Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01193

 

 

 

 

 

 

2022 06 22 210/МА2022/01193

 

Г.У нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/00834 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.У хариуцагч МУЗГ, ТТТ ХХК-д холбогдуулан амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч ТТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, П.Амарбаян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхжаргал, Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Иргэн Г.У 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ТТТ ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг худалдан авч түлээд, тэр шөнөдөө угаартаж, 3 настай охин Г.Ялгуун нас барж, нэхэмжлэгч Г.У хөдөлмөрийн чадвараа 69 хувь хүртэл алдсан. Энэ бол шууд үйлчлэлээр ТТТ ХХК-ийн утаагүй түлш түлж, үүнээс үүдсэн угаарын хийнээс хордсон гэж үзэж байна. Энэ нь эрүүгийн журмаар шалгах явцад хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ТТТ ХХК-ийн утаагүй түлш нь бүтээгдэхүүний хувьд чанарын шаардлага, стандартад нийцсэн бид маргахгүй. ТТТ ХХК-аас түлшийг зөв хэрэглүүлэх ажлын хэсэг гарсан байдаг. Сайжруулсан түлшний шуудайн дээр шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарна гэсэн хэрэглээний заавартай. ТТТ ХХК-аас бүтээгдэхүүний зааврыг бүрэн дүүрэн олгоогүйн улмаас хэрэглэгч төөрөгдөлд орж хордсон. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд ямар нэгэн бүтээгдэхүүнээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалахыг хориглосон зохицуулалттай. Үргэлжлүүлэн худалдаанд байлгасан учраас миний үйлчлүүлэгчийн болон охины эрүүл мэндэд хохирол учирсан. Хэргийн 77 болон 80 дугаар хуудсанд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас гээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шаталтын үед тухайн нүүрсний коксжих байдал, шинж чанартай холбоотой гэх зөвлөмж гарсан хэдий ч энгийн зуух, ханан пийшинд эсхүл уламжлалт зууханд хэрхэн ашиглах талаар тусгаагүй. Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн үйл баримтын талаар гэрчүүдээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг нэхэмжлэлийн өмгөөлөгчийн зүгээс хуулбарлан авч хэрэгт гаргаж өгсөн. Үүнд мөрдөгчийн зүгээс Эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн үү гэж асуудаг. Жишээ нь, ТТТ ХХК-ийн үйлдвэрлэлийн албаны даргын мэдүүлэгт мөрдөгч түүнээс сайжруулсан хатуу түлш хэрэглэсний улмаас угаартаж нас барах, эрүүл мэндээр хохирч байгаад эрсдэлийн үнэлгээ хийсэн үү? Хийгдсэн бол гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ, хэрхэн явуулсан талаар ярина уу гэхэд үйлдвэрт гарч болох эрсдэлийн үнэлгээг хийсэн, харин хэрэглэгчийн гарт очоод гарч болзошгүй эрсдлийн үнэлгээг хийсэн эсэхийг сайн мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн байна. Бидний зүгээс энэ талаар шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргахад ажлын хэсгийн зөвлөмжийг гаргаж өгсөн байгаа. Үүнийг эрсдлийн үнэлгээ гэж ойлгож байна. Гэтэл уг зөвлөмжид гарсан олон анхааруулга, зөвлөмж, сануулгуудыг бүтээгдэхүүн дээр хэрэглэгч нарт анхааруулга болгож гаргаагүй байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоолоос болж хариуцагчаар татаагүй, харин ТТТ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэх үүднээс хариуцагчаар татсан. Энэхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хүрээнд нэхэмжлэгч өөрийн охины амь нас, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хариуцагч нь болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэн учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.б. Эмчилгээний зайлшгүй зардалд 170,866,800 төгрөгийн зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.в. Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас арилгах гэм хорын төлбөрт хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны хооронд 17 сарын хугацаанд дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамгийн сүүлд ажил хөдөлмөр эрхэлж байсан газрын тодорхойлсоноор нэхэмжилж байна. Үүнд: 1 сарын 1,560,000 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын сангаас группын мөнгө 350,000 төгрөг авч байгаа учир нийт 17 сарын 26,520,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Үүнээс гадна нэхэмжлэгч хэзээ эдгэх, хөдөлмөрийн чадвартай болох нь тодорхойгүй учраас хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаанд хамгийн сүүлд ажил хөдөлмөр эрхэлж байсан газрын тодорхойлсоноор буюу 1,560,000 төгрөгөөс Нийгмийн даатгалаас авч буй 350,000 төгрөгийг хасч 1,210,000 төгрөгийг сар бүр төлүүлэхээр нэхэмжилж байна. Энэ нь тодорхой хугацаагүйгээр үйл явдлаар тодорхойлогдоно.

1.г. Охины амь насанд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

1.д. Сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, хүүхэд нас барсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. МУЗГ нь зөвхөн Г.Уд зориулж шийдвэр гаргаагүй. Улаанбаатар хотын хэмжээнд нийтээр дагаж мөрдөхөөр хэм хэмжээний акт гаргасан. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байхын тулд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч эмчилгээний зардлыг ТТТ ХХК-аас хэдэн төгрөг, Засгийн газраас хэдэн төгрөг гаргуулмаар байгаа талаарх шаардлага нь тодорхой байх хэрэгтэй. МУЗГ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг тухайлсан төрийн өмчит байгууллага хэрэгжүүлдэг. Монгол Улсын Эрчим хүчний яам эрчим хүчний салбарын 24 байгууллагын хувьцаа эзэмшигч. Тус 24 байгууллагын өдөр тутмын гүйцэтгэх чиг үүргийг тухайн байгууллага, түүний гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр уг байгууллагын хувьцаа эзэмшигч нь төр учраас хариуцагчаар татсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хэрэглэгчид түлш хэрэглэх зааврыг өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Энэ хэргийг Эрүүгийн хэргийн журмаар хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоолд хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг Иргэн Г.У нь түлш хэрэглэх заавартай танилцаад гарын үсэг зурсан байна гэж заасан байна. Энэ нь түлш түлэх зааварчилгаа авсан гэх нотолгоо болж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль бус гэдэг нь тогтоогдоогүй байна. Гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Иймд уг нэхэмжлэлийн хариуцагч нь МУЗГ биш тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ТТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.а. Манай компанийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь угаарын хий гарсантай холбоотой цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд хянан шалгах ажиллагаа явуулж 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хаасан байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 тоот прокурорын тогтоолын дүгнэлт хэсэгт Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, акт, зөвлөмжийг биелүүлээгүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн байна. Энэ тогтоолтой холбоотой маргах эрх нь нэхэмжлэгч талд байсан боловч гомдол гаргаагүй, энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн байгаа. Бараа бүтээгдэхүүний доголдолтой холбоотой асуудлыг иргэний шүүх тогтоохгүй. Гэм буруугийн асуудал нь нэгэнт тогтоогдсон асуудал байна. Нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүний уутан дээр заавар, зөвлөгөөг бичээгүйгээс энэ хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлт дээр Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээ, мэдээллүүдийг цуглуулан шинжлэн судалж үзэхэд холбогдох байгууллагуудаас иргэдэд зориулж сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж, зааварчилгааг бүх хэлбэрээр тарааж түгээсэн байна гэж дүгнэсэн байдаг. Харин үүнийгээ уутан дээрээ бичих шаардлагатай гэж дүгнэсэн. Түүнээс зөвлөмж, зааварчилгааг тараагаагүй гэж огт дүгнээгүй. Тиймээс бүтээгдэхүүний уутан дээр бичээгүйн улмаас гэм хор, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй.

3.б. Мөн нэхэмжлэгч талаас түлш стандартад нийцсэн эсэх талаар маргахгүй байна. Нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүнийг доголдолтой байсан эсэх асуудлаар маргадаггүй. Иймд бид уг бараа бүтээгдэхүүнийг яагаад зах зээлээс татах ёстой юм бэ? Харин хэрэглэгч хэрхэн яаж хэрэглэх вэ? гэдэг асуудал яригдана. Хэрэглэх ёстой зааврыг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Э.Амина гэх хүн нэхэмжлэгч Г.Уд тараасан байна. Үүнийг зааварчилгаа өгөөгүй гэж ойлгохгүй. Өнөөдрийн асуудал нь зууханд биш яндандаа байгаа. Гал түлэх насосыг татаж байгаа агаарын солбилцлыг цэвэр байлгах, магадгүй тааруулсан бүх загвар болгон дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрэглэх талаар заавар өгсөн үйл баримт байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэв ТТТ ХХК-ийн гаргасан түлшийг 2019 оноос худалдаалахаас өмнө хүмүүс угаартдаг байсан эсэх талаар лавлахаар хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Гэхдээ мэдээ баримтаас үзэхэд хувь хүн зуухаа гагнаад гал түлэхэд Монгол Улс юу ч хийж чадахгүй. 2018 оны Засаг даргын А17 захирамжаар MNS5216:2016 стандарт нь сайжруулсан зууханд байх ёстой стандарт. Хэн нэгний зуухыг ТТТ ХХК, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч очоод зуухаа ингэж байрлуул, магадгүй үүнийг гагна гэж хэлэхгүй. Хувь хүн өөрийн өмчлөлд байгаа хөрөнгөө өөрөө арчилж, хамгаалж, аюулгүй ажиллагааг өөрөө хангах ёстой.

3.в. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнө ажлын хэсэг зөвлөмж боловсруулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ зөвлөмж нь MNS5216:2016 буюу сайжруулсан зууханд зориулагдсан гэж ярьж байна. Уг зөвлөмжийг боловсруулахдаа гэр хорооллын айл өрхүүдэд ямар төрлийн зуух ашиглагддаг вэ? гэх нөхцөл байдлыг харгалзан үзээд ШУТИС-ийн харьяа Дулаан технологийн экологийн хүрээлэнгийн зуухны лаборатори дээр туршилт явуулсан. Уг туршилтад уламжлалт зуух, сайжруулсан зуух буюу иргэдийн түгээмэл ашигладаг зуух дээр туршилт хийсэн. Зөвлөмжийн тайлан дээр байгаа. Хэрэв MNS5216:2016 гэх сайжруулсан зууханд түлэх юм бол та уламжлалт зуухтай харьцуулахад түлш ийм хэмжээгээр хэмнэнэ гэсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны Улаанбаатар хотод уламжлалт зуухыг хэрэглэхгүй байх тухай захирамж гарсан. Туршилтыг бүх төрлийн зууханд явуулсан. Гэхдээ мэдээж хэрэг түүхий нүүрсийг хориглох тухай шийдвэр гарснаас хойш зуух авах хэрэгцээ шаардлага гарах юм бол ийм стандартын шаардлага хангасан зуух аваарай гэх үүднээс зөвлөмж гаргасан. Энэ нь ард иргэдэд хүрсэн. Ихэнх айлуудад уламжлалт зуух байгаа бөгөөд зөвлөмжийг А5-ын цаасан дээр зургаар хэвлээд тарааж өгсөн. Тухайн зөвлөмж нь 20-30 жил ашигласан пийшинд тохирох зөвлөмж байсан. Хуучин ч бай, шинэ ч бай бүх төрлийн зуух дээр ингэж хэрэглэнэ гэсэн зөвлөмж нь байгаа. Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тухайн зуухны хэмжээ, ханан пийшингийн хэлбэр, хэмжээг дурдахаас гадна бид нарын өгсөн заавар зөвлөмж, анхааруулга дээр зөрчигдсөн нэг асуудал нь яндан малгайгүй байсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр түлшийг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэрэглэж байгаад 10 дугаар сард үйл явдал болсон. Тухайн үед агаарын байдал ямар байсныг бид мэдэхгүй, нөгөө талаар энэ тэмдэглэлд бас нэг дурдсан зүйл нь тухайн сууцны агааржуулалтын талаар огт дурдаагүй байсан. Зөвлөмжид зуух нь агаар сэлгэлт сайтай газар байрлах ёстой гэсэн байдаг.

3.г. Дараагийн асуудал нь эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэж байна. Үйлдвэрийн дарга нь үйлдвэрийн дотоод хэвийн үйл ажиллагаа болоод аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэгтэй. Яагаад захиргааны хэм хэмжээ, түүнд нийцүүлсэн актад нийцэж байгаа гэхээр ТТТ ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд холбогдох гадаад улсын лабораторид туршилт, үзлэг хийгээд хуульд заасан дараалал, журмын дагуу хэрэглэгчдэд хүргүүлсэн. Үүнийг зөрчилгүй байна гэж цагдаагийн байгууллага дүгнэсэн.

3.д. Мөн угаартаж нас барсантай холбоотой Засгийн газраас сигнал тарааж байна гэж байна. Төр иргэнээ хайрлах ёстой. Иргэний хариуцлагагүйн улмаас хэн нэгний эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд хохирч болохгүй. Төр урьдчилан сэргийлэх зорилгоор сигналыг тараасан. Бидний зүгээс гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч 18,000,000 төгрөг өгөөгүй. Нэгэнт хүн угаартаад нас барсан асуудалтай ТТТ ХХК нь холбоогүй ч гэсэн ёс зүйн хувьд өгсөн. Нэхэмжлэгчийн хариуцагчаар татаад байгаа аль, аль этгээдүүд нь гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ТТТ ХХК хэн нэгнийг хохироож, эрсдэлд оруулах бараа бүтээгдэхүүн худалдсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэл зохистой гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч Засгийн газар энэ хэрэгт холбогдолгүй гэж удаа дараа хэлж байна. Үүнтэй би санал нийлэхгүй байна. Учир нь Засгийн газар түлш бэлтгэх, нийлүүлэх ажлыг хангаж ажиллуулахдаа бэлтгэл ажлыг сайн хангуулаагүй байна. Энэхүү ажлыг ТТТ ХХК-аар дамжуулан хэрэгжүүлсэн гэж байгаа боловч Засгийн газрын өөрийн санаачлагаар хийгдсэн ажил учраас сайн, муу ямар ч үр дүн гарсан Засгийн газар энэ ажилтай холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс Засгийн газрыг хариуцагчаар татаж байгааг иргэн хүний зүгээс зөв гэж үзэж байна. ТТТ ХХК болон Засгийн газар үүргээ хэрэгжүүлэхдээ болгоомж, хариуцлага алдсан байна. Тухайн хорооны засаг дарга айл бүрт сайжруулсан түлшний хэрэглээ, зааварчилгааг өндөр түвшинд өгсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн заавар, зөвлөгөө өгч байгаа хороон дарга, мэргэжилтэнд зохих хэмжээний мэдлэг сургалтыг орсон эсэх нь эргэлзээтэй байна. Мэдээ, мэдээллийн хэрэгслээр заавар, зөвлөгөөг хангалттай сайн өгсөн гэж байгаа боловч гэр хорооллын айлууд тэр болгон мэдээ, мэдээлэл авах боломжгүй, нөхцөл байдал харьцангуй адилхан биш тул Засгийн газрыг хариуцлага алдсан гэж үзэж байна. Иймд Засгийн газрын хариуцлага алдсан уг үйлдлийн улмаар хохирол, хор уршиг учирсан гэж үзэж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТТТ ХХК-аас 7,140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэлээс үлдэх 490,246,800 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийг 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,210,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч МУЗГт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч ТТТ ХХК-аас 129,190 төгрөг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Нэхэмжлэгч нь Г.У нь МУЗГ, ТТТ ХХК-д холбогдуулан гэм хор учруулсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

6.б. Шүүхээс хариуцагчийг Хэрэгслэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13.2 дахь хэсэгт заасныг бүрэн биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч талын гаргасан зарим үндэслэлийг орхигдуулсан. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд харуицагчийн үйлдвэрлэгч этгээдийн хувьд Хэрэглэгчийн тухай хуулийн 12.4, 12.7, 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг биелүүлээгүй гэж мэтгэлцсэн. Шүүх энэ талаар дүгнэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй. Мөн хариуцагч нь эрсдэлийн үнэлгээ хийхгүйгээр бүтээгдэхүүнийг шууд худалдаанд гаргасан ба түүний шууд үр дагаварт нэхэмжлэгчийн эрүүл мэнд, ххүхдийн амь насанд хохирол учирсан.

6.в. Нэхэмжлэгч нь угаарын хордлогын улмаас эрүүл мэндэд нв учирч, үүссэн үр дагаврыг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Гэвч шүүхээс эмчилгээний зардлыг гаргуулах шаардлагийг хангахаас татгалзсанд гомдолтой байна.

5.г. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2 дахь хэсгийг үл зөвшөөрч, гомдолтой байна. Шүүхээс өнгөрсөн хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого байх ёстой гэсэн агуулгаар дүгнэсэн нь ойлгомжгүй.

5.д. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4. дэх хэсгийг үл зөвшөөрч байна. Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах нь Үндсэн хуулийн эрх зүй, иргэний эрх зүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зарчимд үл нийцнэ. Мөн амь насны хохиролыг мөнгөн дүнгээр илэрхийлэн нэхэмжилсэн болно. Хүүхдийн амь нас хохирсон, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсэн хохирлоос шалтгаалж, үүссэн сэтгэл санааны дарамт, хямрал, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Гэтэл мөн хуль байхгүй буюу дээр дурьдсантай ижил үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч ТТТ ХХК-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч ТТТ ХХК-аас шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь хууль ёсных бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Уянгал гардуулсан, танилцуулсан гэх сайжруулсан хатуу түлшний зааварчилгаа нь хэрэгт авагдаагүй, хариуцагч үүргээ биелүүлээгүй мэтээр дүнгэжээ. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас нэхэмжлэгч нь Н.Уянгад сайжрууласан түлж хэрэглэх зөвлөмж тараасан баримт, бүртгэл зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлтийг тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарны 23-ны өдрийн захирамжаар уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа шүүх уг захирамжийн биелэлтээ хангуулаагүй хариуцагчийн нотлох үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэж байгаа нь нэг талыг барьсан хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан олох ёстой орлого, дутуу авсан цалин хөлсийг Янжмаа салоноос нэхэмжлэгчийн өмнө авч байсан цалин хөлс орлого олж байсан тухай баримтыг шүүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй атлаа шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөрүү гаргаж шийдвэрлэж байгаа нь шүүх хөндлөнгийн байр сууриа алдсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн гэмт хэрэгт мөн эсэхийг дүгнэсэн тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Учир нь хэрэг учрал болсон үлй явдал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн эсэх, биш бол энэ нь зөрчил мөн эсэхийг бүрэн гүйцэд шалгасан гэж үзэж байна. Шүүх хариуцагч ТТТ ХХК-г гэм буруутай мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага 7,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч МУЗГ тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч МУЗГ, ТТТ ХХК нарт холбогдуулан амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.У шаардлагын үндэслэлээ ... хариуцагч МУЗГ болон ТТТ ХХК сайжруулсан түлш хэрэглэх заавар зөвлөмжийг хэрэглэгчдэд бүрэн мэдээлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Г.У хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан тул эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 170,866,800 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй адилтгах орлого 26,520,000 төгрөг, эрүүл мэндэд хохирол учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөг, түүний охин Т.Ялгуун нас барсан тул талийгаач охины амь насны нөхөн төлбөр 200,000,000 төгрөг, охин нас барсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50,000,000 төгрөг, нийт 497,386,800 төгрөгийг болон 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 100 хувийн хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,560,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан. /хх1-3, 37-38/

Хариуцагч МУЗГ татгалзлын үндэслэлээ ...Улаанбаатар хотын хэмжээнд нийтээр дагаж мөрдөхөөр хэм хэмжээний акт гаргасан..., Г.У нь түлш хэрэглэх заавартай танилцаж гарын үсэг зурсан..., гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, хариуцагч нь МУЗГ биш гэж, хариуцагч ТТТ ХХК татгалзлын үндэслэлээ ... иргэдэд зориулж сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж зааварчилгааг бүх хэлбэрээр тарааж түгээсэн..., нэхэмжлэгчийн хэрэглэж байсан зуухны яндан малгайгүй байсан гэж тус тус тайлбарласан.

3. Талуудын хооронд үүссэн гэм хорын маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчдыг хангалттай мэтгэлцүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул дараах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

3.а. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд Г.У биед нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын хүнд хэлбэр, хордлогын шалтгаант тархины эмгэгшил, доод мөчдийн удаан дарагдал тогтоогдлоо гэжээ. Нэхэмжлэгч Г.У биед учирсан дээрх гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоос үүссэн эсэх нь тодорхойгүй байна. /1хх 26-27/

3.б. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн комиссын шийдвэрт өвчтөн өөрийн болон ар гэрийн хүсэлтээр Солонгос улсад эмчлүүлэх хүсэлтэй байна. Хагалгаа хийлгэх боломжгүй гэсэн байх ба нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийг Монгол Улсад эмчлэх боломжтой эсэх, эмчлэх боломжтой тохиолдолд гарах бодит зардлыг тогтоох шаардлагатай.

3.в. Хариуцагч ТТТ ХХК нь ...хувь хүн зуухаа гагнаад гал түлэхэд Монгол Улс юу ч хийж чадахгүй, 2018 оны Засаг даргын А17 захирамжаар MNS5216:2016 стандарт нь сайжруулсан зууханд байх ёстой стандарт, гэрчийн мэдүүлгүүдээр сайжруулсан зуух, уламжлалт зуухны ялгаа нь галаа дээрээс нь, доороос нь түлэх л ялгаа байгаа, харин үүний агаар хоорондын солбицол хэрхэн яаж, хийгдэж байгаа нь тухайн хэрэглэгчийн асуудал, хэн нэгний зуухыг ТТТ ХХК, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч очоод зуухаа ингэж байрлуул, магадгүй үүнийг гагна гэж хэлэхгүй, хувь хүн өөрийн өмчлөлд байгаа хөрөнгөө өөрөө арчилж, хамгаалж, аюулгүй ажиллагааг өөрөө хангах ёстой гэх тайлбар гаргаж маргасан. /3хх 160-162/

Нэхэмжлэгч Г.У нь сайжруулсан шахмал түлшийг заавар зөвлөмжийн дагуу, зориулалтаар нь хэрэглэж байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/00834 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ТТТ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.