Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1127

 

 

 

“М ф т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00878 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М ф т” ХХК-ийн хариуцагч “Ц к” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 50 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч З.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ц к” ХХК-тай ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээг байгуулсан. Улаанбаатар хот Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах агуулахын барилгад ачаа зөөврийн зориулалттай, 4 зогсоолтой, 2000 кг, 0.25м/с хурдтай 2 ширхэг ачааны өргүүрийг нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, барилгын норм ба дүрэмд нийцүүлэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний нийт үнэ 46 000 000 төгрөг ба уг үнэд ачааны өргүүрийн үнэ, угсарч суурилуулах ажлын хөлс, холбогдох бүх татвар хураамж багтсан. Манай компани 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 29 900 00 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 200 000 төгрөг, нийт 39 100 000 төгрөг төлсөн. “Ц к” ХХК-ийн гүйцэтгэсэн ачааны өргүүрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны 02-07-139/1534 тоот дүгнэлтээр өргүүрийг буулгахаар шийдвэрлэсэн тул “Ц к” ХХК-д ачааны өргүүрийг буулгаж, төлбөрийг буцаан шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.  Манай компани “Сигма монголиа” ХХК-аас өргүүрийг буулгах үнийн санал авахад 1 өргүүрийг 5 500 000 төгрөг ба 11 000 000 төгрөгөөр буулгуулсан. Иймд “Ц к” ХХК-аас ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээний үнэд төлсөн 39 100 000 төгрөг, буулгахад гарах зардал 11 000 000 төгрөг, нийт 50 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эмийн төв агуулахын барилгын зураг гараагүй, барилгын зураг нь барилга баригдаад Улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө батлуулсан. Барилгыг эхний ээлжинд зоорийн давхартай 4 давхар байхаар, ашиглаж эхэлснээс хойш 2-3 жилийн дараа нэмж 2 давхар барихаар төлөвлөж байсан. Ачааны өргүүрийг эхний удаа тавьж, нэмэгдэл 2 давхрыг барьсны дараа үйлдвэрээс ачааны лифт тавихаар тохирсон. Учир нь баригдаагүй барилгад  хямд зардлаар ачааны өргүүр түр тавьж, барилга бүрэн дууссаны дараа үйлдвэрийн үнэтэй ачааны лифт захиалж угсрахаар “М ф т” ХХК-тай тохирсон. Манай компани ачааны өргүүрийн зургийг даац, хүчний тооцоог Монгол Улсын зөвлөх инженер, доктор дэд профессороор хийсэн. Бидний хийсэн ачааны өргүүр нь ашиглалтын болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан. Мөн өргүүрийг хийсэн хийц материалуудыг үйлдвэрээс захиалгаар нийлүүлж, угсралт, холболтыг чанарын шаардлага хангахуйц хийсэн. Ачааны өргүүрийг хийх болсон шалтгаан нь 2-3 жилийн хугацаатай ашиглах учраас үйлдвэрийн лифтээс 3 дахин хямд, ашиглалтын болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах боломжтой. “М ф т” ХХК-ийн зөвшөөрсөн. 2-3 жилийн дараа үйлдвэрийн ачааны лифтийг захиалж нийлүүлэн угсрахаар тохирсон. Ачааны 2 ширхэг өргүүрт зарцуулсан бүх эд анги, материалууд нь “М ф т” ХХК-д байгаа болно. Харин манай компани ажлын хөлс, НӨАТ, татвар, ашгийг аваагүй болно. Ачааны өргүүрийг буулгах ажлын хөлс гэх 5 5 000 000, нийт 11 000 000 төгрөгөөр буулгана гэсэн нь үндэслэлгүй хэт өндөр зардал байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц к” ХХК-аас 50 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ф т” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 408 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц к” ХХК-аас 408 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ф т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч “Ц к” ХХК-аас 50 100 000 төгрөг гаргуулж “М ф т” ХХК-д олгохоор шийдвэрлэсний 11 000 000 төгрөг гаргуулахыг хэсгийг зөвшөөрөхгүй байна. “М ф т” ХХК нь “Ц к” ХХК-ийн угсарч суурилуулсан өргүүрийг “Сима тех” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн цахилгаан шат буулгах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 11 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэж анхан шатны шүүх дүгнэж манай компаниас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. "Цамхагт кран” ХХК нь “М ф т” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарыи 12-ны өдөр ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах тухай гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд өргүүрийн материалыг бусдад худалдан борлуулсаны дараа нэхэмжлэгчид уг зардлыг төлнө гэж тайлбарласан. “Монос фарм трейд" ХХК нь манай компанийн угсарч суурилуулсан өргүүрийг буулгахдаа биднээс зөвшөөрөл аваагүй. “Сима тех” ХХК-тай цахилгаан шат бууглах ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, бусдын эд зүйлүүдийг дахин ашиглах боломжгүй болтол эвдсэн. Дээрх эд зүйлийг ашиглах бүрэн боломжтой, сайн чанарын материалаар хийсэн өргүүр байсан. “М ф т” ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас манай компанид хохирол учирсан тул уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэм хорыг хэд хэдэн этгээд хамтарч учруулсан тул суурилуулсан өргүүрийн үнэ 11 000 000 төгрөгийг “М ф т” ХХК болон “Сима тех” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч “М ф т” ХХК нь хариуцагч “Ц к” ХХК-д холбогдуулан ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээний үнэд төлсөн 39 100 000 төгрөг, хохиролд 11 000 00 төгрөг, нийт 50 100 000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч чанарын шаардлага хангасан өргүүр суурилсан, уг өргүүрийг буулгах талаар мэдэгдээгүй тул өргүүр буулгасны төлбөр 11 000 000 төгрөг төлөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ байгуулагдаж, худалдагч тал нь эрх бүхий байгууллагаар батлагдсан барилгын зураг төсөлд нийцсэн, эрхийн болон биет байдлын доголдолгүй ачаа, зөөврийн зориулалттай 4 зогсоолтой, 2000 кг, 0.25 м/с хурдтай, 2 ширхэг ачааны өргүүрийг худалдан авагчид нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, барилгын норм ба дүрэм, захиалагчийн барилгын зураг төсөлд нийцүүлэн гүйцэтгэх, худалдан авагчийн эрх бүхий төлөөлөгчид үр дүнг актаар хүлээлгэн өгөх, худалдан авагч гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөл журмын дагуу ачааны өргүүрийн үнэ болон суурилуулсан ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон байна. /хх-6-11/

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-139/1534 дугаар дүгнэлтээр “М ф т” ХХК-ийн агуулахын барилгын лифтний хонгилд зураг төсөл, тооцоо судалгаагүй өргүүр угсарсан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-т заасныг заасныг зөрчсөн тул “Ц к” ХХК-ийн угсарсан өргүүрийг буулгах нь зүйтэй гэж дүгнэжээ. /хх-21-22/

Нэхэмжлэгч “М ф т” ХХК нь уг өргүүрийн “Сима тех” ХХК-аар буулгуулсны зардал 11 000 000 төгрөгийг хариуцагч “Ц к” ХХК нь төлөх үүрэгтэй гэж нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч буулгах талаар мэдэгдээгүй, өргүүрийн материалыг эвдэж гэмтээсэн гэх үндэслэл заан анхан шатны шүүх хуралдааны үеэр өргүүр угсралтын зардал 9 000 000 төгрөгийг “М ф т” ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийн хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэж заасан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг уг зөрчил буюу улсын тэмдэгтийн хураамжийг төлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь талуудын хооронд байгуулсан ачааны өргүүр нийлүүлж, угсарч суурилуулах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байх тул уг нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 193 687 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА