Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/03734

 


 

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/03734

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү ХХК

Хариуцагч: Ү.ХХК нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38,193,414 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХХК нь БНХАУ-аас нийт 60 гаруй төрлийн хүнсний нарийн жимс ногоо оруулж ирж худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани билээ. Манай компани “Ү” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан нарийн жимс ногоо зээлээр худалдан авч сар болгоны 5-ны дотор тооцоогоо нийлж, 8-ны дотор төлбөрөө төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу манай компани үүргээ биелүүлж хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан нарийн жимс ногоог худалдан авагч “Ү” ХХК-д зээлээр нийлүүлж хүлээлгэн өгсөн боловч, худалдан авагч “Ү” ХХК худалдан авсан барааны төлбөр болох 25,462,276 төгрөг төлөх үүргээ биелүүлсэнгүй. Иймд талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т “...Захиалагч, нийлүүлэгч нар тухайн сарын нийт борлуулалт, худалдан авалтын тооцоог дараа сарын 5-ны дотор нийлж, 8-ны дотор төлбөрөө төлөх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд үл маргах журмаар төлнө..” гэж тохиролцсоны дагуу худалдан авагч тал 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлсэнгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн нийлүүлэгч тал гэрээнд заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги бодсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж заасан тул худалдан авагчийн авсан барааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хоёр талын нягтлангийн гаргасан тооцоо нийлсэн актаар 25,462,276 төгрөг болсон тул алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 12,731,138 төгрөг нийт 38,193,414 төгрөгийг хариуцагч “Ү” ХХК, “Ү” ХХК нараас тэнцүү хэмжээгээр хуваан хариуцуулж гаргуулж манай хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ү дистрибьюшн ХХК-ийн төлөөлөгч П.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хариуцагчийн байгаа газар болон үйл ажиллагаа явуулдаг газар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн байр нь Сүхбаатар дүүрэгт байрладаг тул тус шүүхэд шийдвэрлэгдэх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийн тооцоо нь буруу бодогдсон ба үндэслэлгүйгээр алданги нэхэж байна. Манай компанитай 2017 оны 1 дүгээр сарын 1, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Гэтэл 2016 оны 11 дгээр сарын 23-ний өдрийг хүртэл буюу тооцоо нийлсэн актаас өмнөх хугацаагаар төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх нэхэмжлэгчийн шаардалгыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгож болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ү ХХК, Ү дистрибьюшн ХХК нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38,193,414 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нар өөрийн авсан зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э ХХК 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г.Тт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. Төлөөлөгч шүүх хуралдааны явцад хариуцагч Ү ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Ү дистрибьюшн ХХК-иас 38,193,414 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь дээр дурдсанаар төлөөлөгчид энэхүү эрх олгогдсон байна.

Зохигч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч жимс, хүнсний ногоог нэг жилийн хугацаанд нийлүүлэх, хариуцагч төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Хэргийн 19-80 дахь талд нотлох баримтаар авагдсан зарлагын баримтуудаар нэхэмжлэгч гэрээний 1.1, 2.2, 4.1-д заасан бараа нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд хариуцагч мөн гэрээний 1.1, 3.2, 5.1.1-д зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Бараа нийлүүлсэнтэй холбоотой асуудлаар хэргийн оролцогч маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох, энэхүү нотлох үүргийн хүрээнд тодорхой нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах, өөрийн олж авч чадах, шаардлага, татгалзлаа нотолж буй баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхтэй ба хариуцагч ийнхүү нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Мөн талуудын тооцоо нийлсэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баримтаар 20,797,825 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн баримтаар 4,664,451 төгрөгийн төлбөртэй болохыг зохигч баталгаажуулж, компанийн санхүүгийн тэмдэг дарж, гарын үсгээ зурсан ба хариуцагч, нэхэмжлэгчид жимс, ногооны үнэ 25,462,276 төгрөгийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч гэрээний 3.5-д заасныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны алданги тооцож 12,731,138 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сүүлчийн байдлаар жимс, ногоог хариуцагчид нийлүү лж дууссан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтаар нэхэмжлэгч, хариуцагчаас алданги шаардсан дүнг тооцоогүй тул гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 152 хоногийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувь болох 127,311 төгрөгөөр тооцоход /152х127,311=19,351,272/ 19,351,272 гарсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хязгаараар тогтоон хариуцагчаас 12,731,138 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч Ү дистрибьюшн ХХК-иас 38,193,414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Ү ХХК-д холбогдох нэхэмжлэлээс сайн дураар татгалзсан бөгөөд нэхэмжлэгч Э ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ү ХХК-д холбогдуулан энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ү дистрибьюшн ХХК-иас 38,193,414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ү ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,920 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү дистрибьюшн ХХК-иас 348,920 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ