Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/00955

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04сары 13дөр

181/ШШ2020/00955

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ж /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Л/РД:/-д холбогдох,

 

12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч М.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ж миний бие 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М.Дтай зээлийн гэрээ байгуулан М.Дд 10,000,000 төгрөгийг хүүгүйгээр 45 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. М.Лнь 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хугацаандаа өгөлгүй удааж нийт 106 хоног хэтрүүлсэн байна. М.Даас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад ...удахгүй өгнө... мөнгө орж ирэхээр өгнө... гэх мэтчилэн шалтаг хэлсээр өдийг хүрлээ. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох эрхтэй байна. М.Лнь зээлийн гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нийт 106 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 8,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги нь 40,000 төгрөг, нийт 106 хоногийн алданги 4,240,000 төгрөг болж байна. Иймд М.Даас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, 106 хоногийн алданги 4,240,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,790 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч Ц.Жын надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, 106 хоногийн алданги 4,240,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардан авч, нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Ц.Жтай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээ 10 сая төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатайгаар олгох, улмаар зээлийн гэрээний 2.3-т Зээлийн хугацаа зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно., 2.5-д Зээл олгосон хугацаа: 2019.08.30-ны өдөр бэлнээр олгоно гэсэн нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан болно. Миний бие зээлийн гэрээ байгуулсан энэ өдөр Ц.Жаас тус гэрээний 2.3, 2.5-д зааснаар 10,000,000 сая төгрөгийг бэлнээр тоолж, эсхүл бэлэн бус хэлбэрээр аваагүй бөгөөд харин өмнө бидний хоорондын 8 сая төгрөгийн тооцоог баталгаажуулж, энэ гэрээг байгуулсан юм. Тийм учраас бидний хооронд хуульд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Би Ц.Жт 8 сая төгрөгийг төлөх тооцооноос 2 сая төгрөгийг төлсөн ба одоо түүнд 6 сая төгрөг төлөх юм. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 6 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх ба бусдад худалдан борлуулах барааны борлуулалт зогссон нь Ц.Жт төлөх мөнгө саатахад хүргэж байгаа болно. Харин нэгэнт бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний үндсэн мөнгө 10 сая болон 2.7-д заасан алданги буюу 106 хоногийн алданги 4,240,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч М.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь 8,000,000 төгрөгийг зээлж авч байсан бөгөөд уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн, 6,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан, нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ц.Ж болон М.Лнарын хооронд Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-3 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Ж нь М.Дд 10,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, М.Лнь зээлийг хугацааны эцэст бөөнөөр төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь 8,000,000 төгрөгийг зээлсэн байснаас 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн байсан ба 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний арын хуудсанд Мөнгө хүлээлцсэн баримт. 20,000 дэвсгэрт 500 ш. Нийт 10,000,000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Дашням. Хүлээлгэн өгсөн Ц.Ж гэсэн тэмдэглэл үйлдсэн байх ба талууд уг тэмдэглэлийг үйлдсэн, уг тэмдэглэл дахь Дашням гэсэн нэрийн ард зурсан гарын үсэг нь хариуцагч М.Дын гарын үсэг гэдэгт маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэгчээс өмнө нь 8,000,000 төгрөгийг зээлсэн байсан гэх тайлбар болон 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу М.Лнь Ц.Жаас 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний арын хуудсан дахь түүний өөрийн гарын үсэг бүхий тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс өмнө нь 8,000,000 төгрөгийг зээлсэн байсан ба 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.Жын Хаан банкны дансны хуулга /хх-4-6 тал/-аар М.Лнь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг, нийт 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх ба уг төлөлтүүд зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөгдсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад Зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө зээлсэн мөнгийг бүгдийг болон хэсэгчлэн төлж болно гэж заасны дагуу хэсэгчлэн төлөгдсөн төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Лнь үндсэн зээлийн төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч М.Даас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 4,240,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтаар зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр байгуулсан байх, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр анз тогтоосон байх шаардлагад тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз буюу алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрөөс хоногт 0,5 хувиар тооцон зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 106 хоногийн алдангид 4,240,000 төгрөг нэхэмжилсэн нь тооцооллын хувьд зөв байх боловч нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтад нийцээгүй байх тул хуульд нийцүүлэн хариуцагч М.Даас алдангид 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Даас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Даас 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 01 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Даас 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР