Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 263

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ц.Болдбаатарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Бямбасүрэн,

Хохирогч А.Шинэхүүгийн өмгөөлөгч Г.Намуун,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201725020130 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Цогоогийн Болдбаатар, 1972 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол майнинг” ХХК-д опетатор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 21 дүгээр гудамжны 56Б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: МЬ72032817/.    

          Ц.Болдбаатар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сөүл” рестораны гадна 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргаж зодолдон А.Шинэхүүгийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Болдбаатар хохирогч А.Шинэхүү нар өөрсдийн хооронд хувийн таарамжгүй харьцаа байхгүй гэж мэдүүлж байгаа, хэрэг бүртгэлд гэрч Д.Даваанямын “…А.Шинэбаатар бид хоёр тамхи татах гээд “Сөүл” рестораны үүдэнд гартал тэнд хоёр хүн зодолдоод байна гэхээр нь…” гэсэн мэдүүлгээс тухайн хэрэг болох үед байсан байж болох гэрч нарыг олж тогтоон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотлоогүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч цолтой Д.Алтаншагайгийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн сэжигтнийг яллагдагчаар татах 08 тоот тогтоол нь хэн гэгчийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан болох нь тодорхойгүй байхад прокурор уг тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн талаар хянавал зохих асуудлуудыг хянаагүй баталсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201725020130 дугаар хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Болдбаатарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, Ц.Болдбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор П.Бямбасүрэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн 201725020130 дугаартай хэргийн яллагдагч Ц.Болдбаатар, хохирогч А.Шинэхүү нар нь “Монгол Майнинг” ХХК-нд хамт ажилладаг, хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Шинэхүү нь “...би ажилчиддаа баяр хүргээд явсан, Ц.Болдбаатартай шүргэлцээд маргасан тэгээд хоёулаа гаръя гэсэн...” талаар тогтвортой мэдүүлдэг, дараа нь Ц.Болдбаатар, А.Шинэхүү нар нь ширээнд суун А.Шинэхүү нь Ц.Болдбаатарын ар талаас хүзүүгээр нь тэврэхэд нь гарыг нь түлхээд А.Шинэхүү нь сандлаас унаж эргэн босоход нь хоёул цааш ариун цэврийн өрөө рүү явж хэсэг хугацааны дараа шатаар буудаг нь энэ талаар эд мөрийн баримтаар тооцсон СД /хх-82/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-85-86/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг шинжлэн судлах зэргээр тогтоогдсон.

Ц.Болдбаатар нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Шинэхүү гэнэт над дээр ирээд гэнэт боож аваад зогсоол руу чирч намайг боож унаган дээрээс цохисон, тэгэхээр нь зөрүүлж дээр нь гараад дээрээс нь нүүрлүү шанаа орчим руу нь цохисон...” талаар мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Болдбаатар нь “...А.Шинэхүү боож унагаад хөлөн дээр дэвссэн, би Шинэхүүг өөрөөсөө салгах гээд хоёр цохисон...” гэж мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 166 дугаартай дүгнэлтээр “...Болдбаатарын биед хүзүүний зулгаралт, баруун тавхайны зөөлөн эдийн няцрал...” гэмтэл тогтоогдсон талаар дүгнэлт гарсан, гэвч шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гэрчээр байцаасан байцаалт /хх-79-80/ “...Болдбаатарын баруун тавхайн гэмтэл нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үед нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломж багатай, тавхайн дээр хатуу мохоо зүйл унах, хавчигдах зэрэгт үүсэх боломжтой, ...хүзүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” талаар мэдүүлсэн зэргээс А.Шинэхүү нь рестораны зааланд олуулаа бүжиглэж байхдаа шүргэснээс Ц.Болдбаатар нь “чи яагаад далдаганаад байгаа юм бэ” гэж ам зөрөн “гаръя” гэж хэлээд гарсан талаар байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нар мэдүүлдэг зэргээр тухайн үед маргалдан харилцан зодолдсон, танхайрсан шинжгүй гэж үзсэн болно. Иймд гэрч Д.Даваанямаас “Хоёр хүн зодолдоод байна” гэж хэн хэлсэн талаар тодруулж асуугаагүй юм.

Шүүгдэгч Ц.Болдбаатарын гэм буруутай үйлдэл нь хохирогч А.Шинэхүү, гэрч Д.Давааням, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн дүгнэлтүүд, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг гэрчээр байцаасан байцаалт, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, СД-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг бүрэн биелүүлсэн болно.

2. Тус хэрэгт Ц.Болдбаатар, А.Шинэхүү нар нь харилцан маргалдан зодолдож хохирогч А.Шинэхүүгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж бичсэн, Ц.Болдбаатарыг яллагдагчаар татсан нь тодорхой байхад тул шүүх хэн гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч А.Шинэхүүгийн өмгөөлөгч Г.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн талаас хохирлын мөнгөний талаар маргадаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Ц.Болдбаатарын үйлдэл тогтоогдсон. Хохирогч болон Ц.Болдбаатар нар нэг байгууллагад ажилладаг. Ц.Болдбаатарын хувьд зан ааш муутай, бусадтай эв түнжин муутай. Тухайн хүмүүс нь нэг газар ажилладаг ч гэсэн дотно найз нөхдийн холбоогүй, хоорондоо таарамж муутай байдаг гэдгээ өмнө ярьж байсан. А.Шинэхүүд учирсан гэмтлийг Ц.Болдбаатар учруулсан гэдэг нь хангалттай тогтоогдсон. Хохирлын хувьд нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Гэм буруугийн асуудал тогтоогдсон учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Ц.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ