Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 612

 

Р.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00207 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д холбогдох

 

56 132 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.Лхагвасүрэн

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Өлзийцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-тай 63.8 м.кв байрыг 143 550 000 төгрөгөөр захиалж, урьдчилгаанд 25% болох 35 000 000 төгрөг төлсөн. Гэвч өдийг хүртэл байр барилгүй 3 жил хохироож байна. Энэ талаар шаардахаар захирал нь байр ашиглалтад ортол байрны түрээсийн мөнгийг чинь өгнө гэж залилсаар ирсэн. Миний бие байрны түрээст 2014 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл нийт 20 сар сарын 750 000 төгрөгөөр, 15 000 000 төгрөг, 2016 оны 5 сараас 10 сар хүртэл нийт 5 сар 600 000 төгрөгөөр, 3 600 000 төгрөг, нийт 18 600 000 төгрөг төлж хохирсон. Иймд үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөг, 26 сарын түрээс 18 600 000 төгрөг, нийт 56 312 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу орон сууцыг ашиглалтад өгөөгүйтэй маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн төлбөрийн тухайд энэ талаар харилцан тохиролцоогүй, мөн Р.Лхагвасүрэн нь гэрээнд заасан төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй, ийнхүү төлөөгүй нөхцөлөөс хойш барилгын ажил зогссон.

Иймд 18 600 000 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас 37 712 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 512 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас 346 512 төгрөг гаргуулан Р.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Лашири хаус энд рийл эстэйт” ХХК-тай 63.8 м.кв 2 өрөө байрыг 143 550 000 төгрөгөөр захиалж урьдчилгаа төлбөр болох 24.4 хувь буюу 35 000 000 төгрөг бэлнээр төлж захиалсан. Уг байрыг захиалахад 30 хувийн үлдэгдэл болох 5.6 хувь буюу 8 065 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр гэрээ хийсэн. Уг  гэрээг хийх үед “Лакшири хайс энд ройд эстэйт” ХХК нь манай барилга одоо эхэлж байгаа 10 сар гэхэд 12 давхар Каракас болчих нь хэмээн хэлж байсан. Гэтэл 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын талбай дээр ирэхэд барилга босох битгий хэл анх гэрээ хийхэд л байсан ухсан нүх хэвээрээ байсан. Тэр үед миний бие нь 10 сар гэхэд барилга эхлээгүй байна гээд үлдэгдэл 8 065 000 төгрөгийг төлөхгүй, урьдчилж төлсөн 35 000 000 төгрөгөө буцааж авна хэмээн бидний хоорондын үл ойлголцох байдал маргаан эхэлсэн. Гэвч тус компани нь бидний ажил, үйл ажиллагаа явдгаараа явж байгаа танд бид байранд ороход чинь 10 м.кв талбай нэмж өгөх юм уу, эсхүл байр түрээсэлж байсан нийт мөнгийг чинь давхар төлнө хэмээн худлаа ярьсаар өдий хүргэсэн. Би энэхүү 3 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарч их хохирч байна. Анх гэрээ байгуулсны дараа буюу 2015 оны ихээр “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д байсан гэрээг цуцална хэмжээн удаа дараа очсоны эцэст 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус компанитай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/27 тоот тушаалаар бидний хоорондын гэрээ цуцлагдсан болно. Гэвч гэрээ цуцалсан байтал миний мөнгийг өгөхгүй 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анхан шатны шүүх хурал болох хүртэл уг гэрээ цуцалсан баримтыг би олоогүй байсан болохоор анхан шатны шүүхэд хэрэгт авагдаагүй нь миний буруу. Гэвч уг баримт эх хувиараа байгаа буюу давж заалдах шатны шүүхэд үзүүлэхэд бэлэн байна. Уг компани нь барилга барина гээд миний 35 000 000 төгрөгийг авчхаад 3 жил ухсан нүх харуулж байна. Магадгүй тэр ухсан нүхэнд ядаж 2 давхар карказ зангидсан барилга харуулаад чиний мөнгө энэ барилгад орчихсон байгаа гэвэл үнэнд ойрхон байж болох юм.

Иймд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 18 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

 Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн нь хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, алданги 2 712 500 төгрөг, түрээсийн төлбөр 18 600 000 төгрөг, нийт 56 312 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн төлбөр, алдангийг зөвшөөрч, түрээсийн төлбөрийг эс зөвшөөрч гэрээнд түрээс төлөхөөр тусгаагүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр LA-1/14-33 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК нь орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Р.Лхагвасүрэнд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Иймд талуудын хооронд  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Гэрээний нэг тал “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон, орон сууцыг барьж хүлээлгэн өгөх талаар үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ... харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзсанаар гэрээний дагуу хүлээсэн үүргийн харилцааг шаардахгүй буюу гэрээний харилцаа талуудын хувьд дуусгавар болох тул гэрээгээр тохиролцсон алданги шаардах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан эрх түүнд үүсэхгүй.

                                                                                                              

Талууд гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээгээр тохиролцсон алданги шаардах эрхгүй боловч хуульд заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой  учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад  үндэслээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

Тодруулбал, талуудын хоорондын гэрээ нь ажил гүйцэтгэгчийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөний улмаас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийг хохирол нөхөн төлөх үүрэггүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Захиалагч буюу нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйтэй холбоотойгоор бусдын өмчлөлийн орон сууц хөлсөлж зардал гарган хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болох орон сууц хөлслөх гэрээ /хх-29-30,32-34/, депозит дансны хуулга /хх-12-26/ зэргээр тогтоогдсон тул уг хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хохирол буюу орон сууцны хөлсөнд “түрээс” гэж  бодитойгоор төлсөн 13 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хохирол гаргуулах талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Лакшири хаус энд рийл эстэйт ХХК”-иас 48 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Риймэдийн Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлээс 7 932 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтын “346 512” гэснийг “398 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр  үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                           

                                    ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ 

 

                                                                                       Б.НАРМАНДАХ