ц.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс”-ийн төлөөлөн нэхэмжлэлтэй, Төрөөс Эд хөрөнгө, сэтгэл санаа, гэм хорын хохиролд Д.Мөнх-Эрдэнэд  238,227,592 /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг төлөөлөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газраас Д.Мөнх-Эрдэнийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Отгонцагаантай нийлэн албан тушаалын байдлаа ашиглаж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Дашдаваагийн Халтарын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2004 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн мөнгө давхардуулан авч нийгмийн даатгалын санд 6,832,250/ зургаан сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 201322000415 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр тооцож, байнга буюу түр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татаж, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 143 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.

... Ийнхүү Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хоёр удаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаан шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Харуул овогт Дэлгэрийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Мөн иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан ба эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх явцад ажлаас чөлөө авсан цагийг олон өдрөөр ажил тасалсанд тооцож тус хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/07 тоот тушаалаар түүнийг 1 жилийн хугацаагаар ажлаас түр чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан нэг өдөрт сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг давхар гаргаж түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш буюу шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа тэрээр ажилдаа эргэж орох хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дуламжавд уламжлахад хэрэгт холбогдолгүй болсон материалаа авчирч өг, тэгээд ч ажлын байр чинь байхгүй болсон дараа больё... гэж хэлсэн байх бөгөөд түүнийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баг хариуцсан мэргэжилтнээр ажилд авсан боловч Д.Мөнх-Эрдэнэ нь өмнөх ажлын байранд нь эгүүлэн аваагүй, ажиллуулаагүй гэх үндэслэлээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн боловч гэмт хэрэгт хилсээр шалгагдсанаас болж уг нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 32 сар тасалдсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байна.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь эрүүгийн хэрэгт шалгагдахаас өмнө Хөвсгөл аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байхдаа 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ХААН банкны Хөвсгөл салбараас 6,000,000 / зургаан сая/ төгрөгийн зээл авч, улмаар 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл 3,118,058 төгрөг байхад нэмэлтээр 1,500,000 төгрөгийн зээл, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 3,767,525 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн хүүг сар бүр 333,000 төгрөг төлж барагдуулахаар гэрээ байгуулж авсан болох нь ХААН банкны 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 401 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа цалингийн зээлийн эргэн төлөлтийг 2014 оны 3 дугаар сараас хойш төлж чадалгүй байсаар цалингийн үндсэн зээлийн үлдэгдэл дээр зээл болон торгуулийн хүү, нийт 8,101,903 төгрөгийг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 611 тоот шийдвэрээр төлж барагдуулахаар болсон байна.

Мөн Скайтел ХХК-аас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Alcatel D668 дугаарын гар утсыг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр 350,000 төгрөг,нотариатын зардал 4,000 төгрөг нийт 354,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан байна. Харин Д.Мөнх-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдсөний улмаас гар утасны зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй боловч төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 944 дүгээр захирамжаас харагдаж байна.

Ийнхүү иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь 826 хоног буюу 2 жил 3 сар 6 хоног эрүүгийн хэрэгт хилсээр шалгагдсаны улмаас сэтгэл санааны хүнд дарамтанд орж, улмаар биеийн эрүүл мэндийн байдал эрс муудаж, сэтгэл санааны дарамтнаас үүдэлтэй нүүрний баруун талд саажилт үүсч, нүдний хараа, чихний сонсгол муудсан, нүдний зовхи унжсан, ой тогтоолт муудсан гэх оношоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тэрээр 2014 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Ачтан” эмнэлэгт, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Орбита” эмнэлэгт, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд “Нууц увидас рашаан” эмнэлэгт, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Клиникийн Нэгдүгээр эмнэлэгт, 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн “Мөнхийн үйлс” эмнэлэгт, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн “Жаргалан” эмнэлэгт, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, оношлогоо, шинжилгээ хийлгүүлж, мөн хэвтэн эмчлүүлсэн зэргээс түүний эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь өвчтөний амбулторийн карт, эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт болон бусад холбогдох баримтуудаар нотлогдож байна.

... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т ...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй..., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар тус тус заасан байна.

... Иймээс ЭБШХ-д заасны дагуу дараах хохирлуудыг нэхэмжилж байна.

-Хөдөлмөр, цалингийн хохиролд 24,972,039 төгрөг..., 

-Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 202,219,400 төгрөг...,

-Эд хөрөнгийн хохирол 11,036,153 төгрөг...,

          -Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч В.Энхболд ажилласан байх ба өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,300,000 төгрөг,

          -Хаан банкны цалингийн зээл 8,101,903 төгрөг,

          -Ажиллаж байх хугацаандаа Скайтел ХХК-аас лизингээр худалдаж авсан Аlсаtеl D668 гар утасны үнэ 354,000 төгрөг;

          -Утасны төлбөрт 154,950 төгрөг;

          -Тээврийн зардал 97,800 төгрөг;

          -Нотариатын хөлс 27,500 төгрөг;

          Эдгээрийг үндэслэн хуулийн байгууллагын ажилтнуудын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэн Д.Мөнх-Эрдэнэд учирсан бүгд 238,227,592 төгрөг /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун ерэн хоёр/-ийн хохирлыг төрөөс нөхөн төлүүлэхээр иргэн Д.Мөнх-Эрдэнийг төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тунгалагмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн Дэлгэрийн Мөнх-Эрдэнэ 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хүний Эрхийн Үндэсний комисст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан эрүүгийн гэмт хэрэгт 826 хоног буюу 2 жил, 3 сар, 06 хоног хилсээр шалгагдсаны улмаас нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирсан, уг хохирлыг төрөөс гаргуулахаар Хүний Эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. Хүний Эрхийн Үндэсний комисс иргэн Д.Мөнх-Эрдэнийг төлөөлөн гэм хорын хохирол 238,227,592 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ... 2 жил гаруй хугацаанд шалгагдахдаа учирсан эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад хохирлыг төрөөс нэхэмжилж байгаа. Д.Мөнх-Эрдэнэ хийгээгүй хэргийнхээ төлөө сэтгэл санааны цочролд орох, сэтгэл санаагаар унах, эрүүл мэнд, эд материалын болон нэр төр, алдар хүндээрээ хохирсон нь харагддаг.

          Сэтгэл санааны хохирлын хэмжээг иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрөө үнэлж, мөнгөн дүнг 200,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Сэтгэл санаагаар хохирсныг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг баримталж мөнгөн дүнгээр нэхэмжилсэн. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 45 дугаар тогтоолын 15, 16 дугаар хэсэгт тайлбарласнаар Иргэний хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-т эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө. Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан байдаг.

          Бусад нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Хөдөлмөр цалингийн хохиролд ажлын нийт 603 хоногийг өдрийн цалин буюу 41,413 төгрөгөөр тооцож бүгд 24,972,039 төгрөг, Эрүүл мэндийн хохиролд үзлэг шинжилгээ, эмчилгээ, хэвтэн эмчлүүлсэн төлбөр, тээврийн зардал зэргийн бүгд 2,219,400 төгрөг, эд хөрөнгийн хохиролд өмгөөлөгчийн хөлс 2,300,000 төгрөг, цалингийн зээл 8,101,903 төгрөг, гар утасны үнэ 354,000 төгрөг, утасны төлбөр 154,950 төгрөг, тээврийн зардал 97,800 төгрөг, нотариатын хөлс 27,500 төгрөг, бүгд 11,036,153 төгрөг, нийт гэм хорын хохиролд 238,227,592 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          ... Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол эд хөрөнгийн хохирол гарахгүй байсан гэж үзэж байна. Иймд эд хөрөнгө, сэтгэл санаа, гэм хорын хохиролд нийт 238,227,592 /хоёр зуун гучин найман сая хоёр зуун хорин долоон мянга, таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Прокурор Ц.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнх-Эрдэнийн хувьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Үүнд маргах зүйлгүй. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнийг уг хэрэгт холбогдуулан шалгах хангалттай үндэслэл байсан. Энэ хэргийн улмаас иргэн Д.Мөнх-Эрдэнэд гэм хорын хохирол 238,227,592 төгрөгийн хохирол учирсан гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь: Д.Мөнх-Эрдэнийн биеийн байдал хэрэгт авагдсан материалаас үзэхэд анхнаасаа тийм байдалтай байсан нь тогтоогддог ба хэрэгт цугларсан баримтуудаас харахад Д.Мөнх-Эрдэнэ уушигны халуун, түрүү булчирхай, нүүрний саа өвчин гэсэн өвчнүүдээр өмнө нь өвчилж байсан нь харагддаг. Энэ өвчин нь сэтгэл санаагаар унаснаас болж үүсдэг өвчин юм уу гэдгийг эмнэлгийн байгууллага дүгнэлтээр нотолсон зүйл байхгүй учраас эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбоогүй гэж үзэж байна. Түүнээс энэ хүн хэрэгт шалгагдсантай холбоотойгоор эрүүл мэнд муудсан гэсэн хангалттай нотлох баримт байхгүй, хууль бусаар хорьж, хууль бусаар Цагдаагийн газарт дуудсанаас болж энэ хүн өвчтэй болсон гэсэн шинжээчийн дүгнэлт ч байхгүй тул эрүүгийн хэрэгт шалгагдсанаас болоод сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 202,219,500 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй, хүн өөрөө эрүүл мэндээ хамгаалах ёстой.

          Мөн Д.Мөнх-Эрдэнэ нь хэрэгт шалгагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн асуудал биш бөгөөд өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж 2014 оны 1 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Өөрөө хүсэлтээрээ ажлаасаа халагдсан учраас энэ хүний цалингийн зээлийг төрөөс төлөх ямар ч үндэслэл байхгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 24,972,039 төгрөг, мөн гар утасны үнэ, гар утасны хэрэглээний төлбөр зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

          Түүнчлэн эд хөрөнгийн хохирлын тухайд Д.Мөнх-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуульд зааснаар заавал өмгөөлөгч авахаар заасан хүнд гэмт хэрэгт холбогдоогүй, бичиг үсэг мэддэггүй зэрэг нөхцөл байдлууд байгаагүй учраас заавал өмгөөлөгч авах шаардлага байгаагүй. Эрүүгийн хэрэгт шалгагдахдаа өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй учраас өмгөөлөгч авсан байх. Сайн дураараа өмгөөлөгч сонгон авсан нь хамааралгүй. Бүх зүйлийг өөрийн орлогогүй болсноос болсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт шалгагдсанаас болж орлогогүй болсон зүйл байхгүй. Иймд гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 238,227,592 төгрөгийг төрөөс төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

          Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 390 дүгээр зүйлийн 390.2, 391 дүгээр зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 7,292,000 /долоон сая хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Харуул овогт Дэлгэрийн Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 230,935,592 / хоёр зуун гучин сая есөн зуун гучин таван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 41.1.11, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.9-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Төлөөлөн нэхэмжлэгч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрт “...Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн болохоо нотолж чадахгүй байна...” гэж нэхэмжилсэн үнийн дүнгээс 24,972,039 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 05 дугаар тушаалаар Д.Мөнх-Эрдэнэ нь халамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ ажлаасаа чөлөө авч байсан цагийг “олон өдрөөр ажил тасалсанд” тооцож тус хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/06 тоот тушаалаар түүний сарын үндсэн цалинг 15 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрийн Б/07 тоот тушаалаар түүнийг 1 жилийн хугацаагаар ажлаас нь түр чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдөртөө ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд иргэн Д.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөдөлмөр, цалингийн хохиролд 24,972,039 төгрөгийг нэхэмжилсэн болно. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж байсан байх боловч хилсээр гэмт хэрэгт холбогдуулан шалгагдсанаас хойш уг шимтгэл төлөлт 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 сарыг хүртэл нийт 32 cap тасалдсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 352 дугаар албан бичгээс үзэхэд мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ нь нэг сарын 911,099 төгрөгийн цалинтай ажиллаж байсан байх ба нэг өдрийн цалин дунджаар 41,413 төгрөг байна. Иймд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны буюу 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажпын нийт 603 хоног*41,413=24,972,039 төгрөгийг төрөөс гаргуулах,

          Мөн шүүхийн шийдвэрт: Д.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдахаас өмнө “ХААН” банкнаас авсан цалингийн зээл болох 8,101,903 төгрөг, “Скайтел” ХХК-аас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Alcatel D668 загварын гар утсыг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр зээлээр худалдан авсан 354,000 төгрөг, утасны төлбөр болох 154,950 төгрөг нь гэмт хэрэгт шалгагдсантай шалтгаант холбоогүй гэж үзжээ. Иргэн Д.Мөнх-Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан нэг өдөрт сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас 1 жилийн хугацаатайгаар түр чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргасны улмаас тэрээр хөдөлмөрлөх боломжгүй болж, дээрх цалингийн зээл болон бусад зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон.

          Мөн шүүхийн шийдвэрт: Д.Мөнх-Эрдэнэ нь эвэрхий болон уушгины халуун өвчний, хараа сонсгол муудсан, нойр хүрэхгүй зовиурын учир оношлогоо шинжилгээ хийлгүүлж байсан нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсанаас үүдэлтэй гэх эмнэлгийн баримт дүгнэлт байхгүй, энэ талаар сэтгэл зүйчид хандсан зүйлгүй, Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэх эмнэлгийн дүгнэлт болоод эмч нарын зөвлөгөөнөөс гарсан шийдвэргүй, сэтгэцийн эмчид хандаж үзүүлсэн баримт байгаа боловч “...2006 оноос вегечатив өөрчлөлтөөр эхэлсэн” гэсний 2006 оныг 2014 он болгон засварласан учир нотлох баримтанд үнэлээгүй болно. Иймд дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны 2,219,400 төгрөг, тээврийн зардал болох 97,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэжээ.

          Гэтэл Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар албан бичгээр иргэн Д.Мөнх- Эрдэнэ нь ердийн, архаг хууч болон мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэггүй байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 13- ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 826 хоног буюу 2 жил 3 cap 6 хоногийн хугацаанд эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт хилсээр шалгагдсаны улмаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэр, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0135200 дугаар актаар иргэн Д.Мөнх-Эрдэнийг анхдагч артерийн даралт ихдэх өвчний 2-р үе гэсэн үндсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 6 сараар тогтоосон байна. Энэхүү эрүүл мэндийн нөхцөл байдал муудсан нь эрүүгийн хэрэгт хилсээр шалгагдах явцад холбогдох эмнэлгийн байгууллагуудад үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, оношилгоо, шинжилгээ хийлгүүлж, хэвтэн эмчлүүлж байсан байх тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний бодит зардал 2,317,200 төгрөг нэхэмжилсэн болно.

          Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дугаартай шийдвэрээр иргэн Д.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн 7,292,000 төгрөг дээр нэмж түүний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөдөлмөр, цалин хөлс, эрүүл мэндэд учирсан хохирол 35,900,092 /гучин таван сая есөн зуун мянга ерэн хоёр/ төгрөгийг төрөөс нэмж нөхөн олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст “төрөөс хохирол гаргуулах нэхэмжлэлийг өөрийг нь төлөөлж гаргахыг хүссэн”-ий /хх-ийн 11-15-р хуудас/ дагуу Хүний эрхийн үндэсний комисс мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас Д.Мөнх-Эрдэнэд учирсан хохиролд 238,227,592 төгрөг Монгол Улсын төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс нь Д.Мөнх-Эрдэнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Д.Мөнх-Эрдэнийг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан тогтоол /хх-ийн 20, 22, 26-р хуудас/-оор  тогтоогдсон байх ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Д.Мөнх-Эрдэнэ нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т заасны дагуу хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ...гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, ...этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.” гэж заасан тул Д.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлыг Монгол Улсын төр хариуцан арилгах үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад:

1. Д.Мөнх-Эрдэнэ нь “биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан нэг жилийн хугацаатай ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр  Хөвсгөл аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн /хх-ийн 47-р тал/ байх ба эрүүгийн хэрэгт шалгагдсанаас болж ажлаас чөлөөлөгдсөнөө баримтаар нотлоогүй тул дундаж цалин хөлс 24,972,039 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө”,  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлыг мөнгөөр үнэлэх зохицуулалт хуульд байхгүй учир сэтгэл санааны хохирол 200,000,000 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй байхад сэтгэл санааны хохиролд 4,992,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлд нөхөн төлөх эд хөрөнгийн хохирлыг нэрлэн заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цалингийн зээл 8,101,903 төгрөг, гар утасны үнэ 354,000 төгрөг, утасны төлбөр 154,950 төгрөг нь нөхөн төлөх эд хөрөнгийн төлбөрт хамаарахгүй байгаагийн дээр эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөнөө баримтаар нотлоогүй  тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Харин эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд эмчилгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад  эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,219,400 төгрөг, тээврийн зардал 97,800 төгрөг,  хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс буюу нотариатын үйлчилгээнд төлсөн хөлс  27,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байх ба харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан  шийдвэрлэгдэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1-д заасан атал анхан шатны шүүх прокурорыг хариуцагчаар оролцуулж,  хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нь бурууг цаашид анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас  4,644,700 /дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун/ төгрөг  гаргуулж  Харуул овогт Дэлгэрийн Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 233,582,892 /хоёр зуун гучин гурван сая таван зуун наян хоёр мянга найман зуун ерэн хоёр/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай .” гэж  өөрчилсүгэй.

2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 41.1.11-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                     Б.СОСОРБАРАМ