Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 374

 

"Б С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэртэй, “Б С Э Э” ХХК- нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ“-г дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68 922 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б С Э Э” ХХК- нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Х” ХХК--тай “Хайрганы карьерийг хариуцан хариуцан ажиллуулах гэрээ”-г байгуулсан. “Б С Э Э” ХХК- нь хамтын ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөлтэй хайрганы карьер бүхий газар, уг газарт бүтээн байгуулсан офиссын барилга, ажилчдын дотуур байр, гал тогоо, агуулах, шатахууны танк, үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмж, засварын багаж хэрэгсэл гэх мэт хөрөнгийг нийлүүлсэн.

Гэрээнд заасны дагуу “Х” ХХК- нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, борлуулахтай холбогдон үүсэх бүхий л зардлыг хариуцах, мөн үүнээс гадна гэрээний 5.3-т заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны татвар, газар ашиглалтын төлбөр, ашигт малтмал олборлолтын төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох зардлыг хариуцахаар үүрэг хүлээсэн.

Гэтэл хариуцагч төрийн холбогдох байгууллагад төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж, хамтын гэрээний дагуу мэдээлэл авах болон борлуулалтын гэрээ байгуулахад оролцох эрхийг зөрчсөн. Хамтын гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймээс “Б С Э Э” ХХК--иас “Х” ХХК--д 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус гэрээг дуусгавар болгохоор албан бичиг хүргүүлсэн. Гэтэл “Х” ХХК- хайрганы карьерийн талбай дээр байгаа хайргыг дур мэдэн бусдад борлуулж, гадагш тээвэрлэж байгаа тул гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45 937 500 төгрөг, нийт 68 922 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанийн захирал н.Сарнай тодорхой хувийн ашиг авсан. Хамгийн сүүлийн байдлаар 2015 онд “Тэдмэнт” ХХК-иас хоёр өрөө орон сууцыг авсан учир ашиг хуваарилаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. “Х” ХХК--д “Б С Э Э” ХХК- нь ямар нэг байдлаар гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй. Тусгай зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцалсан байна гэдгийг 10 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани учраас төрийн эрх бүхий байгууллагаас гарч байгаа актын талаарх хариуцлагыг “Б С Э Э” ХХК- хариуцах ёстой. Манайх “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-ний тухайд ямар нэгэн зөрчил гаргаагүй, үйл ажиллагаа явуулсан.

Газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрүүд нь “Б С Э Э” ХХК--д хамааралтай бөгөөд цаг тухайд нь хариуцлагатайгаар нэхэмжилсэн бол асуудал гарахгүй байсан. Газрын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр мөн гэрээ цуцалсаныг тогтоолгох гэж байгаа нь хуульд нийцэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг баримтлан “Х” ХХК-, “Би Си Эм Эм”  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-г дуусгавар болсныг тогтоож, хариуцагчаас газрын төлбөрт 22 984 500 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45 937 500 төгрөг, нийт 68 922 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б С Э Э” ХХК--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б С Э Э” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Х” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 572 760 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах тухай гэрээ”-ний 7.1-т А талын гэрчилгээ, бичиг баримт дутуу эсвэл хариуцлага алдсанаас үүдэн Б талд хохирол учруулбал уг хохирлыг төлж барагдуулна. А талын буруутайгаас Б тал гурваас дээш сар үйлдвэрлэл эрхлэх боломжгүйд хүрвэл Б тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд уг хугацаанд учирсан хохирлыг А тал төлж барагдуулна, 7.2-т Б тал гэрээгээр тохирсон хугацаандаа хариуцан ажиллах гэрээний төлбөрийг 60-аас дээш хоног төлж барагдуулаагүй тохиолдолд А тал нь гэрээг цуцлах эрхтэй ба Б талд гэрээний төлбөр болон алдангийг төлөх үүрэгтэй гэж тусгайлан тохиролцсон.

Хариуцагч компанийн зүгээс мөн үүргийг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах эрх үүссэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Б тал нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байх боловч хэзээ, хэрхэн төлөх талаар нарийвчлан тохиролцсон зүйл байхгүй.

Дээрхээс дүгнэвэл, хариуцагч төлбөрийг төлөөгүй байгаа нь гэрээний үүргийг зөрчсөн гэж шууд дүгнэх эрх зүйн боломжгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг төлөх талаар хариуцагч компанид мэдэгдэж эсхүл шаардаж байсан нь тогтоогдохгүй ба нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд заасны дагуу холбогдох төрийн байгууллага албан тушаалтантай харьцах, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хариуцан арилгах үүргийнхээ дагуу цаг тухайд нь маргаан бүхий төлбөрийг төлсөн эсэхийг шалгах, төлөхийг шаардах үүрэгтэй болох нь талуудын байгуулсан гэрээгээр тогтоогдоно.

Хэргийн 26-28 дугаар талд авагдсан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн иргэн аж, ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, мөн өдрийн ашигт малтмалын гэрээгээр нэг талаас төрийн байгууллага нөгөө талаас нэхэмжлэгч компани байх ба хариуцагч нь уг гэрээнүүдийн оролцогч биш болно. Мөн үйл баримтаас авч үзвэл хариуцагч нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг тогтсон цаг хугацаанд төлөх үүргийг хүлээгээгүй. Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг зөрчсөн бөгөөд гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрт нийт 68 922 000 төгрөг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо дээрх төлбөрүүдийг төлөөгүй нь гэрээний үүргээ зөрчсөн нэг үндэслэл бөгөөд үүний улмаас эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн тайлбарладаг.

Нэгэнт эрх бүхий байгууллагаас төлбөр төлөөгүй үндэслэлээр хайрга олборлох, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан, гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй тохиолдолд төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Учир нь нэхэмжлэгч 68 922 000 төгрөгтэй холбогдох шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо мөн гэрээний 5.4-т заасан үүргийн дагуу төлөх ёстой төлбөр хэмээн тайлбарладаг ба нэгэнт цуцалсан эсхүл дуусгавар болсон гэрээний хувьд хариуцагч үүрэг хүлээх үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасантай нийцнэ.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3, 225.4.4-т тус тус заасан  тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж шүүхэд хандсан. Энэ нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хуулиар хязгаарласан байх ба гэрээг талуудын хэн аль нь зөрчсөн, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн, хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой сөрөг шаардлагыг гаргах хууль зүйн бүрэн боломжтой болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдоно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах хугацааг үүрэг гүйцэтгэгч тогтоож болно гэснээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хугацааг тодорхойлох эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хариуцагчид хүргүүлсэн гэх хамтран ажиллах ажиллагааг зогсоох, гэрээг цуцлах санал хүргүүлэх тухай албан бичигт дурдсан хугацаанд хариу өгөөгүй нь гэрээг цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах тухай гэж гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай гэж өөрчилсөн. Уг өөрчилсөн шаардлагаас эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүссэн нь тодорхой байна. Мөн шаардлагын хүрээнд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаан гэж үзнэ.

Шүүх шийдвэртээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид олгосон 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн МҮ-017195 дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мөн гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сараас хойш хэрэгжээгүй талаар талууд маргаагүй болно гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбарыг гуйвуулж, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар албан ёсоор мэдээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ шүүхэд хандах хүртэл хугацаанд хэрэгжиж байсан.

Түүнчлэн цаашид гэрээг цуцлах хүсэл зориг байхгүй гэдгийг удаа дараа бичгээр болон амаар тайлбарласан. Хайргыг борлуулах үйл ажиллагаа явуулах нь талуудын хооронд байгуулсан гэрээний нэг үндсэн зорилго бөгөөд гэрээ хэрэгжиж байсны нэг илрэл цаашдаа ч үргэлжлэх бүрэн боломжтой юм.

            Талууд маргаан бүхий газарт хоёр аравны таван тэрбум төгрөгийн үнэ бүхий хайргыг олборлосон буюу бэлэн бүтээгдэхүүн болгон хадгалсан талаар шүүх хуралдааны явцад тайлбар гаргаж, энэ талаар маргаагүй. Энэ нөхцөл байдлаас үзэхэд хэдий хайрга олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч олборлож бэлэн болгосон бүтээгдэхүүнийг худалдан борлуулах замаар цаашид гэрээ хэрэгжих боломжтой, маргаан бүхий уурхайн газар дээр хадгалагдаж буй хайргыг хэрхэх талаар орхигдуулж, гэрээ цуцлагдсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ.

Дээр дурдсанчлан Иргэний хуулийн 225.4.1, 225.4.3, 225.4.4, 225.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч дангаар гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрхгүй бөгөөд шүүх мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж заасны дагуу гэрээг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан байх ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох шаардлага нь тодорхой үйл явдлыг буюу эрх зүйн үр дагавар бий болгох нөхцөл байдлыг тогтоолгохыг хүссэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Б С Э Э” ХХК- нь “Х” ХХК--д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ“-г дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68 922 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас өөрт олгосон МV-017195 дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 40.25 гектар талбайд хариуцагч талыг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 10 жилийн хугацаанд хайрга олборлон борлуулалт хийж, түүнийхээ бодит борлуулалтын мөнгөн орлогоос 14.5 хувийг нэхэмжлэгчид төлөх, улмаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг харилцан тохиролцсон байна. /хх18-22/

 

Шүүх талуудын хооронд “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ” байгуулснаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон МV-017195 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон. /хх 61,63/

 

Нэхэмжлэгч “Б С Э Э” ХХК- нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь дуусгавар болгосонтой холбогдуулан хариуцагч “Х” ХХК--д “Хамтран ажиллах ажиллагааг зогсоох, гэрээг цуцлах санал хүргүүлэх тухай” 2017 оны 11 дүгээр сарын 22, 27-ны өдрийн албан тоотыг хүргүүлж байсан тухай Шуудангийн байгууллагын тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хх 23-25/ Өөрөөр хэлбэл, хариуцагч талд Иргэний хуулийн 220, 221, 225, 226, 227, 479 дүгээр зүйл болон хамтран ажиллах гэрээний 7, 8-р заалтыг үндэслэн хамтын ажиллагааг зогсоох, гэрээг дуусгавар болгох саналыг хоёр удаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон тохиолдолд талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасантай нийцсэн, улмаар нэхэмжлэгчийн гэрээг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч талаас газар ашиглалтын төлбөрт 2016 он, 2017 он, 2018 оны 1, 2, 3 дугаар улирал буюу нийт 11 улирлын 29 764 000 төгрөг, ашигт малтмалын нөөц ашиглалтын 2016 он, 2017 оны 1-3 дугаар улирал буюу нийт 7 улирлын төлбөр 45 937 500 төгрөг, нийт 68 922 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Газрын албаны нэхэмжлэх “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”, “Ашигт малтмалын гэрээ”, талуудын хооронд байгуулсан “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-ний V дахь заалтыг үндэслэсэн байна. /хх 57, 26-28, 21-22/

 

Анхан шатны шүүх хариуцагч компани нь нэхэмжлэлд дурдсан дээрх төлбөр тус бүрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний Б талын эрх, үүрэг болон хариуцлага гэх заалтын 3-ын b,c-д зааснаар газар ашиглалтын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус тус төлөх үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.3-т заасныг үндэслэл болгож, нийт 68 922 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо “талуудын хооронд байгуулсан гэрээгээр Б тал буюу хариуцагч компани нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч хэзээ, хэрхэн төлөх талаар нарийвчлан тохиролцоогүй гэжээ. Гэтэл талуудын байгуулсан гэрээний 3-ын b,c-д дурдсан төлбөр тус бүрийг улирлаар төлөхөөр үүрэг хүлээсэн байх тул төлөх хугацаа тохирооогүй гэх агуулагаар гаргаж буй хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Мөн гомдолдоо, нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээг цуцлах эрх үүссэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3, 225.4.4-т тус тус заасан гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн, хамтын ажиллагааг зогсоох, гэрээг цуцлах санал хүргүүлэх албан бичигт хариуцагч тал хариу өгөөгүй нь гэрээг цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болгосныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн бөгөөд үүнийг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэхгүй. Тодруулбал, талууд эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалж хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон, энэ нь хуулийн дээрх заалтын үндэслэлд нийцэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.   

 

Нөгөө талаар нэхэмжлэлийн энэ шаардлагад онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байсан гэх агуулгыг хариуцагч давж заалдах гомдолд дурдсан боловч талуудын хооронд үүссэн маргааныг шүүх ердийн журмаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК- давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 502 560+70 200=572 760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                         ШҮҮГЧИД                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Т.ТУЯА