Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/02780

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 11 өдөр

                Дугаар 183/ШШ2018/02780

                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК -ийн  нэхэмжлэлтэй,

/  /

 

Хариуцагч: Х ХХК -д холбогдох,

/ /

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ“-г дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68.922.000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК  нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х ХХК -тай “Хайрганы карьерийг хариуцан хариуцан ажиллуулах гэрээ”-г байгуулсан. “Б” ХХК  нь хамтын ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөлтэй хайрганы карьер бүхий газар, уг газарт бүтээн байгуулсан офиссын барилга, ажилчдын дотуур байр, гал тогоо, агуулах, шатахууны танк, үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмж, засварын багаж хэрэгсэл гэх мэт хөрөнгийг нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу Х ХХК  нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, борлуулахтай холбогдон үүсэх бүхий л зардлыг хариуцах, мөн үүнээс гадна гэрээний 5.3-т заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны татвар, газар ашиглалтын төлбөр, ашигт малтмал олборлолтын төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох зардлыг хариуцахаар үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч төрийн холбогдох байгууллагад төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж, хамтын гэрээний дагуу мэдээлэл авах болон борлуулалтын гэрээ байгуулахад оролцох эрхийг зөрчсөн. Хамтын гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймээс “Б” ХХК -иас Х ХХК -д хандан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус гэрээг дуусгавар болгохоор албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Х ХХК -иас хайрганы карьерийн талбай дээр байгаа хайргыг дур мэдэн бусдад борлуулж, гадагш тээвэрлэж байгаа тул гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг, нийт 68.922.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанийн захирал н.Сарнай тодорхой хувийн ашгийг авч байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2015 онд Тэдмэнт ХХК-иас хоёр өрөө орон сууцыг авсан байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ашиг хуваарилаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Х ХХК -д “Б” ХХК -ийн зүгээс ямар нэгэн байдлаар гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй. Тусгай зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцалчихсан байна гэдгийг бид 10 дугаар сарын 17-нд мэдсэн. Тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компани учраас төрийн эрх бүхий байгууллагаас гарч байгаа актын талаарх хариуцлагыг “Б” ХХК  хариуцах ёстой. Манайх “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ“-ний тухайд ямар нэгэн зөрчил гаргаагүй, үйл ажиллагаагаа явуулж байсан. Газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрүүд нь “Б” ХХК -д хамааралтай бөгөөд тухай цаг бүрт нь хариуцлагатайгаар нэхэж байсан бол асуудал яригдахгүй байсан. Газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр мөн гэрээ цуцалсаныг тогтоолгох гэж байгаа нь хуульд нийцэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Б” ХХК -ийн  нэхэмжлэлтэй, Х ХХК -д холбогдох, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ“-г дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68.922.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Х ХХК , “Б” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-ээр “Б” ХХК -д олгосон МҮ-017195 дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Хан-Уул дүүргийн Үнэсгэний хөндий-1 нэртэй газарт орших 40.25 гектар талбай бүхий уурхайн талбайд Х ХХК  нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хайрга олборлож, борлуулалт хийж, бүтээгдэхүүн борлуулалтын орлогоос “Б” ХХК -д 14.5 хувийг олгохоор тохиролцсон талаар талууд маргаагүй байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.

 

1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар “Б” ХХК -д олгосон 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн МҮ-017195 дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар, мөн гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сараас хойш хэрэгжээгүй талаар талууд маргаагүй болно.

 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар “Б” ХХК -д олгосон МҮ-017195 дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан хамтран ажиллаж гэрээний талууд Хан-Уул дүүргийн Үнэсгэний хөндий-1 нэртэй газарт орших 40.25 гектар талбай бүхий уурхайн талбайд хайрга олборлож, борлуулалт хийж ашиг хуваарилах хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь хавтас хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдсон тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хамтран ажиллах гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу Х ХХК , “Б” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-г дуусгавар болсныг тогтоох нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгчийн “...гэрээний дагуу 2016 он, 2017 он, 2018 оны 1, 2, 3 дугаар улирал буюу 11 улирлын газар ашиглалтын төлбөрт 22.984.500 төгрөг, 2016 он, 2017 оны 1, 2, 3 дугаар улирал буюу 7 улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг, нийт 68.922.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрүүд нь “Б” ХХК -д хамааралтай бөгөөд тухайн цаг бүрт нь хариуцлагатайгаар манай компанид мэдэгдэж, нэхэж авсан бол асуудал гарахгүй байсан” гэсэн хариу тайлбар гаргаж талууд мэтгэлцжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээнд “...АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн МҮ-017195 тоот шийдвэрийг үндэслэн газрын жилийн төлбөрт 8.358.000 төгрөг, улиралд 2.089.500 төгрөг төлнө...”, Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Би Си Эм Эм” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын гэрээнд “...АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн МҮ-017195 тоот шийдвэрийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт жилд 26.250.000 төгрөг, улиралд 6.562.500 төгрөг төлнө...” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-ний 5.b-д “...Х ХХК нь газар ашиглалтын төлбөрт нэг улирлын 6.562.500 төгрөг төлнө” 5.с-д “...Х ХХК нь ашигт малтмал олборлолтын төлбөрт нэг улирлын 5.089.500 төгрөг төлнө” гэж заажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу “Х” ХХК-иас “2016 он, 2017 он, 2018 оны 1, 2, 3 дугаар улирал буюу 11 улирлын газрын төлбөрт 22.984.500 төгрөг, 2016 он, 2017 оны 1, 2, 3 дугаар улирал буюу 7 улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг”-ийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчаас газрын төлбөрт 22.984.500 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг, нийт 68.922.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК -д олгох нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.3.3-т заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг баримтлан Х ХХК , “Б” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-г дуусгавар болсныг тогтоож, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.3.3-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК -иас газрын төлбөрт 22.984.500 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг, нийт 68.922.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг баримтлан Х ХХК , “Б” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-г дуусгавар болсныг тогтоож, хариуцагч Х ХХК -иас газрын төлбөрт 22.984.500 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг, нийт 68.922.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 572.760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 572.760 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД