Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/01112

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/01112

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бадрахын Алтан-Очир, Ганхүүгийн Батсайхан нар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистаар ажилладаг ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалаар ажлаас халагдан, ажилд эгүүлэн тогтоолгохоор ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүх Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01558 дугаартай дээрх шийдвэрийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд хэвээр үлдээж, улмаар Б.Алтан-Очирыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 115-ны өдрийн Б/1161, Г.Батсайханыг Б/1162 дугаартай тушаалаар тус тус ажилд эгүүлэн авсан байна.

Нэгэнт шүүхээс эдгээр хүмүүсийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан, эдгээр хүмүүс нь ажилдаа орсон учраас ажилгүй байсан хугацааны олговорыг ажилгүй байсан 1 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар нэхэмжилж байна. Үүнийг тооцож үзээд Б.Алтан-Очир 55,953,120 төгрөгийг, Г.Батсайхан 64,951,424 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Иймд Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны олговорыг, урьд авч байсан цалин хөлсний дундажаар тооцсноор Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нь ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны олговрыг ажилгүй байсан 1 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар тооцож, Б.Алтан- Очир 55,953,120 төгрөг, Г.Батсайхан 64,951,424 төгрөгийг тус тус Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн дүнг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно., Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн (а)-д ...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарт ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/707 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 108/ 200 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.Алтан-Очирт 51,976,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Батсайханд 53,055,360 төгрөг олгохоор байгаа тооцоог хууль зүйн газарт ирүүлсэн.

Иймд нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын нэхэмжлэлийн шаардлага бодит биш, үндэслэлгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор Б.Алтан-Очир 55.953.120 төгрөг, Г.Батсайхан 64.951.424 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистаар ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01558 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

Дээрх шийдвэрийг давж заалдах шатны болон хяналтын шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/1161 дугаартай тушаалаар Б.Алтан-Очирыг, Б/1162 дугаартай тушаалаар Г.Батсайхан нарыг тус тус ажилд эгүүлэн авсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авах хүртэл нийт 1 жил 5 сар 28 хоног ажилгүй байсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-с цалингаа нэхэмжлэх эрхтэй.

Харин хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор авах эрхтэй, ажилгүй байсан хугацааны талаар маргаагүй бөгөөд гагцхүү олгох нөхөн олговрын хэмжээний хувьд зөвшөөрөхгүй, дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох ёстой. Эдийн засгийн хэлтэсийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 108/200 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.Алтан-Очирт 51.976.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Батсайханд 53.055.360 төгрөг олгохоор тооцоог ирүүлсэн гэж нэхэмжлэгч нарын зөвхөн нөхөн олговор бодсон тооцоог бодитой биш талаар маргаж байсан болно.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана заасан бөгөөд, дээрх зохицуулалтууд нь цалин хөлсний асуудалтай холбоотой гэх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж боломжгүй байна. Энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

Зохигчид ажилгүй байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор авах эрхтэй талаар маргаагүй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/502 тоот албан бичгээр нэхэмжлэгч Г.Батсайхны сарын дундаж цалинг 3,236,687 төгрөг, Б.Алтан-Очирын сарын дундаж цалинг 3,002,048 төгрөг гэж ирүүлснийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, Г.Батсайхны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 1 жил, 5 сар, 28 хоногийн сарын цалин болох /сарын цалинг 3,236,687 төгрөгөөр тооцож бодов/ 52,910,400 төгрөгийг, Б.Алтан-Очирын /сарын цалинг 3,002,048 төгрөгөөр тооцож бодов/ 51,976,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулан Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 51.976.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтан-Очирт, 52.910.400 төгрөг гаргуулан Г.Батсайханд тус тус олгож, Б.Алтан-Очирын нэхэмжлэлийн шаардлагаас 6.795.779 төгрөг, Г.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагаас 11.514.881 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 682,382 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН