Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/02545

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/02545

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус компанийн Завхан аймаг дахь Авто замын барилгад ажилласан. Гэтэл 2017 оны 07 сарын 01-ний өдөр захиралБнамайг ажлаас тушаалгүйгээр, тодорхой үндэслэлгүйгээр ажлаас халсан.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Эыг ажилд авсан гэх 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/08 тоот ажлаас халсан гэх 2017 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 тоот тушаалуудыг хариуцагч Д ХХК-аас гаргуулахаар шаарджээ. Тухайн үед Н.Э нь Д ХХК-тай Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Тэлмэн хүртэлх 114 км авто замын ажилд ажиллахаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажил ба тэр үед орон нутагт хийгдэдэ дуусах ажлыг нэг өдрийн 50 000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцож, хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Н.Эын дурдаж байгаачлан ажилд авсан гэх 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/08 тоот, ажлаас халсан гэх 2017 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 тоот тушаал огт байхгүй тул шүүхэд бичгэр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй, ийнхүү байгуулах тухай ч ярилцаж байгаагүй. Харин өдрийн 50 000 төгрөгөөр түр ажиллуулж байсан нь үнэн.

Ниймгийн даатгалын шимтгэл төлсний учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна. 1/ өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага,төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн улмаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд Хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа тул хариуцагч Д ХХК Н.Эыг хөлсөөр ажиллуулсан хугацааныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Энэ ажлыг хийж, гүйцэтгэхдээ өдрийн 50 000 төгрөгөөр ажиллахаар болсон нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байх ба Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болох боломжтой гэжээ.

Монгол улсад татвар төлж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн мэдлэг боловсрол, туршлага, ёс зүйтэй ажилтан ажиллуулах эрх, үүрэгтэй учраас дээрх шаардлагад нийцэхгүй байгаа ажилтныг цаашид ажиллуулахгүйгээр болж ажилласан өдөрт нь ноогдох цалинг өгөөд талуудын харилцаа дуусгавар болсон.

Шүүхээс шаардсан баримтууд манай байгууллагад байхгүй тул тухайн он сар өдрийн дугаартай тушаалуудыг дэс дугаараар нь шүүхэд гаргаж өгсөн. Өөр манай байгууллагад Энхбаттай холбоотой гэрээ болон бусад баримт бичиг байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Н.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд аваагүй тул хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, өдрийн 50.000 төгрөг олгохоор тохиролцож, хөлсөөр ажиллах гэрээний үндэс дээр ажиллуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн дэвтэрт ажилд авсан, ажлаас халсан талаар тушаал бичигдэж баталгаажигдсан учир эдгээр баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нь шүүх хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хариуцагчаас гаргуулахаар заахад байхгүй гэсэн тайлбар ирүүлсэн, шүүх мөн дахин уг хүсэлтийг нь хүлээн авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулахаар шүүгчийн захирамжаар даалгасан ба тус газрын шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, захирамжид заасан баримтыг шаардахад ...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал гаргаагүй тул байхгүй гэсэн тайлбарыг тэмдэглэлд бичиж, 5 тушаал, гүйцэтгэх захирал Г.Болдоотой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Эад цалин олгосон талаарх /Н.Эын гарын үсэг зурагдсан/ хүснэгт зэрэг 10 хуудас баримтыг хавсарган ажиллагааг хийж ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч шүүхэд гэрчээр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Болдоо, менежер П.Хүрэлбаатар, хүний нөөцийн ажилтан Д.Дарьсүрэн нарыг асуулгах хүсэлт гаргасны дагуу гэрчүүдийг асуух ажиллагааг хийсэн ба гэрчүүд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

Гэрч Г.Болдоо ...Энхбаттай манай компани хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Тухайн үед би энэ хүнтэй амаар тохиролцоо хийж, ажил үүргийн талаар тайлбарлан хэлж өгсөн. Би зохих ажлын шаардлага тавьж, үүрэг даалгавар өгсөн. Түүнээс биш би энэ хүнийг хөөж туусан зүйл байхгүй. Би таныг яв гэж хэлээгүй. Бид өөрсдөө бүгд инженерийн ажилтай хүмүүс. Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. 2017.06.05-ны өдөр яаралтай ХАБ-ын инженер хэрэгтэй байсан. Зар гаргасан, зарын дагуу Н.Э гэж хүн ирсэн. Би энэ хүнд хөлсөөр ажиллуулах санал тавьж, ажлын талаар тайлбарласан. Өдрийн 50 000 төгрөг байдаг гэж Энхбаттай тохиролцоод ажилд авсан. Тухайн үеийн ажил улирлын чанартай байсан учраас Завхан аймагт нэг зуны ажлыг гүйцэтгэхээр ажилтан авах зар гаргасны дагуу л авсан. Хөдөлмөрийн гэрээг үндсэн ажилтантай хийдэг. Зуны улиралд зайлшгүй байдлаар түр ажилтан авч ажиллуулдаг. Энэ хүний хувьд ямар нэгэн зорилготой юм уу, ингэж амьдардаг хүн юм уу мэдэхгүй байна. Энэ хүн ажилласан хоногийн хөлсөө аваад явсан. Энхбат Ниймгийн даатгалд гомдол гаргаснаар манайд шалгалт орсон. Хөлсөөр ажиллуулсан бол ажилласан хүний нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх ёстой, Энхбатын асуудлыг шийдвэрлэ гэсэн шаардлага тавихад нь манай нягтлан н.Цэвээндарь намайг эзгүйд Б/08 тоот тушаалыг хийгээд үзүүлсэн байсан. Манай нягтлан хууль мэдэхгүйгээс намайг эзгүйд нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгээд, шимтгэл төлсөн асуудал гарсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэсэн, /2-р хх 7-10 дахь талд/

Гэрч П.Х ...Э ажил авсан, ажлаас халсан тушаал гаргаагүй. Нийгмийн даатгалын газраас заавал тушаал байх ёстой гэснээр манай нягтлан тушаал бичсэн байсан нь буруу байсан. Нөхөн гаргасан албан ёсны тушаал байхгүй. Энхбат 2017 оны 6 сард л ажилласан, өдрийн 40000-50000 төгрөгөөр л ажиллуулсан байсан. гэсэн /2-р хх 10-11 дэх талд/

Гэрч Д.Дарьсүрэн ...манай компани Энхбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Зарын дагуу ажилд орохоор ирсэн учир энэ хүнээр анкет л бөглүүлсэн, тэр анкет нь байгаа. Энхбатыг ажилд авах талаар тушаал гаргаагүй. Тийм тушаал манайд байхгүй гэжээ /2-р хх 11-12 дахь талд/.

Нэхэмжлэгч Н.Эыг хариуцагч байгууллага нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллуулсан, нийт 24 хоног ажилласан ба өдрийн цалинг 50 000 төгрөгөөр тооцож 1 200 000 төгрөгийг бодож, нийгмийн даатгал, ХАОАТ, бусад суутгал зэрэгт 368 600 төгрөгийг суутган, гарт нь 831 400 төгрөгийг олгосон, уг мөнгийг авсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбарладаг ба талууд энэ талаар маргаагүй. /2-р хх-ийн 6, 31 дэх талд/

Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт ....ажилтанаар томилов гэж 2017.06.30-ны Б/08 тоот тушаал, ажлаас чөлөөлөв гэж 2017.07.30-ны Б/02 тоот тушаал гэж бичигдэж, баталгаажигдсан байх боловч эдгээр тушаалууд нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагч талаас уг тушаалуудыг албадан гаргуулах ажиллагааг шүүхээс хийлгэсэн боловч ...ийм тушаалууд байхгүй гэж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж ирүүлсэн, гэрчээр асуугдсан Г.Болдоо ...нягтлан, захирлыг эзгүйд Ниймгийн даатгалын байгууллага шалгалт хийж, Н.Эын асуудлыг шийдвэрлэ гэснийх нь дагуу хуурамч тушаал гаргаж, бичилт хийж баталгаажуулсан... гэж тус тус тайлбарласан болно.

Маргааны үйл баримтыг дүгнэвэл, нэхэмжлэгч Н.Этай хариуцагч Д ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулан ажиллуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, Хөлсөөр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй. Тодорхой хугацааны туршид эсхүл тодорхой даалгаварыг гүйцэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд энэ үйлчилгээг нь ажиллуулагч чөлөөтэй удирдан чиглүүлэх боломжтой байдаг. Тийм учраас хөлсөөр ажиллах хугацаа, гүйцэтгэхээр тохиролцсон ажил нь гүйцэтгэх үүргийн хэмжүүр болно. Гүйцэтгэх үүргийн зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байх боломжтой.

Хөлсөөр ажиллуулагч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Хөлсний хэмжээг гэрээний талууд тогтоохоос гадна тогтоох аргачлалыг тохиролцох боломжтой. Түгээмэл хэлбэр нь хөлсний хэмжээг ажилласан цагаар тогтоодог.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд ажиллагч Н.Эад, ажиллуулагч Д ХХК нь түүний ажилласан хугацаа болох 24 хоногт нь тохирсон хөлсийг өдрийн 50 000 төгрөгөөр тооцон, нийт 1 200 000 төгрөгийг, хуульд заасны дагуу холбогдох суутгалыг хийж, 831 400 төгрөгийг түүнд олгосон /гарын үсэг зурж авсан/ үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. /2-р хх 31 дэх талд/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна. 1/. өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулахаар заасны дагуу хариуцагч байгууллага нь Н.Эыг ажиллуулж, олгосон хөлснөөс нь хуульд заасан журмын дагуу шимтгэл төлснийг буруутгах боломжгүй.

Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ