Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00793

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр           Дугаар 182/ШШ2017/00793         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Эс Ти Экс Ситинет” ХХК-д холбогдох, 

 

“3,604,824,510.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-тай анх 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс №10/13 тоот гэрээг байгуулж интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш №10/26, №10/13, /2011.03.01/, №12/03, №ЖН-13/008, №ЖН-13/015, №ЖН-14/012, №ЖН-15/025 тоот интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлж гэрээ, №МОН201103GNЕ1, №МОН201304GNЕ1, №ЖН-13/016 тоот тоон суваг гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлж ирсэн.

2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Эс Ти Экс Ситинет” ХХК нь Ж ХХК-ийн удирдлагуудтай харилцан тохиролцож “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд Ж ХХК нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн 35%-ийн хувьцааг худалдан авахаар тохиролцож, хувьцааны төлбөрийг “Эс Ти Экс Ситинет” ХХК-д өгч байгаа интернэтийн болон сувгийн үйлчилгээний сар бүрийн төлбөрөө барагдуулахаар болсон. Энэ нь үйлчилгээний 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааг хамрахын зэрэгцээ нийт төлбөр нь тухайн сар бүрийн эхний өдрийн Монгол банкны ханшаар тооцогдож явахаар болсон. Дээрх хувьцааны төлбөрт интернэт болон сувгийн гэрээт үйлчилгээний төлбөрөөр барагдуулах дүн нь 1,500,000 ам.доллараар тооцохоор тохиролцсон.

2014 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 1,661,047 ам.доллар хүртэлх үйлчилгээг Ж ХХК нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-д үзүүлсэн болно. 2014 он 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Эс Ти Экс Ситинет” ХХК нь үйлчилгээний төлбөрийг бөөний интернэтийн үйлчилгээ болон сувгийн гэрээний үндсэн нөхцөл болох “Төлбөр тооцооны талаар” зүйлийн 4.2 дахь заалтад заасны дагуу төлж явах байсан. Гэвч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэхгүй байсны улмаас Ж ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №955, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №974 тоот албан бичгүүдийг төлбөр төлөхийг шаардсан болон үйлчилгээг дуусгавар болгох нөхцөлөөр явуулсан. Мөн үүний дээр компани нь дээрх 35% хувьцааг эзэмшихээс татгалзаж 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох акт” бэлдэж 2 талаас баталгаажуулан хувьцаа худалдаж авахыг дуусгавар болгосон. Тухайн үед 2014 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн төлбөр хуримтлагдсаар нийт 2,458,700,000 төгрөг болсон байна.

2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”-г бэлдэн 2 тал тохиролцон баталгаажуулсан. Уг гэрээнд “Эс Ти Экс Ситинет” ХХК нь тухайн гэрээг байгуулснаас 3 сарын дараа хэрэв “Эс Ти Экс Ситинет” ХХК нь дээрх төлбөрийг барагдуулахгүй бол Ж ХХК нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох компанийн байрыг нэр дээр шилжүүлж, мөн “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн 35%-ийн хувьцааг эзэмшигч болохыг дурьдсан болно. Үүний зэрэгцээ уг өдөр харилцан “Эрх шилжүүлэх гэрээ”-г мөрдөх батламж гарган 2 тал баталгаажуулан, мөн хурлын тогтоолыг үйлдсэн.

Үүнээс хойш төлбөр бүрэн төлөгдөхгүй үргэлжилсээр байсан тул манай компани 2014.07.21-ний өдрийн №1008, 2014.11.20-ны өдрийн №1151, 2015.03.31-ний өдрийн №15/083, 2015.05.15-ны өдрийн №15/121 тоот албан бичгүүдийг төлбөрийг барагдуулах шаардлагатайгаар илгээсэн. Уг албан тоотуудад манай компани нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийг харгалзан гэж төлбөрийг бөөнөөр төлөхгүйгээр тухайн сарын үйлчилгээний бүтэн төлбөрийн хамт өмнөх үлдэгдлийн багахан хэсгийг оруулан сар бүр бага багаар төлөх нөхцөлтэйгээр төлбөрийг барагдуулахаар илгээсэн.

“Эс Ти Экс Ситинет” ХХК-иас 2015.05.05-ны өдрийн №15/92, 2015.06.02-ны өдрийн 15/127 тоот албан бичгүүдийг хүлээн авсан. Эдгээр албан бичигт нийт төлбөрийг төлөх графикийг гаргаснаар 3 хуваан төлснөөр нийт өрийг 2015 оны 12 дугаар сарын 31-нээр төлж дуусаж барагдуулах байсан боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна.

Одоогоор 2012.10.01-2016.08.31-нийг хүртэлх хугацааны үйлчилгээний үндсэн төлбөр болох 2,772,941,931 төгрөгийн дутуу төлөлттэй болсон. Гэрээнд тусгасны дагуу уг үндсэн төлбөрт 2012.10.01-2016.05.31 хугацааны алдангийн зөвхөн 30% болох 831,882,579.30 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байгаа болно.

Иймд хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас нийт 3,604,824,510.30 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаяр болон өмгөөлөгч Д.Тамир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж ХХК нь 2012.10.01-ээс 2016.08.31-ийг хүртэлх хугацаанд Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу нийлүүлсэн үйлчилгээний төлбөрт 2,772,941,931 төгрөг, алданги 831,882,579.30 төгрөг, нийт 3,604,824,510.30 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч шаардлагаас 2012.10.01-ээс 2014.02.28-ийг хүртэлх 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр 1,500,000 ам.доллар буюу 2,216,000,000 төгрөг, алданги 831,882,579.30 төгрөг, илүү нэхэмжилсэн 221,587,597 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.

Учир нь: 2012.10.01-ээс 2014.02.28-г хүртэл хугацааны үйлчилгээний төлбөрийг төлөөгүй шалтгаан нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн хувьцааны 35 хувийг худалдах-худалдан авах тухай 2012.11.07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсантай холбоотой гэж тайлбарлаж байна.

Тодруулбал: дээрх гэрээ байгуулагдахаас өмнө Ж ХХК болон “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн хооронд 2012.03.01-ний 12/03 тоот “Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” үйлчилж байсан ба 1 сарын үйлчилгээний төлбөр 120,000,000 төгрөг байсан. Харин 2012.11.07-ны өдөр “Эс Ти Экс Монголиа” ХХК болон иргэн Ц.Пүрэвжаргал нарын хооронд “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг 2,500,000 ам.доллараар худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байдаг боловч гэрээний гол нөхцөл нь иргэн Ц.Пүрэвжаргалаас “Эс Ти Экс Монголиа” ХХК нь хүүгүй, хөрвөгч зээл авч байгаа “Зээлийн гэрээ” юм.

-Уг гэрээгээр 2,500,000 ам.долларын 1 сая ам.долларыг зээлдүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр шилжүүлэх, үлдэх 1,5 ам.долларыг Ж ХХК-иас “Эс Ти Экс Ситинет” ХХК-д Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийлүүлж буй үйлчилгээгээр харилцан тооцож шилжүүлэхээр тохиролцсон байдаг гэжээ. /1 сая ам.долларыг 2012.11.12-ны өдөр шилжүүлсэн/

-Энэ тухай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 5.3-т заахдаа: ...төлбөр нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас Ж ХХК-д төлөгдөх хилийн чанад дахь сүлжээний төлбөр байх ба энэ нь “Эс Ти Экс Монголиа” ХХК-д сар бүр төлөгдөх дүн болж шилжигдэнэ” гэж заасан байдаг ба өөрөөр хэлбэл “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас Ж ХХК-ийн дансанд шилжиж орсон тохиолдолд уг мөнгийг шилжүүлэхээр тохирсон байдаг.

Ингээд 2012.10.01-ээс 2014.02.28-ны өдрийг хүртэлх хугацаанд манай компани нэхэмжлэгч Ж ХХК-иас интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу авсан төлбөрийг “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Тодруулбал: Хариуцагч талаас иргэн Ц.Пүрэвжаргал “Эс Ти Экс Монголиа” ХХК-ийн хооронд “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна, дээрх гэрээ нь худалдах худалдан авах гэрээ биш харин Америк долларын хүүгүй, хөрвөгч “Зээлийн гэрээ” байгаа юм. Өөрөөр хэлбэл валютын ханшийн зөрүүгээр зээлийн эргэн төлөлтийг тооцох нөхцөлтэйгээр энэхүү гэрээг иргэн Ц.Пүрэвжаргалаас Зээл олгохдоо түс компанийн хувьцааны 35 хувийг зээлийн баталгаа болгож барьцаалан үйлдсэн болох нь тус гэрээний 5.1-д заасан “Эс Ти Экс Монголиа” ХХК нь Ц.Пүрэвжаргалаас 2,5 сая ам.долларын зээл авч байгаа болно /Эс Ти Экс Ситинетийн хувьцааны 35%-с илүү хэсгийг шилжүүлэх баталгаатай/ гэж тодотгон заасан заалтаас тодорхой байгаа юм.

Зээлдэгчээс зээл олгохдоо 1 сая ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор, үлдэх 1,5 сая ам.долларыг 2012 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 125,000,000 төгрөг шилжүүлж байхаар гэрээнд заасан бөгөөд дээрх 125,000,000 төгрөгийг “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас Ж ХХК-д шилжүүлэх төлбөрөөс суутгахаар заасан боловч дээрх мөнгийг Ж ХХК-ийн дансанд шилжүүлээгүй байдаг. Мөн иргэн Ц.Пүрэвжаргал нь “Жем интернэшнл” ХХК-иас зээлийн гэрээгээр дээрх 1 сая ам.долларыг нэг сарын 1,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан байдаг. Иргэн Ц.Пүрэвжаргал нь Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш түүнд захиран зарцуулах эрх байхгүй тул дээрх заалт биелэгдэх боломжгүй юм. Харин Ц.Пүрэвжаргал нь “Жем интернэшнл” ХХК-иас 2012.11.12-ны өдөр 1 сая ам.долларын зээлийг 1 сарын 1,2%-н хүүтэй зээлж авсан ба энэ мөнгийг “Эс Ти Экс Ситинет” ХХК-нд шилжүүлсэн байдаг.

“Жем интернэшнл” ХХК нь 2014 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө нэхэмжлэх болсон ба улмаар иргэн Ц.Пүрэвжаргал нь “Эс Ти Экс Монголиа” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн.

Ингээд 2014.06.17-ны өдөр 2012.11.07-ны өдрийн “Хувьцаа худалдах- худалдан авах гэрээг дүгнэж дуусгавар болсонд тооцох тухай акт”-ыг Ц.Пүрэвжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ХХК-ийн захирал Ц.Бат- Эрдэнэ болон “Эс Ти Экс Монголиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Бэ Хёг Хүн нар үйлдсэн байдаг. Гэрээнээс худалдан авагч тал татгалзсан тул толгой компани “Эс Ти Экс Монголиа” ХХК нь аргагүйн эрхэнд “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмнө тохиролцсон “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн хувьцааны 35 хувь дээр нэмээд Ц.Пүрэвжаргалаас хувьцааны төлбөрт авсан 1 сая ам.доллар болон Ж ХХК-иас “Сити Нет” ХХК-д үзүүлсэн интернэтийн үйлчилгээний төлбөр 1,5 сая ам.долларт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож 2014.06.24-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан гэж тайлбарлаж байна.

Тодруулбал: Ж ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ нь иргэн Ц.Пүрэвжаргалаас олгосон итгэмжлэлийн дагуу “Гэрээ дүгнэж дуусгавар болсонд тооцох тухай акт” үйлдсэн байдаг ба энэ нь компани хооронд байгуулсан гэрээтэй хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл иргэн Ц.Пүрэвжаргал болон “Эс Ти Экс Монголиа” ХХК хооронд байгуулсан зээлийн гэрээг иргэн Ц.Пүрэвжаргалын Ж ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлийн дагуу гэрээг дүгнэж акт үйлдсэн байдаг.

Уг актанд дараах нөхцлийг тохирч тусгасан байна: 2-р зүйлийн

1.Худалдагч тал худалдан авагч талд нийт 2,661,047 ам.долларыг буцаан төлөх хугацааг сунгах санал гаргасан

2.Худалдагчийн саналыг харгалзан худалдан авагч гэрээний 5.5-д заасан эрхийнхээ дагуу “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг эзэмших эрхээсээ татгалзсан.

Дараах шийдвэрийг гаргасан: Худалдагч тал 2,661,047 ам.долларыг буцаан төлнө. Талууд тусгайлан гэрээ байгуулах замаар 2,661,047 ам.долларыг эргүүлэн төлөх нөхцөл, журам, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга, хугацааг тохирно.

Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар 2012.11.07-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г дуусгавар болсонд тооцов гэжээ.

Зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөнөөс эргэн төлөлт хийгдэхгүй байсан учир төлбөрөө шаардсан ба “Эс Ти Экс Монголиа” ХХК-ийн зүгээс объектоо барьцаалах зөвшөөрөл өгсөн байдаг.” гэв.

 

Хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Жем Нэт” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх ба дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Эс Ти Экс Ситинет” ХХК нь Ж ХХК-тай 2010 оноос интернэтийн бөөний үйлчилгээ болон суваг түрээсийн аж ахуйн үйлчилгээний хүрээнд хамтран ажиллаж ирсэн юм.

Ж ХХК нь 2012 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу нийлүүлсэн үйлчилгээний төлбөрт 2,772,941,931 төгрөг, алданги 831,882,579.30 төгрөг, нийт 3,604,824,510.30 төгрөгийг нэхэмжилжээ.

Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр 1,500,000 ам.доллар буюу 2,216,000,000 төгрөг, алданги 831,882,579.30 төгрөг, илүү нэхэмжилсэн 221,587,597 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг хугацааны төлбөр, алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь:

2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний төлбөрийг “Эс Ти Экс Ситинет” ХХК төлөөгүй шалтгаан нь “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35%-ийг худалдах-худалдан авах тухай 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсантай холбоотой болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Тодруулбал, дээр дурдсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдахаас өмнө Ж ХХК болон “Эс ти экс Ситинет” ХХК-ийн хооронд 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12/03 тоот “Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” үйлчилж байсан ба уг гэрээгээр 1 сарын үйлчилгээний төлбөр 120,000,000 төгрөг байсан болно.

Харин 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн хувьцааг 100% дангаар эзэмшигч “Эс Ти Экс Монголиа” ХХК болон Ц.Пүрэвжаргал нарын хооронд “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35%-ийг 2,500,000 ам.доллараар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зүйл болох хувьцааны үнэ 2,500,000 ам.долларын 1,000,000 ам.долларыг худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр шууд төлөх, үлдэх 1,500,000 ам.долларыг Ж ХХК-иас “Эс ти экс Ситинет” ХХК-д Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийлүүлж буй үйлчилгээгээр харилцан тооцож төлөхөөр тохиролцсон байдаг. Энэ тухай Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 5.3-т “Худалдан авагч нь 1,500,000 ам.долларыг 2012 оны 10 сараас сар бүр 1,500,000 ам.доллар хүртэл хэсэгчлэн шилжүүлнэ. Сар бүр төлөх дүн багадаа 125,000,000 төгрөг байна. Ханшийг тухайн сарын 1-ний өдрөөр тасалбар болгон Монгол банкны албан ёсны ханшаар бодож тооцно. Хамгийн бага сар бүрийн төлбөр нь “Эс ти экс Ситинет” ХХК-иас Ж ХХК-д төлөгдөх хилийн чанад дахь сүлжээний төлбөр байх ба энэ нь “Эс ти экс Монголиа” ХХК-д сар бүр төлөгдөх дүн болж шилжигдэнэ” гэж заасан байдаг ба нэхэмжлэгч ч мөн нэхэмжлэлдээ энэ тухай дурдсан байна.

Ингээд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд манай компани нэхэмжлэгч “Жем нэт” ХХК-иас Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу авсан интернэтийн үйлчилгээний төлбөрийг Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу төлөөгүй болно.

2014 оны 2 дугаар сар дуусаж, 3 дугаар сар гарахад Жемнэт ХХК-иас интернэтийн үйлчилгээний төлбөрөө нэхэмжлэх болсон ба улмаар Хувьцаа худалдах, худалдан авах тухай дээр дурдсан гэрээнээс худалдан авагч тал татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай актыг Ц.Пүрэвжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Жемнэт ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ болон Эс ти экс Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Бэ Хёг Хүн нар үйлдсэн байдаг.

Ингээд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс худалдан авагч тал татгалзсан тул толгой компани “Эс ти экс Монголиа” ХХК аргагүйн эрхэнд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Эс ти экс Ситинет” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж буй байр болох 1260м2 талбайтай 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, өмнө тохиролцсон “Эс ти экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35% дээр нэмээд Ц.Пүрэвжаргалаас хувьцааны төлбөрт авсан 1,000,000 ам.доллар болон Ж ХХК-иас “Эс ти экс Ситинет” ХХК-д үзүүлсэн интернэтийн үйлчилгээний төлбөр 1,500,000 ам.долларт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”-г Ц.Пүрэвжаргалтай байгуулсан байдаг.

Уг гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг Эрх шилжүүлэх гэрээний 3.2, 3.3-т заахдаа гэрээ хүчин төгөлдөр болсон 2014 оны 06 сарын 24-ний өдрөөс хойш 3 сарын дотор эрх шилжүүлэгч нь хувьцааны төлбөрт авсан 1,000,000 ам.доллар болон интернэтийн үйлчилгээний төлбөр 1,661,047 ам.долларыг эрх хүлээн авагчид төлж барагдуулаагүй бол эрх хүлээн авагч нь гэрээ ёсоор хувьцааны 35% болон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болж, холбогдох бүртгэлийг хийлгэхээр тохиролцсон байдаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, хувьцааны 35%-ийг шилжүүлснийг бүртгүүлэхэд шаардагдах болон дээр дурдсан компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичиг, итгэмжлэл зэргийг “Эс Ти экс Монголиа” ХХК болон “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн зүгээс бэлтгэж, баталгаажуулан гэрээний хавсралтаар хүлээлгэн өгсөн. Гэвч гэрээний заалтуудын дагуу эрх шилжүүлэн авагч нь гэрээний зүйлийг хүлээн авах талаар өдийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа боловч Ц.Пүрэвжаргал болон Ж ХХК нь манай компанийн хувьцааны 35%-ийг шилжүүлэн авсан, эзэмших эрхтэй гэж үзээд Пунцагийн Улаанхүү гэдэг хүнийг 2015 оны 8 дугаар сараас эхлэн манай компанийн Гүйцэтгэх захирлаар томилуулан 1 сарын 2,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээнүүд хийх баримтад гарын үсэг зурах эрхийг эдэлж, компанийн үйл ажиллагаанд оролцож байгаа болно. Мөн манай компанийн өмч, үйл ажиллагаагаа явуулж буй цорын ганц байр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ү-22020096 дугаар 1260 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, зээлийн барьцаанд бариулах, зээлийг захиран зарцуулах гэсэн эрхтэй итгэмжлэлийг Ж ХХК үйлдүүлэн авсан ба уг итгэмжлэлийн дагуу Т.Гэрэлтуяа болон Хас банкны зээлийн барьцаанд манай компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа ажлын байрыг маань бариулсан ба одоогоор Хас банкны 10,000,000 ам.долларын зээлийн барьцаанд бариулчхаад байгаа болно.

Иймд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр 1,500,000 ам.доллар буюу 2,216,000,000 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг төлбөр дээр дурдсан үйл баримтын дагуу дуусч, мөн дээр дурдсан хэлбэрээр барагдуулахаар тохиролцсон зүйл билээ.

Ж ХХК-иас “Эс ти экс Ситинет” ХХК-д нийлүүлсэн үйлчилгээний үнэ нь тэдгээрийн хооронд байгуулагдсан Интернэтийн үйлчилгээ үзүүлэх тухай 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12/03 тоот гэрээгээр 1 сарын 120,000,000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үнэд өөрчлөлт оруулж, 1 сарын үйлчилгээний төлбөр 136,000,000 төгрөг болсон. Ингээд 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр дээрх гэрээнд заасан үнээр тооцоход (120,000,000х6сар)+(136,000,000x11сар)=2,216,000,000 төгрөг болох ба үүнийг “Эс Ти Экс Монголиа” ХХК болон Ц.Пүрэвжаргал нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний 5.3 дахь заалтын дагуу сар бүрийн эхний өдрийн Монгол банкны ханшаар ам.долларт хөрвүүлж тооцоход 1,500,000 ам.доллар болох юм.

Харин 2014 оны 3 сараас нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2016 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны интернэтийн үйлчилгээний төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл 335,354,334 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрч байна.

Мөн илүү нэхэмжилсэн 221,587,597 төгрөг болон алданги шаардах эрх нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэлээр үүсээгүй байх тул алданги 831,882,579.30 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,269,470,176.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг болон өмгөөлөгч Мөнгөнтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт хариуцагчаас төлсөн төлбөр, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр, түүний хэмжээ зэрэг тооцоололтой холбоотой хэсгийг шүүх болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчид тус тус бичгээр өгч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ж ХХК болон “Эс ти экс Ситинет” ХХК-иудын нягтлан бодогч О.Доржханд, Д.Батдорж нар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, Тоон суваг түрээсийн гэрээний өглөг, авлагын тооцоо нийлж, санхүүгийн баримтын тулган баталгаажуулалт хийсэн байдаг.

Уг тооцооны тулган баталгаажуулалтаар Ж ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 3,358,245,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байдаг. Үүнээс нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн тул 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын буюу 4 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр болох 70,499,000 (сарын төлбөр) х4 сар=281,996,000 төгрөгийг 3,358,245,000 төгрөгийн дүнгээс хасаж тооцох ёстой юм. Иймд 3,358,245,000-281,996,000=3,076,249,000 төгрөгийн үйлчилгээг Ж ХХК 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид нийлүүлсэн байна.

Харин “Эс ти экс Ситинет” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2014 оны 04 дүгээр сарын төлбөрийг төлснөөс хойш 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2,798,051,000 төгрөгийг төлсөн. /2016 оны 9, 10, 11, 12, 2017 оны 1-3 дугаар сарын төлбөрийг оролцуулахгүйгээр/

Иймд төлбөл зохих (3,076,249,000 төгрөг -төлсөн төлбөр 2,798,051,000) = =278,198,000 төгрөгийг Ж ХХК-д төлөх ёстой байна.

Харин зохигчдын маргаантай байгаа 2012 оны 10 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацааны 17 сарын интернэтийн төлбөр хавтаст хэрэгт авагдсан гэрээнд заасан үнээр тооцоход НӨАТ багтсан дүнгээр 2,437,600,000 төгрөг = (132,000,000 сарын төлбөр х 6 сар)+(149,600,000 сарын төлбөр х 11сар) юм. Харин НӨАТ-гүй сар бүрийн дүн 2,216,000,000= (120,000,000 сарын төлбөр х 6 сар)+(136,000,000 сарын төлбөр х 11сар) төгрөг болох юм. НӨАТ-т нийтдээ хариуцагч 221,600,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгэхгүй байгаа.

Харин үндсэн төлбөр болох 2,216,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс 2012 оны 10 сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт хэдэн төгрөгийн үйлчилгээ үзүүлснийг харуулах зорилгоор тооцоо гаргавал: (2012 оны 10 сараас 2014 оны 3 сар хүртэл 2,437,600,000) НӨАТ багтсан +(2014 оны 4 сараас -2016 оны 9 сар хүртэл 3,076,249,000) НӨАТ багтсан=5,513,849,000 төгрөг болж байна.

Харин уг төлбөрөөс хариуцагч НӨАТ-т 221,600,000 төгрөг+2014 оны 4 сараас хойш 2,798,051,000=3,019,651,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Мөн Ц.Пүрэвжаргалын мөнгөн төлбөрийн үүрэгт 2,216,000,000 төгрөгийг харилцан тооцуулах байдлаар дуусгавар болгосон тул 5,513,849,000-3,019,651,000 2,216,000,000=278,198,000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 3,604,824,510.30-278,198,000 төгрөг=3,326,626,510.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

           

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-д холбогдуулан “Үйлчилгээний үндсэн төлбөрт 2,772,941,931 төгрөг, алданги 831,882,579.30 төгрөг, нийт 3,604,824,510.30 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “... 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ж ХХК болон “Эс ти экс Ситинет” ХХК-иудын нягтлан бодогч нар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гэрээний өглөг, авлагын тооцоо нийлж нийт 3,358,245,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байдаг.

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн тул 3,358,245,000-281,996,000=3,076,249,000 төгрөгийн үйлчилгээг Ж ХХК 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид нийлүүлсэн байна.

Харин “Эс ти экс Ситинет” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2014 оны 04 дүгээр сарын төлбөрийг төлснөөс хойш 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2,798,051,000 төгрөгийг төлсөн.

Иймд төлбөл зохих (3,076,249,000 төгрөг -төлсөн төлбөр 2,798,051,000) = =278,198,000 төгрөгийг Ж ХХК-д төлөх ёстой байна.

Харин зохигчдын маргаантай байгаа 2012 оны 10 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацааны 17 сарын интернэтийн төлбөр хавтаст хэрэгт авагдсан гэрээнд заасан үнээр тооцоход НӨАТ багтсан дүнгээр 2,437,600,000 төгрөг = (132,000,000 сарын төлбөр х 6 сар)+(149,600,000 сарын төлбөр х 11сар) юм. Харин НӨАТ-гүй сар бүрийн дүн 2,216,000,000= (120,000,000 сарын төлбөр х 6 сар)+(136,000,000 сарын төлбөр х 11сар) төгрөг болох юм. НӨАТ-т нийтдээ хариуцагч 221,600,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгэхгүй байгаа.

Харин үндсэн төлбөр болох 2,216,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс 2012 оны 10 сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт хэдэн төгрөгийн үйлчилгээ үзүүлснийг харуулах зорилгоор тооцоо гаргавал: (2012 оны 10 сараас 2014 оны 3 сар хүртэл 2,437,600,000) НӨАТ багтсан +(2014 оны 4 сараас -2016 оны 9 сар хүртэл 3,076,249,000) НӨАТ багтсан=5,513,849,000 төгрөг болж байна.

Харин уг төлбөрөөс хариуцагч НӨАТ-т 221,600,000 төгрөг+2014 оны 4 сараас хойш 2,798,051,000=3,019,651,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Мөн Ц.Пүрэвжаргалын мөнгөн төлбөрийн үүрэгт 2,216,000,000 төгрөгийг харилцан тооцуулах байдлаар дуусгавар болгосон тул 5,513,849,000-3,019,651,000 2,216,000,000=278,198,000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 3,604,824,510.30-278,198,000 төгрөг=3,326,626,510.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргаж байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, интернэтийн үйлчилгээ 900 мб/с 1 сард 115,000 төгрөг, нийт 113,850,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үйлчилгээний гэрээний 10/13-ын хавсралт-3 интернэтийн үйлчилгээ 1025 мб/с, нэг сард 110,000 төгрөг, нийт 124,025,000 төгрөгөөр, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10/13-ийн хавсралт-3, интернэтийн үйлчилгээг 1055 мб/с,  нэг сард 110,000 төгрөг, нийт 127,655,000 төгрөгөөр, 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10/13-ийн хавсралт-4, интернэтийн үйлчилгээ 200 мб/с, 1 сарын үнэ 110,000 төгрөг, нийт 24,200,000 төгрөгөөр харилцан тохиролцсон,

2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10/26 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээгээр Европ портын интернэтийн бөөний үйлчилгээг 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай 30 мб-ийг 125,000 төгрөг, нийт 4,125,000 төгрөгөөр,

2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/13 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээний” гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээг 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай 1,500 мб-ийг 80,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөгөөр,

2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12/03 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, 1,500 мб-ийг 80,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөгөөр,

2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖН-13/008 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, 1,700 мб-ийг 80,000 төгрөг, нийт 149,600,000 төгрөгөөр, үйлчилгээний гэрээ ЖН-13/008-ийн хавсралт 2.1, интернэтийн үйлчилгээ 1000 мб-ийг 80,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгөөр, үйлчилгээний гэрээ ЖН-13/008-ийн хавсралт 2.2, интернэтийн үйлчилгээ 1000 мб-ийг 80,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгөөр,

2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЖН-13/015 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх нэмэлт” гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 100 мб-ийг 80,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгөөр,

 

Талуудын хооронд 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн МОН201103GNE1 дугаартай “Тоон суваг түрээслэх” гэрээгээр интернэтэд зориулсан тоон суваг түрээсийн үйлчилгээг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 8 сарын хугацаатай, Улаанбаатар-Дорноговь 1 суваг 90,000 төгрөг, Улаанбаатар-Говьсүмбэр 1 суваг 90,000 төгрөг, Улаанбаатар-Сэлэнгэ 1 суваг 90,000 төгрөг, нийт 297,000 төгрөгөөр,

2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн МОН201304GNE1 дугаартай “Тоо суваг түрээслэх” гэрээгээр интернэтэд зориулсан тоон суваг түрээсийн үйлчилгээ, 9 сарын хугацаатай, Улаанбаатар-Дорноговь 2 суваг 45,000 төгрөг, Улаанбаатар-Говьсүмбэр 2 суваг 45,000 төгрөг, Улаанбаатар-Сэлэнгэ 2 суваг 45,000 төгрөг, нийт 297,000 төгрөгөөр, МОН201304GNE1 дугаартай гэрээний хавсралт 2.1-ээр Улаанбаатар-Дорноговь суваг-2 45,000 төгрөг, Улаанбаатар-Сэлэнгэ 2 суваг, 45,000 төгрөг, нийт 198,000 төгрөгөөр,

2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЖН-16/016 дугаартай “Тоо суваг түрээслэх” гэрээгээр интернэтэд зориулсан тоон суваг түрээсийн үйлчилгээ, 1 жилийн хугацаатай, Улаанбаатар-Дархан МЦХ 10 суваг 0 төгрөгөөр,

2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЖН-14/012 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 1,500 мб-ийг 80,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөгөөр,

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЖН-15/025 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээгээр интернэтийн бөөний үйлчилгээг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, 800 мб-ийг 80,000 төгрөг, нийт 70,400,000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд болон Тоон суваг түрээслэх гэрээнүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 16-19, 20-22, 23-25, 26-28, 29-32, 33-35, 36-39, 40-42, 43-45, 46-48, 49-51 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ” буюу худалдах-худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/13, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10/26, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/13, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12/03, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖН-13/008, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЖН-13/015, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЖН-14/012, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЖН-15/025 дугаар гэрээний зүйл нь интернэтийн үйлчилгээ байх ба үнийг гэрээ тус бүр дээр талууд тохиролцжээ.

 

Мөн талуудын хооронд “Тоон суваг түрээслэх” гэрээ буюу түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан  бөгөөд зохигчид “Тоон суваг түрээслэх” гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх худалдах-худалдан авах гэрээнүүд болон түрээсийн гэрээнүүдээр 2012 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 03 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 2,606,357,387 төгрөг, 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 31 хүртэл хугацааны төлбөр 3,076,249,000 төгрөг, нийт 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 5,682,606,387 төгрөгийн интернэтийн үйлчилгээ болон тоон сувгийн үйлчилгээ нийлүүлсэн талаар зохигчид маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Эс Ти Экс Монголиа” ХХК болон П.Цэрэнпунцаг нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдах авах гэрээгээр “Эс ти экс Монголиа” ХХК-ийн гаргасан хувьцааны 35 хувийг 2,500,000 ам.доллараар худалдахаар тохиролцож, 1,000,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор багтаан “Эс Ти Экс Монголиа” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь 1,500,000 ам.долларыг 2012 оны 10 дугаар сараас сар бүр 1,500,000 ам.доллар хүртэл хэсэгчлэн шилжүүлэх, сар бүр 125,000,000 төгрөг байхаар “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас Ж ХХК-д төлөгдөх хилийн чанад дахь сүлжээний өргөн зурвасын төлбөр байх ба энэ нь “Эс Ти Экс Монголиа”  ХХК-д сар бүр төлөгдөх дүн болж шилжигдэхээр тохиролцжээ. /хх-ийн 69-72, 73-76 дугаар тал/

 

Дээрх гэрээг талууд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Гэрээ дүгнэж, дуусгавар болсонд тооцох” тухай акт үйлдэж, уг актаар 2012 оны 10 сараас 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 2,661,047 ам.долларыг шилжүүлсэн, “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэн авах эрхтэй боловч хувьцааг эзэмших эрхээсээ татгалзсан, 2,661,047 ам.долларыг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 87-88 дугаар тал/

 

“Эс Ти Экс Ситинет” ХХК болон Ц.Пүрэвжаргал нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр GN/CN-003 дугаартай “Эрх шилжүүлэх” гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааны үнэ болон “Эс ти экс Ситинет” ХХК-ийн 1260 м.кв талбайтай 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг эрх хүлээн авагчид шилжүүлж, гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд урьдчилан төлөгдсөн төлбөрийг буцаан төлсөн нөхцөлд эрх хүлээн авагч хувьцааг шилжүүлэн авах болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээсээ татгалзах, харин тухайн хугацаанд төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг эрх хүлээн авагчийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг хийлгэх, 35 хувийн хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх үүсэх, өөрийн өмчлөлд хувьцааг шилжүүлэх ажиллагааг эрх хүлээн авагч тал дангаараа гүйцэтгэх бүрэн эрхтэй байхаар талууд тохиролцжээ. /хх-ийн 91-97 дугаар тал/

 

Дээрх эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, хувьцаа шилжүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичгүүд болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд шаардагдах баримтуудыг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 150, 151, 152, 156, 157, 158 дугаар тал/

 

Эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөр болох 2012 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 2,437,600,000 төгрөгөөс “Эс Ти Экс Ситинет” ХХК НӨАТ-д 221,600,000 төгрөгийг төлж, үлдэх дүн болох 2,216,000,000 төгрөгт тооцож харилцан тооцсон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, гэрээ дүгнэж дуусгавар болсонд тооцох тухай акт, эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Үүнээс гадна хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сар хүртэл НӨАТ-д 221,600,000 төгрөг төлсөн болох нь талуудын хооронд тооцооны тулган баталгаажуулалт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондын ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно”, 238.4-т “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал баг хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаараа нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талууд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх интернэтийн болон тоон сувгийн түрээсийн төлбөрт 2,216,000,000 төгрөг буюу 1,500,000 ам.долларт  суутган тооцох зэрэг хэлбэрээр шийдвэрлэж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй ба Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид буюу нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн нягтлан бодогч нар 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл өглөг авлагын тооцоо тулган баталгаажуулалт хийж дээрх хугацааны төлөх төлбөр 2,606,357,387 төгрөгөөс 339,050,656 төгрөгийг төлсөн талаар тооцоо нийлсэн, мөн 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 12 дугаар хүртэл өглөг авлагын тооцоо тулган баталгаажуулалт хийж 3,358,245,000 төгрөгөөс 318,198,000 төгрөгийг тус тус төлсөн талаар тооцоо нийлж, энэ талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК нь 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл төлбөр болох 3,076,249,000 төгрөгөөс 2,698,051,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх төлбөрөөс хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК 329,504,731 төгрөгийг төлөхийг шүүх хуралдаанд зөвшөөрч тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЖН-14/012 дугаартай “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээний хавсралт 2-ын 3-т “Захиалагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө” гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасны дагуу худалдан авагч тал нь болох хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК нь худалдан интернэтийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд худалдагч тал болох нэхэмжлэгч Ж ХХК нь гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцон нэхэмжлэх эрхтэй юм.

Нэхэмжлэгч тал 2012 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл хугацааны алдангийн 30 хувиар тооцож нэхэмжилсэн байх бөгөөд алдангийн талаарх талуудын тохиролцоо гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилготойгоороо нэмэлт үүргийг үүсгэдэг тул гэрээний дагуу төлөх төлбөрт талууд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгосон байх тул талуудын хооронд үүссэн үндсэн болон нэмэгдэл үүрэг дуусгавар болжээ.

 

Харин талууд хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 329,504,731 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг 30 хувиар тооцсон үндэслэлээр 98,851,419 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас “Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх” гэрээний төлбөрт 329,504,731 төгрөг, алданги 98,851,419 төгрөг, нийт 428,356,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,176,468,360.30 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас 428,356,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,176,468,360.30 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 18,182,073 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Эс Ти Экс Ситинет” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,299,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС