Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/шш2017/00207

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/00207

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Р.Л нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Х ХХК-д холбогдох

56 132 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Л.Х ХХК-тай 63.8 м.кв байрыг 143 550 000 төгрөгөөр захиалж, урьдчилгаанд 25% болох 35 000 0000 төгрөг төлсөн. Гэвч өдийг хүртэл байр барилгүй 3 жил хохироож байна. Энэ талаар шаардахаар захирал нь байр ашиглалтад ортол байрны түрээсийн мөнгийг чинь өгнө гэж залилсаар ирсэн.

Миний бие болон гэр бүл байрны түрээсэнд 2014 оны 08 сараас 2016 оны 04 сар хүртэл 20 сар 750 000 төгрөгөөр 15 000 000 төгрөг, 2016 оны 05 сараас 10 сар хүртэл 5 сар 600 000 төгрөгөөр 3 600 000 төгрөг, нийт 18 600 000 төгрөг түрээсэнд төлж хохирсон.

Иймд үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөг, 26 сарын түрээс 18 600 000 төгрөг, нийт 56 312 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Р.Лтэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу орон сууцыг ашиглалтад өгөөгүйтэй маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөгийг төлөхийг төлөхийг зөвшөөрч байна.

Түрээсийн төлбөрийн тухайд энэ талаар харилцан тохиролцоогүй, мөн Р.Л нь гэрээнд заасан төлбөрийг 2014 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй, ийнхүү төлөөгүй нөхцлөөс хойш барилгын ажил зогссон. Иймд 18 600 000 төгрөг гаргуулах хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.Л нь Л.Х ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөг, түрээсийн төлбөр 18 600 000 төгрөг, нийт 56 312 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн төлбөр, алданги төлөх асуудал дээр маргахгүй, харин түрээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нь өөрөө гэрээний харилцааг зөрчиж байсан гэсэн үндэслэлээр түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 18 600 000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Р.Л, Л.Х ХХК нар нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр LA-1/14-33 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу Л.Х ХХК нь орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Р.Лд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь хийгдсэн тохиролцоо, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хөлс төлөх шинжээр тогтоогдсон гэж үзэв.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан нь талуудын маргаагүй байдлаа тогтоогдож байх ба шалтгаан нь гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогджээ. Энэ тохиолдолд мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д заасан зохицуулалт үйлчлэхгүй.

Хариуцагч гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөг, нийт 37 712 500 төгрөгийг төлөх эсэх дээр маргахгүй гэсэн учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хангагдаж байна.

 

Харин дараах үндэслэлээр орон сууц түрээслэхэд гарсан зардал гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзав. Үүнд:

А. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр LA-1/14-33 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээр Р.Л гэрээ хэрэгжих хугацаа буюу орон сууц баригдах хүртэл хугацаанд түрээсийн байранд амьдарч, тухайн түрээсийн төлбөрийг нь Л.Х ХХК төлөхөөр тохиролцсон тохиролцоо, хийгдсэн хэлцэл байхгүй. Талууд гэрээг чөлөөт байдлын зарчмын хүрээнд хийсэн тул гэрээг зөрчих тохиолдолд хүлээх хариуцлага тодорхой байх учиртай. Энэ ч үүднээс гэрээнд хариуцлагатай холбоотой алданги тооцох зохицуулалт орж ирсэн байна.

Б. Захиалсан орон сууц ашиглалтад ороогүй үндэслэлээр бусдын орон сууцыг түрээслэн амьдрахад гарсан түрээсийн төлбөр нэхэмжилж буй нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр LA-1/14-33 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний харилцаанд шууд хамаарахгүй гэж үзнэ. Учир нь талуудын хооронд үүссэн харилцаанд үүргийн гүйцэтгэл зөрчигдсөнтэй холбогдон гарах хохирол нь гэрээний зүйлтэй шууд холбогдох ёстой. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд энэ хүрээнд талуудын маргаан явагдана.

Түүнчлэн Иргэний хуулийн 219, 225, 227, 355 дугаар зүйлд заасан зохицуулалтыг баримтлан авч үзвэл гэрээний үүргийн зөрчил гарсан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, ийнхүү гарсан хохирол, зардлыг шаардах эрхтэй байдаг.

В. Захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдаж байгаатай талууд маргахгүй байгаа боловч гэрээний харилцаа үргэлжилж байх хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хуваарь зааснаар 8 065 000 төгрөгийг Л.Х ХХК-нд хүлээлгэн өгөх үүргээ Р.Л нь зөрчсөн. Шүүхээр хэргийг хэлэлцэж байгаа энэ цаг үед Л.Х ХХК нь тухайн барилгын ажлыг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч Р.Лгийн үүргээ гүйцэтгэх ёстой байсан 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэх цаг хугацаанд үүргийн харилцаа зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл гэрээнд гарсан зөрчилд нэхэмжлэгч тал мөн хамаарч байна.

2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд гэрээ дуусгавар болсон, гэрээнээс татгалзсан, гэрээ цуцласан үйл баримт байхгүй байгаа болно.

Иймд түрээсийн төлбөр 18 600 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй учир Б.Цэрэнхандын Хаан банкны дансны хуулгыг үнэлээгүй болно.

Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөг, нийт 37 712 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 18 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Х ХХК-иас 37 712 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 512 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.Х ХХК-иас 346 512 төгрөг гаргуулан Р.Лд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ