Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00922

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Г-ийн хариуцагч И- ХХК-д холбогдуулан гаргасан 10 770 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 10 730 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн Сансар хотхоны 9 дүгээр байрны 12 тоот 2 өрөө байранд оршин суудаг байсан. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан И ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх №07 дугаартай хоёр талт гэрээ болон 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх №07 тоот гурван талт гэрээг байгуулсан. Гэрээний агуулга нь Баянзүрх дүүргийн сансар хотхоны 9 байрны 12 тоот, Ү-2204010141, Г-0037564 дугаартай 2 өрөө байраа гэрээний 2.2.1-д заасны дагуу байр 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох 7 давхрын 67,88 м.кв 3 өрөө шинэ орон сууцаар авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож И- ХХК-д чөлөөлж өгсөн. Гэрээний 2.7-д заасны дагуу Их- ХХК-иас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 /таван зуун мянга/ төгрөг жилд 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэх нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй төдийгүй одоог хүртэл байшин барилга баригдаж эхэлсэн зүйл алга байна. 2014 оны 10 сараас 2016 оны 7 cap хүртэл 1 жил 9 cap 15 хоногийн хугацааны байрны нөхөн олговор гэж бэлнээр 6 000 000 /зургаан сая/ төгрөг, данснаар 4 730 000 /дөрвөн сая долоон зуун гучин мянга/ төгрөг, нийт 10 730 000 /арван сая долоон зуун гучин мянга/ төгрөг өгсөн. 2016 оны 7 сараас хойш одоог хүртэл дахин нэг ч төгрөг өгөөгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмжид гэрээг цуцлах талаар тайлбарласан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний 5.1.2-т талуудын үүргийг тусгасан байдаг. Гэтэл И- ХХК-ийн үүрэг байхад бидний үүрэг биш гэж тайлбарладаг. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/521 захирамжаар гэрээ цуцлагдах хүртэл талуудаас гэрээний заалтад өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн баримт байхгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид учирсан гэм хорыг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2016 оны 8 сараас 2018 оны 5 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны буюу байрны нөхөн олговрын төлбөр болох 10 770 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 187 270 нийт 10 957 270 төгрөгийг И- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 9 дүгээр байрны 12 тоот хаягт оршин суух Т.Г- нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 9 дүгээр байр, 12 тоот, хоёр өрөө байр чөлөөлсний нөхөн олговор 10 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: И- ХХК нь Т.Г-тэй 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хоёр талт гэрээ №07, 2014 оны 6 дугаар сарын 06-ний өдөр Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, И- ХХК, Т.Г-тэй байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ тус тус байгуулсан. Дээрх хэлцлүүд нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1.2-т гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж тус тус гэрчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 5.7, 5.11-т дээрх гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавьсан байна. Дээрх журмын дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх тул Т.Г-т гэрээний 2.7-д заасны дагуу 2014 оны 10 сараас 2016 оны 7 cap хүртэл нөхөн төлбөрт төлсөн 10 730 000 төгрөгийг Т.Г-ээс гаргуулж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хоёр талт гэрээ №07, 2014 оны 6 дугаар сарын 06-ний өдөр Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, И- ХХК, Т.Г-тэй байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн орон сууцаа чөлөөлж өгсөн боловч хариуцагч И- ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй. Хоёр талт гэрээний 2.7-д түр суурьшуулах зардалд олгох нөхөн олговорт нэг жилийн 6 000 000 төгрөгийг олгохоор тохиролцсон. Гурван талт гэрээний хувьд И- ХХК-ийн буруутай үйл ажиллагаа болон зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гурван талт гэрээг цуцалсан. Миний бие 7 жил өөрийн орон байргүй, сэтгэл санаа болон эд материал, эдийн засгийн хувьд хохирсон. Иймд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 10 730 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй. Компани нөхөн олговроо аваад түрээсийн төлбөрт эхлээд өгч байсан боловч 2016 оноос компани нөхөн олговроо өгөөгүйн улмаас манай гэр бүл удаа дараа нүүдэл хийсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И- ХХК-иас нийт 10 183 326 /арван сая нэг зуун наян гурван мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-т олгож, үлдсэн 586 674 /таван зуун наян зургаан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И- ХХК-ийн Т.Г-ээс 10 730 000 /арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах, 2014 оны 02 сарын 24-ний өдрийн №07 хоёр талт гэрээ, 2014 оны 6 сарын 06-ны өдрийн №7 гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 270 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 256 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 177 883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд ингэж тайлбарласан үндэслэлээ 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.7 дах заалтыг иш татжээ. Уг гэрээний 2.7-т Иргэн Т.Г- нь И- ХХК-иас газар чөлөөлсөн өдрөөс эхлэн /12 сар х 500=6 000 000/ нийт 6 000 000 төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэнэ. Нөхөн олговор хэлбэрээр олгоно 1 жилээс дээшхи хугацаанд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж талууд тохиролцсон байдаг. Гэтэл шүүх гэрээний дээрх заалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлээ болгосон мөртлөө уг заалтын агуулгыг илт үндэслэлгүй өөрөөр тайлбарлан, өөрөөр хэлбэл талууд заалтаараа эхний нэг жил буюу 6 000 000 төгрөг нөхөн олговорт төлөх, цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл, нэг жилээс дээш нөхөн олговор олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг талууд тохирсон байхад сайн дураараа 2016 оны 8 сараас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн олговрыг гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйл 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байна. Маргаж буй талуудын хооронд байгуулсан хоёр талт гэрээнд нөхөн олговрыг зөвхөн нэг удаа олгох талаар заагаагүй гэж зөв дүгнэсэн хэдий гэрээг дуусгавар болгох хүртэлх хугацаанд байнга олгоно гэж бас заагаагүй, харин нэг жилээс дээш хугацаагаар үргэлжлүүлэн олгох болвол харилцан тохиролцоно гэсэн байдаг. Үүгээрээ ямар агуулгыг илэрхийлсэн бэ гэхээр гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээнд оролцогч талуудын хэн алины эрх ашгийг хамгаалсан заалт байсан бөгөөд нөхөн олговрыг авч байгаа болон өгч байгаа талууд нэг жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдвөл харилцан тохирч нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох, үнийн дүнд өөрчлөлт оруулах, эсвэл төсөл хэрэгжүүлэгч болон гуравдагч тал түр суурьших байраар хангах асуудлыг шийдвэрлэх агуулгаар тохирсон заалт болно. Энэ нь гэрээний тэгш байдлын зарчмыг хангасан хууль ёсны үндэслэл бүхий тайлбар болно. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл маргалдагч талууд буюу нэхэмжлэгч буюу хариуцагч тал хоёрын хооронд байгуулсан гэрээний асуудал биш бөгөөд үүн дээр гуравдагч тал буюу гэрээний бас нэг талын үүрэг хариуцлага хамт яригдах ёстой байсаар байтал зөвхөн нэг хариуцагч буюу хоёр талт гэрээний дагуу үүрэг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын маргааныг шийдвэрлэхдээ хоёр талт гэрээ нь гурван талт гэрээ бүрэн хэрэгжиж байж хоёр талт гэрээ хэрэгжих буюу гурван талт гэрээ байгуулснаар хоёр талт гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохирч хэлцэл хийсэн байдаг. Нэгэнт шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэл болгосон хэдий ч хоёр талт гэрээгээр шаардах эрх нь гурван талт гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд буюу Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 07 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний нэг тал буюу Нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлээгүйн улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон тул учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж марган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянагдаж байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг оролцуулалгүй маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хоёр тал гэрээний 1.3-т ... гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно гэж тусгажээ мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 5.1.2-т гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж тус тус тэрчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 5.7, 5.11-т дээрх гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавьсан байна. Өерөөр хэлбэл Иргэний хуулийн 57 дугаар зүйл 57.3 дах хэсэгт заасан гэрээгээр тохирсон хэлбэрийн шаардлага зөрчсөн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох тухай хуульчилсан байдаг. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа энэ үндэслэлээр гарган маргасан. Шүүх дээрх маргааныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 274 дүгзэр зүйл 274.1 дэх хэсэгт хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй байгаа тул талуудын хооронд байгуулсан хэлцлүүд хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай хуулийг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Маргалдагч талууд шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцохдоо хуулиар тавьсан хэлбэрийн шаардлага зөрчсөн гэж маргаагүй бөгөөд гэрээгээр тохирсон хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл гэж маргасан. Энэ талаар анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж мэтгэлцсэн үндэслэлийн талаар oгт дүгнэлт хийгээгүй нь Монгол Улсын Дээд шүүхийн шүүхийн шийдвэрийг тайлбарласан тайлбарыг илт зөрчсөн шийдвэр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй болсон гэж үзэж байна. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангаагүйг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс албан бичгийн хариуд өгсөн тодорхойлолт нотолж байгаа тул гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх тул Т.Г-т гэрээний 2.7-д заасны дагуу 2014 оны 10 сараас 2016 оны 7 cap хүртэл нөхөн төлбөрт төлсөн 10 730 000 төгрөгийг Т.Г-зэс гаргуулан, 2014 оны 02 сарын 24-ний өдрийн байгуулсан хоёрт талт гэрээ, 2014 оны 6 сарын 06-ны өдрийн Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газар И- ХХК Т.Г-тзй байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч гурван талт 07 дугаартай гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт заасны дагуу сонирхогч этгээд буюу И- ХХК шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан 10 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 10 730 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч И- ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу 2016 оны 8 сараас 2018 оны 5 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговорт 10 770 000 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч татгалзалдаа 2014 оны 02 сарын 24-ний өдрийн 07 тоот хоёр талт гэрээ, 2014 оны 6 сарын 06-ны өдрийн 7 тоот гурван талт гэрээ нь хүчин төгөлдөр бус, учир нь гурван талт гэрээний 5.1.2, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 5.7, 5.11-т зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, иймд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 10 730 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-ээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 07 тоот, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т.Г- нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон, 9 дүгээр байр, 12 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг чөлөөлөх, хариуцагч И- ХХК нь тус байршилд шинээр баригдах барилгын 7 давхарт, 67.88 м.кв, 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-6-р тал/. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1- т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, бичгээр гэрээ байгуулсан, дээрх гэрээ хэлбэрийн болон агуулгын хувьд хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын байгуулсан хоёр талт гэрээг үндэслэн, Нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 сарын 06-ны өдөр зохигчтой гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх хоёр талт гэрээг баталгаажуулан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 7-9-р тал/

 

Дээрх хоёр талт гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болсон байна. Учир нь арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд дээрх хоёр талт гэрээг гурван талт гэрээгээр баталгаажуулан, дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байгааг арилжааны гэрээ гэж үзэхгүй юм. Харин тус гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзнэ.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар хариуцагч И- ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, төслийн явц хангалтгүй байсан гэх үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч И- ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, цаашид гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Зохигчдын байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.7-д иргэн Т.Г-т И- ХХК-иас 1 жилд /12 сард х 500 000= 6 000 000/ 6 000 000 төгрөгийг нөхөн олговор болгон олгоно гэж заасан байна. /хх-ийн 6-р тал/. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх гэрээний агуулгад нөхөн олговрын мөнгийг 1 удаа олгоно гэсэн агуулга тусгагдаагүй байна. Иймд шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар хариуцагч И- ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүртэл хугацаанд үүргийн зөрчил үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Т.Г- нь энэ хугацааны нөхөн төлбөрийг хариуцагч И- ХХК-иас шаардах эрхтэй.

 

Хариуцагч И- ХХК нь 2014 оны 10 сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацааны нөхөн олговорт нийт 10 730 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-т төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 12-14-р тал/. Иймд 2016 оны 8 сараас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 20 сар 11 хоногийн нөхөн олговорт нийт 10 183 326 төгрөгийг хариуцагч И- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Т.Г-т олгож, нэхэмжлэлээс 586 674 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Гэрээний дагуу шилжүүлсэн 10 730 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлагын тухайд нэгэнт талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр талаар дээр дурдсан, уг гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Нөгөө талаар хариуцагч И- ХХК нь 2014 оны 10 сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацааны нөхөн олговорт нийт 10 730 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-т олгосон атлаа нөхөн олговрын 6 000 000 төгрөгийг нэг удаа олгохоор тохиролцсон гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй байна. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 10 730 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх юм.

Өөрөөр хэлбэл, сөрөг шаардлага нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлэх бөгөөд үндсэн шаардлагатай нэг төрлийн, эсхүл нэг маргааны асуудалтай холбоотой байх учиртай. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний оролцогч болох Нийслэлийн Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргаж оролцоогүй байхад анхан шатны шүүх энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00635 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 208 дугаар зүйлийн 208.2 ... гэснийг хасаж,

2 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 10 730 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дах заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3, 4 дэх заалтыг 4, 5 дахь заалт болгон өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 713 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ