Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00301

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00301

 

 

 

Энхнэүрит ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03734 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Энхнэүрит ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Үлэмж гросерс ХХК болон Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иудад холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 193 414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Тамир

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үлэмж гросерс дистрибюшн ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нарийн жимс ногоо зээлээр худалдан авч сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж, 8-ны дотор төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч компани үүргээ биелүүлж хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан нарийн жимс ногоог худалдан авагч Үлэмж гросерс дистребюшн ХХК-д зээлээр нийлүүлж хүлээлгэн өгсөн боловч, худалдан авагч Үлэмж гросерс дистрибюшн ХХК худалдан авсан барааны төлбөр болох 25 462 276 төгрөг төлөх үүргээ биелүүлсэнгүй. Иймд талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т ...захиалагч, нийлүүлэгч нар тухайн сарын нийт борлуулалт, худалдан авалтын тооцоог дараа сарын 5-ны дотор нийлж, 8-ны дотор төлбөрөө төлөх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд үл маргах журмаар төлнө.. гэж тохиролцсоны дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй тул хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги бодсон боловч худалдан авагчийн авсан барааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувиар бодож 12 731 138 төгрөг нийт 38 193 414 төгрөгийг хариуцагч Үлэмж гросерс ХХК, Үлэмж гросерс дистрибюшн ХХК нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-ийн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн байгаа газар болон үйл ажиллагаа явуулдаг газар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн байр нь Сүхбаатар дүүрэгт байрладаг тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийн тооцоо нь буруу бодогдсон ба үндэслэлгүйгээр алданги нэхэмжилж байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай 2017 оны 1 дүгээр сарын 1, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл буюу тооцоо нийлсэн актаас өмнөх хугацаагаар төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгож болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иас 38 193 414 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энхнэүрит ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Энхнэүрит ХХК, хариуцагч Үлэмж гросерс ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  348 920  төгрөгийг улсын орлогодүлдээж, хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иас 348 920 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Энхнэүрит ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч "Үлэмж Гросерс Дистрибьюшн" ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд энэ нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тодорхой харагддаг.

Мөн шүүх хуралдаанд өөрийн байрлаж буй дүүргийн шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаар байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ миний бие өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх энэ эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хууль зүйн туслалцаа авах боломж олгоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьд шүүхэд өмгөөлөгч авах тухай хүсэлт огт гаргаж байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй атал өмгөөлөгч авах эрхийг ийнхүү үндэслэлгүйгээр хязгаарласан.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч шударгаар хэргийг шийдвэрлэх эсэх тал дээр бодит үндэслэл бүхий эргэлзээ үүсч, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан болно. Гэтэл шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан хүсэлтийг ерөнхий шүүгчид танилцуулалгүйгээр өөрөө шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн аваагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар зохицуулжээ. Гэтэл шүүгч өөрөө өөрийгөө татгалзан гарах эсэх хүсэлтийг шийдвэрлэж хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй тухайд: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "... талуудын тооцоо нийлсэн 2016 оны 12 сарын 31-ний өдрийн баримтаар 20 797 825 төгрөгийн, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн баримтаар 4 664 451 төгрөгийн төлбөртэй болохыг зохигч баталгаажуулж, компанийн санхүүгийн тэмдэг дарж, гарын үсэг зурсан ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд буй тооцоо нийлсэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн актад манай компанийг төлөөлж хэн нэгэн этгээд гарын үсэг зураагүй бөгөөд тус тооцооны акт нь бидний хооронд үүссэн тооцооны акт биш. Энэ актад заасан тооцоо нь хариуцагч байгууллагын хариуцах тооцоо биш байхад анхан шатны шүүх тус тооцоог хариуцагч байгууллагад хариуцуулсанд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03734 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байгаа боловч хэрэг авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Энхнэүрит ХХК нь хариуцагч Үлэмж гросерс ХХК болон Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иудад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 193 414 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Энхнэүрит ХХК нь хариуцагч Үлэмж гросерс ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр жимс, хүнсний ногоог нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 9-13 тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар худалдагч тал болох Энхнэүрит ХХК нь худалдан авагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Талууд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж, хариуцагч байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 20 797 825 төгрөгийн, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тооцоо нийлж, 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 1 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд 4 664 451 төгрөгийн өр төлбөртэй гарсныг баталж, актад гарын үсэг зуржээ. /хх-ийн 15-16 тал/ Иймд хариуцагч байгууллагаас гэрээний үүрэгт 25 664 451 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Гэрээний 3.5-д захиалагч, нийлүүлэгч нар тухайн сарын нийт борлуулалт, худалдан авалтын тооцоог дараа сарын 5-ны дотор нийлж, 8-ны дотор төлбөрөө төлөх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд үл маргах журмаар төлөх ба 10-ны өдрөөс хэтэрсэн тохиолдолд НӨАТ-ын падааныг нөхөн олгохгүй болно гэж заасан байна. /хх-ийн 10 тал/ Талууд гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлж худалдан авалтын тооцоог дараа сарын 5-ны дотор нийлэх үүргээ биелүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд гэрээний дээрх заалтаас үзэхэд тооцоо нийлж, дараа нь төлбөрөө төлнө гэсэн агуулга байгаа бөгөөд тооцоо нийлэх нь гэрээний талуудын үүрэг гэж үзэхээр байх тул дан ганц хариуцагч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалж гэрээний үүрэг биелүүлэх хугацаа алдсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Энхнэүрит ХХК-ийн алдангид 12 731 138 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувь багасгаж 6 365 569 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ ... өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, хэргийн харъяалал зөрчсөн, талуудад эвлэрэх боломж олгоогүй, шүүгчийн татгалзлыг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн 99, 107 дугаар талд хариуцагч байгууллагуудаас П.Ундрах-Эрдэнэд олгосон итгэмжлэлүүд авагдсан байх бөгөөд П.Ундрах-Эрдэнэ нь 2016 дугаар өмгөөлөгчийн үнэмлэхтэй, өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг болох нь уг итгэмжлэлүүдээр тогтоогдож байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчээ төлөөлөн оролцож байгаа хуульч, өмгөөлөгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Энхнэүрит ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад эрх, үүргийг танилцуулж, анхан шатны шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэх боломж олгосон байх тул шүүхээс зохигчдыг эвлэрэх боломжоор хангаагүй гэж үзэх боломжгүй, зохигчдыг эвлэрэх эрхээр хангаагүй гэж үзэхгүй юм. /хх-ийн 137-142 тал/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3734 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч шүүх хуралдааны дэгийг тогтоож, хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны дэгийн дагуу татгалзал гаргаагүй атлаа хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хангахгүй орхисныг буруутгах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй гэж заасан бөгөөд уг заалт нь хэргийн оролцогч нарт хамааралтай заалт биш, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарахыг үүрэг болгосон заалт юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн харъяалал зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн харъяалаллын дагуу хүлээн авсан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, уг хуулийн 20.1.1, 20.1.2, 20.1.3-т заасан нөхцөл байдал үүссэн, иргэний хэрэг үүсгэхдээ харъяалал зөрчсөн нь тогтоогдсон бол талуудын хүсэлт, тайлбарыг авч шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад өөр шүүхэд шилжүүлж болно. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх дээрх асуудлаар хэргийг шилжүүлээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл зааснаар шийдвэр гарсан, уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүх хоорондын харъяаллын талаарх гомдлыг шийдвэрлэх боломжгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иас үндсэн төлбөрт 25 462 276 төгрөг, алдангид 6 365 569 төгрөг, нийт 31 827 845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Энхнэүрит ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 365 569 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, дээрх үндэслэлээр давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03734 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үлэмж гросерс дистрибьюшн ХХК-иас 31 827 845 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энхнэүрит ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 365 569 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

шийдвэрийн 2 дахь заалтын 348 920 төгрөг гэснийг 317 089 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 920 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО