Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00878

 

 

 

 

 

 

2020 оны 04сары 06өдөр

181/ШШ2020/00878

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК /Р/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц ХХК /РД/-д холбогдох,

50,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь тус компанитай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах М ХХК-ийн агуулахын барилгад ачаа зөөврийн зориулалттай, 4 зогсоолтой, 2000 кг, 0.25м/с хурдтай 2 ширхэг ачааны өргүүрийг нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, барилгын норм ба дүрэмд нийцүүлэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний нийт үнэ 46,000,000 төгрөг ба уг үнэд ачааны өргүүрийн үнэ, угсарч суурилуулах ажлын хөлс, холбогдох бүх татвар хураамж багтсан. М ХХК нь уг төлбөрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 29,900,00 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9,200,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 39,100,000 төгрөгийг Ц ХХК-д шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу Ц ХХК нь ачааны өргүүрийг улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой бичиг баримтын бүрдэл, техникийн бүрэн бүтэн ажиллагаа, өргүүрийн норм дүрэм гэх мэт зүйлсийг хангасан байх, Улсын комиссоос тавьсан шаардлагын дагуу засан сайжруулах, шинэчлэн хийх үүргийг хүлээсэн ба Улсын комисс өргүүрийг нэг мөсөн хүлээж авахаас татгалзсан бол гэрээнд заасан төлбөрийг М ХХК-д маргаангүйгээр буцаан төлөх үүргийг мөн хүлээсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Ц ХХК-ийн нийлүүлж, угсарсан 2 ширхэг ачааны өргүүрт хяналт шалгалт хийж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны 02-07-139/1534 тоот дүгнэлтээр өргүүрийг буулгахаар шийдвэрлэж, дүгнэлтийн хувийг бидэнд ирүүлсэн. Эрх бүхий байгууллагаас өргүүрийг буулгах дүгнэлт гарсан тул Ц ХХК-аас нийлүүлж суурилуулсан ачааны өргүүрийг буулгаж, М ХХК-ийн шилжүүлсэн төлбөрийг буцаан шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй ажилд саад учруулж, биднийг хохироож байна. Ц ХХК-аас ачааны өргүүрийг буулгах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул бид мэргэжлийн байгууллага болох Сигма монголиа ХХК-аас өргүүрийг буулгах үнийн санал авахад 1 өргүүрийг буулгах зардал 5,500,000 төгрөг ба 2 ширхэг өргүүрийг 11,000,000 төгрөгөөр буулгах үнийн саналыг өгсөн. Иймд хариуцагч Ц ХХК-аас манай компанийн төлсөн төлбөр болох 39,100,000 төгрөг, ачааны өргүүрийг буулгахад гарах зардал 11,000,000 төгрөг, нийт 50,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ хийхийн өмнө дараах нөхцөл байдалтайгаар байлаа. Эмийн төв агуулахын барилгын зураг гараагүй, барилгын зураг барилга баригдаад Улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө батлуулсан. Барилгыг эхний ээлжинд зоорийн давхартайгаа 4 давхар байхаар, ашиглаж эхэлснээс хойш 2-3 жилийн дараа нэмж 2 давхар барихаар төлөвлөж байсан. Ачааны өргүүрийг эхний удаа тавьж, нэмэгдэл 2 давхрыг барьсны дараа үйлдвэрээс ачааны лифт тавихаар ярьж тохирсон. Учир нь бүрэн босоогүй барилга дээр хямдаар ачааны өргүүр түр тавьж, барилга бүрэн дууссаны дараа үйлдвэрийн үнэтэй ачааны лифт захиалж угсрахаар Моносын захиралтайгаа тохирсон гэж надад хэлсэн. Бидний хийсэн ачааны өргүүр нь үйлдвэр, агуулахуудад ашиглаж байгаа хийц загварын дагуу хийгдсэн болно. Ачааны өргүүрийг зургийн байгууллагаас гаргасан зургийн дагуу хийгдсэн ба даац, хүчний тооцоог Монгол Улсын зөвлөх инженер, доктор дэд профессор хүн хийсэн болно. Бидний хийсэн ачааны өргүүр нь ашиглалтын болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахуйцаар хийгдсэн болно. Мөн өргүүрүүдийг хийсэн хийц материалуудыг үйлдвэрээс захиалгаар нийлүүлж, угсралт, холболтыг чанарын шаардлага хангахуйцаар хийсэн болно. Ачааны өргүүрийг хийх болсон шалтгаан нь 2-3 жилийн хугацаатай ашиглах учраас үйлдвэрийн лифтээс 3 дахин хямд, ашиглалтын болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах боломжтой. Монос компанийн ерөнхий захирлаас зөвшөөрөгдсөн. 2-3 жилийн дараа үйлдвэрийн ачааны лифтийг манай компаниар захиалж нийлүүлэн угсрахаар тохирсон бөгөөд одоогийн агуулахын дарга дур мэдэн өөр компаниар хийлгэнэ гэж байгаад эсэргүүцэж байгаа тул Моносоос тавих шаардлагыг хариуцахгүй. Одоо Монос компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь дээрх асуудлыг тодруулсны дараагийн асуудал болно. Ачааны 2 ш өргүүрт зарцуулсан бүх эд анги, материалууд нь Монос компанид байгаа болно. Харин манай компани ажлын хөлс, НӨАТ, татвар, ашгийн мөнгөө аваагүй болно. Ачааны өргүүрийг буулгах ажлын хөлс гэх 5,5 сая бүгд 11,0 сая төгрөгөөр буулгана гэсэн тэнгэрт хадсан амьдралгүй тоотой мөнгийг нэхэмжилсэн байгааг болон бусад нэхэмжлэлийг хүлээн авахгүй. Монгол улсын шүүгч энэ асуудалд ёс зүйтэй хандаж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Барилгын хийц нь аяган суурьтай, доош нэмж ухах буюу зоорийн давхарт ачих, буулгах зогсоол хийх хэрэгтэй гэсэн тул хийцийг сонгосон болно. Монос компаниас шаардсан нөхцлийг бүрдүүлэхийн тулд хийгдсэн төхөөрөмж болно гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн төлбөр болох 39,100,000 төгрөг, доголдолтой гүйцэтгэсэн ачааны өргүүрийг буулгуулахад гарсан зардалд 11,000,000 төгрөг, нийт 50,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

М ХХК болон Ц ХХК нарын хооронд 2018 оны 10 сарын 12-ны өдөр Ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ нэртэй гэрээ /хх-6-11 тал/ байгуулагдаж, Ц ХХК нь М ХХК-д ачаа зөөврийн зориулалттай, 4 зогсоолтой, 2000 кг, 0.25м/с хурдтай 2 ширхэг ачааны өргүүрийг нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх , М ХХК нь Ц ХХК-д 46,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Ц ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, М ХХК-ийн агуулахын барилгад ачаа зөөврийн зориулалттай, 4 зогсоолтой, 2000 кг, 0.25м/с хурдтай 2 ширхэг ачааны өргүүрийг угсарсан байх боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 02-07-139/1534 дугаартай дүгнэлт /хх-21,22 тал/-ээр М ХХК-ийн агуулахын барилгын лифтний хонгилд зураг төсөл, тооцоо судалгаагүй өргүүр угсарсан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.46 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Ц ХХК-ийн угсарсан өргүүрийг буулгах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтад өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.46 дахь заалтад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж тус тус заасан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-12,13 тал/-т тус компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг краны засвар үйлчилгээ гэж тэмдэглэсэн байх ба Ц ХХК-ийн 2016 оны 12 сарын 27-ны өдрийн огноо бүхий ӨБ19-1480/16 дугаартай тусгай зөвшөөрөл /хх-14,15 тал/-д Ц ХХК-д өргөх байгууламж 4.2 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 2016 оны 12 сарын 27-ны өдрөөс таван жилийн хугацаатай олгосон талаар тэмдэглэсэн байна.

Өргөх байгууламж 4.2 гэдэг ажил үйлчилгээний төрөлд ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн /барилгын өргүүр, манипуляторт кран, сагстай өргөгч/ угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ багтах талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгасан байна.

Ц ХХК нь М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлж, угсарсан гэх өргүүрүүдийг үйлдвэрлэгчээс худалдан авч, угсарч суурилуулаагүй, тодорхой эд ангийг худалдан авч өөрсдөө үйлдвэрийн бус аргаар өргүүрүүдийг үйлдвэрлэн, угсарч суурилуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь заалтад Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад Чанарын шаардлага хангасан ачааны өргүүр гэдэгт гэрээний хавсралт 1-д заасан техникийн нөхцөл, зураг, хийц бүхий, үйлдвэрийн баглаа боодолтой, өмнө нь ашиглагдаж байгаагүй, ашиглалтын заавар, гэрчилгээтэй, баталгаат хугацаатай, ямар нэгэн гэмтэл доголдолгүй шинэ эд анги, материалаар хийгдэх, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад нийцсэн дүүжин өргүүр гэж ойлгоно гэж заасан байхад Ц ХХК нь тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа, зураг төсөлгүй, тооцоо судалгаагүй, өргүүр угсарсан байх тул Ц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэж үзнэ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул М ХХК нь гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

М ХХК нь Ц ХХК-д ажлын хөлсөнд нийт 46,000,000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохиролцсон байснаас 2018 оны 10 сарын 16-ны өдөр 29,900,000 төгрөг, 2018 оны 11 сарын 15-ны өдөр 9,200,000 төгрөг, нийт 39,100,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банкны мемориалын баримт, Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга зэргээр /хх-23,24 тал/ тогтоогдож байх ба Ц ХХК-ийн угсарч суурилуулсан өргүүрүүдийг Сима тек ХХК-тай 2020 оны 03 сарын 26-ны өдөр 20200326/01 дугаартай Цахилгаан шат буулгах ажлыг гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, нийт 11,000,000 төгрөгийн хөлстэйгөөр өргүүрүүдийг буулгуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2020 оны 03 сарын 30-ны өдөр 5,500,000 төгрөг, 2020 оны 04 сарын 06-ны өдөр 5,500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг Сима тек ХХК-д ажлын хөлсөнд шилжүүлж, Сима тек ХХК нь өргүүрүүдийн 2020 оны 04 сарын 02-ны өдөр бүрэн буулгаж дуусаж, 2020 оны 04 сарын 06-ны өдөр М ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан М ХХК болон Сима тек ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, Цахилгаан шат нураалтын хүлээлцэх акт, М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд ажлын хөлсөнд авсан 39,100,000 төгрөгийг М ХХК-д өргүүрийн материалыг бусдад худалдан борлуулсны үндсэн дээр буцаан төлж болно гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд харин өргүүр буулгах ажил гүйцэтгүүлэхэд гарсан гэх 11,000,000 төгрөгийн зардал нь хэт өндөр, энэ төрлийн ажлыг гүйцэтгэхэд 1,500,000 төгрөгөөс илүү зардал гарахгүй гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь заалтад Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 227.3 дахь заалтад Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан, М ХХК нь Ц ХХК-ийн угсарч суурилуулсан өргүүрүүдийг буулгуулахад бусдад 11,000,000 төгрөгийн төлбөр төлж зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн гаргаж буй өргүүр буулгах ажил гүйцэтгүүлэхэд гарсан гэх 11,000,000 төгрөгийн зардал нь хэт өндөр, энэ төрлийн ажлыг гүйцэтгэхэд 1,500,000 төгрөгөөс илүү зардал гарахгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр 39,100,000 төгрөг, доголдолтой гүйцэтгэсэн ачааны өргүүрийг буулгах зардалд 11,000,000 төгрөг, нийт 50,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ц ХХК-аас 50,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 408,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-аас 408,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР