Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 222

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогч А.Шинэхүү, түүний өмгөөлөгч Г.Намуун,

шүүгдэгч Ц.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1972 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол Майнинг” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21-56Б оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:МЬ72032817/ Боржигон овогт Цогоогийн Болдбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201725020130 дугаар 185/2017/0110/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сөүл” рестораны гадна 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргаж зодолдон А.Шинэхүүгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Болдбаатарын: 2016 оны 12 сарын 10-ны өдөр албан байгууллагын шинэ жил болсон. Тэр өдөр А.Шинэхүү намайг заамдаад чирээд явсан. Мөн миний хоолойг боож унагаагаад хөлөн дээр дэвссэн. Би босч ирээд А.Шинэхүүг өөрөөсөө салгах гээд хоёр цохьсон. Би тэгээд буцаад орсон. Намайг салаад явахад А.Шинэхүүгийн бие гайгүй байсан хувцас нь цус болсон харагдаагүй. Тэгээд гадаа намайг А.Шинэхүүг зодчихлоо гээд байхаар нь би гарсан. Тэгэхэд А.Шинэхүүгийн хамар, шүднээс нь цус гарсан шүдээ бариад, намайг ийм болгочихлоо гээд зогсож байсан. Тэгээд цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Би А.Шинэхүүтэй уулзаад нэг газар хамт ажилладаг хүмүүс юм чинь ингээд яахав би эмчилгээний зардлыг чинь өгье гээд хамт улсын эмнэлгээр явсан чинь үгүй би хувийн эмнэлгээр явна гэсэн. Прокурорт шилжихэд 840.000 төгрөгийг Шинэхүүд төлнө гэсэн. Би Шинэхүүтэй уулзаад энэ мөнгийг төлье гэж хэлсэн. Гэтэл А.Шинэхүүд нэг шүд 2.500.000 төгрөгний үнэтэй шүд хийлгэнэ, нэг шүд 2.500.000, хоёр шүд 5.000.000 төгрөг гэсэн тэрэн дээр эмчилгээний зардал авна гэсэн. Би тийм их хэмжээний мөнгө өгч чадахгүй гэсэн чинь тэгвэл шүүх цагдаагаар учраа олъё гээд салсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Шинэхүүгийн: 2016 оны 12 сарын 10-нд 17 цагт манай ажлын шинэ жил эхэлсэн. Би очихдоо хоцорч очсон. Тэгээд шагнал гардуулах үе болоход манай гэрт байдаг хэдэн залуучууд аварга болсон. Хамтлаг дуучид ирээд би ширээ ширээ хэсээд баяр хүргээд явж байхад Болдбаатартай шүргэлцсэн. Болдбаатартай маргалдаад тэгээд намайг гаръя гэсэн. Бид хоёр гадагшаа гарсан. Машины зогсоол руу явж байхад Болдбаатар шууд эргэж хараад намайг мөргөсөн. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад газар унасан. Болдбаатар миний дээр гарч суугаад зүүн талын нүүр рүү нилээд хэд цохьсон. Би сүүлдээ цамцныхаа захны боолтонд ороод толгой манарсан. Тэгээд байж байтал манай найз Давааням ирээд та чинь яасан юм бэ гэж хэлээд намайг босгосон. Тэгээд байж байтал Давааням миний гадуур хувцсыг орж авчирч өгсөн. Удалгүй цагдаа хүрээд ирсэн. Цагдаа хэн зодсон бэ гэж хэлсэн чинь би Болдбаатар гэж хэлэхэд дотроос Болдбаатарыг гаргаад ирсэн. Тэгээд эрүүлжүүлэхэд цагдаа дээр хамт ирсэн. Зүүн нүд тэр чигтээ хавдаж, үүдэн хоёр шүд хугарсан. Нүдний ухархайн яс, хамрын яс эд нар хугарсан. Би эмчилгээний зардал 3.763.100 төгрөгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч А.Шинэхүүгийн: ...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын шинэ жил Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Сөүл ресторанд 17 цагаас эхэлсэн. Тэгээд үйл ажиллагаанд орж ууж идэж байгаад 21 цагийн орчимд рестораны зааланд ноён Бондгор дуулаад бид нар бүжиглэж байгаад би Болдбаатартай мөргөлдөж шүргэлцтэл Болдбаатар чи яагаад далдаганаад байгаа юм бэ гэж ам зөртөл Болдбаатар гаръя гээд бид хоёр үүдэнд гараад машины зогсоол руу зэрэгцээд алхаж байтал Болдбаатар гэнэт өөдөөс мөргөхөөр нь би зууралцаж байгаад газар унатал дээр сууж байгаад нүүр рүү нилээн хэдэн удаа цохиод тэгэхээр нь цамцнаас зуурч байгаад өөр дээрээсээ холдуулах гэтэл дийлэхгүй би манараад байж байсан тэгтэл гэнэт манай ажлын залуу Давааням намайг алгадаж Шинээ ах аа сэрээрэй босоорой яасан юм гэж би сэрэхэд Болдбаатар байхгүй би газар хэвтэж байсан. Тэгээд ресторан руу орох гэтэл ороод хэрэггүй нүүр ам чинь аймар болсон байна би хувцсыг чинь авчирч өгье гээд миний хувцсыг авчраад байж байтал цагдаа хүрч ирээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн... ...Болдбаатар бид хоёрыг маргаж байхад хажууд хүн байгаагүй. Зогсоол дээр зодолдож байхад манай ажлын Давааням, Шинэбаатар хоёр рестораны үүдэнд тамхи татаад зогсож байгаад харж очиж салгасан байна лээ... Миний үүдэн хоёр шүд унасан, хамар дээрээ болон уруул дээрээ том сорвитой болсон. Одоогоор эмчилгээний зардал 1.025.000 төгрөг болсон. Цаашид 3.500.000 төгрөг шаардагдана... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Д.Даваанямын: ...Би “Монгол Майнинг” ХХК-д ковшийн оператор ажилтай, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Орой 21-22 цагийн орчимд байсан байх би ажлын газрын Шинэбаатар бид хоёр тамхи татах гээд Сөүл рестораны үүдэнд гартал тэнд хоёр хүн зодолдоод байна гэхээр нь Шинэбаатар бид хоёр очтол Шинэхүү Болдбаатар нар байсан тэгээд тэр хоёрыг салгасан юм. Шинэхүү газар дээшээ хараад хэвтсэн Болдбаатарыг заамдсан, Болдбаатар дээр нь гараад Шинэхүүг заамдаад суучихсан нэгнийгээ тавь гээд хэлээд байж байсан... Шинэхүүгийн нүүр нь цус болсон зүүн нүд нь хавдсан байсан, Болдбаатарын бие гайгүй байсан. Цагаан цамцных нь ханцуй урагдаж цус болсон байсан. ...Болдбаатар согтолт нь гайгүй байх шиг байсан, Шинэхүү нилээн согтуу байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Хэрэг бүртгэлтэд шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: ...А.Шинэхүүгийн 2 шүдний булгарал гэмтэл нь эрүүний баруун дээд хэсэгт хаван хавдар үүссэн нь шүдний байрлалаараа харалдаа учир тухайн газар хүний биеийн хүчний болон хатуу мохоо зүйлийн хүч үйлчлэхэд шүд булгарах боломжтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-83/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн шинжээчийн №166 тоот:

1.2.3. Шинэхүүгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 шүдний булгарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт 10%-аар тогтонги нөлөөлнө. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-84-85/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-86/, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-87-88/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, ажлын газрын тодорхойлолт /хх-62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-57/ нотлогдов.

Шүүгдэгч Ц.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201725020130 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Болдбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Шинэхүүгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь 2016 оны 12 сарын 14-ний өдрийн шинжээчийн №166 тоот дүгнэлтээр нотлогдож байх гэм хорын хохиролд эмчилгээний зардал болох 3.249.500 төгрөгийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 513.600 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 295, 296, 297, 298, 300 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

  1. Цогоогийн Болдбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201725020130 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Цогоогийн Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Ц.Болдбаатар цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.Болдбаатараас 3.249.500 /гурван сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч /РД:ЕЙ78082118/ Адъяагийн Шинэхүүд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 513.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Болдбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ү.ТҮМЭНЖАРГАЛ