Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00635

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00635

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ганчимэг/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Их Өргөө ХХК/РД:/-д холбогдох

 

10 770 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 10 730 000 төгрөгийг гаргуулах, 2014 оны 02 сарын 24-ний өдрийн гэрээ, 2014 оны 06 сарын 06-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түмбаяр овогтой Ганчимэг миний бие нь Баянзүрх дүүргийн Сансар хотхоны 9 байрны 12 тоот 2 өрөө байранд оршин суудаг байсан. 2014.02.24-ний өдрийн ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 2081016 тоот регистртэй Их Өргөө ХХК-ийн ерөнхий захирал Арвины Одтой гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх №07 дугаартай хоёр талт гэрээ болон 2014.06.06-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх №07 тоот гурван талт гэрээг байгуулсан.

Гэрээний агуулга нь Баянзүрх дүүргийн сансар хотхоны 9 байрны 12 тоот, Ү-2204010141, Г-0037564 дугаартай 2 өрөө байраа гэрээний 2.2.1-д заасны дагуу байр 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох 7 давхрын 67,88 м.кв 3 өрөө шинэ орон сууцаар авах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож Их-Өргөө ХХК-д чөлөөлж өгсөн. Гэрээний 2.7-д заасны дагуу Их Өргөө ХХК-иас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500,000/таван зуун мянга/ төгрөг жилд 6,000,000/зургаан сая/ төгрөгийг түр суурьш******* асуудлыг шийдвэрлэх нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй төдийгүй одоог хүртэл байшин барилга баригдаж эхэлсэн зүйл алга байна. 2014 оны 10 сараас 2016 оны 07 cap хүртэл 1 жил 09 cap 15 хоногийн хугацааны байрны нөхөн олговор гэж бэлнээр 6,000,000/зургаан сая/ төгрөг, данснаар 4,730,000/дөрвөн сая долоон зуун гучин мянга/ төгрөг, нийт 10,730,000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөг өгсөн. 2016 оны 07 сараас хойш одоог хүртэл дахин нэг ч төгрөг өгөөгүй байна.

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн МУ-ын Улсын Дээд шүүхийн зөвлөмжид гэрээг цуцлах талаар тайлбарласан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний 5.1.2-т талуудын үүргийг тусгасан байдаг. Гэтэл Их Өргөө ХХК-ийн үүрэг байхад бидний үүрэг биш гэж тайлбарладаг. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/521 захирамжаар гэрээ цуцлагдах хүртэл талуудаас гэрээний заалтад өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн баримт байхгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид учирсан гэм хорыг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд 2016 оны 08 сараас 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны буюу байрны нөхөн олговрын төлбөр болох 10,770,000/арван сая долоон зуун далан мянга/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжны 187,270/нэг зуун наян долоон мянга хоёр зуун дал/ төгрөгийн хамт, нийт 10,957,270/арван сая есөн зуун тавин долоон мянга хоёр зуун дал/ төгрөгийг Их Өргөө ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Их Өргөө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4-р хороо сансар хотхоны 9-р байрны 12 тоот хаягт оршин суух Т.Ганчимэг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхоны 9-р байр, 12 тоот, хоёр өрөө байр чөлөөлсний нөхөн олговор 10 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэв.

 

Хариуцагч Их Өргөө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их Өргөө ХХК нь Т.Ганчимэгтэй 2014.02.24-ний өдөр байгуулсан хоёр талт гэрээ №07, 2014.06.06-ний өдөр Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, Их Өргөө ХХК, Т.Ганчимэгтэй байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ /№ 07 дугаартай/ тус тус байгуулсан.

Дээрх хэлцлүүд нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 5.1.2 дахь хэсэгт гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж тус тус тэрчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталсан Гэр хороолын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 5.7, 5.11 дахь хэсэгт дээрх гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавьсан байна.

Дээрх журмын дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх тул Т.Ганчимэгт гэрээний 2.7-д заасны дагуу 2014.10 сараас 2016 оны 07 cap хүртэл нөхөн төлбөрт төлсөн 10,730,000 төгрөгийг Т.Ганчимэгээс гаргуулж, 2014.02.24-ний өдөр байгуулсан хоёр талт гэрээ №07, 2014.06.06-ний өдөр Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, Их Өргөө ХХК, Т.Ганчимэгтэй байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ/№07 дугаартай/-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Их ******* ХХК-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Их Өргөө ХХК бүх хариуцлагыг хариуцах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Гэрээний нэг тал болж байгаа нөгөө тал яагаад хариуцагчаар татагдаагүй байгаа юм. Нийслэлийн засаг даргын газраас үүргээ биелүүлээгүй байгаа харагддаг. Манайхаас илүү төлбөр хөрөнгө гарсан байдаг. Нийслэлийн засаг дарга гаргана гэсэнд үүрэг хариуцлагад нь Их Өргөө ХХК орж байгаа нь үндэслэлгүй байна. Төсөл хэрэгжүүлэх газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хадгална гэсэн бөгөөд манайх хадгалаагүй, Нийслэлийн засаг даргад Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх газраас тухайн гэрчилгээ нь гарч байгаа юм. Мөн 3 талт гэрээ байгуулагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болох тухай заасан. Талууд аль нэг нь энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй гэсэн байдаг. Мөн Нийслэлийн засаг даргын үүрэгт 3 талт гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчинтэй гэсэн байгаа. Гэрээний 5-т Нийслэлийн засаг даргын эрх, үүргийг дурдсан байдаг. 5.2-т мөн заасан байхад манайхаас гаргуулахаар шаардаад байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Мөн 2018 оны 05 дугаар сараас хойш төрсөн эгчийндээ байр түрээсэлсэн гэдэг байдлаар тэмдэглэл бичсэн байгаа хууль ёсны гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Т.Ганчимэгийн эгч н.Батцэцэгтэй хийсэн гэрээг нь хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Энэ дэвтрийг ямар аргаар үйлдсэнийг мэдэхгүй. Нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Их ******* ХХК-ийн өмгөөлөгч С.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4.730.000 төгрөгийг тайлбарлая. Энэ мөнгийг өгсөн тухайд н.Арвин гишүүн уулзалт хийх үеэр хувиараа ярьж байгаад авахаар болж мөнгийг өгсөн бөгөөд гэрээний дагуу өгөөд байгаа хэрэг биш. Тийм учраас ИХШХШТХ-ийн 65.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг анхаарч үзээсэй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд шаардлага гаргах хугацаа 1 жил байсан 2020 оны 03 дугаар сар хүртэл ямар нэгэн шаардлага гаргаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байгаа юм. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ганчимэг хариуцагч Их ******* ХХК-д холбогдуулан нөхөн олговрын төлбөр 10 770 000/арван сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Их ******* ХХК нэхэмжлэгч Т.Ганчимэгт холбогдуулан 10 730 000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах, 2014 оны 02-р сарын 24-ний өдрийн хоёр талт гэрээ, 2014 оны 6-р сарын 06-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Их ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Т.Ганчимэг нь Их ******* ХХК гэрээг бүртгүүлэх материалаа улсад тушаагаагүй, бүртгэгдэх боломжгүй гурван талт гэрээ цуцлагдсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр № 07 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ/цаашид Хоёр талт гэрээ гэх/ байгуулсан болох нь Хоёр талт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хоёр талт гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн 2204010141 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон, 9-р байр, 12 тоот орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 4-р хороонд байрлах 72 тоот, 3 өрөө, 67.88/жаран долоо зууны наян найм/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь Хоёрт талт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар зохигчид тодорхой хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн тус Хоёр талт гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээний шинжтэй байх тул Арилжааны гэрээ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Хоёр талт гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зохигчид болон Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар нар нь 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр № 7 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ/цаашид Гурван талт гэрээ гэх/ байгуулсан болох нь Гурван талт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гурван талт гэрээний 1-ийн 1.1-т гэрээний зорилго нь гэр хороолллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой иргэн, төсөл хэрэгжүүлэгч, Нийслэлийн засаг захиргааны байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэжээ.

 

Зохигчид болон Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар нарын байгуулсан Гурван талт гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ гэж үзнэ.

 

Хоёр талт гэрээний 2-ын 2.7-д Газар, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар сол*******оор тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов. Иргэн Т.Ганчимэгт Их ******* ХХК-иас 1 жилд (12сардx500,0=6сая) нийт 6 сая төгрөгийн нөхөн олговор болгон олгоно ... гэжээ.

 

Хоёр талт гэрээний 2-ын 2.1, 2.2, 2.7-д зааснаар нэхэмжлэгч нь 12 тоот орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 72 тоот, 67.88/жаран долоо зууны наян найм/ м.кв орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, Орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн № 01/199 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хоёр талт гэрээний 2-ын 2.7-д зааснаар зохигчид үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар сол*******оор тохиролцсон байх тул хариуцагч нь түр суурьш******* асуудлыг хариуцах үүрэгтэй болох нь Хоёр талт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нөхөн олговорт 6 000 000/зургаан сая/ төгрөгийг нэг удаа олгохоор тохиролцсон гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Хоёр талт гэрээний 2-ын 2.7-д түр суурьш******* нөхөн олговрыг зөвхөн нэг удаа олгох талаар заагаагүй байх ба 1 жилд нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийн нөхөн олговор олгох талаар заажээ.

 

Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх түр суурьш******* нөхөн олговорт нэхэмжлэгчид нийт 10 730 000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг олгосон болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь Депозит дансны 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас Хоёр талт гэрээг цуцлах хүртэлх буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нөхөн олговорт 10 770 000/арван сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ... үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.гэж заасан.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь түр суурьшуулах асуудлыг болон нэхэмжлэгчийн шаардлагаар нөхөн олговрыг хариуцах үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 3 жил өнгөрсөн, шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар Хоёр талт гэрээг цуцалж нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн гэж үзсэн үеэс хөөн хэлэлцэх тооцох тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2016 оны 8 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 20/хорь/ сар, 11/арван нэг/ хоногийн нөхөн олговорт нийт 10 183 326/20х500000=10000000, 500000:30=16666, 16666x11=183326, 10000000+183326=10183326/ /арван сая нэг зуун наян гурван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 586 674/10770000-10183326=586674/ /таван зуун наян зургаан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь 2014 оны 02-р сарын 24-ний өдрийн №07 хоёр талт гэрээ, 2014 оны 6-р сарын 06-ны өдрийн №7 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээнд заасны дагуу нөхөн олговорт төлсөн 10 730 000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчийн байгуулсан Гурван талт гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт, Хоёр талт гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт тус хоёр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна.

 

Хоёр талт гэрээ, Гурван талт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2014 оны 02-р сарын 24-ний өдрийн №07 хоёр талт гэрээ, 2014 оны 6-р сарын 06-ны өдрийн №7 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 10 730 000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их ******* ХХК-иас нийт 10 183 326/арван сая нэг зуун наян гурван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ганчимэгт олгож, үлдсэн 586 674/таван зуун наян зургаан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их ******* ХХК-ийн Т.Ганчимэгээс 10 730 000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах, 2014 оны 02-р сарын 24-ний өдрийн №07 хоёр талт гэрээ, 2014 оны 6-р сарын 06-ны өдрийн №7 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их ******* ХХК-иас нийт 10 183 326/арван сая нэг зуун наян гурван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ганчимэгт олгож, үлдсэн 586 674/таван зуун наян зургаан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их ******* ХХК-ийн Т.Ганчимэгээс 10 730 000/арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах, 2014 оны 02-р сарын 24-ний өдрийн №07 хоёр талт гэрээ, 2014 оны 6-р сарын 06-ны өдрийн №7 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187 270 төгрөгийг, хариуцагч Их ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 256 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 177 883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ганчимэгт олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ