Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1871

 

ЖН ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ЖН ХХК-ийн, хариуцагч “ЭТЭСН” ХХК-д холбогдуулан гаргасан 3 604 824 510.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч ЖН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: "ЖН" ХХК нь "ЭТЭСН" ХХК-тай анх 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 10/13 тоот гэрээг байгуулж, интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан. Үүнээс хойш 10/26, 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10/13, 12/03, ЖН-13/008, ЖН-13/015, ЖН-14/012, ЖН-15/025 тоот интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, MOH201103GNE1, MOH201304GNE1, ЖН-13/016 тоот тоон суваг түрээслэх гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж ирсэн.

2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "ЭТЭСН" ХХК нь "ЖН" ХХК-ийн удирдлагуудтай харилцан тохиролцож, хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээнд "ЖН" ХХК нь "ЭТЭСН" ХХК-ийн 35 хувийн хувьцааг худалдан авахаар тохиролцож, хувьцааны төлбөрийг "ЭТЭСН" ХХК-д өгч байгаа интернэтийн болон сувгийн үйлчилгээний cap бүрийн төлбөрөө барагдуулахаар болсон.

Энэ нь үйлчилгээний 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааг хамрахын зэрэгцээ нийт төлбөр нь тухайн cap бүрийн эхний өдрийн Монгол банкны ханшаар тооцогдож явахаар болсон.

Дээрх хувьцааны төлбөрт интернэт болон сувгийн гэрээт үйлчилгээний төлбөрөөр барагдуулах дүнг 1 500 000 ам.доллараар тооцохоор тохиролцсон. 2014 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 1 661 047 ам.доллар хүртэлх үйлчилгээг "ЖН" ХХК нь "ЭТЭСН" ХХК-д үзүүлсэн.

2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс "ЭТЭСН" ХХК нь үйлчилгээний төлбөрийг бөөний интернэтийн үйлчилгээ болон тоон суваг түрээслэх гэрээний 4.2-т заасны дагуу төлж явах байсан. Гэвч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүйн улмаас "ЖН" ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 955, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 974 тоот албан бичгүүдээр төлбөр төлөхийг шаардаж үйлчилгээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн.

Мөн үүний дээр компани нь дээрх 35 хувийн хувьцааг эзэмшихээс татгалзаж, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох акт үйлдэж, 2 талаас баталгаажуулан хувьцаа худалдаж авах асуудлыг дуусгавар болгосон.

Тухайн үед 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "ЭТЭСН" ХХК-ийн төлбөр хуримтлагдсаар нийт 2 458 700 000 төгрөг болсон. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээг бэлдэн 2 тал тохиролцон баталгаажуулсан.

Уг гэрээнд "ЭТЭСН" ХХК нь гэрээг байгуулснаас 3 сарын дараа, хэрэв "ЭТЭСН" ХХК нь дээрх төлбөрийг барагдуулахгүй бол "Жемнэт" ХХК нь "ЭТЭСН" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох компанийн байрыг нэр дээрээ шилжүүлж, мөн "ЭТЭСН" ХХК-ийн 35 хувийн хувьцааг эзэмшигч болохыг дурдсан.

Үүний зэрэгцээ уг өдөр харилцан эрх шилжүүлэх гэрээг мөрдөх батламж гарган 2 тал баталгаажуулан, хурлын тогтоолыг үйлдсэн. Үүнээс хойш төлбөр бүрэн төлөгдөхгүй үргэлжилсээр байсан тул манай компани 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1008, 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1151, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/083, 5 дугаар сарын 15-ны өдрийн 15/121 тоот албан бичгээр төлбөрөө барагдуулах шаардлагыг илгээсэн.

Уг албан тоотуудад манай компани нь "ЭТЭСН" ХХК-ийг харгалзан үзэж төлбөрийг бөөнөөр төлөхгүйгээр тухайн сарын үйлчилгээний бүтэн төлбөрийн хамт өмнөх үлдэгдлийн багахан хэсгийг оруулан cap бүр бага, багаар төлөх нөхцлөөр төлбөрийг барагдуулах санал хүргүүлсэн.  

"ЭТЭСН" ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15/92, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 15/127 тоот албан бичгүүдээр төлбөр төлөх хуваарь гаргаж, 3 хувааж нийт өрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр төлж дуусгах санал ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна.

Одоогоор 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээний үндсэн төлбөрт 2 772 941 931 төгрөгийн дутуу төлөлттэй болсон. Гэрээнд тусгасны дагуу уг үндсэн төлбөрт 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн алдангийн зөвхөн 30 хувь болох 831 882 579.30 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.доллар буюу 2 216 000 000 төгрөг, алданги 831 882 579.30 төгрөг, илүү нэхэмжилсэн 221 587 597 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэх эрхгүй, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний төлбөрийг төлөөгүй шалтгаан нь "ЭТЭСН" ХХК-ийн хувьцааны 35 хувийг худалдах-худалдан авах тухай 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсантай холбоотой гэж тайлбарлаж байна.

Тодруулбал, дээрх гэрээ байгуулагдахаас өмнө "ЖН" ХХК болон "ЭТЭСН" ХХК нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12/03 тоот интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ үйлчилж байсан ба 1 сарын үйлчилгээний төлбөр 120 000 000 төгрөг байсан. Харин 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "ЭТЭМ" ХХК болон иргэн Ц.П нарын хооронд "ЭТЭСН" ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг 2 500 000 ам.доллараар худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсан боловч гэрээний гол нөхцөл нь иргэн Ц.П-аас "ЭТЭМ" ХХК нь хүүгүй, хөрвөгч зээл авч байгаа зээлийн гэрээ юм.

Уг гэрээгээр 2 500 000 ам.долларын 1 000 000 ам.долларыг зээлдүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр шилжүүлэх, үлдэх 1 500 000 ам.долларыг "ЖН" ХХК-иас "ЭТЭСН" ХХК-д интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийлүүлж буй үйлчилгээгээр харилцан тооцож шилжүүлэхээр тохиролцсон байдаг.

Энэ тухай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 5.3-т “... төлбөр нь "ЭТЭСН" ХХК-иас "ЖН" ХХК-д төлөгдөх хилийн чанд дахь сүлжээний төлбөр байх ба "ЭТЭМ" ХХК-д cap бүр төлөгдөх дүн болж шилжигдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл "ЭТЭСН" ХХК-иас "ЖНт" ХХК-ийн дансанд шилжиж орсон тохиолдолд уг мөнгийг шилжүүлэхээр тохирсон.

Ингээд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч "ЖН" ХХК-иас интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу авсан төлбөрийг хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөөгүй гэж хариуцагч тайлбарлаж байна.

Тодруулбал, хариуцагч талаас иргэн Ц.П, "ЭТЭМо" ХХК-ийн хооронд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, дээрх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ биш, харин ам.долларын хүүгүй, хөрвөгч зээлийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл валютын ханшийн зөрүүгээр зээлийн эргэн төлөлтийг тооцох нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг иргэн Ц.Паас зээл олгохдоо тус компанийн хувьцааны 35 хувийг зээлийн баталгаа болгож, барьцаалан үйлдсэн болох нь тус гэрээний 5.1-д заасан "ЭТЭМ" ХХК нь Ц.Паас 2 500 000 ам.долларын зээл авч байгаа болно /”ЭТЭСН” ХХК-ийн хувьцааны 35 хувиас илүү хэсгийг шилжүүлэх баталгаатай/ гэж тодотгон заасан заалтаас тодорхой байна.

Зээлдэгчээс зээл олгохдоо 1 000 000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор, үлдэх 1 500 000 ам.долларыг 2012 оны 10 сараас эхлэн cap бүр 125 000 000 төгрөг шилжүүлж байхаар тохиролцсон бөгөөд дээрх 125 000 000 төгрөгийг "ЭТЭСН" ХХК-иас "Жемнэт" ХХК-д шилжүүлэх төлбөрөөс суутгахаар заасан боловч дээрх мөнгийг "Жемнэт" ХХК-ийн дансанд шилжүүлээгүй.

Мөн иргэн Ц.П нь "Жем интернэшнл" ХХК-иас зээлийн гэрээгээр дээрх 1 000 000 ам.долларыг 1 сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Иргэн Ц.Пүрэвжаргал нь "Жемнэт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, түүнд захиран зарцуулах эрх байхгүй тул дээрх заалт биелэгдэх боломжгүй.

Харин Ц.П нь "ЖИ" ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 ам.долларын зээлийг 1 сарын 1.2 хувийн хүүтэй зээлсэн ба энэ мөнгийг "ЭТЭСН" ХХК-д шилжүүлсэн. "ЖИ" ХХК нь 2014 оны 3 сараас эхлэн зээлийн төлбөрөө нэхэмжлэх болсон ба улмаар иргэн Ц.П нь "ЭТЭМ" ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн.

2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай актыг Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч "ЖН" ХХК-ийн захирал Ц.Б болон "ЭТЭМ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Бэ Хёг Хүн нар үйлдсэн. Гэрээнээс худалдан авагч тал татгалзсан тул толгой компани "ЭТЭМ" ХХК нь аргагүйн эрхэнд "ЭТЭСН" XXК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмнө тохиролцсон "ЭТЭСН" ХХК-ийн хувьцааны 35 хувь дээр нэмээд Ц.П-аас хувьцааны төлбөрт авсан 1 000 000 ам.доллар болон "Жемнэт" ХХК-иас "ЭТЭСН" ХХК-ийн үзүүлсэн интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.долларт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр "Эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулсан гэж тайлбарлаж байна.

Тодруулбал, "Жемнэт" ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ нь иргэн Ц.Пүрэвжаргалаас олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт үйлдсэн ба энэ нь компани хооронд байгуулсан гэрээтэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл иргэн Ц.Пүрэвжаргал болон "Эс Ти Экс Монголиа" ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг иргэн Ц.Пүрэвжаргалын "Жемнэт" ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлийн дагуу дүгнэж, акт үйлдсэн. Уг актад дараах нөхцлийг тохирч тусгасан байна.

Худалдагч тал худалдан авагч талд нийт 2 661 047 ам.долларыг буцаан төлөх хугацааг сунгах санал гаргасан. Худалдагчийн саналыг харгалзан худалдан авагч гэрээний 5.5-д заасан эрхийнхээ дагуу "ЭТЭСН" ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг эзэмших эрхээсээ татгалзаж, худалдагч тал 2 661 047 ам.долларыг буцаан төлөх, талууд тусгайлан гэрээ байгуулах замаар 2 661 047 ам.долларыг эгүүлэн төлөх нөхцөл, журам, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга, хугацааг тохирно. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болсонд тооцох тухай шийдвэрийг гаргасан. Зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөнөөс эргэн төлөлт хийгдэхгүй байсан тул төлбөрөө шаардаж, "Эс Ти Экс Монголиа" ХХК-ийн зүгээс обьектоо барьцаалах зөвшөөрөл өгсөн гэжээ.

 

Хариуцагч “ЭТЭСН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.доллар буюу 2 216 000 000 төгрөг, алданги 831 882 579.30 төгрөг, илүү нэхэмжилсэн 221 587 597 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, уг хугацааны төлбөр, алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.

Учир нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний төлбөрийг "ЭТЭСН" ХХК төлөөгүй шалтгаан нь "ЭТЭСН" ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг худалдах-худалдан авах тухай 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсантай холбоотой юм.

Дээр дурдсан хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдахаас өмнө "Жемнэт" ХХК болон "ЭТЭСН" ХХК нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12/03 тоот интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ үйлчилж байсан. Энэ гэрээгээр 1 сарын үйлчилгээний төлбөр 120 000 000 төгрөг байсан.

Харин 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "ЭТЭСН" ХХК-ийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшигч "Эс Ти Экс Монголиа" ХХК болон Ц.Пүрэвжаргал нарын хооронд "ЭТЭСН" ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг 2 500 000 ам.доллараар худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсан.

Уг гэрээний зүйл болох хувьцааны үнэ 2 500 000 ам.долларын 1 000 000 ам.долларыг худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр шууд төлөх, үлдэх 1 500 000 ам.долларыг "Жемнэт" ХХК-иас "ЭТЭСН" ХХК-д интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийлүүлж буй үйлчилгээгээр харилцан тооцож, төлөхөөр тохиролцсон. Энэ тухай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 5.3-т "... худалдан авагч нь 1 500 000 ам.долларыг 2012 оны 10 сараас cap бүр 1 500 000 ам.доллар хүртэл хэсэгчлэн шилжүүлнэ. Cap бүр төлөх дүн багадаа 125 000 000 төгрө, ханшийг тухайн сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Монгол банкны албан ёсны ханшаар бодож тооцно, хамгийн бага cap бүрийн төлбөр нь "ЭТЭСН" ХХК-иас "Жемнэт" ХХК-д төлөгдөх хилийн чанд дахь сүлжээний төлбөр байх ба энэ нь "Эс Ти Экс Монголиа" ХХК-д cap бүр төлөгдөх дүн болж шилжигдэнэ ..." гэж заасан ба нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ энэ тухай дурдсан байна.

2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд манай компани нэхэмжлэгч "Жемнэт" ХХК-иас интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу авсан интернэтийн үйлчилгээний төлбөрийг хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний дагуу төлөөгүй, 2014 оны 2 cap дуусаж, 3 cap гарахад ЖН ХХК-иас интернэтийн үйлчилгээний төлбөрөө нэхэмжлэх болсон ба улмаар хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээнд зааснаар худалдан авагч тал татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай актыг Ц.Пүрэвжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЖН ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ болон “Эс Ти Экс Монголиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Бэ Хёг Хүн нар үйлдсэн.

2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс худалдан авагч тал татгалзсан тул толгой компани "Эс Ти Экс Монголиа" ХХК аргагүйн эрхэнд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах "ЭТЭСН" ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж буй байр болох 1260 м.квадрат талбайтай, 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өмнө тохиролцсон "ЭТЭСН" ХХК-ийн нийт хувьцааны 35 хувьд нэмж Ц.Пүрэвжаргалаас хувьцааны төлбөрт авсан 1 000 000 ам.доллар болон "Жемнэт" ХХК-иас "ЭТЭСН" ХХК-д үзүүлсэн интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.долларт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээг Ц.Пүрэвжаргалтай байгуулсан.

Уг гэрээг хэрэгжүүлэх нөхцлийг эрх шилжүүлэх гэрээний 3.2, 3.3-т гэрээ хүчин төгөлдөр болсон 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 3 сарын дотор эрх шилжүүлэгч нь хувьцааны төлбөрт авсан 1 000 000 ам.доллар болон интернэтийн үйлчилгээний төлбөр 1 661 047 ам.долларыг эрх хүлээн авагчид төлж барагдуулаагүй бол эрх хүлээн авагч нь гэрээ ёсоор хувьцааны 35 хувь болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болж, холбогдох бүртгэлийг хийлгэхээр тохиролцсон.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт "ЭТЭСН" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, хувьцааны 35 хувийг шилжүүлснийг бүртгүүлэхэд шаардагдах болон дээр дурдсан компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичиг, итгэмжлэл зэргийг "Эс Ти Экс Монголиа" ХХК болон "ЭТЭСН" ХХК-ийн зүгээс бэлтгэж, баталгаажуулан гэрээний хавсралтаар хүлээлгэн өгсөн.

Гэвч гэрээний заалтуудын дагуу эрх шилжүүлэн авагч нь гэрээний зүйлийг хүлээн авах талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа боловч Ц.Пүрэвжаргал болон "Жемнэт" ХХК нь манай компанийн хувьцааны 35 хувийг шилжүүлэн авсан, эзэмших эрхтэй гэж үзээд П.Улаанхүүг 2015 оны 8 сараас эхлэн манай компанийн гүйцэтгэх захирлаар томилуулан 1 сарын 2 000 000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээнүүд хийх баримтад гарын үсэг зурах эрхийг эдэлж, компанийн үйл ажиллагаанд оролцож байгаа болно.

Мөн манай компанийн өмч, үйл ажиллагаагаа явуулж буй цорын ганц байр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ү-22020096 дугаар, 1260 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, зээлийн барьцаанд бариулах, зээлийг захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг "Жемнэт" ХХК үйлдүүлэн авсан ба уг итгэмжлэлийн дагуу Т.Гэрэлтуяа болон “Хас банк” ХХК-ийн зээлийн барьцаанд манай компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа ажлын байрыг бариулсан. Одоогоор Хас банк ХХК-ийн 10 000 000 ам.долларын зээлийн барьцаанд бариулсан.

Иймд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.доллар буюу 2 216 000 000 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

"Жемнэт" ХХК-иас "ЭТЭСН" ХХК-д нийлүүлсэн үйлчилгээний үнэ нь тэдгээрийн хооронд байгуулагдсан интернэтийн үйлчилгээ үзүүлэх тухай 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12/03 тоот гэрээгээр 1 сарын 120 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үнэд өөрчлөлт оруулж, 1 сарын үйлчилгээний төлбөр 136 000 000 төгрөг болсон.

2012 оны 10 сараас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 17 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр, дээрх гэрээнд заасан үнээр тооцвол (120 000 000 х 6 сар)+(136 000 000 x 11 сар)=2 216 000 000 төгрөг болох ба үүнийг "Эс Ти Экс Монголиа" ХХК болон Ц.Пүрэвжаргал нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний 5.3-т заасны дагуу cap бүрийн эхний өдрийн Монгол банкны ханшаар ам.долларт хөрвүүлж тооцвол 1 500 000 ам.доллар болох юм.

Харин 2014 оны 3 сараас нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны интернэтийн үйлчилгээний төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл 338 198 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрч байна.

Мөн илүү нэхэмжилсэн 221 587 597 төгрөг болон алданги шаардах эрх нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэлээр үүсээгүй байх тул алданги 831 882 579.30 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр "Жемнэт" ХХК болон "ЭТЭСН" ХХК-иудын нягтлан бодогч О.Доржханд, Д.Батдорж нар 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, Тоон суваг түрээсийн гэрээний өглөг, авлагын тооцоо нийлж, санхүүгийн баримтын тулган баталгаажуулалт хийсэн.

Уг тооцооны тулган баталгаажуулалтаар "Жемнэт" ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 358 245 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн.

Үүнээс нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн тул 2016 оны 9, 10, 11, 12 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр болох 70 499 000 (сарын төлбөр) х 4 сар=281 996 000 төгрөгийг 3 358 245 000 төгрөгийн дүнгээс хасаж тооцох ёстой учраас 3 358 245 000-281 996 000=3 076 249 000 төгрөгийн үйлчилгээг "Жемнэт" ХХК 2014 оны 4 сараас 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид үзүүлсэн.

Харин "ЭТЭСН" ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2014 оны 4 сарын төлбөрийг төлснөөс хойш, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 798 051 000 төгрөгийг төлсөн.

Иймд (3 076 249 000 төгрөг-төлсөн төлбөр 2 798 051 000) =278 198 000 төгрөгийг "Жемнэт" ХХК-д төлөх ёстой. Харин зохигчдын маргаантай байгаа 2012 оны 10 сараас 2014 оны 3 cap хүртэлх хугацааны 17 сарын интернэтийн төлбөр хэрэгт авагдсан гэрээнд заасан үнээр тооцвол НӨАТ багтсан дүнгээр 2 437 600 000 төгрөг = (132 000 000 сарын төлбөр х 6 сар)+(149 600 000 сарын төлбөр х 11 cap) юм.

Харин НӨАТ-гүй cap бүрийн дүн 2 216 000 000=(120 000 000 сарын төлбөр х 6 сар)+(136 000 000 сарын төлбөр х 11 cap) төгрөг болох юм. НӨАТ-д нийт хариуцагч 221 600 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч үүнийг үгүйсгэдэггүй. Мөн үндсэн төлбөр болох 2 216 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс 2012 оны 10 сараас 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт хэдэн төгрөгийн үйлчилгээ үзүүлснийг харуулах зорилгоор тооцоо гаргавал (2012 оны 10 сараас 2014 оны 3 cap хүртэл 2 437 600 000) НӨАТ багтсан+(2014 оны 4 сараас-2016 оны 9 cap хүртэл 3 076 249 000) НӨАТ багтсан=5 513 849 000 төгрөг болж байна. Уг төлбөрөөс хариуцагч НӨАТ-д 221 600 000 төгрөг+2014 оны 4 сараас хойш 2 798 051 000=3 019 651 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Ц.Пүрэвжаргалын мөнгөн төлбөрийн үүрэгт 2 216 000,000 төгрөгийг харилцан тооцуулах байдлаар дуусгавар болгосон тул 5 513 849 000-3 019 651 000 2 216 000 000=278 198 000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 3 604 824 510.30-278 198 000 төгрөг=3 326 626 510.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "ЭТЭСН" ХХК-иас 428 356 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Жемнэт" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3 176 468 360.30 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Жемнэт" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 18 182 073 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч "ЭТЭСН" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 299 731 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч "Жемнэт" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх интернетийн бөөний үйлчилгээ авсан хугацаа хамаарч байх ба хариуцагч "ЭТЭСН" ХХК нь интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Мөн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг "Жемнэт" ХХК-д төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Тодруулбал, Иргэний хуульд зааснаар гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаар хариуцагч маргадаггүй. Харин хариуцагч нэхэмжлэлд хамааралгүй хэлцлийг хэрэгт хамааруулан маргадаг бөгөөд энэ харилцаанд орсон талууд нь өөрийн гэрээний асуудлаараа шүүхэд ямар нэгэн хүсэлт, тайлбар гаргаагүй.

Шүүх зохигч талуудын хооронд байгуулагдаагүй гэрээ хэлцлийг талуудын хооронд байгуулагдсан гэж үзэж байгаа нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хэрэв зохигч биш хуулийн этгээд, зохигч биш иргэнтэй байгуулсан гэрээг хэрэгт хамааруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээний харилцаанд орсон талуудыг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байхыг шаардана.

Шүүх хэргийн оролцогч биш гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ, хэлцлийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр зохигчдын үйлчилгээний эрхэнд хамааруулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг нотолж байна.

Нэхэмжлэгч "Жемнэт" ХХК нь "ЭТЭСН" ХХК-ийг хариуцагчаар татаж интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зөвхөн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэний хэрэг үүссэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлөгдөөгүй төлбөрийг гаргуулах асуудлыг хянан хэлэлцэх ёстой байтал хэрэгт хамааралгүй хэлцлийг дүгнэж, шийдвэр гаргаж байгаа нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шаардлагатай гэж үзвэл эрх нь зөрчигдсөн этгээдүүдийг оролцуулан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч ЖН ХХК нь “ЭТЭСН” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 604 824 510 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талууд 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 9 өөр үнийн дүн бүхий 10/13, 10/26, 12/03, 13/008, ЖН13/015 тоот интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд интернэтэд зориулан өндөр хурдны тоон суваг түрээслэх 5 гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу үйлчилгээ авсан байдаг. /хх-16-51 дүгээр хуудас/

Ингэснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч “ЭТЭСН” ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу интернэтийн болон тоон сувгийн 5 682 606 387 төгрөгийн үйлчилгээ авсан, төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг хүлээн зөвшөөрч, харин 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг үүргийг харилцан тооцох журмаар дуусгавар болгосон, 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 338 198 000 төгрөгийн төлөхийг зөвшөөрч, алданги төлөх үндэслэлгүй гэж марган, талууд мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч ЖН ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн.

Хариуцагч “Эс Ти Экс Монголиа” ХХК, иргэн П.Цэрэнпунцаг нар 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “ЭТЭСН” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээ 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт үлдсэн байна. Мөн “Эс Ти Экс Монголиа” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.Пүрэвжаргалтай GN/CN-0003 дугаартай эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр “ЭТЭСН” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг, тус компанийн байрлаж буй 1260 м.кв талбай бүхий 4 давхар барилгыг Ц.Пүрэвжаргалд шилжүүлэх, уг эрхээ шилжүүлэх нөхцөл, хугацааг тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-73-76, 87-97, 147-149 дүгээр хуудас/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч “ЭТЭСН” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох 2 437 600 000 төгрөгөөс 221 600 000 төгрөгийг төлсөн, үлдэх 2 216 000 000 төгрөгийг дээрх эрх шилжүүлэх гэрээ болон гэрээг дүгнэж дуусгавар болсонд тооцох тухай актаар харилцан тооцон дуусгавар болсон гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Учир нь дээрх иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан хувьцааны өр төлбөр шилжүүлэх, зээл тооцох асуудлаар хийгдсэн гэрээний харилцааг зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шууд хамааруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Ц.Пүрэвжаргалыг “Жемнет” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцагын охин гэдгээр түүний бусад этгээдтэй хийсэн гэрээ, хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч компаниудын хоорондын гэрээний үүргийг харилцан тооцсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч талыг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчилгээний төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үүргийг харилцан тооцоогүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

Гэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч талын хувьд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээний төлбөр гаргуулахаар шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, үүний улмаас хариуцагч талд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнтэй холбоотойгоор үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Харин 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй. Нэхэмжлэгч компани нь хариуцагч талд худалдах-худалдан авах гэрээний дагуу үйлчилгээний төлбөрөө төлөхийг албан бичгээр мэдэгдэж, төлбөрийн тооцоогоо хүргүүлсэн байхаас гадна хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлж, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны энэ хугацааны төлбөрийн үлдэгдлийг 338 198 000 төгрөгөөр тооцон баталгаажуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /2хх-59-61 дүгээр тал/

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Жемнет” ХХК-ийн, “ЭТЭСН” ХХК-д хүргүүлсэн төлбөрийн тооцооны баримт болон талуудын тооцоо нийлж баталгаажуулсан баримт зэргийг харьцуулан үзэхэд гэрээний талууд 1 сарын үйлчилгээний үнийн дүнг 2 өөр үнээр, мөн ам.доллараар тодорхойлж, ханшийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцохоор тохиролцсон байх тул 1 сарын үйлчилгээний үнийн дундажийг тооцон хариуцагч компанийг, 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд 614 675 0000 /153 668 750 төгрөг х 4 сар/ төгрөгийн үйлчилгээ авсан гэж дүгнэлээ. /2хх-58-61, 1хх- дүгээр тал/  

Нэхэмжлэгч нь ямар гэрээний дагуу, ямар үүргээс хэрхэн тооцон алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүйгээс гадна талуудын интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 2-ын 4 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцээгүй. Өөрөөр хэлбэл алдангийг ямар үүргээс тооцож авах нь тодорхойгүй, мөн тоон суваг түрээслэх гэрээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй байна. Иймд анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭТЭСН” ХХК-иас 932 873 000 /есөн зуун гучин хоёр сая найман зуун далан гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖН ХХК-д олгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 671 951 510 /хоёр тэрбум зургаан зуун далан нэгэн сая есөн зуун тавин нэгэн мянга таван зуун арван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 18 182 073 төгрөгийг нөхөн төлүүлэн улсын орлогод оруулж, хариуцагч “ЭТЭСН” ХХК-иас 4 822 315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жемнет” ХХК-д буцаан олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Жемнет” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 040 291.80 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                               Ч.ЦЭНД