Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2022/00834

 

 

 

 

2022 оны 4 дүгээр

сарын 13-ны өдөр

Дугаар 181/ШШ2022/00834

 

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М газар,

 

Хариуцагч: Т ХХК нарт тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г, П.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.А,

Хариуцагч: М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

Хариуцагч: Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Галымбек, Т.Б, өмгөөлөгч Л.З,

Иргэдийн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бум-Очир нар оролцов.

/Хариуцагч М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч М газар, Т ХХК нарт холбогдуулан амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд учирсан хохирлыг арилгуулах үндсэн дээр Т ХХК, түүний 100 хувь хувьцаа эзэмшигч төр буюу М газрыг гэм буруутай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн, Иргэний хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, амь насанд гэм хор учирсан гэж нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2 хэсэгт хуваагдаж байгаа. Нэгдүгээрт, гэм буруутай эсэх асуудал яригдана.

Баянзүрх дүүргийн 22 хороонд амьдардаг иргэн Г.У 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг худалдан авч түлээд, тэр шөнөдөө угаартаж, 3 настай охин Г.Я нас барж, нэхэмжлэгч Г.У хөдөлмөрийн чадвараа 69 хувь хүртэл алдсан. Энэ бол шууд үйлчлэлээр Т ХХК-ийн утаагүй түлш түлж, үүнээс үүдсэн угаарын хийнээс хордсон гэж үзэж байна. Энэ нь эрүүгийн журмаар шалгах явцад хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Т ХХК-ийн утаагүй түлш нь бүтээгдэхүүний хувьд чанарын шаардлага, стандартад нийцсэн бид маргахгүй. Гагцхүү түлш нь зуухтай харьцаж, харилцаанд орж байж, шатаж байж, химийн урвал явагдаж байж хэрэглээнд ордог бүтээгдэхүүн юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.7, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт тус тус үйлдвэрлэгчийг үүрэгжүүлсэн зохицуулалт байна. Т ХХК-иас түлшийг зөв хэрэглүүлэх ажлын хэсэг гарсан байдаг. Ажлын хэсэг сайн ажилласан, олон зөвлөмж өгсөн байсан. Гэхдээ сайжруулсан түлшний шуудайн дээр шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарна гэсэн хэрэглээний заавартай. Үүнээс болоод тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд хордсон. Т ХХК-иас бүтээгдэхүүний зааврыг бүрэн дүүрэн олгоогүйн улмаас хэрэглэгч төөрөгдөлд орж хордсон.

Ахуйн хэрэглээний MNS5216:2016 стандартын шаардлага хангасан тодорхойлолт, тэмдэглэгээтэй, хэрэглээний гарын авлагатай зуух худалдан авах шаардлагатай гэж байгаа. Гэтэл шуудайн дээр төрөл бүрийн зууханд таарна гэдгээр иргэдийг төөрөгдөлд оруулаад ямар нэгэн санаа зовох зүйлгүйгээр гал түлээд ийм ноцтой үр дагавар үүссэн гэж буруутгаж байгаа.

Мөн зуухыг суурилуулахад хэрэглэх, анхаарах зүйл гэж байгаа. Зуухыг ханан пийшинд холбогдохоос өмнө утааны таталтыг дараах байдлаар шалгана. Дунд эсхүл муу байвал зуухыг ханан пийшинд холбохгүй байх шаардлагатай, үйлдвэрлэгч хэрэглэгчээс заавар аваарай гэсэн байгаа. Хэрвээ буруу тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгаа шүү гэх зааврыг 3, 4 дүгээр хуудаст хийж өгсөн. Ийм зааврыг хэрэглэгч нарт анхааруулахгүй, шууд бүх төрлийн зууханд таарна гээд худалдаанд гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс Т ХХК-ийг буруутгах үндэслэл болж байгаа.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд ямар нэгэн бүтээгдэхүүнээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалахыг хориглосон зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, энэ түлшнээс болоод иргэд угаартаад, хордоод байна гэх дуудлага ирэхэд компани болон Засгийн газар уг бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж аваад шалгах ёстой байсан. Үргэлжлүүлэн худалдаанд байлгасан учраас миний үйлчлүүлэгчийн болон охины эрүүл мэндэд хохирол учирсан.

Хэргийн 77 болон 80 дугаар хуудсанд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас гээд зөвлөмж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан байгаа. Шахмал түлш усан халаалтын зуухад хэрэглэхэд хүндрэлтэй гэж үзлээ, өөрөөр хэлбэл шаталтын үед тухайн нүүрсний коксжих байдал, шинж чанартай холбоотой гэх зөвлөмж гаргаж өгсөн байгаа. Энэ дүгнэлт гарсан хэдий ч энгийн зуух, ханан пийшинд эсхүл уламжлалт зууханд хэрхэн ашиглах талаар тусгаагүй.

Мөн хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлтэд шинэ зуух худалдан авах шаардлагатай гэдгийг дурдсан байгаа. Хамгийн ноцтой нь зөвлөмжийн 3 дахь хэсэгт зуух буруу суурилуулснаас болж түлшний дутуу шаталтаас ялгарах угаар, СО өрөөнд тархах, улмаар тогтох, хувь хүн амь насаа алдах тохиолдол багагүй гардаг гэсэн дүгнэлт гаргаж өгөөд байгаа. Эдгээр маш олон заавар, зөвлөмжийг өгсөн мөртлөө үл хайхран бүх төрлийн зууханд хэрэглэж болно гэх тайлбарын улмаас худалдаж аван хордсон байгаа. MNS5216:2016 гэх стандартад нийцсэн зууханд хэрэглэнэ гэх тайлбар байх ёстой байсан.

Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн үйл баримтын талаар гэрчүүдээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг нэхэмжлэлийн өмгөөлөгчийн зүгээс хуулбарлан авч хэрэгт гаргаж өгсөн. Үүнд мөрдөгчийн зүгээс Эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн үү гэж асуудаг. Хийсэн, хийгээгүй гэх олон талаас тайлбарладаг. Жишээ нь Т ХХК-ийн үйлдвэрлэлийн албаны даргын мэдүүлэг хэргийн материалын 250 дугаар хуудсанд байна. Мөрдөгч түүнээс сайжруулсан хатуу түлш хэрэглэсний улмаас угаартаж нас барах, эрүүл мэндээр хохирч байгаад эрсдэлийн үнэлгээ хийсэн үү? Хийгдсэн бол гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ, хэрхэн явуулсан талаар ярина уу? гэхэд Үйлдвэрт гарч болох эрсдэлийн үнэлгээг хийсэн. Харин хэрэглэгчийн гарт очоод гарч болзошгүй эрсдэлийн үнэлгээг хийсэн эсэхийг сайн мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн байна.

Бидний зүгээс энэ талаар шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргахад ажлын хэсгийн зөвлөмжийг гаргаж өгсөн байгаа. Үүнийг Эрсдэлийн үнэлгээ гэж ойлгож байна. Гэтэл уг зөвлөмжид гарсан олон анхааруулга, зөвлөмж, сануулгуудыг бүтээгдэхүүн дээр хэрэглэгч нарт анхааруулга болгож гаргаагүй байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх, 7.2 дахь хэсэгт үйлдвэрлэгч барааны талаар дор дурдсан мэдээллийг өгнө., 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт барааны зориулалт, хэрэглээний чанар, барааг зөв хэрэглэх тухай заавар гэсэн байна. Үйлдвэрлэгч маань барааг хэрэглэх заавраа бүрэн дүүрэн хийгээгүйн улмаас хэрэглэгч түлшийг түлээд харамсалтай нөхцөл байдал үүссэн.

Т ХХК-ийн зүгээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан хэрэглэгчийн барааны талаар үнэн зөв сонголт хийх эрхийг хангаагүй, 7.2 дахь хэсэгт заасан үндсэн үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Бүтээгдэхүүнээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд борлуулалт, нийлүүлэлт, үйлдвэрлэлтийг нэн даруй зогсоож үйлчилгээнээс татан авна гэх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Хүн угаартаад үхээд байхад үйлдвэрлэлээ явуулаад, борлуулалтаа хийгээд байсан. Энэ бол ноцтой үйлдэл гэж харж байна. Хариуцагч нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г.У болон түүний нас барсан охинд энэхүү гэм хорыг учруулсан гэж үзэж байна.

М газраас гаргасан тогтоолоос болж хариуцагчаар татаагүй, харин Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэх үүднээс хариуцагчаар татсан. Төр нь хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах асуудлаар иргэний өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Асуудал үүсвэл тэр дор нь арга хэмжээ авах үүрэгтэй. Үйлдвэрлэхээс өмнө үүнийг мэдэхгүй, хүн амь насаа алдсаны дараа мэдэж байгаа нь эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хийгээгүй, бүрэн судлаагүй зах зээлд гаргасныг илтгэж байна. Иймд М газрыг хариуцагчаар татсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан.

Энэхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хүрээнд нэхэмжлэгч өөрийн охины амь нас, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хариуцагч нь болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэн учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

1.Эмчилгээний зардал:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн үйлдвэрлэсэн утаагүй түлш хэрэглэсний улмаас угаартаж, хордон үүний улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан ба одоогийн байдлаар санхүүгийн боломжгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байсаар байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь эрүүл мэндтэй холбоотойгоор маш олон байгууллагад хандсан. Үүнээс Хятад болон Солонгосын эмнэлгээс хариу ирсэн. Бид нэхэмжилж байгаа мөнгийг авчихвал эмчилгээний зардалд хэрэглэнэ. Магадгүй төлбөр нь хүрч болно, хүрэхгүй бол дахин нэхэмжилнэ. Энэ асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой, заавал энэ мөнгийг авах шаардлага байхгүй, хариуцагч тал өөрсдөө эмнэлгээ сонгоод хариуцаад явж болно гэж хэлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс бүтэн 2 жил 6 сар өнгөрч байхад нэг ч удаа Г.Утай уулзаагүй байсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Оршуулгын зардал 10,000,000 төгрөг, эмчилгээнд хэрэглээрэй гээд 8,000,000 төгрөг өгсөн. Үүгээр хохирлыг барагдуулсанд тооцож байгаа юм шиг байна.

Нэхэмжлэгч Г.Уянгыг Монгол Улсад цаашдаа эмчлэх боломжгүй талаарх Гэмтлийн эмнэлгийн тодорхойлолт гарсан. Иймд нэхэмжлэгч Монгол Улсад хийлгэх боломжгүй эмчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг гадаад улсын хоёр эмнэлгийн байгууллагаас авсан. Үүнд:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Пухуа Олон Улсын эмнэлгээс шинжилгээний зардал 30,000-40,000 юань, мэс заслын зардал 200,000-350 юань, нийлбэр дүн нь 230,000-390,000 юань гэсэн баримт ирсэн. Үүнийг төгрөгт шилжүүлвэл 100,767,600-170,866,800 төгрөг болж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл эмнэлгээс үзлэг 1000-2000$, шөрмөс тайрах, үе мөчний нийлэгжилт 35,000-40,000$, бүтэн болон хагас мэс засал 15,000-20,000$, арьс шилжүүлэн суулгах 50,000-55,000$ нийт 101,000-117,000$ гэсэн баримт ирсэн. Үүнийг төгрөгт шилжүүлвэл 287,792,430-333,383,310 төгрөг болж байна.

Дээр дурдсан эмнэлгийн төлбөр, эмчилгээний зардлаас үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эмнэлгийн төлбөр хямд, Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлгийн төлбөр илүү үнэтэй байгаа учраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эмнэлгээс ирүүлсэн баримтаар тооцон эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч санхүүгийн боломжгүй учир дээрх зардлыг өөрөө гаргаад эмчлүүлэх боломжгүй. Тиймээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасны дагуу эмчилгээний зайлшгүй 170,866,800 төгрөгийн зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2. Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас арилгах гэм хорын төлбөр:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн үйлдвэрлэсэн утаагүй түлш хэрэглэсний улмаас угаартаж, хордон үүний улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан ба одоогийн байдлаар хөдөлмөр эрхэлж чадахгүй, гэртээ бусдын асаргаанд амьдарч байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого...-ыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч угаартаж хордохоос өмнө Нарантуул олон улсын худалдааны төвийн Янжмаа салонд хөдөлмөр эрхэлж өдөрт 60,000-70,000 төгрөг, сард 1,560,000 төгрөг, жилд 18,720,000 төгрөгийн орлого дунджаар олдог байсан.

Тухайн үйл явдал болсон 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй гэртээ байна. Цаашид хэзээ бүрэн эдгэрч ажил хөдөлмөр эрхлэх эсэхээ мэдэхгүй байна.

Тиймээс хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны хооронд 17 сарын хугацаанд дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамгийн сүүлд ажил хөдөлмөр эрхэлж байсан газрын тодорхойлсоноор нэхэмжилж байна. Үүнд: 1 сарын 1,560,000 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын сангаас группын мөнгө 350,000 төгрөг авч байгаа учир нийт 17 сарын 26,520,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч хэзээ эдгэх, хөдөлмөрийн чадвартай болох нь тодорхойгүй учраас хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаанд хамгийн сүүлд ажил хөдөлмөр эрхэлж байсан газрын тодорхойлсоноор буюу 1,560,000 төгрөгөөс Нийгмийн даатгалаас авч буй 350,000 төгрөгийг хасч 1,210,000 төгрөгийг сар бүр төлүүлэхээр нэхэмжилж байна. Энэ нь тодорхой хугацаагүйгээр үйл явдлаар тодорхойлогдоно.

 

3. Амь насанд учирсан гэм хорын нөхөн төлбөр:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй хэдий ч зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байдаг.

Амь насыг сэргээх боломжгүй учраас амь насанд учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэдийгээр Иргэний хуульд амь насанд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр хэрхэн нөхөн төлөх тухай зохицуулаагүй хэдий ч уг асуудлыг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.", 10.6-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй. гэж тус тус заасан.

Төрийн байгууллагад зөвшөөрснөөс бусдыг хориглодог, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, хувийн эрх зүйд хориглосноос бусдыг зөвшөөрдөг талаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан байгаа. Хүний амь насыг үнэлэх, шинжээч томилох боломжгүй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт гэм хор учирсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэсэн байгаа. Харин Иргэний хуульд амь насны нөхөн төлбөрийг мөнгөөр төлөхийг хориглох, мөнгөөр шаардахыг хориглоно гэсэн зүйл заалт байхгүй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4, 508.5, 509 дүгээр зүйлд амь насны хохирлыг хэрхэн арилгах талаар зохицуулсан байгаа. Ерөнхий байдлаар хуулиар хориглоогүй байгаа учраас шаардаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу иргэний эрх зүйн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйлд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байх гэж ойлгож байна.

Хүний амь насанд учруулснаас үүссэн гэм хорыг арилгах нь зөвхөн оршуулгын зардлаар хязгаарлагдана гэж үзэхгүй байна. Учир нь Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах эрхтэй, түүнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, учруулсан хохирлыг хохирол учрахаас өмнөх байдал оруулах боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж байна.

Энэ нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх юм.

Тийм учраас нас барсан охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

4. Сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгах:

Нэхэмжлэгч сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, охин нас барсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөг, сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, өөрийн эрүүл мэндэд учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Эдийн бус хохирол буюу сэтгэл санаанд учрах хохирлыг зөвхөн худал мэдээллээр хязгаарлахгүй гэж үзэж байна. Төрүүлсэн охиноо үйлдвэрлэгчийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан алдсан эх хүний хувьд сэтгэл санааны ихээхэн дарамтад орсон. Түүнчлэн өөрөө ч гэсэн хордож, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, нийгмийн харилцаанд идэвхтэй орж чадахгүй байгаадаа ихээхэн гомдолтой байгаа болно.

Сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг судлалын байгууллагын дүгнэлтэд сэтгэцийн хохирлыг тогтоох боломжгүй гэх талаар тусгасан байсан.

Тиймээс сайжруулсан түлшний угаарын хийнээс төрсөн охин хордож, нас барсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөг, сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, миний эрүүл мэндэд учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа болно. Иймд:

1. Эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардал: 170,866,800 төгрөг;

2. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн гэм хорыг арилгах үүрэгт: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй адилтгах орлого 26,520,000 сая төгрөг;

3. 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,210,000 төгрөг /1,560,000-350,000/ (цалин хөлс, түүнтэй адилтгах);

4. Сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөр 200,000,000 төгрөг;

5. Сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, хүүхэд нас барсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөг;

6. Сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөгийг хариуцагч М газар, Т ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2. Хариуцагч М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. М газар нь зөвхөн Г.Уд зориулж шийдвэр гаргаагүй. Улаанбаатар хотын хэмжээнд нийтээр дагаж мөрдөхөөр хэм хэмжээний акт гаргасан.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх ёстой. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байхын тулд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Жишээ нь: Нэхэмжлэгч эмчилгээний зардлыг Т ХХК-иас хэдэн төгрөг, Засгийн газраас хэдэн төгрөг гаргуулмаар байгаа талаарх шаардлага нь тодорхой байх хэрэгтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М газрын гаргасан тогтоолоос болж хариуцагчаар татаагүй, харин Т ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэх үүднээс хариуцагчаар татсан гэж байна. М газар нь М газрын тухай хуульд заасан нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, М газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, улс орны хэмжээнд бодлогын шийдвэр гаргадаг. Бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг тухайлсан төрийн өмчит байгууллага хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Эрчим хүчний яам эрчим хүчний салбарын 24 байгууллагын хувьцаа эзэмшигч. Тус 24 байгууллагын өдөр тутмын гүйцэтгэх чиг үүргийг тухайн байгууллага, түүний гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр уг байгууллагын хувьцаа эзэмшигч нь төр учраас хариуцагчаар татсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд компанийн тухай болон хариуцлагын талаар маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, уг заалтад Компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3 дугаар зүйлд Хувьцаа эзэмшигчид нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдгийг шүүгч нар анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Энэ нь гагцхүү тухайн компанийн хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын хөрөнгөөр хүлээх асуудал юм.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэглэгчид түлш хэрэглэх зааврыг өгөөгүй гэж байна. Хэргийн материалд энэ талаарх баримт авагдсан байгаа. Энэ хэргийг Эрүүгийн хэргийн журмаар хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоолд хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг Иргэн Г.У нь түлш хэрэглэх заавартай танилцаад гарын үсэг зурсан байна гэж заасан байна. Энэ нь түлш түлэх зааварчилгаа авсан гэх нотолгоо болж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэм хорын асуудлыг зохицуулсан. М газрын тогтоол хууль бус гэдэг нь тогтоогдоогүй байна. Гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Тиймээс уг нэхэмжлэлийн хариуцагч нь М газар биш тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Манай компанийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь угаарын хий гарсантай холбоотой цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд хянан шалгах ажиллагаа явуулж 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хаасан байгаа. Учир нь гэм хор учруулсан этгээд тогтоогдоогүй, Т ХХК нь ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдоогүй учраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 тоот прокурорын тогтоолын дүгнэлт хэсэгт Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, акт, зөвлөмжийг биелүүлээгүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн байна. Цагдаагийн байгууллага зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг шалган шийдвэрлэдэг газар биш. Харин тухайн маргааныг зөрчлийн шинжтэй асуудлаар ч мөн шалгасан байна. Энэ тогтоолтой холбоотой маргах эрх нь нэхэмжлэгч талд байсан боловч гомдол гаргаагүй, энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн байгаа.

Нэхэмжлэгч талаас гэм буруугийн асуудал тусдаа, бид иргэний журмаар гэм буруугийн асуудлыг тогтоолгоё гэж байна. Өнөөдрийн маргааны үйл баримт нь нийтээр хүлээн зөвшөөрсөн захиргааны хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудал. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэм буруугаас үүдэх иргэний эрх зүйн харилцаа гэм буруу нь тогтоогдсоноор харилцаа үүсэх үндэслэл болно. Тэгвэл өнөөдрийн гэм буруугийн асуудал хаана шийдвэрлэх ёстой вэ? гэх асуудал үүснэ. Бараа бүтээгдэхүүний доголдолтой асуудлыг Иргэний шүүх тогтоохгүй. Гэм буруугийн асуудал нь нэгэнт тогтоогдсон асуудал байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг хэрэв зөрчсөн бол мөн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн болон эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээх ёстой. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага үүнийг тогтоох ёстой. Тэгвэл өнөөдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй байна гэдгийг шалгаж тогтоон прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч үүнтэй холбоотой гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүний уутан дээр заавар, зөвлөгөөг бичээгүйгээс энэ хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлт дээр Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээ, мэдээллүүдийг цуглуулан шинжлэн судалж үзэхэд холбогдох байгууллагуудаас иргэдэд зориулж сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж, зааварчилгааг бүх хэлбэрээр тарааж түгээсэн байна гэж дүгнэсэн байдаг. Харин үүнийгээ уутан дээрээ бичих шаардлагатай гэж дүгнэсэн. Түүнээс зөвлөмж, зааварчилгааг тараагаагүй гэж огт дүгнээгүй. Тиймээс бүтээгдэхүүний уутан дээр бичээгүйн улмаас гэм хор, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй.

3.2. Мөн нэхэмжлэгч талаас түлш стандартад нийцсэн эсэх талаар маргахгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтад заагаад байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан асуудлын хувьд үнэхээр доголдолтой бараа бүтээгдэхүүн зах зээлд гаргасан бол татах нь зөв. Гэхдээ нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүнийг доголдолтой байсан эсэх асуудлаар маргадаггүй. Иймд бид уг бараа бүтээгдэхүүнийг яагаад зах зээлээс татах ёстой юм бэ? Харин хэрэглэгч хэрхэн яаж хэрэглэх вэ? гэдэг асуудал яригдана. Хэрэглэх ёстой зааврыг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Э.Амина гэх хүн нэхэмжлэгч Г.Уд тараасан байна. Үүнийг зааварчилгаа өгөөгүй гэж ойлгохгүй.

Нэгэнт тогтоогдсон үйл баримт нь сайжруулсан түлшийг хэрхэн яаж түлэх, зуух болгонд хэрхэн түлэх талаар бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гаргаж өгсөн байна. Үүнийг бүгд мэдэж байгаа, хэн ч маргахгүй. Өнөөдрийн асуудал нь зууханд биш яндандаа байгаа. Гал түлэх насосыг татаж байгаа агаарын солбилцлыг цэвэр байлгах, магадгүй тааруулсан бүх загвар болгон дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрэглэх талаар заавар өгсөн үйл баримт байгаа.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэв Т ХХК-ийн гаргасан түлшийг 2019 оноос худалдаалахаас өмнө хүмүүс угаартдаг байсан эсэх талаар лавлахаар хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Гэхдээ мэдээ баримтаас үзэхэд хувь хүн зуухаа гагнаад гал түлэхэд Монгол Улс юу ч хийж чадахгүй. 2018 оны Засаг даргын А17 захирамжаар MNS5216:2016 стандарт нь сайжруулсан зууханд байх ёстой стандарт. Гэрчийн мэдүүлгүүдээр сайжруулсан зуух, уламжлалт зуухны ялгаа нь галаа дээрээс нь, доороос нь түлэх л ялгаа байгаа. Харин үүний агаар хоорондын солбицол хэрхэн яаж, хийгдэж байгаа нь тухайн хэрэглэгчийн асуудал. Хэн нэгний зуухыг Т ХХК, М газрын төлөөлөгч очоод зуухаа ингэж байрлуул, магадгүй үүнийг гагна гэж хэлэхгүй. Хувь хүн өөрийн өмчлөлд байгаа хөрөнгөө өөрөө арчилж, хамгаалж, аюулгүй ажиллагааг өөрөө хангах ёстой.

3.3. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнө ажлын хэсэг зөвлөмж боловсруулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ зөвлөмж нь MNS5216:2016 буюу сайжруулсан зууханд зориулагдсан гэж ярьж байна. Уг зөвлөмжийг боловсруулахдаа гэр хорооллын айл өрхүүдэд ямар төрлийн зуух ашиглагддаг вэ? гэх нөхцөл байдлыг харгалзан үзээд ШУТИС-ийн харьяа Дулаан технологийн экологийн хүрээлэнгийн зуухны лаборатори дээр туршилт явуулсан. Уг туршилтад уламжлалт зуух, сайжруулсан зуух буюу иргэдийн түгээмэл ашигладаг зуух дээр туршилт хийсэн. Зөвлөмжийн тайлан дээр байгаа. Хэрэв MNS5216:2016 гэх сайжруулсан зууханд түлэх юм бол та уламжлалт зуухтай харьцуулахад түлш ийм хэмжээгээр хэмнэнэ гэсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны Улаанбаатар хотод уламжлалт зуухыг хэрэглэхгүй байх тухай захирамж гарсан. Туршилтыг бүх төрлийн зууханд явуулсан. Гэхдээ мэдээж хэрэг түүхий нүүрсийг хориглох тухай шийдвэр гарснаас хойш зуух авах хэрэгцээ шаардлага гарах юм бол ийм стандартын шаардлага хангасан зуух аваарай гэх үүднээс зөвлөмж гаргасан. Зөвлөмжид зөвхөн хэрэглэх тухай биш зуухыг хэрхэн тохируулах талаар дурдсан. Энэ нь ард иргэдэд хүрсэн. Зуух 2 төрөлтэй. Доороос өрдөж галлах, дээрээс нь ноцоож галлах. Энэ хоёр зуух нь хоёулаа стандартын бус байж болно. Ихэнх айлуудад уламжлалт зуух байгаа бөгөөд зөвлөмжийг А5-ын цаасан дээр зургаар хэвлээд тарааж өгсөн. Тухайн зөвлөмж нь 20-30 жил ашигласан пийшинд тохирох зөвлөмж байсан. Хуучин ч бай, шинэ ч бай бүх төрлийн зуух дээр ингэж хэрэглэнэ гэсэн зөвлөмж нь байгаа. Халаалтын үе 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлдэг тул сайжруулсан шахмал түлш гаргаж эхэлсэнтэй холбоотой 9 дүгээр сарын 02-ны өдрөөс иргэдэд заавар, зөвлөмжийг тарааж эхэлсэн. Энэ түлш нь ахуйн хэрэглээний бүх зууханд болно. Мөн олон улсын болон Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан байгаа.

Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тухайн зуухны хэмжээ, ханан пийшингийн хэлбэр, хэмжээг дурдахаас гадна бид нарын өгсөн заавар зөвлөмж, анхааруулга дээр зөрчигдсөн нэг асуудал нь яндан малгайгүй байсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр түлшийг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэрэглэж байгаад 10 дугаар сард үйл явдал болсон. Тухайн үед агаарын байдал ямар байсныг бид мэдэхгүй, нөгөө талаар энэ тэмдэглэлд бас нэг дурдсан зүйл нь тухайн сууцны агааржуулалтын талаар огт дурдаагүй байсан. Зөвлөмжид зуух нь агаар сэлгэлт сайтай газар байрлах ёстой гэсэн байдаг.

3.4. Дараагийн асуудал нь эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэж байна. Үйлдвэрийн дарга М.Болдбаяр гэх хүн нь ажлын байрны тодорхойлолт болоод эрх, үүргийн хүрээнд сайжруулсан түлшний эрсдэлийн үнэлгээг хийх боломжгүй. Үйлдвэрийн дарга нь үйлдвэрийн дотоод хэвийн үйл ажиллагаа болоод аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэгтэй. Яагаад захиргааны хэм хэмжээ, түүнд нийцүүлсэн актад нийцэж байгаа гэхээр Т ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд холбогдох гадаад улсын лабораторид туршилт, үзлэг хийгээд хуульд заасан дараалал, журмын дагуу хэрэглэгчдэд хүргүүлсэн. Үүнийг зөрчилгүй байна гэж цагдаагийн байгууллага дүгнэсэн.

3.5. Мөн угаартаж нас барсантай холбоотой Засгийн газраас сигнал тарааж байна гэж байна. Төр иргэнээ хайрлах ёстой. Иргэний хариуцлагагүйн улмаас хэн нэгний эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд хохирч болохгүй. Төр урьдчилан сэргийлэх зорилгоор сигналыг тараасан.

Бидний зүгээс гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч 18,000,000 төгрөг өгөөгүй. Нэгэнт хүн угаартаад нас барсан асуудалтай Т ХХК нь холбоогүй ч гэсэн ёс зүйн хувьд өгсөн. Шударга байх ёстой. Өнөөдөр төр юм уу Т ХХК хариуцлагаас зугтаад байгаа асуудал биш.

Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд өөрийн буруугаас болоогүй гэдэг нь нотлогдох юм бол гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн хариуцагчаар татаад байгаа аль, аль этгээдүүд нь гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Т ХХК хэн нэгнийг хохироож, эрсдэлд оруулах бараа бүтээгдэхүүн худалдсан гэж үзэхгүй байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэл зохистой гэж үзэж байна. М газрын төлөөлөгч З газар энэ хэрэгт холбогдолгүй гэж удаа дараа хэлж байна. Үүнтэй би санал нийлэхгүй байна. Учир нь Засгийн газар түлш бэлтгэх, нийлүүлэх ажлыг хангаж ажиллуулахдаа бэлтгэл ажлыг сайн хангуулаагүй байна. М газар агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх үүднээс сайжруулсан түлшийг бий болгосон нь зөв. Гэхдээ энэхүү ажлыг Т ХХК-иар дамжуулан хэрэгжүүлсэн гэж байгаа боловч З газрын өөрийн санаачлагаар хийгдсэн ажил учраас сайн, муу ямар ч үр дүн гарсан Засгийн газар энэ ажилтай холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс Засгийн газрыг хариуцагчаар татаж байгааг иргэн хүний зүгээс зөв гэж үзэж байна.

Т ХХК болон Засгийн газар үүргээ хэрэгжүүлэхдээ болгоомж, хариуцлага алдсан байна. Өөрөөр хэлбэл, заавар зөвлөгөөг хорооны засаг даргаар дамжуулж өгсөн гэж тайлбарлаж байна. Тухайн хорооны засаг дарга айл бүрт сайжруулсан түлшний хэрэглээ, зааварчилгааг өндөр түвшинд өгсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн заавар, зөвлөгөө өгч байгаа хороон дарга, мэргэжилтэнд зохих хэмжээний мэдлэг сургалтыг орсон эсэх нь эргэлзээтэй байна. Мэдээ, мэдээллийн хэрэгслээр заавар, зөвлөгөөг хангалттай сайн өгсөн гэж байгаа боловч гэр хорооллын айлууд тэр болгон мэдээ, мэдээлэл авах боломжгүй, нөхцөл байдал харьцангуй адилхан биш тул Засгийн газрыг хариуцлага алдсан гэж үзэж байна. Тиймээс Засгийн газрын хариуцлага алдсан энэхүү үйлдлийн улмаар хохирол, хор уршиг учирсан гэж үзэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Т.Ялгууны төрсний гэрчилгээний хуулбар, Т.Ялгууны нас барсны гэрчилгээний хуулбар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2277 дугаар Шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №12847 дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, Л.Галбадрах, П.Амарбаян нарт олгосон итгэмжлэл, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын Хэмжилтийн дүнгийн хуудас /1хх,77-79/, Янжмаа салоны тодорхойлолт, Бээжин Пухуа олон улсын эмнэлгийн Эмчилгээний төлөвлөгөө, Сөүл Асан эмнэлгийн эмчилгээ, төлбөрийн талаарх баримт, гэрч М.Болдбаярын мэдүүлэг, гэрч Ж.Батбилэгийн мэдүүлэг, гэрч Ж.Батбаясгалангийн мэдүүлэг, гэрч Н.Шинэ-Оргилын мэдүүлэг, гэрч М.Отгонбаярын мэдүүлэг, гэрч М.Цацралын мэдүүлэг, гэрч Б.Жаргалсайханы мэдүүлэг, гэрч Д.Даваацэрэнгийн мэдүүлэг, гэрч А.Түмэнбаярын мэдүүлэг, гэрч Х.Галымбекийн мэдүүлэг, Монгол Улсын стандарт MNS 5216: 2016 /Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага/, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Амьжиргааны түвшин тогтоосон өрхийн тодорхойлолт, Г.Уянгын тэтгэврийн дэвтэр, М газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоол, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Комиссын шийдвэр, Монгол банкнаас зарласан ханшийн мэдээ, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

Хариуцагч Т ХХК-иас шүүхэд Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаар Гүйцэтгэх захирлыг жинхлэн томилох тухай тогтоол, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Алтанчимэгт олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 190606200 дугаар хэрэг бүртгэлтийн хэргээс хохирогч Н.Тэлмэн, хохирогч Г.У, гэрч Ц.Даариймаа, гэрч Э.Амина нарын мэдүүлэг, Э.Аминаагийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 9 айлын нийтийн байрны 5 тоотод хатуу түлш хэрэглэх зөвлөмж тараасан бүртгэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Н.Тэлмэнгийн гэрийн зуухнаас авсан сайжруулсан хатуу түлшний үнсэнд хийсэн шинжилгээ, Сорилтын дүнгийн хуудас, Т ХХК-ийн сайжруулсан хатуу түлшинд хийсэн ОХУ-ын Веритас байгууллагын шинжилгээний хариу, Эс Жи Эс Кореа ХХК-ийн Эрдсийн лабораторийн шинжилгээний хариу, БНХАУ-ын Нүүрсний шинжлэх ухаан, технологийн судалгааны хүрээлэн ХХК-ийн нүүрсний химийн аж үйлдвэрийн салбарыг шинжилгээний дүн, Хятад улсын нүүрсний судалгааны институтийн Утааны найрлагын шинжилгээний хариу, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-04197/1438 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Шинжилгээний дүн, Т ХХК-ийн сайжруулсан хатуу түлшний түүхий эд болон бүтээгдэхүүнд 2018 оноос 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлт зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1497 дугаар Дүгнэлт, санал хүргүүлэх тухай албан бичиг, танилцуулга, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас Сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын удирдамж, Сайжруулсан хатуу түлшний хэрэглээний зөвлөмж, боловсруулах ажлын туршилтын дүн, хэмжилтийн дүнгийн хуудас, Нийслэлийн Цагдаагийн газраас Т ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэснээс шалтгаалж, амь нас, эрүүл мэнд хохирсон дуудлагын талаарх баримт, Т ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш анх худалдаанд гарсан талаарх баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн Яндангаа хөөлье аян улс орон даяар эхэллээ мэдээ, Сайжруулсан түлшний уутан дээр бичигдсэн мэдээлэл, галын дохиоллын хайрцаг дээрх тайлбар, Зариг ньюс-ийн М.Отгонбаяраас авсан ярианы бичлэгт үзлэг хийж, Б.Одонхишиг, М.Отгонбаяр, Б.Цацрал нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Хариуцагч Т ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Хэрэг бүртгэлийн 190606200 дугаартай хэрэг нээсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 дугаар Прокурорын тогтоол, Нийслэлийн Цагдаагийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал зэрэг баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан.

 

Хариуцагч М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 190606200 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон хариуцагч М газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч М газар, Т ХХК нарыг сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг хэрэглэгчид бүрэн мэдээлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Г.У хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан, түүний охин Т.Ялгуун нас барсан тул эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 170,866,800 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй адилтгах орлого 26,520,000 төгрөг, 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,210,000 төгрөг, нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөр 200,000,000 төгрөг, охин нас барсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөг, эрүүл мэндэд учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөгийг хуульд заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

М газар хариуцагч биш. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т Компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3 дугаар зүйлд Хувьцаа эзэмшигчид нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан тул Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. М газрын гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учруулаагүй, гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хариуцагч Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Т ХХК-ийг гэм буруугүй гэдгийг тогтоож, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул тогтоогдсон үйл баримт Сайжруулсан түлшийг түлэх зааварчилгаа, зөвлөмжийг нэхэмжлэгч Г.Уд өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд Т ХХК хэн нэгнийг хохироож, эрсдэлд оруулах бараа бүтээгдэхүүн худалдаагүй, гэм буруугүй. Хаяг шошгийн зөрчил хариуцагчийг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй, түүнчлэн шалтгаант холбоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхээр заажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. М газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоолоор Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, дээрх тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгожээ.

Улмаар М газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай хуралдааны шийдвэрийг үндэслэн Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Т ХХК-ийг үүсгэн байгуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч Г.У нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг түлсний улмаас угаартаж, эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хөдөлмөрийн чадвараа 69 хувь хүртэл алдсан, сэтгэцийн хувьд F06.7. танин мэдэхүйн хөнгөн эмгэгтэй, дээрх эмгэг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд үүссэн байх боломжтой нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №12847 дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх-7, 20-22, 26-27, 3хх-82/

Нэхэмжлэгч Г.Уянгын охин 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Т.Ялгуун нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №2277 дугаар Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ-ний дүгнэлт, №0000240633 дугаар Нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх, 10, 23-25,/

 

5.3. Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 11 дүгээр гудамжны 9 айлын нийтийн байрны 5 тоотод 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сайжруулсан түлшний утаанд угаартаж иргэн Т.Ялгуун /3 настай, эмэгтэй/ нас барж, мөн Г.Уянгын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гомдолд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 190606200 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг үндэслэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаажээ.

Уг тогтоолд ...Хэдийгээр сайжруулсан хатуу түлшний утаанд Т.Ялгуун /3 настай, эмэгтэй/ нь угаартан нас барж, Г.Уянгын эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байх боловч хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлах, нотлох, үгүйсгэх зэргээр бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нэгтгэн дүгнэвэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй... гэж дурджээ. /1хх, 53-59, 61/

Нэхэмжлэгч дээрх Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Эрүүгийн журмаар шалгах явцад хийсэн хэргийн газарт үзлэгийн тэмдэглэлд ...Уг өрөөнд байх ханан пийшингийн урт нь 175 см, өндөр нь шалнаас дээш 172 см, өргөн нь 35 см, пийшингээс дээш яндангийн өндөр нь 40 см, урт нь 56 см, өргөн 48 см хэмжээтэй байв. Уг ханан пийшин нь сольт буюу хаалт төмөргүй байв...зуухны хойд талын хэсэгт улбар шар өнгийн Сайн сайжруулсан түлш гэх бичиглэлтэй, 25 кг гэсэн хэмжээтэй, огноо, дугааргүй шуудайтай түлш байх ба шуудайны амыг задалсан байв...Уг ханан пийшингийн гадна талд байрлах яндангийн хэсэгт үзлэг хийхэд улаан тоосгоор шавардаж өрсөн, байшингийн дээврээс дээш 100 см өндөртэй, 55*42 см хэмжээтэй яндан байх ба уг яндан нь бороо усны хаалтгүй, яндангийн дотор талын буюу утаа гарах хэсэг нь 14*24 см хэмжээтэй... гэж тэмдэглэгдсэн байна. /3хх,56-57/

Түүнчлэн хэргийн газраас хурааж авсан сайжруулсан хатуу түлшийг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний дүнгээр тухайн дээж нь Сайжруулсан хатуу түлш MNS5679:2019 стандартын техникийн шаардлагыг хангасан, үнсийг Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэхэд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй болох нь шинжээч Б.Угтахбаярын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч талаас Т ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш чанар, стандартад нийцсэн талаар маргаагүй. /2хх,82-83/

 

5.4. Нийслэлийн Цагдаагийн газарт 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хүн угаартсан гэх 241 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн болох нь Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвийн судалгаагаар тогтоогдсон. /1хх, 173-224/

 

5.5.Хэрэгт баримтаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1497 дугаар албан бичгээр хүргүүлсэн санал, дүгнэлт авагдсан. /1хх, 104-107/

Уг санал, дүгнэлтэд ...Хяналт шалгалтаар Т ХХК-ийн худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний хаяг шошгожилт нь холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлага хангаагүй, хэрэглэх заавар, арга аргачлал, зөвлөмжийг тусгаагүй, мөн түлшний нөөц хязгаарлагдмал, хомсдолтой, худалдан авсан бараа бүтээгдэхүүнд баримт олгодоггүй зэрэг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцээгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар дурдаж, Т ХХК-ийн борлуулж буй бүтээгдэхүүний савлагааны уутыг яаралтай шинэчлэн, хэрэглэх заавар, дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгах асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх үүрэг чиглэлийг өгөх санал хүргүүлжээ. Дээрх албан бичгээс үзвэл Т ХХК нь сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаар иргэдэд холбогдох заавар, зөвлөмж, арга аргачлалыг тодорхой өгөөгүйгээс иргэдийг хохироосон нөхцөл байдал үүссэн, Т ХХК-ийн худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний уутан дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг тусгаагүй худалдан борлуулж байсан болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт баримтаар ирүүлсэн Т ХХК-ийн сайжруулсан түлшний шуудайнд шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр шуудайны хэрэглэх заавар хэсэгт Сайжруулсан шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарах бөгөөд ассан мод болон үртсэн дээр нэмж хэрэглэнэ гэж бичсэн, өөр заавар, зөвлөмж тэмдэглэгдээгүй болох нь тогтоогдсон. /3хх,17-18/

 

5.6. Агаарын бохирдолтой тэмцэх газраас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/429 албан бичгээр Сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын удирдамж, Сайжруулсан хатуу түлшний хэрэглээний зөвлөмж боловсруулах ажлын тайлангийн Сайжруулсан хатуу түлшний хэрэглээний зөвлөмж боловсруулах ажлын туршилтын дүн, Хэмжилтийн дүнгийн хуудас зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /1хх,108-128/

Ирүүлсэн баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар орчны бохирдол асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр М газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ахуйн хэрэглээний зууханд сайжруулсан хатуу түлш хэрэглэх зөвлөмж боловсруулах, зөвлөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд түгээх зорилгоор Сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын удирдамж-ийг баталж, Сайжруулсан хатуу түлш хэрэглэх зөвлөмж боловсруулах, сайжруулсан хатуу түлш хэрэглэх зөвлөмжийг хэвлүүлэх, сайжруулсан хатуу түлш хэрэглэх зөвлөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд түгээх ажлын хэсгийг байгуулж, зөвлөмж боловсруулах туршилт, судалгааны зардал 5,000,000 төгрөгийг Т ХХК хариуцаж, сайжруулсан хатуу түлш хэрэглэх 200,000 ширхэг зөвлөмж хэвлүүлэх, зөвлөмж түгээх арга хэмжээг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хариуцан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Сайжруулсан хатуу түлшний хэрэглээний зөвлөмж боловсруулах ажлын тайланд дурдсан туршилтын дүнгээр 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд 3 төрлийн зууханд хэрэглээний болон экологийн үзүүлэлтийг тодорхойлж, сайжруулсан хатуу түлшний нийлүүлэлт ба хадгалалт, зуух худалдан авахад анхаарах зүйлс, зуух суурилуулах ба хэрэглэхэд анхаарах зүйлс, галлагааны заавар, зуухны цэвэрлэгээ, яндангийн цэвэрлэгээний талаар зөвлөмж боловсруулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А17 тоот захирамжаар MNS5216:2016 /Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга/ стандартыг баталж, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг стандартыг хүчинтэйд тооцож, мөрдөж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийн тайланд ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандарт хангасан тодорхойлолт, тэмдэглэлтэй, хэрэглээний гарын авлагатай зуух худалдан авах шаардлагатай, зуухыг буруу суурилуулснаас болж түлшний дутуу шаталтаас ялгарах угаар /СО/ өрөөнд тархах, улмаар хордох, хувь хүн амь насаа алдах тохиолдол багагүй гардаг талаар дурдсан байна.

 

6.Үүнээс гадна сайжруулсан түлш нь уламжлалт зууханд тохиромжгүй талаар хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Т ХХК-ийн үйлдвэрийн дарга Ж.Батбилэгийн ...Манай компанийн сайжруулсан хатуу түлш нь шууд таталттай гэрийн зуух, ханан пийшин болон нам даралтын таталт сайтай зууханд хэрэглэхэд тохиромжтой, харин яндангийн таталтын хурд багатай 2 м/сек-ээс доош агаарын урсгалын хурдтай зууханд тохиромж муутай байж болно, үүнийг бол М.Отгонбаяр мэргэжилтний хэлсэн нь үндэслэлтэй гэж бодож байна... гэх мэдүүлэг /1хх,238/, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн М.Отгонбаярын ...сайжруулсан хатуу түлшний хэрэглээнээс үүдэн гарч байгаа асуудлыг өмнө нь холбогдох албан тушаалтнуудад хэлж байсан...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А17 тоот захирамжийн 3 дахь хэсэгт заасан MNS5216:2016 /Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга/ стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн худалдан борлуулахыг хориглоно гэсэн захирамж гарчихаад байхад яагаад бүх төрлийн зууханд сайжруулсан хатуу түлш тохирно гэж буруу сурталчилгаа явуулаад байна вэ гэж М.Ганбаатарт уламжлалт зуухнаас болж иргэдэд асуудал үүсвэл яах вэ? Наад сурталчилгааг соль гэж удаа дараа хэлсэн...Сайжруулсан хатуу түлшийг түлэхэд зуух маш чухал гэдгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас хийсэн хэмжилт нотолж байгаа юм...Таван толгойн түлшийг шатаахад өндөр температур шаардлагатай, гэр хорооллын айлууд ихэнх нь уламжлалт зуухтай, амьжиргааны боломж муу учраас бага модоор нүүрсийг асааж байгаа явдал, зуух нь стандартын шаардлага хангахгүй байгаа явдал, тэгээд ханан пийшин нь таталт багатай байдал зэрэг нь өнөөдрийн Нийслэл хотод үүсээд байгаа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулаад байна... гэх мэдүүлэг, /1хх, 248-250/, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайханы ...Гэрийн нөхцөлд ханан пийшинд хэрэглэхэд тохиромжгүй, яагаад гэвэл ханан пийшин нь утааг яндангаар маш бага хурдаар сорж гаргадаг болохоор дотоод орчны бохирдол ихтэй байдаг. Харин шууд яндантай байхад яндангийн сойлтыг хаагаагүй тохиолдолд утаа буюу нүүрстөрөгчийн дутуу исэл нь яндангаар хурдан гарах боломжтой... Иргэд ханан пийшингээ солихгүй бол агаарын бохирдол, угаартаж хордох асуудал буурахгүй байх тул яаралтай энэ 3 дугаар үеийн зуухнаасаа салах хэрэгтэй байна... гэх мэдүүлэг /2хх, 8-11/, шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Б.Одонхишигийн ...Ханан пийшинтэй айлд асуудал гарна гэж зөвлөмжийн үед их яригдсан. Ханан пийшингийн шаталт, зүгээр яндангийн шаталтын хувьд нөхцөл нь өөрчлөгддөг. Зарим нь татаж дийлэхгүй, чулуун нүүрс агаар шаардана, тийм учраас зөвлөмжөө сайн өгнө шүү гэж их яригдаж байсан... гэх мэдүүлэг /3хх, 110/, гэрч М.Отгонбаярын ...Албан ёсоор гарын авлага, зөвлөмж гаргах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлт дээр Т ХХК-ийн өнөөдрийн ярьж байгаа зүйлээс өөр, бүх төрлийн зууханд таарна гээд шуудайн дээр байдаг, минийх болохоор болохгүй, зуухны стандарт хангахгүй гэж ярьж байсан... гэх мэдүүлэгт /3хх,113-155/ тус тус тусгагджээ.

Мөн сайжруулсан түлшийг хэрэглэсний улмаас учирч болох эрсдэлийн үнэлгээ хийгээгүй болох нь хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Т ХХК-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаярын ..Үйлдвэрийн аюулгүй байдлын талаар Мэргэжлийн хяналтын байгууллага болон хөдөлмөр хамгааллын инженерүүд, техникийн ажилчид хамтран үйлдвэрт гарч болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийсэн. Харин бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очоод гарч болзошгүй эрсдэлийн үнэлгээг хийсэн эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1хх, 229/, Т ХХК-ийн үйлдвэрийн дарга Ж.Батбилэгийн ...Монгол Улсад мөрддөг үндэсний стандарт MNS5679:2019 шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа учраас эрсдэлтэй гэж үзэх үндэслэл байхгүй... гэх мэдүүлэг /1хх,284/, Гэрч Б.Цацралын ...Манай ажлын хэсгийн тухайд зөвхөн Сайжруулсан хатуу түлш-ийг хэрэглэх зөвлөмжийг л боловсруулах зорилготой бөгөөд даргын удирдамжинд ч тэгж заагдсан...Манай байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй. Бусад байгууллагад хийгдсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2хх, 4-8/, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахлах багш А.Түмэнбаярын ...Манай сургуулийн зүгээс бол тийм эрсдэлийн үнэлгээ бол хийгдээгүй... гэх мэдүүлэг /2хх,15-17/-ээр тус тус нотлогдож байна.

Түүнчлэн ажлын хэсгийн тайланд хавсаргасан Хэмжилтийн дүнгийн хуудаст хэмжилтийн огноог 2019 оны 08 дугаар сарын 30, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хийсэн, хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Галымбекийн ...Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжид заасан 200,000 ширхэг зөвлөмж хэвлэгдэн гараагүй. Зөвлөмжийг хэвлэн гаргах мөнгийг Т ХХК-иас гаргах боломжгүй гэж байсан... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Уд тухайн үйл явдал болохоос өмнө тараасан зөвлөмж нь Сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн боловсруулсан зөвлөмж байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. /2хх,18-21/

Хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Уд сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн болох нь хэрэгт авагдсан Прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Г.Тэлмэн, Г.У, Э.Амина нарын мэдүүлэг, тараах материал тараасан бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Г.Уд яг ямар зааварчилгаа, зөвлөмж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ хүрээнд баримтаар ирүүлээгүйгээс гадна цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид зааварчилгаа тараасан үйл явдал 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болсон, харин сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн хэмжилтүүдийн зарим нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нд, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус хийгдсэнээс үзвэл ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийг тараасан гэж үзэх боломжгүй.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Галымбек ажлын хэсгийн тайланд хавсаргасан дээрх хэмжилтийн дүнгийн хуудсыг уг тайланд хамааралгүй гэж тайлбарласан ч тухайн баримтуудыг шүүгчийн захирамжийн дагуу Агаарын бохирдолтой тэмцэх газраас шүүхэд баримтаар ирүүлсэн, хариуцагч нотлох үүргийнхээр хүрээнд өөр тайлан, баримт ирүүлээгүй тул энэ тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т Бараа, ажил, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана. гэж заажээ.

Т ХХК-ийн худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний уутан дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй бүх төрлийн зууханд таарна гэсэн заавартай худалдан борлуулж байсан болох нь Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1497 дугаар албан бичгээр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлсэн санал, дүгнэлт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон тул хариуцагч Т ХХК-ийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т Бараа, ажил, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана. заасныг бүрэн биелүүлээгүй /эс үйлдэхүй/ гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол болон Т ХХК-ийн мэдээллийг бүрэн гүйцэт өгөөгүй эс үйлдэхүй хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Түүнчлэн нэхэмжлэгч Г.У өөрийн ашиглаж буй зуухыг холбогдох стандартын шаардлага, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэм буруутай байдал мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж заасан.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Г.Уд Сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн тайланд дурдсан сайжруулсан түлш хэрэглэх зааварчилгааг зохих журмын дагуу өгсөн болох нь дээрх байдлаар хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй, ажлын хэсгийн тайлан дүгнэлтэд заасан арга, аргачлалыг тусгасан хэрэглээний зааврыг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Хариуцагч Т ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тогтоолд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, гэм буруугүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон үйл баримт гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс хууль заасан гэмт хэрэг мөн эсэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгасан, харин хууль тогтоомж, хэм хэмжээний акт зөрчсөн эсэхийг тогтоогоогүй гэж маргасан. Хэрэгт баримтаар авагдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай дээрх 2020 оны 1891 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталсан тул Эрүүгийн хуулиас бусад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх асуудлыг тогтоосон гэж үзэх боломжгүй. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн зөрчлийг Мэргэжлийн хяналтын байцаагч харъяалан шийдвэрлэхээр хуулиар заасан тул хариуцагчийн гэм буруугүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7.Харин нэхэмжлэгчийн зүгээс М газрыг хамтран хариуцагчаар татсан үндэслэлээ Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул хариуцагчаар тодорхойлсон, улмаар түүнээс хохирол гаргуулахаар шаардаагүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүх хариуцагч М газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

8. Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаалах зохицуулалттай тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.

8.1. Эмчилгээний зардал 170,866,800 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Г.У нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар зайлшгүй гарах эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр 170,866,800 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлохоор Бүгд Найрамдах хятад Ард Улсын Бээжин хотын Пухуа Олон Улсын эмнэлгийн Эмчилгээ төлөвлөгөө гэх баримт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл асан эмнэлгийн онош, төлбөрийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримтууд нь эмчилгээ хийх талаар бус, эмчилгээ, шинжилгээний төлбөрийн мэдээлэл агуулсан байна. /1хх,135-141/

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Комиссын шийдвэрт Өвчтөн өөрийн болон ар гэрийн хүсэлтээр Солонгос улсад эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна. Хагалгаа хийлгэх боломжгүй гэсэн байх тул нэхэмжлэгч Г.Уд учирсан гэмтлийг зайлшгүй гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-д хамаарахгүй байна. /3хх, 83/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-т зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь эмчилгээний төлбөртэй холбоотой өөр баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтын хүрээнд эмчилгээний зардлыг хариуцагчаас тооцон гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болохыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.2. Нэхэмжлэгч Г.Уянгын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй адилтгах орлого 26,520,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр Г.Уянгын хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон, нэхэмжлэгч Г.Уянгын 0195127 дугаартай тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбараар 350,000 төгрөгийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас авдаг болох нь тогтоогдож байна. /1хх-7, 3хх-23,82/

Нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж өдөрт 60,000-70,000 төгрөг, сард 1,560,000 төгрөг, жилд 18,720,000 төгрөгийн орлого олдог талаар Янжмаа салоны тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн. Гэвч шүүх хуралдаанд хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас Янжмаа салоноос орлого нотлохтой холбоотой өөр баримт гарахгүй гэж тайлбарласан тул шүүх дээрх тодорхойлолтын дагуу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэг сарын 1,560,000 төгрөгөөр тооцон гаргуулах боломжгүй.

Харин шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу нэг сарын 420,000 төгрөгөөр, нэхэмжлэгчийн шаардсан хугацаагаар буюу 17 сараар тооцож, 7,140,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

8.3. Нэхэмжлэгч Г.Уянгыг 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,210,000 төгрөг /1,560,000-350,000/ гаргуулах шаардлагын талаар:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан тул шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны буюу нэхэмжлэгчийг 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод сар бүр 1,210,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.4. Сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөр 200,000,000 төгрөг, охин Т.Ялгуун нас барсны улмаас нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлын төлбөр 50,000,000 төгрөг, эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх талаар заажээ.

Хуульд тусгайлан заасан тохиолдол болох Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхээр заасан байна.

Нэхэмжлэгч нас барсан охины амь насны төлбөрт 200,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй хэдий ч зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан, амь насыг сэргээх боломжгүй учраас амь насанд учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр 200,000,000 төгрөгийг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр сэтгэцийн хохирлыг тодорхойлох боломжгүй гэсэн тул сэтгэл санааны хохирлыг 100,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн дээрх шаардлагууд Иргэний хуулийн 511 дүгээр зүйл болон 230 дугаар зүйлийн 230.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар маргааны энэ тохиолдолд хүний амь нас, сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх тухайлсан зохицуулалтгүй тул шүүх үнэлж шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК-иас 7,140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон хариуцагч М газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхжаргалын хариуцагчийн гэм буруугийн талаар гаргасан ...Өөрөөр хэлбэл, заавар зөвлөгөөг хорооны засаг даргаар дамжуулж өгсөн гэж тайлбарлаж байна. Тухайн хорооны засаг дарга айл бүрт сайжруулсан түлшний хэрэглээ, зааварчилгааг өндөр түвшинд өгсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн заавар, зөвлөгөө өгч байгаа хороон дарга, мэргэжилтэнд зохих хэмжээний мэдлэг сургалтыг орсон эсэх нь эргэлзээтэй байна. Мэдээ, мэдээллийн хэрэгслээр заавар, зөвлөгөөг хангалттай сайн өгсөн гэж байгаа боловч гэр хорооллын айлууд тэр болгон мэдээ, мэдээлэл авах боломжгүй, нөхцөл байдал харьцангуй адилхан биш гэсэн дүгнэлт дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн, харин хохирлын тухайд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.

10. Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/05658 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т ХХК-иас 129,190 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 7,140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэлээс үлдэх 490,246,800 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийг 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,210,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч М газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Т ХХК-иас 129,190 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ