Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01149

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

 

Дугаар 210/МА2020/01149

 

 

 

Ц.Жын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00955 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Жын хариуцагч М.Дд холбогдуулан гаргасан 12 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Ж миний бие 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М.Дтай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн. М.Д нь 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэгдэл 8 000 000 төгрөгийг хугацаандаа төлөлгүй нийт 106 хоног хэтрүүлсэн. М.Даас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэж шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох эрхтэй. Иймд зээлийн үлдэгдэл 8 000 000 төгрөг, 106 хоногийн алданги 4 240 000 төгрөг, нийт 12 240 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 790 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Миний бие Ц.Жтай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 45 хоног бөгөөд гэрээний хугацаа зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно, 2.5-д 2019.08.30-ны өдөр зээлийг бэлнээр олгоно гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр Ц.Жаас 10 000 000 төгрөгийг бэлнээр эсхүл бэлэн бус хэлбэрээр аваагүй. Харин өмнө нь бидний хоорондын 8 000 000 төгрөгийн тооцоог баталгаажуулж, энэ гэрээг байгуулсан. Бидний хооронд хуульд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Ц.Жт 8 000 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 6 000 000 төгрөг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин бусдад худалдан борлуулах барааны борлуулалт зогссон нь Ц.Жт төлөх мөнгө саатахад хүргэж байна. Нэгэнт бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Даас 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 240 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 2020 оны 01 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Даас 206 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Дын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Миний бие Ц.Жтай 2019.08.30-ны өдөр зээлийн хэмжээ 10.0 сая төгрөгийг 2019.08.30-ны өдрөөс 2019.10.14-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатайгаар олгох, улмаар зээлийн гэрээний 2.3-т зээлийн хугацаа зээлдэгч зээлийг бэлнээр хүлээс авсан үеэс тоологдоно, 2.5-д зээл олгосон хугацаа 2019.08.30-ны өдөр бэлнээр олгоно гэсэн нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан өдөр Ц.Жаас тус гэрээнд зааснаар бэлнээр нэг ч төгрөг аваагүй. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа болон хурал дээр хэлсэн боловч шүүх 10.0 сая төгрөгийг бэлнээр тоолж авсан болох нь зээлийн гэрээний арын хуудсанд түүний өөрийн гарын үсэг бүхий тэмдэглэлээр тогтоогдож байна. зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. уг гэрээг байгуулахаас өмнө Жавлханбаяр бидний хооронд мөнгөний тооцоо байсан бөгөөд түүнийгээ баталгаажуулж гэрээ байгуулна гэж надад тулгасан учраас хэлсний дагуу нь нотариат дээр очиж гэрээнд гарын үсэг зурсан. Нотариатч та 2 мөнгөө авч өгөлцсөн үү гэж асуухад гэрээний арын хуудсанд мөнгөний дэвсгэрт бичиж намайг мөнгө авсан гэж гарын үсэг зуруулсан. Үүнийг нотариатч мэдэж байгаа. Ц.Жт 10.0 сая төгрөгийг төлөх тооцооноос 2.0 сая төгрөг төлсөн ба одоо 8.0 сая төгрөг төлнө. Иймд шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 4.0 сая төгрөгийг төлөх боломжгүй. Түүнчлэн ямар учраас алданги шаардаж байгааг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаагүй. Би өмгөөлөгч авна гэж шүүх хуоалд хэлсэн боловч өмгөөлөгч авах үе шат дууссан гээд хуулийн мэдлэггүй намайг өмгөөлөгчийн зөвлөгөө авах боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Жавхланбаяртай зээлийн гэрээ байгуулаагүй, хүүний талаар гэрээнд тусгагдаагүй. Харин өмнө нь байсан өрийн асуудлаа шийдэж байгаа гэж надад хэлсэнд нь итгэсэн. Би 5.0 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрийн алданги 4.0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул алдангийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч М.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг, алдангид 4 240 000 төгрөг, нийт 12 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 6 000 000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 3 дугаар талд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хариуцагч М.Дын нэхэмжлэгч Ц.Жаас 10 000 000 төгрөг, 45 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдэн авч, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ авагдсан байх ба гэрээний арын хуудсанд мөнгө хүлээлцсэн баримт 20 000 дэвсгэрт 500 ширхэг нийт 10 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан Д, хүлээлгэн өгсөн Ж гэж гарын үсэг зурж тэмдэглэжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хариуцагчийн 10 000 000 төгрөгийг бэлнээр авсан тухай дээрх тэмдэглэлийг үгүйсгэх баримтгүй байна.

 

 

 

Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг аваагүй, бид өмнөх тооцоогоо баталгаажуулахын тулд нотариат дээр очиж гэрээ байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хоорондын өмнөх зээл нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй хамааралгүй гэж үзэв.

 

Хариуцагч Ц.Жын Хаан банкны депозит дансны хуулгаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Дд шилжүүлсэн нь нотлогдож байх ба шүүх уг төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлээс хэсэгчлэн төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх4-5/

 

Иймд зээлийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийг алдангийн 4 000 000 төгрөгийн хамт гаргуулж, 240 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

 

 

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгсөн бөгөөд шүүх талуудын хүсэлтээр хуульд заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлнэ. Хариуцагч нь тухайн үед зээлийн гэрээ байгуулахад мөнгө өгсөн, авсан эсэхийг нотариатч нотолно гэх боловч шүүх хуралдааны явцад нотариатчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байна. Түүнчлэн хариуцагчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа боломжийг олгож 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04187 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, хариуцагч эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх33/

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

 

А.МӨНХЗУЛ