Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00501

 

Б.А-, Г.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар магадлалтай,

Б.А-, Г.Б- нарын нэхэмжлэлтэй,

Э Ү- ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очирын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б.А-, Г.Б- нар нь Э Ү- ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистаар ажилладаг ба Э Ү- ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалаар ажлаас халагдан, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоогдсон. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01558 дугаар шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд хэвээр үлдээж, улмаар Б.А-ыг Э Ү- ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/1161, Г.Б-ыг Б/1162 дугаартай тушаалаар тус тус ажилд эгүүлэн авсан. Нэгэнт шүүхээс эдгээр хүмүүсийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан, эдгээр хүмүүс нь ажилдаа орсон учраас ажилгүй байсан хугацааны олговрыг ажилгүй байсан 1 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар нэхэмжилж байна. Үүнийг тооцож үзээд Б.А- 55.953.120 төгрөгийг, Г.Б- 64.951.424 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э Ү- ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн (а)-д ...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан. Нэхэмжлэгч Г.Б-, Б.А- нарт ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 130/707 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтэс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 108/200 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.А-т 51.976.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Б-д 53.055.360 төгрөг олгохоор байгаа тооцоог хууль зүйн газарт ирүүлсэн. Иймд нэхэмжлэгч Б.А-, Г.Б- нарын нэхэмжлэлийн шаардлага бодит биш, үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э Ү- ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 51.976.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т, 52.910.400 төгрөг гаргуулан Г.Б-д тус тус олгож, Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас 6.795.779 төгрөг, Г.Б-ы нэхэмжлэлийн шаардлагаас 11.514.881 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э Ү- ХХК-аас 682.382 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э Ү- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682.382 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч Б.А-, Г.Б- нар нь Э Ү- ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилтан Б.А- нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/198 дугаар тушаалын эс зөвшөөрч Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба Э Ү- ХХК-д холбогдох иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж 1558 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-, Г.Б- нарыг Э Ү- ХХК-ийн ил уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоосон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 508 дугаар тогтоолоор шийдвэр, магадлал хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн тогтоол бол эцсийн шийдвэр бөгөөд шүүхийн тогтоолыг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болдог бөгөөд нэхэмжлэгч Б.А-, Г.Б- нар нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.А-, Г.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 8 дугаар сарын 31-нд буюу Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 4 сар 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг хуульчилсан бөгөөд 128.1.5-т “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ийг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” гэдэг нь ажилтан шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг авахаар ажил олгогчид хандаж гаргасан гомдлыг ажил олгогч шийдвэрлээгүй, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилтанд олгохоос татгалзсан, энэ асуудлаар ажилтан, ажил олгогч нар маргалдсан байхыг шаардах бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу Э Ү- ХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогч нарын хооронд ажилгүй байсан хугацаанд урьд байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох эсэх талаар маргаан үүссэн байх ёстой.

Дээрх нөхцөл байдлууд үүссэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э Ү- ХХК-д холбогдуулж ажлаас үндэслэлгүй халагдснаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Б.А- 55.953.120 төгрөг, Г.Б- 64.951.424 төгрөг гаргуулах нэхэмжлэлд хариуцагч хариу тайлбар гаргахдаа Б.А-т 51.976.000 төгрөг, Г.Б-д 53.055.360 төгрөг олгохоор байна гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Э Ү- ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинист Б.А-, Г.Б- нарыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01558 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар магадлал нь Улсын Дээд шүүхийн тогтоол 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрийг биелүүлж Б.А-ыг Э Ү- ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/1161, Г.Б-ыг мөн өдрийн Б/1162 дугаартай тушаалаар тус тус ажилд нь эгүүлэн авчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйг заажээ.

Ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д журамласан байна.

Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоож, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоосон бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжилнэ.

Энэ утгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанг шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.А-, Г.Б- нарыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч ажил олгогч 2017 оны 8 дүгээр сарын 15-ны өдөр тушаал гаргаж ажилд томилсон, тэд мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандсан нь хуульд заасан 3 сарын дотор гомдол  гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Иймд шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин тодорхойлох журмыг баримталж нэхэмжлэгч Б.А-т 51.976.000 төгрөг, Г.Б-д 52.910.400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагч Э Ү- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх гомдол гаргах хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн...” тухай гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 682.382 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ